Европын улс орнуудад суралцаж, ажиллаж, амьдарч буй Монгол залуучууд Герман улсын Мюнхэн хотноо 2019 оны 02 сарын 16 ны өдөр хуралдаж Монголын Залуучуудын Холбооны ХБНГУ дахь салбар зөвлөлийг байгууллаа.
Энэхүү салбар зөвлөл нь шинжлэх ухаанч, бүтээлч монгол залуучуудын нэгдэл юм.
Бидний гол зорилго бол европын улсуудад аж төрж, ажиллаж, суралцаж буй залуучуудынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг судлаж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, зөвлөгөөнд оролцож олон улсын түвшинд залуучуудынхаа хамтран хөгжих гарц, боломжийг бүрдүүлэх, эрдэмтэн мэргэдийнхээ санал зөвлөмжийн дор эх орныхоо хөгжилд бодитоор хувь нэмрээ оруулах арга замыг удирдан чиглүүлэх юм.
Мөн олон улсын болон монгол залуучуудынхаа холбоо харилцааг өргөтгөх, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх гүүр болон ажиллана.
Үүнд европд буй Монгол залуучууд бидний эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан туслалцаа, харилцаа холбоо нэн чухал.
Бидний анхдугаар чуулга уулзалтанд Монгол улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон Монгол улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганбат нар оролцсон юм.
ХБНГУ дахь Монголын Залуучуудын Холбооны салбар зөвлөл нь европын улсуудад аж төрж, ажиллаж, суралцаж буй бүх залуучуудад нээлтэй учир бидний энэхүү хуудсаар дамжин тэргүүлэгч, төлөөлөгч болон гишүүнээр элсэх, санал хүсэлтээ илэрхийлэх бүрэн боломжтой.
ХБНГУ дахь МЗХ-ны ТУЗ