МЗХ ХБНГУ дахь салбар зөвлөлөөс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарласан " Сайн уу ээжээ сайн сууж байна уу" уралдааны ялагчид тодорлоо.
1-р байр ХБНГУ, Дресден хотоос захиа бичсэн Г. Мөнхшатар
2-р байр Франц улс, Лавал хотоос захиа бичсэн Б. Баярбаясгалан
3-р байр ХБНГУ, Триер хотоос захиа бичсэн М. Бүжин
МЗХ ХБНГУ салбар зевлел
2020.03.08
1-р байр ХБНГУ, Дресден хотоос захиа бичсэн Г. Мөнхшатар
Ээждээ бичих захидал
Хот хоорондын хоёр давхар том ногоон автобус нэгэн жигд хурдаар зугуухан урагшилж, харин зѳѳлѳн шивэрч буй бороон дуслууд цонх уруудан нарийн жим гарган урсах нь хурмаст тэнгэр хүртэл яг одоо над шиг гуниглаж буй мэт санагдана. Хэдхэн хормын ѳмнѳ л шалгалтаа амжилттай ѳгчихѳѳд баярлаад хѳѳрч байсан сэтгэл маань гэнэт яагаад ингэж хувирав.
Арга ч үгүй биз дээ. Онц авсан дэвтрээ ээждээ үзүүлэх гэж яаран яаран гүйдэг байсан тэр л багийн үе маань эргэж ирэхгүйг мэдээд ѳѳрийн эрхгүй толгой гудайлгачихлаа. Болдогсон бол яг одоо энэ автобусыг хѳмүүл тааны үнэр сэнгэнэсэн тэр сайхан тал нутагруугаа унаж очоод таныхаа сааль сүү үнэртсэн тэр л энгэрт тэврүүлж, буцаж ирээд үнсүүлнээ гэж хадгалуулсан нѳгѳѳ хацраа ѳгч эрхэлмээр санагдана. Даанч түмэн бээрийн алсад суугаа учраас тантайгаа сэтгэл дотроо л ярилцаж сууна даа. Харин та үүнийг сонсож байгаа.
Сайн уу? Ээжээ гээд мэндлэх тѳдийд л миний дотор юу болж буйг бүгдийг мэдэрч, буруу зѳрүүг хийсэн миний харцнаас бүхнийг хараад ойлгож бас намайг чин сэтгэлээсээ уучилж чаддаг ертѳнц дээрх цорын ганц хүн бол та.
Гагцхүү эх үрийн холбоо гэж л энэ юм болов уу. Үүр цүүр болтол үеийн нѳхѳдтэйгээ дарвиж зугаалж яваад ирэхэд та минь шѳнѳжин унталгүй намайг ирэхийг хүлээгээд гэрийнхээ гадна харуулдаж зогсдогсон. Хэчнээн их даарч, ямар их санаа тань зовсон болоо. Хэвлийд тань бүрэлдэж эхэлсэн цагаасаа л эхлэн агуу их хайранд ѳсч торниод ѳдий том болох хүртлээ таныгаа ямар их зовоосон болоо гэж бодох бүрийд хоолой минь зангирч нүдэнд минь нулимс торох юмаа ээжээ.
Та тэнэгхэн хүүгээ уучлахгүй байсан ч болноо, би тандаа хэзээ ч гомдохгүй. Энэ дэлхий дээрх бүхий л хүмүүс ээжийгээ хамгийн сайхнаар магтахыг хүсдэг ч даанч энэ үгний үнэ цэнд хүрэх тийм магтаал хаана ч алга. Хүү нь таныхаа ачийг хариулахын тулд уулын цэцэгсийн шүүдрээр цай чанаж ѳгнѳ гэж худал хэлэхгүй ээ, харин түүний оронд хѳлийг тань хучиж, нойрыг тань хугаслаж хоносон шѳнѳ бүрийн тоогоор, надад санаа зовж ѳнгѳрүүлсэн хором бүрийг тань ѳѳрийн сурсан мэдсэн зүйлсээрээ олон түмэндээ тус хүргэж, эх орныхоо тѳлѳѳ ихийг бүтээх эгэл нэгэн болж ѳчүүхэн ч болов ачийг тань хариулах болно.
Та одоо хүүдээ санаа зовж сэтгэлээ битгий чилээгээрэй.
Би бурханд итгэдэггүй, гэхдээ бурхан миний хажууд үргэлж хамт явааг мэдэрдэг.
Хүү нь тун удахгүй таныхаа амин үргэлжлэл болсон нуган үр, хайрт ханиа дагуулаад алс холын Герман улсаас зорьсон зорилгоо биелүүлээд очих болноо.
Ээжээ та минь амар мэнд сайн сууж байгаарай.
Таны ууган хүү Мѳнхшатараас нь...
ХБНГУ, Дресден хот, 2020 он
2-р байр Франц улс, Лавал хотоос захиа бичсэн Б. Баярбаясгалан
Сайн уу, ээжээ.
Був буурал тэнгэрээс сав саарал бороо олон сарын турш уйтгарлан цутгадаг хөгшин Европын өвөл Францад дуусах болоогүй л байна, ээжээ.
Та минь өвлийг өнтэй даван, хувьтай хүн үздэг хулгана жилтэй энх мэнд золгов уу.
Хүн төрөлхтөнд ганц л заяасан нэгэн цул атлаа амьдарч буй орон,газраасаа хамаараад өнгө нь, үнэр нь, ааш аяг нь хүртэл өөр болж хуваагдаад байдаг энэ тэнгэрийн доор ертөнцийн таван тив, зах хязгаар нутаг, өнцөг булан бүрээс ирсэн араб африк, хар шар, муслим католик хүмүүстэй агаар нэгдэн хүсэл мөрөөдлийнхөө төлөө охин нь ажиллаж, амьдарч л явна даа.
Төсөөлж байна уу, ээжээ. Та бид хоёрын дунд утсаар ярихад долоон цагийн зөрүү,онгоцоор тэнгэр гатлаад очиход 7163 километрийн зай, бүр нарийн тоочвол Газар дундын тэнгис, эх газар хоорондын хамгийн том чандмань болох Каспин,Хар тэнгис, Орос, Стан-ы орнууд бий. Мөн ч хол, тун ч их цаг хугацаа байгаа биз, ээж минь. Гэтэл тийм алсаас, ийм урт удаан хугацаа өнгөрсөн хэдий ч таны үнэрийг, таны харцыг, цай оочоод суудаг дүр төрхийг чинь хүртэл бүхэлдээ тодхон санаж, өчигдөрхөн гэрээсээ гараад өнөөдөр очиж яваа мэтээр өдөр бүр зүрх сэтгэлдээ бодон бодон алхдаг нь ээж таньруугаа татагдаад байдаг их хайрын зөн мэдрэмж биз ээ.
Та яг одоо намайг бодож байна уу? Тэгвэл би ч бас таныг бодож явна аа гэсэн үг. Энд би таныгаа санан үгүйлж дотроо дуудвал та ч бас тэнд охиныгоо сонсож байгаа нь гарцаагүй. Таныг надтай холбосон хүйн холбоос Ази, Европын зам битгий хэл алаг дэлхий, агуу сансар огторгуйн уудам орон зайд ч үл тасрах хайрын гинж ажээ.
Сайн байна уу, ээжээ гэж харилцуурын цаанаас хоёр биенийхээ мэндийг мэддэг ч яг үнэндээ санан үгүйлж буй бэтгэрлээ далдлан нуусаар хэчнээн ч их цаг хугацаа урсан өнгөрөө вэ, ижий минь. Энэ хугацаанд охин нь ээж шигээ эх хүн болжээ. Хажуудаа өөрийг минь өвчиж төрсөн өөдөсхөн охиноо хөтлөөд, айл гэр болон амьдрал зохиож, хорвоогийн нар сартай уралдан, сайнаас сайн явна,үр нь.
Ээж болсоноосоо хойш ээж хүн өвдөж болдоггүйг, ээж хүн өлсөж болдоггүйг, ээж хүн тэнгэр дуугарахад айж болдоггүйг, ээж хүн хүүхэд өвдөхөд аргаа мэдэхгүй сууж болдоггүйг мэдэж авлаа, ээжээ.
Ээж хүн зоригтой, ээж хүн тэвчээртэй, ээж хүн ухаантай, ээж хүн энэрэнгүй байхыг ч бас сурч байна, ижий минь. Гэхдээ эмэгтэй хүн эх хүн болсон хойноо ч ээжийгээ санахаа больдоггүй юм байна гэдгийг зүрхний гүндээ мэдэрч сууна. Та ч бас тийм байсан уу, ээжээ?
Өлмийн минь өмнө тээглэх өргөс бүхнийг өвдөглөн түүж, өндөр тэнгэрийн дор миний л төлөө амьдарч, залуу халуун нас, хүсэл мөрөөдлөөсөө тасдан надад зориулж, замбуулин хорвоогийн элгэн дээр эхийн их хайраар ундаалан бялхааж өсгөсөн жаахан ижийгээсээ өөр сайхан хүнийг орчлонгийн түм буман хүнээс эрж хайгаад олсонгүй.
Муслимчууд Аллах минь гэж уулга алдан бурханаа дуудаж,католик шашинтнууд загалмай дүрслэн аз ерөөл өөрсдөдөө хүсч байхад зовлон жаргалын аль нь ч ирсэн “Ээжээ” гэж дуудахаас өөр үг надад олдсонгүй.
Ээж гэдэг үг тарни байх. Эх хүн гэдэг монгол хүнд бурхан буй за.
Ээжийнхээ хайрын тухай бодох бүрт нэг явдал санаанаас огт гардаггүй юм. Дөрөв тавхан настай байхад ээж бид хоёр троллейбус хүлээн зогсож байлаа.Тэр үед троллейбусны тасалбар 50 төгрөг. Хажууд нэг жаал мөхөөлдөс долоогоод байсан санагдана. Ээжийн гарт 50 төгрөг. Ээж тэсэлгүй надад мөхөөлдөс аваад өгчихлөө. Бодвол миний харц тэр жаалын зүг байсан биз.Унаа ч ирлээ. Тасалбар шалгагч “Ичихгүй, хүүхэддээ мөхөөлдөс авч өгчхөөд тасалбараа аваач” гэж ээжийг минь жигтэйхэн загнаж байсныг санах. Эх хүнгэдэг тийм л их хайраар үр хүүхдээ харамлан хайрлаж, амьтнаас дутаахгүй явуулахын төлөө өөрийгөө умартан, аль байдгаа л зориулдаг юм байна.
Та минь надад ямар их хайр энэрэл, халамж энхрийллийг өгч байсан яг түүнийг чинь би тэр чигээр нь бяцхан охиндоо зориулж байна. Ээж гоё үнэртэй байдаг,ээж зөөлхөн байдаг, ээж дулаахан байдаг, ээж хамгаалдаг, ээж бүхнийг хийж өгдөг. Тэр минь ч бас ингэж бодог. Ээж минь та надад авч явахад хөнгөн, аль ч үед хэрэглэхэд бэлхэн хайр гэдэг нэртэй арвин их өв хөрөнгийг үлдээж байгаагаа мэддэг ч болоосой. Тэр хөрөнгөнөөс чинь би үр хүүхэддээ зориулж байна. Миний өөдөсхөн охин ч хожим хойно ээж хүн болоод энэ хэлхээг үргэлжлүүлэх нь эргэлзээгүй юм.
Заримдаа ээж таныгаа их зүүдэлнэ. Сайхан зүүд зүүдлэх сайхан байдаг.Сэрэх л харин хайран санагдана. Монголд өглөө болохыг хүлээсэн шөнө урт. Францад нар мандахыг хүлээсэн өдөр урт. Ийм л нэгэн байгаль дэлхийн цаг улирал, түмэн бээрийн алс хол, өрнө дорнын хоёр заагт ээж бид хоёрын хайр эгнэгт нэгэнрүүгээ тэмүүлж байна даа. Бөмбөрцгийн нөгөө хагаст суугаа бидэн хоёрын дунд олон олон уулс толгод, энгүй өргөн тал нутаг, салаа салаа мөрөн тэнгис байдаг. Өндөрлөг Монгол, намгархаг Европ хоёрыг холбон,учран золгож уйлалдан санагалзаж бидний голд мянга мянган улс үндэстэн, сая сая хүн зон,сар нарны зөрлөг оршдог. Гэсэн ч ижий минь зүрхэнд, үр минь энгэрт байна.Сайхан ижийтэйгээ сайны ерөөлтэй учран золгох өдөр хоногууд ойрхон байна. Був буурал тэнгэрээс сав саарал бороо олон сарын турш уйтгарлан цутгадаг хөгшин Европын өвөл урт санагдахаа больжээ, ээжээ.
Өөдрөг гэгээн бодлоор биеэ юүлж, өөрийн хүний бүхэнд сэтгэлийн сайхнаар хандаж явахад ижийтэйгээ уулзах өдөр бахадмаар сайхан санагдана даа. Ээжээ би тандаа ачаа дүүрэн бэлэгтэй биш, ач зээг чинь хөтлөөд амьдралын таньсан тэвчээр хатуужил,уярам зөөлөн сэтгэлтэйгээ тэнгэр гатлаад очно. Тэр үед сар нарны зөрлөгийг хамт үзэж, санаа сэтгэлийн бэтгэрлээ ханатлаа тайлна.
Ээждээ хайртай.Хайртай гэдэг үгийг айгаад хэлдэггүй. Хайртай гэдэг үгийг харуулахсан гэж боддог шүү, ээж минь.
Баяртай. Энд үүр цайж, наана чинь шинэ өдөр хэдийнээ иржээ, ижий минь.
3-р байр ХБНГУ, Триер хотоос захиа бичсэн М. Бүжин
Сайн байна уу ээжээ?
Холын хол алсын алс дахь ХБНГУ-аас хайрт ээж таныхаа амар мэндийг асууж, амжиж хэлээгүй сэтгэлийн үгсээ захидал болгон бичиж сууна.
Хайр, хүндлэл, ухааны дээдийг харамгүй танаасаа хүртсэн болохоор охин нь сайн байгаа
Хазайлгах эрхгүй титэм шиг аавынхаа нэрээр овоглосон болохоор охин нь хичээж байгаа.
Хамгийн итгэлийг алдахгүй сэтгэл зөв, итгэл дүүрэн өссөн болохоор охин нь чадварлаг байгаа
Харц өөд тэнгэр заяат Монгол хүн болж төрсөн болохоор охин нь эрүүл байгаа.
Үргэлж хэлдэг урмын үгийг тань санаад байна
Үглэж хааяа зэмлэдэг ч ухаарлын үгийг тань бодоод байна
Торниж өссөн гэр, тоглож өссөн нутгийнхаа сайхныг санаад байна
Таныхаа үзэсгэлэнт царайг тань сэтгэлийн гүндээ үгүйлээд байна.
Гэрэлт орчлонд ирээд 22 жил амьдарчээ. Ээжээ та санаж байна уу. 5-р ангийн бяцхан охин нь эрдмийн их өргөөн дэх эцэг эхийн хурал дээр тандаа зориулсан анхны шүлгээ уншиж байхад таны минь улаан өнгийн уруулан дээр тань уярал хайрын нулимс урсаж, урлан хийсэн цэцгийг минь гартаа атган сууж билээ. Тэр үед та минь миний охин том болж дээ гэсэн баярлаж, бахархсан харцаар намайгаа их удаан ширтэж тэвэрч байсан тэрхэн мөч одоо ч нүдэнд минь тодхон харагдана. Хайртай гэдэг нандин үгээ тэр үед л хэлсэн санагдах юм.
Энэ цагаас хойш 10 жил өнгөрч, энхрий охин тань том болжээ. Гарыг тань атгаад, нүд рүү тань ширтээд ярилцаж суух минь багасжээ, санасан сэтгэлээ дэвтээж сайхан бүхнээ дурсаад багадаа бичсэн хэдэн мөртөө бодолдоо тунгаах бичье.
Мичид марал тохиох үүрийн гэгээн шөнөөр
Миний л ээж намайг үр минь хэмээн аргадсан
Шүүдрийн дуслаар цай чанаж ижий тандаа уулгах юмсан
Шүрэн цагаан оддоос түүгээд ижий тандаа бэлэглэх юмсан.
Ариухан хэвлийдээ 10 сар тээж ангир шаргал уургаа амлуулж өсгөсөн агуу их ачийг тань охин нь хариулж чадаагүй л явна даа.
Сүү амтагдсан цайг тань уумаар байна ээжээ
Сүрчиг үнэртсэн энгэрт тань тэврүүлмээр байна ээжээ
Гашуун боловч үнэн зэмлэлийг тань сонсмоор байна ээжээ
Газрын холыг товчлон тандаа хурдан очмоор байна ээжээ
Гэвч ...
Насны залуудаа сурах зүйл их байна охинд чинь
Нартын энэхэн орчлонг танимаар байна охин тань
Улс орныхоо хөгжлийн төлөө мэдэх зүйл их байна охинд тань
Ухаантан буурал өвгөдийнхөө захиасыг биелүүлмээр байна охин тань.
Наран гэрэлт тэргүүнд тань
Насны хяруу унасныг
Саран гэрэлт царайнд тань
Сүүн хялгас татсаныг
Бяцхан охин тань анзаараагүй явжээ...
Ээжээ гэдэг үг аюулаас хамгаалах тарни юм гэнэлээ. Та минь охиныхоо сайн сайхны төлөө өөрийн гэсэн бүхнээ зориулж, тусалж дэмжиж хайрын дээдийг мэдрүүлж байдагт маш их баярладаг шүү ээжээ.
Ээжээ би тандаа хайртай.Та минь ...
Сүмбэрлэн харагдах хүслийн ууландаа
Сүүн цацлаа өргөн суугаа даа
Сайн сайхны дээдийг ерөөн
Сайхан ижий минь залбиран суугаадаа
Хайртай шүү ээжээ баярлалаа гээд
Хамгийн чангаараа хэлмээр байна
Энгэрт минь урт наслаарай ээжээ
Энхрийлэлд минь удаан жаргаарай ээжээ
Мандах нарны цацрагтай уралдан
Мөдхөн охин тань нисээд очно оо
Тэргэл сарны туяатай үдшээр
Тандаа золгон үнэсүүлэхээр очно оо
Хүсэл мөрөөдлийнхөө үзүүрээс атгах гээд хүний нутагт охин нь хичээж л явна аа.
Ээжээ та минь эрүүл байвал энэ миний аз жаргал юм шүү.
Хэлэхийг хүссэн сэтгэлийн илгээмжээ сүүн замаар холбож, хүйн холбоосоор тэрлэж, сар нарнаар дамжуулж сайхан тандаа илгээлээ.
Хайрт охин Бүжингээс нь...ХБНГУ- Триер хот 01.03.2020