Г.ТЭГШТУЯА:
Г.ТЭГШТУЯА:
ХБНГУ дахь МЗХ-ны зүгээс Герман улсад амжилттай суралцаж, ажиллаж буй монгол залуусын хилийн чанад дахь өдөр тутмын амьдрал болоод хувь хүний ажлын амжилтын талаар цуврал ярилцлагыг бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн зочноор Навч Брендийн үүсгэн байгуулагч, ХБНГУ-ын Дюсселдорф хотын Их сургуулийн Магистрант, Дизайнер Гандугарын Тэгштуяаг урилаа. Эх орныхоо соёлыг олон улсад таниулж буй олон залуусын төлөөлөл, оюутан байхдаа хэрхэн өөрийн Брендийг Герман улсад үүсгэн байгуулсан тухай та энэхүү ярилцлагаас хүлээн авч уншина уу
Та өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу?
Сайн байцгаана уу
Намайг Гандугарын Тэгштуяа гэдэг. Би СУИС-ын Дүрслэх Урлагийн сургуульд МУУГЗ Ц. Нарангэрэл багшийн удирдлаганд Монументал уран зургийн ангид суралцаж төгссөн. Герман улсад Дюсселдорф хотын Их сургуулийг 2018 онд Дизайнер мэргэжлээр төгсөж одоо энэ чиглэлээрээ Магистрт суралцаж байна. Мөн суралцахын сацуу Ариана Эрнст гоёл чимэглэлийн газарт ажиллаж туршлага хуримтлуулж байна.
Таны Брендийн нэр Навч. Таны бүтээл навч гэдэг үгийг маш тансаг илэрхийлсэн байх юм. Навч гэдэг таны ээжийн нэр гэж байсан?
Тийм ээ. Навч гэдэг миний ээжийн нэр. Ээж минь надад хамгийн том урам зориг өгдөг. Ээж минь маш нарийн мэдрэмжтэй, их уран хүн байсан. Мөн намайг хүүхэд байхаас л миний хүсэл мөрөөдлийг хамгийн их дэмждэг байсан.
ХБНГУ-ын Дюсселдорф хотын Их сургуульд Дизайнер мэргэжлээр төгссөн. Одоо магистрт суралцаж байгаа гэж байна. Сурахын сацуу өөрийн гэсэн брендийг үүсгэн байгуулжээ?
Тиймээ, сургуулийнхаа хажуугаар өөрийн гоёл чимэглэлийн брендийг үүсгэн байгуулж 2018 онд ХБНГУ-д албан ёсоор бүртгүүлсэн. Бие даан уран бүтээл гаргаж өөрийн гэсэн Брендтэй болох нь давуу талтай ч бүх зүйлийг шинээр хийж буй мэт суралцах хэрэгтэй болсон. Хийж сурах зүйлс маш олон түүнийхээ хажуугаар туршлага сууж байна гэх үү дээ. Аливаа ажлыг эхлүүлэх нь маш чухал ч дараа дараагийн ажилдаа тууштай байх гэдэг зарчмыг баримталдаг. Ингэж байж бренд маань урт удаан хугацаанд оршиж үнэ цэнээ хадгалж үлдэх болов уу.
Та навч брендийн онцлогийн талаар яриач. Яагаад гоёл чимэглэлийн зүйл сонгож урлах болов?
Навч брендийн онцлог нь монгол үндэсний хээ угалзыг минималист өнгө аясаар илэрхийлж илүү орчин үеийн болон өдөр тутамд зүүхэд зориулан гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнээ хйихийг хичээдэг. Мөн монгол гэлтгүй европ хүмүүсийн сонирхолд нийцүүлэн загвараа бүтээхийг зоридог. Ер нь ирээдүйд гарах загваруудаа улирал бүрийн коллекцоосоо хамаараад өөр өөрийн өнгө аястай байлгахыг зорьж байна.
Таны бренд маш өвөрмөц. Та бүтээлийнхээ санааг хэрхэн олдог вэ. Шинэ санаа төрөх нь хүн бүрт өөр өөрийн түүхтэй байдаг болов уу. Загварынхаа санааг гаргахад юу гол хүчин зүйл нь болдог вэ?
Санаа бол ер нь олон зүйлээс төрнө. Тухайн коллекцоосоо хамаараад санаагаа бодож боловсруулаад цаашаа илүү хөгжүүлж ажилладаг. Загварын санаагаа өдөр бүр бодож байдаг. Ямар нэгэн шинэ санаа төрвөл түүнийгээ тэр үед нь хурдан тэмдэглэж авдаг. Ерөнхийдөө толгойд янз бүрийн санаа эргэлдэнэ. Үүнээс л шинэ загварын санаагаа барьж авдаг. Харин дараа нь судалгаа, задаргаа хийх болон түүнийгээ цааш нь илүү баяжуулж хөгжүүлэх нь чухал. Дараагийн нэг чухал алхам нь материалын судалгаа туршилт байдаг. Иймэрхүү үе шаттай явсаар нэг улирлын Коллекц гарна эсвэл нэг ширхэг сайн бүтээл гарах ч үе байдаг.
Германд Дизайнераар сурахын давуу тал нь юу байдаг вэ?
Германд сурахын давуу талууд олон бий. Оюутнуудад амжилттай сурах бүхий л боломжоор хангаж өгдөг. Хамгийн наад зах нь германы их дээд сургууль сургалтын төлбөргүй байдаг нь их том давуу тал болов уу
Германд дизайнерын сургалт маш нээлттэй мөн сурах таатай нөхцлийг 100 хувь бүрдүүлж өгдөг тухайлбал орчин үеийн шинэ техник технологийг оюутан бүр нээлттэй ашиглах боломжтой. Хамгийн гол нь өөрөө өөрийгөө сайн чиглүүлж олон зүйлийг сурч авах нь чухал гэж миний хувьд бодож байна.
Өөрөө европд үйл ажиллагаа явуулж бүтээгдэхүүнээ урлаж байна. Европд энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд ямар байдаг вэ. Монголчууддаа хэрхэн хүрч ажиллаж байна?
Ер нь бол европд олон орны үзэсгэлэнд оролцож өөрийн загвараа танилцуулж байгаа. Герман улсад суралцаж буй учир эдэнтэй хамт нэг тогоонд байна гэх үү дээ. Хүндрэлтэй асуудлууд болон мэдэхгүй зүйлс маш олон гарч ирдэг. Гэхдээ тэр болгоныг өөрөө туулж, алдаж онож байж илүү сайн сурч байна. Мөн энэхүү зах зээл маш том учир өрсөлдөөн асар их. Би өөрийн бүтээгдэхүүнийг Европын орнуудын үзэгслэнгүүдэд оролцож танилцуулж байна. Тухайлбал сүүлд Берлин хотод зохион байгуулагдсан монгол уран бүтээлчдийн үзэсгэлэн болон Голланд улсад зохион байгуулагдсан Олон Улсын гоёл чимэглэлийн үзэсгэлэн яармаг зэрэгт өөрийн бүтээлүүдийг танилцуулсан.
Одоогоор монголчууддаа өөрийн цахим хуудсаар дамжуулан хүрч ажиллаж байна.
Гадаад суралцах тэр дундаа удаан хугацаанд суралцах нь хувь хүнээс асар их сэтгэлийн хат шаарддаг юм шигээ?
Хүсэл мөрөөдөл маань өөрөө надад их хүч өгдөг. Хүн өөрийн дуртай зүйлээ хийхээр улам хүчтэй идэвхитэй байж чаддаг.
Ярилцлага уншиж байгаа болон Герман улсад дизайнераар суралцах хүсэлтэй залууст зориулан өөрийн зөвлөгөөг хүргэж сонирхуулаач?
Урлаг их хатуу. Зөвхөн авьяастай байлаа гээд зорилгодоо хүрч чадахгүй. Байнга хөдөлмөрлөж хамгийн гол нь тууштай байх хэрэгтэй. Мөн тууштай байхаас гадна байнгын суралцах хэрэгтэй.
Навч Брендийн ирээдүйг хэрхэн хардаг вэ?
Навч Бренд бол амьдралын минь маш чухал орон зай. Тиймээс нэр алдрын хойноос хөөцөлдөхөөс илүү олон жилийн настай, үнэ цэнэтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна.
Орчин цагийн монгол залуучууд өв соёлоо дээдлэн хамгаалах нь ихээр нэмэгдэж буйн тод жишээ бол таны урлаж буй бүтээл болов уу. Үндэсний уламжлал соёл бол бидний үнэт зүйл. Та өөрийн урлаж буй бүтээлдээ монгол үндэсний хэв загварыг маш содон тусгасан байдаг?
Биднийг бусад орны соёлоос ялгарч харуулах зүйл бол бидний өв соёл шүү дээ. Хэдий герман улсад ирээд өөр хэл соёлыг сурж байгаа ч монгол хүн гэдгийг илтгэх гол хүчин зүйл нь бидний үнэт өв соёл. Тиймээс залуучууд бид үндэсний өв соёлоо бусдад таниулж явах нь миний хувьд маш чухал санагддаг.
Та өөрийгөө гурван тэмдэг нэрээр тодорхойлбол?
Нөхөрсөг тууштай эерэг
Дизайнер хүн бол шинийг сэтгэгч байдаг. Та сэтгэмж сэтгэлгээний талаар өөрийн үзэл бодлоо хуваалцаач?
Миний хувьд бол энэ нь нэгэн төрлийн өгөгдөл л байх. Бусад хүмүүс дуулахдаа, бүжиглэхдээ эсвэл тоо бодохдоо бусдаас илүү авьяастай байдаг шиг л. Дизайнер хүний хувьд юмсийг өөр талаас харах болон ургуулан бодох чадвар илүү хөгжсөн байдаг гэж боддог. Хүн бүр л тухайн салбар мэргэжилдээ шинийг сэтгэгч нь байдаг болов уу гэж бодож байна.
Бидний урилгыг хүлээн авч анхны зочноор оролцож буйд их баярлалаа
Би хийх ёстой зүйлээ хийгээд л зорилгынхоо төлөө бага багаар урагшаа зүтгэж яваа залуу уран бүтээлч. Герман улсад маш олон мундаг залуус төрөл бүрийн салбарт суралцаж ажиллаж байна. Дараа дараагийн ярилцлагадаа амжилттай яваа мундаг залуусыг оролцуулж олон хүнд эрч хүч урам зориг өгөхийг хүсэн ерөөе.
С.Амаржавхлан
Б.Сувд-Эрдэнэ