Н.ОНОНДАРЬ: 

БҮХ ЗҮЙЛ ЧИНЬ БОЛОМЖГҮЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ ГЭДЭГ

Сайн байцгаана уу эрхэм хүндэт уншигчдаа

Яг одоо цас орж байна. Дээвэр дээрээс салхины аясаар буух бөөн бөөн цас мөрөн дээр минь буучихлаа. Яг одоо би бүжигчинтэй ярилцах гэж явна. Хөнгөн цагаан бодол тээгээд. Тийм ээ бидний яриа яаж эхлэхийг төсөөлчихлөө. Тэр бүсгүй рүү ‘Сайн байна уу’ гэж хэлэхдээ энэ ярилцлагын гол дүр гэж төсөөлнө...

Ширээн дээр халуун кофе, тэмдэглэл дүүрэн дэвтэр бас саяхан асаасан анхилуун үнэрт лаа байна. Харин бидний хөлд дасгалын том цүнх байна. Тэр цүнхэнд л лав тоглолтын хувцас байгааг би мэдэж байна. Тэгээд би түүнээс харж болох уу гэж асуулаа. Их гоёмсог.

Үнэхээр сайхан даашинз байна. Та даашинзаа хаанаас авсан бэ?

Энэ даашинзаа Германд хувь хүнээс худалдаж авч байсан. Хамтлагийнх бол тусдаа байдаг. Энэ даашинзыг зөвхөн хосоороо бүжиглэхдээ өмсдөг. Их эвтэйхэн шүү.

Герман улсын Бремен хотын Грүүн Голд клуб 2019 оны Латин бүжгийн дэлхийн аваргын тэмцээнээр арав дахь удаагаа ялалт байгуулж дэлхийн бүжгийн урлагийн ертөнцөд түүхэн хамтлаг гэдгээ баталж чадлаа. Үүний дунд тодоос тод гялалзах монгол бүсгүй Онондарь маань сүүлийн хоёр жилийн хугацаанд энэхүү түүхэн амжилтыг хамтдаа батлалцлаа. Юуны өмнө танд халуун баяр хүргэе. Анх хэрхэн хамтлагтаа орж байсан бэ?

Маш их баярлалаа. Анх би Франкфурт хотод нийгмийн ажил хийхээр нэг жилийн хугацаатай ирж байсан юм. Тэр үед нэг бүжгийн том фестивалийн зарлалыг хараад оролцохыг маш ихээр хүссэн. Үнэ нь тэр үед бараг миний сарын цалинтай ижил үнэ байсан юм. Тэгээд би чинь энд юм сурах гэж ирсэн хүн шүү дээ бас дахиад л бүжиг гэж бодоод орохоо больдог юм уу гэж эргэлзсэн. Гэхдээ үнэхээр тэр фестивалд ормоор байсан учраас оролцохоор шийдээд анх тэр бүжгийн фестивальд одоогийн дасгалжуулагч багштайгаа таарч, танилцаж бүжиглэх хүсэлтэйгээ илэрхийлж байлаа. Тэр үед манай Грүүн Голд клубын дасгалжуулагч багш намайг Бремен хотод ирж өөрийн багтаа бүжиглэж үзэх талаар санал тавьсан. Дараа нь миний бие бага зэрэг өвдөөд монголруу буцаж яваад биеэ эмчлүүлээд эргээд герман руу суралцахаар Бремен хотод ирсэн. Дасгалжуулагчтайгаа уулзана гэж бодож байсан учраас тэгээд л Бремен хотыг зориод ирсэн дээ.

Дэлхийн 10 удаагийн аварга, Герман улсдаа тасралтгүй 14 жил ялалт байгууллаа. Та бидэнд Грүүн Голд клубийг танилцуулаач. Бүжгийн спортод тууштай амжилт гаргахад хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл нь танай хамтлагийн хувьд юу байна вэ?

Грүүн Голд бүжгийн холбоо 1932 онд байгуулагдсан. Манай Грүүн Голд хамтлаг 1975 онд байгуулагдаж байсан. Харин  Хамтлаг бол одоогоор 24 бүжигчин мөн дасгалжуулагчид, эмч, фитнесс дасгалжуулагч гээд нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй.

Спортод амжилт гаргахад эхлээд өөрийгөө ялах хэрэгтэй. Манай хамтлаг дотор өөрийгөө ялаад, ялаад бас дахин ялаад гарч ирсэн хүмүүс байдаг. Тэд маань маш хүчтэй сэтгэл зүйтэй. Тэр хүмүүсийн дунд байхад ямар нэгэн бэрхшээл тулгарахад тухайн зүйлийг даваад гарахад маш амархан мэт санагддаг. Би хамтлагийнхаа гишүүдийг урсгал сөрж явдаг хүмүүс гэж боддог. Бүгд л өөрийн гэсэн хатуу зорилготой. Түүндээ хүрэхийн тулд сөрж тэмцэх, өөрийгөө ялан дийлэх гэх мэт давуу талууд олон бий. Дэлхийн 10 удаагийн аварга гэж хэлэхээс илүү тэр хүмүүсийн дунд би түүнээс илүү үнэ цэнэтэй зүйлийг харж байгаадаа үнэхээр их баярладаг.

5 настайгаасаа эхлээд бүжгийн урлагтай салшгүй холбогдож түүндээ тууштай зүтгэж, хөдөлмөрлөж яваа өнөөдрийн таныг хараад үнэхээр бахархаж байна. Яагаад бүжигчин мэргэжлийг анх сонгох болов?

Би анх хуулиар сурна гэж боддог байсан юм. Мэргэжлийн бүжигчин болно гэж огт бодож байгаагүй. СУИС-аас 2 жилийн хугацаанд сураад төгсөх урилга авсан. Тэгээд СУИС-д бүжгийн багш мэргэжлээр суралцаж бүжигчин болохоор шийдсэн. Дараа нь ‘Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгат’ бүжигчнээр ажилласан. Мөн АШУИС-ын Дэлбээ гэдэг хамтлагт бүжгийн багшаар ажиллаж эхэлсэн. Бараг 18 настай байсан байхаа. Тэр үед бас хүнд хэцүү байсан зүйлс олон бий. Өөрөөсөө ах эгч хүмүүстэй хамт ажиллана гэдэг амаргүй байсан шүү. Тэгээд л би дахин суралцах хэрэгтэй гэдгийг сайн ойлгосон.

Одоо бол Гүүн Голд клубийн үндсэн бүжигчнээр ажиллаж байна.  Аливаа зүйлийг эхлэл маш чухал байдаг. Хамтлагтаа өөрийн байр суурийг олох, амжилт гаргах эхлэл нь юу байв?

Би эхлээд хамтлагтаа заменд ажилласан. Миний хэл сайн биш байсан учраас бусадтайгаа ойлголцоход эхний нэг жил маш хэцүү байсан. Багийн ажиллагаа чухал учраас юу бодож байгаагаа илэрхийлж чадахгүй боломж алдаад байгаа юм шиг санагдаж байлаа.  Мөн хүссэн хүн бүр тайзан дээр гараад байдаггүй. 16 охин бэлтгэл хийгээд  яг тал нь л тайзан дээр гарна. Тиймээс эхэлсэн бол эхнээсээ л  хичээх нь миний хувьд чухал. 

Нэг тэмцээнд бэлдэхэд  маш их цаг, асар их хөдөлмөр шаарддаг. Түүний ард зэрэгцээд  сэтгэл зүйн бэлтгэл болоод тэвчээр хамт явж байдаг.  Цаашлаад энэ тэмцээн өөрөө маш том хариуцлагыг хүн бүрд хүлээлгэдэг шүү дээ. Энэ бүхний ард өөрөөр хэлбэл тайзны ард ямар адал явдал, тохиол болж байдаг талаар хуваалцаач?

Өөр хэл соёлтой хүмүүстэй нэг баг болж хамтарч ажиллах амаргүй байсан шүү. Энэ их хариуцлагыг дагаад хамтлаг дотор маш их өрсөлдөөн байдаг.

Манай клубд гурав дөрвөн жил заменд суугаад тайзан дээр огт бүжиглээгүй  олон бүжигчид байдаг. Би үнэндээ тэдэн шиг байхыг хүсээгүй. Яг адил өдөр шөнөгүй  бэлтгэл хийж байж тэмцээний үед бүжиглэж чадахгүй байх нь харамсалтай биз дээ.  Ер нь яг чоно шиг байхгүй бол би хэзээ ч  тайзан дээр бүжиглэж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Дан ганц бэлтгэл хийгээд зогсохгүй сэтгэл зүйн хувьд би өөрийгөө бэлдэж эхэлсэн.

Тэгээд охидын эвийг олохоос илүү одоо үзэлцье гэж л бодсон. Бэлтгэл дээрээ ч гэсэн маш их хичээж эхэлсэн. 2018 оны дэлхийн аваргын тэмцээнээр намайг гоцлол бүжиглүүлсэн. Мэдээж би германд өсөж төөрөөгүй учраас маргах зүйлс гардаг. Тэр нь одоо би хийх ёстой гэдгээс үүссэн байж магадгүй. Гэхдээ би тэр үед тэр алхмыг хийх хамгийн зөв гэж бодсон. Өрсөлдөөн хэдий байх ёстой ч багийн спортод эв найрамдал маш чухал.

2019 оны дэлхийн аваргын тэмцээний тайзан дээр бүжиглэж байхдаа ээжийнхээ тухай бодоод бүжиглэж байсан гэж нэгэн ярилцлагыг тань уншсан. Ээжийгээ бодох нь таны ур чадварт нөлөөлдөг үү?

Ээжийнхээ тухай бодох тэр мөчид би илүү зоригтой, тайван бас чөлөөтэй болж байсан.

Сүүлийн жилүүдэд Латин бүжгийн дэлхийн аваргын тэмцээнд манай Монголоос хамтлаг бүжигчид зорьж ирэн маш амжилттай оролцож байна. Та Герман хамтлагт бүжиглэж байгаа хүний хувьд Монгол хамтлаг бүжигчдийн Герман улсаас ялгагдах давуу талуудыг юу гэж харж байна вэ?

Монгол бүжигчдийн давуу тал нь маш өндөр мэдрэмжтэй. Ямарч зүйлд дасан зохицох болон түүнийгээ маш мэдрэмжтэйгээр илэрхийлж чаддаг.

Харин төлөвлөгөө гаргаад түүндээ төвлөрч ажиллахдаа бага зэрэг сул байгаад байх шиг санагддаг. Монголд бүжгийн хэв маяг талруугаа илүү анхаараад бүжигчдийн сэтгэл зүйг орхигдуулаад байх шиг санагдсан. Монгол залуучууд маань энэ жил финалд үлдчихвэл гэж ярьдаг. Харин бид энэ жил финалд үлдэнэ гэж үүний тулд юу юу хийх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Энд бол тэр тал дээр маш анхаарч ажилладаг.

Тамирчдын сэтгэл зүйг энд маш их анхаарч ажилладаг. Тухайлбал зүгээр л бүх зүйл чинь боломжгүй болох боломжтой шүү гэдгийг сануулдаг. Энэ нөхцөлд нэг л хичээсэн бол хичээхээ зогсоож болохгүй.

Одоо Бремений их сургуульд сэтгэл судлалаар суралцаж байна.  Ингээд бодохоор таны сэтгэл судлалыг сонгосон шалтгаан бүжгийн спортын тамирчин байхтай холбоотой байх нь ээ?

Тийм ээ. Миний шинэ мөрөөдөл бол мэргэшсэн мэргэжилтэн болох. Би сургуулиа төгсөөд спортын сэтгэл зүй чиглэлээр төвлөрч ажиллана гэж боддог. Би бэлтгэл дээрээ 120 хувь хийгээд тайзан дээр  90 хувьтай бүжиглэх тохиолдол гарч байсан. Энэ нь сэтгэл зүйтэй холбоотой. Тиймээс тамирчин хүний хувьд сэтгэл зүй бол маш чухал. Яагаад тамирчид олон жил хичээллэсэн спортоо орхидог вэ. Мөн л сэтгэл зүйтэй салшгүй холбоотой. Тамирчин хүн сэтгэл зүйгээ маш сайн хянах хэрэгтэй. Хэн илүү сэтгэл зүйгээ хянаж байна тухайн хүн амжилт гаргадаг гэж би боддог.

Суралцахын зэрэгцээ бүжгийн бэлтгэл мөн цагийн ажил хийдэг гэж хэлж байсан. Энэ бүгдийг зэрэг амжуулна гэдэг үнэхээр амаргүй шүү. Гэсэн хэдий ч хичээлийн хажуугаар ажил хийхээр  маш их зүйлийг сурдаг юм шиг санагддаг. Тухайлбал олон орны хүмүүстэй нэг дор ажиллаж мөн тэднээс ч гэсэн шинэ зүйлийг харж, суралцах зүйл их  байдаг шүү дээ?

Германд герман хэлтэй л бол маш их боломж байдаг. Би Германд ирсэн цагаасаа эхлээд цагийн ажил хийсэн. Миний хамгийн эхний цагийн ажил кассчин байсан. Ариун цэврийн цааснаас тавилга хүртэл маш их үгийг  сурах хэрэгтэй болсон. Кассан дээр ажилласнаас хойш бас зоосон мөнгийг хэрхэн хураахгүйгээр ашиглах ёстойг сурсан шүү.

 Дараа нь Сүшиний газар ажилласан. Энд ажиллахдаа Сүшиний будаа хэрхэн агшаах вэ гэх мэт зүйлсийг сурсан. Ер нь  ажил хийснээр маш их зүйл сурдаг.  Мөн сурсан мэдсэн зүйлээ практик дээр хэрэглэх хамгийн том боломж болдог.

Герман хүмүүсийг яс, цаг сайн барьдаг гэдгээр нь онцолж ярьдаг. Харин хамгийн яс, тууштай хөдөлмөрч герман хүмүүсийн дунд амьдарч, ажиллаж байгаа хүний хувьд тэднээс сурах хамгийн сайхан чанар юу байна вэ?

Мэдээж би тэдэнтэй ойлголцохын тулд энэ соёлоос суралцах хэрэгтэй. Хамгийн сайхан чанар бол тэд хэзээ ч миний хувийн орон зайд халддаггүй. Тэгээд цагтаа л байдаг.

Та өөрийгөө маш амжилттай бүтээж байгаа залуу хүмүүсийн төлөөлөл. Тухайлбал хүн өөрийгөө хэрхэн бүтээх талаар юу гэж боддог вэ?

Энэ бол ер нь өдөр тутмын хэвшлээс хамааралтай гэж би боддог. Өнөөдрийн хийж байгаа зүйлээс бүх зүйл хамаардаг. Шантрах үе зөндөө байсан. Гэхдээ тэр зүйлийг би эмзэгээр хүлээж авдаггүй. Хором мөч бүр хамааралтай. Цаг хугацаа бүгдийг харуулна гээд сул тавьж болохгүй. Өдөр бүр бага багаар ч болов урагшаа тэмүүлж хөдөлмөрлөж байх хэрэгтэй.

Та өөрийгөө гурван тэмдэг нэрээр тодорхойлбол?

Энгийн, шулуухан, магадгүй дэндүү шулуухан болохоор хүүхэд шиг

Хүний амьдралд төлөвлөгөө хэр чухал вэ. Та ер нь ойрын хугацаанд ямар ажил төлөвлөөд байна вэ?

Би маш их төлөвлөдөг байсан. Одоо төлөвлөхөө больсон. Яагаад гэвэл ямар ч зүйл болж болох учраас. Би өглөө босоод тэр өдөр юу хийх ёстой тэр зүйлээ л хийж дуусгадаг.  Өөрөөр хэлбэл өнөөдрөө л төлөвлөдөг. Өнөөдөр би бага ч гэсэн ахих ёстой бол түүнийгээ хийнэ

Өөрийн үзэл бодол, үнэт зүйлсдээ үнэнч байж ямар ч хүчтэй салхинд ажралгүй бат зогсох тууштай хичээнгүй байдлын үлгэр жишээ, тэр л монгол залуусын төлөөллийг таныг гэж харж байна.

Баярлалаа. Тууштай бэлтгэл хийж байж амжилт гаргана гэдэгт би итгэдэг. Тиймээс өөртөө тохирсон зүйлийг хийж, өөрийгөө үргэлж  сонсох хэрэгтэй гэж боддог.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд маш их баярлалаа. Тантай ярилцахад маш сайхан байлаа. Хувь хүний бодлыг сонсож, тухайн бодлууд хэрхэн өөрчлөгдөж хувьсаж, унаж босож үйлдэл дээр хэрэгжиж байдаг талаар маш сонирхолтой  ярилцаж яг л өөрийнхөө бодлуудад тантай ярилцаж буй мэт сэтгэгдэл төрлөө. Хэсэгхэн хугацаанд өөрийн гэсэн өрөөнд тань оршиж танилцах боломж, цаг гаргасанд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье!

С.Амаржавхлан

Б.Сувд-Эрдэнэ