Сайн байна уу? миний нэрийг Уянга гэдэг, найзууд маань ихэвчлэн Уна гэж дууддаг. 90-ээд оныхны адилаар бага насаа эмээ өвөө дээрээ өнгөрөөсөн бөгөөд удалгүй Эрхүү хот руу сурахаар явж 5 дугаар анги хүртлээ Орост байсан. Тийм болохоороо ч анх Монголд ирээд монголоор ном байтугай сонин ч уншиж чаддаггүй байлаа. Монгол хэлийг минь сайжруулах гэж монгол сургууль руу ээж маань явуулсан бөгөөд би гэдэг хүн тэнд 1 жил л байж чадсан. Тэгээд орос сургуульд ороод 11 ангиар 2009 онд төгссөн. Герман явж сурах зорилготой байсан болохоор МУИС-г герман хэл шинжээч, орчуулагчаар 2013 онд төгссөн. Суралцах хугацаандаа оюутан солилцоо, зуны ажлаах Герман руу явж байсан миний ирээдүйд Германд сурах хүслийг улам өдөөж өгсөн. Герман руу явах бэлтгэлээ хангаад, төрөл бүрийн бичиг баримт бэлдэж хажуугаар нь мөн 2 жил ажил хийж байгаад 2015 онд Германы Бавари мужид интерьер дизайнерээр сурахаар ирсэн. Хэлний бэлтгэлд яваагүй болохоор эхэндээ хүндрэлтэй байсан ч яваандаа чих онгойж эхэлсэн.

 

Яагаад бүр анхнаасаа Германыг гэж шийдсэн бэ?

 

10 жилд байхдаа Орост сурах хангалттай боломжтой, тэтгэлэг ч мөн олимпиадаар авч байсан ч би анхнаасаа л Европт сурна гэж боддог байсан болохоор Орост сурахыг ер эрмэлзээгүй юм. Ээжийн маань найз нөхөд, эгч дүү нь Герман, Швейцарт амьдардаг байсан болохоор тэд нар Европ руу ирж сурахыг их зөвлөдөг байсан. Ээжтэйгээ хамт судалсны үндсэн дээр ер нь Германд сурах нь бага зардалтай мөн боловсрол нь дэлхийн стандартад нийцдэг байсан болохоор ийнхүү шийдсэн.

 

Би 16-тай 10 жил төгсчихсөн байсан учир Германд ирэх боломж байгаагүй бөгөөд анхнаасаа л академик боловсрол эзэмшихийг зорьсон болохоор МУИС-д герман хэлний ангид орсон. Эхлүүлчихсэн юм чинь дуусгасан нь дээр гээд 4 жил суралцсан. Ууг нь бол 2 дох курсээсээ ийшээ Studienkolleg-т ирэх боломж байдаг. Заримдаа хүний амьдралд төрөл бүрийн зүйлс тохиолддог болохоор шууд Герман явах боломж тэр үед гараагүй юм. Дансанд байрлуулах мөнгө, хэлний сертификат, байр, сургууль гээд л гадаад орон руу ирэхэд санхүү гэдэг зүйл их хомс байсан үе. Суралцах үедээ харин найз нөхөд, дээд курсын хүмүүсээс их мэдээлэл цуглуулж явсан. Зарим нь миний motivational letter-ийг хүртэл засаж өгөөд, МУИС-н нэг багш маань Герман руу өөр явах төрөл бүрийн арга байдаг гээд Au-Pair, FSJ мөн Ausbildung-н талаар мэдээлэл өгч маш их тусалсан. Тэр хүмүүстээ мөн их баярлаж явдаг. Гол зорилго минь гадаад явах байсан болохоор хүн гэдэг байгаа бололцоогоо бүгдийг нь ашиглаад л эхэлдэг юм байна лээ.

 

 

Мэргэжлээ яагаад сонгох болсон бэ? Хүүхэд байхаасаа шийдсэн үү? Эсвэл гэрийнхэнтэйгээ ярилцаж шийдсэн үү?


Хүүхэд байхаасаа л эмээгийнхээ ширээний хулдаасыг сайхан хайчлаад л суудаг хүүхэд байсан гэдэг, цэцэрлэгт байхдаа мөн их зурах сонирхолтой байсан. Ер нь бол ихэнхдээ гэртээ ганцаараа байдаг байсан болохоор өөрийгөө төрөл бүрийн зүйлээр завгүй байлгадаг байсан. 10 жилдээ ч гэсэн жигд бүх хичээлдээ сайн байсан ч геометр, зургийн хичээлд илүү сонирхолтой мөн идэвхтэй байнга сайн дураар баяр бүрт плакат бэлдэж, уран зохиолын өдөрлөгүүдэд зориулж засал чимэглэл хийн олон юм зохион байгуулдаг байсан. 10 жилд байхдаа л архитектор болно гэж боддог байсан бөгөөд яваа яваандаа илүү детальд сонирхолтой байсан болохоор интерьер дизайныг сонгосон. МУИС-д сурч байхдаа мөн ТИС-д хар зургийн сургалтанд явж бас ирээдүйн шалгалтандаа бэлдэж байсан.