ЭРДЭНЭБИЛЭГИЙН ӨЛЗИЙХУТАГ
Очихыг хүссэн газруудаа киноноос олж хардаг байсан
Өвлийн өглөө дулаахан. Хөшгөө нээгээд харвал зэргэлдээх байрны гэрэлтэй цонхнууд харагдана. Тэнд байгаа хүмүүс яг л надтай адил өглөөг эхлүүлж өөр өөр зүйлсийг нэг цаг хугацаанд хийнэ. Цонхон доогуур харин хаашаа ч юм хэнрүү ч юм алхах хүмүүс. Жижиг жижигхэн, эв энгийн санаандгүй ч гэмээр явдлууд амьдралыг илүү дулаахан болгох юм. Энэ өглөөг, энэ орон зайг дүрсэнд буулгаж үлдээгээд дараа жилийн өвлийг яг л ингэж дулаацуулмаар.
Ингээд бид нэг л гаригт орших боловч үргэлж энэ амьдралынхаа аялагч байдаг. Өнөөдөр аялагч хүнтэй ярилцаж байгаа учир түүнээс сонсож мэдэх, аяллын тухай түүний мэдрэмжээр аялах сонирхол эрхгүй төрнө.
Танд олон сайхан гэрэл зургийн цуглуулгууд байна. Таны камерын дуранд дулаахан өвлийн дулаан дурсамжийг санагдуулах гэрэл зургууд олон бий байхдаа.
Надад өвлийн гэрэл зургууд цөөнгүй бий. Би байгалийн гэрэл зураг авах дуртай.
Таны гэрэл зургуудыг харахаар цаанаа нэг өгүүлэмжтэй юм. Өөрийнхөө орон зайг үүсгэн орчноо дүрсэлж камерын дуранд буулгасан мэт. Магадгүй энэ таны мэдрэмжээр бүтсэн таныг илэрхийлэх нэг тод хэлбэр байх. Тухайн мөчийг дүрслэн буулгах, түүнийгээ цуглуулга болгон хадгалах нь таньд ямар дурсамжуудыг бүтээгээд байна вэ?
Аялах дуртай болохоороо ч тэр үү байгалийн болон архитектурын зурагт татагддаг. Тэгээд аяллаас мэдэрсэн сайхан мэдрэмжүүдээ илүү тод хадгалах гэж зураг дардаг. Дараа нь дарсан зургуудаа харахаар буцаад тэр үедээ очих шиг болдог. Байгалийн болон хүний бүтээсэн гайхалтай бүтээлүүдийг хараад өөрт төрсөн сэтгэгдлээ мөн харсан өнцгөө дуранд буулгахыг хичээдэг. Тэгэхээр миний дарсан зургууд дийлэнхдээ аяллын зургууд байдаг. Одоо энэ бүх зураг миний аяллын үнэ цэнэтэй агшин болж дурсагддаг.
Та Монголд ШУТИС-ыг Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Одоо энэ чиглэлээрээ ХБНГУ-д магистрт суралцаж байна. Анх мэргэжлээ хэрхэн сонгож байсан бэ? Яагаад Герман улсыг сонгон суралцах болов?
Би багадаа аавынхаа мэргэжил, ажлыг харж өссөн учраас инженер болох хүсэлдээ хөтлөгдөн энэ мэргэжлийг сонгон суралцсан. Их сургуулиа төгсөөд хоёр жил гаруй мэргэжлээрээ ажилласан. Энэ хоёр жилийн хугацаанд би цаашид энэ салбартаа үргэлжлүүлэн суралцаж илүү хөгжих нь чухал гэдгийг ойлгосон. Тиймээс дэлхий дээрх хамгийн анхны уул уурхайн их сургуулиудын нэгд тооцогддог ТU Фрейберг уул уурхайн академийг сонгон суралцаж байна. Манай их сургууль герман улсад төдийгүй дэлхийд маш нэр хүндтэй сайн сургууль.
ХБНГУ-д уул уурхайн чиглэлээр сурах Монголд суралцах хоёрын дунд ялгаатай талууд олон бий. Сургалтын хувьд оюутанд тавьж буй шаардлагууд их өөр санагддаг. Таны суралцаж буй мэргэжлийн хувьд Герман улсад ямар байдаг вэ?
Ерөнхийдөө аль ч улсад бакалаврын хөтөлбөр магистрын хөтөлбөр нь өөр, мөн оюутнаас шаардаж буй зүйл өөр байдаг.
Монголд манай багш нар бие даалтын дуусах хугацаа болон дипломын ажлын сэдэв, явц зэрэгтэй танилцан оюутан нэг бүртэй ойр ажилладаг байсан бол Германд профессорууд лекцээ уншаад л гараад явах жишээтэй. Оюутнууд өөрсдөө л хичээх хэрэгтэй болдог.
Германд сурч буй давуу тал нь манай салбарт магистрын хөтөлбөрт хичээл бүр дээр танилцах дадлага байдаг. Жишээ нь би нөхөн сэргээлтийн хичээл сонгосон бол нөхөн сэргээлт хийгдэж буй уурхай дээр очиж үйл явцтай танилцах, тэндээс олон зүйлийг сурдаг. Мөн уул уурхайн компаниуд их сургуулиудтайгаа илүү ойр ажилладаг. Оюутнуудыг дадлага хийхэд хариуцаж ажилладаг мэргэжилтэн байхаас гадна ирээдүйд уул уурхайн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэгдэхэд тухайн салбарын компани, албан байгууллага оюутнуудыг дэмжиж ажилладаг нь маш чухал санагдсан.
Та суралцахаас гадна өөрийнхөө сонирхлыг хөгжүүлж байна. Яагаад аялал хийх таны хобби болсон бэ? Аялал хийснээр хүн хэрхэн хөгждөг вэ?
Би ер нь их сониуч хүн. Багадаа аав ээжтэйгээ хятад болон орос улсруу аялдаг байлаа. Тэр үед надад тэнд үзэж харсан зүйлс сонин, шинэ шинэлэг санагдаж байсан. Тухайлбал бидэнд байхгүй зүйлс тэнд байх нь, тэнд байгаа зүйлс энд байхгүй байх нь өөр хоол хүнсний соёлтой байх зэрэг маш олон шинэ зүйлсийн дунд яагаад гэсэн асуулт надад төрж байсан нь миний өөр олон улсруу аялаж үзэх хүсэл сонирхлын эхлэл байсан болов уу.
Бас нэгэн сонирхолтой зүйл нь би очиж үзэхийг хүссэн газруудаа киноноос маш их олж хардаг байсан. Жишээ нь Нью-Юрк хотыг би бага байхдаа киноноос хараад л энд очиж үзье гэж бодсон. Тэгээд очиж үзсэн. Аялал бол одоо миний амьдралын салшгүй нэгэн хэсэг миний хамгийн хийх дуртай зүйл. Аялахын нэг сайхан зүйл нь маш сайхан хүмүүстэй танилцдаг.
Та ихэвчлэн ганцаараа аялал хийдэг гэж байсан. Өөрийн дуртай зүйлийг хийх нь түүнийгээ хамгийн сайхан дурсамж мэт бүтээх нь ямар ч цаг үед тэнд орших дулаахан хүслийг хөргөж чаддаггүй болов уу. Яагаад ганцаараа аялал хийхийг илүүд үзэх болов? Ер нь ганцаараа аялал хийхийн давуу тал нь юу байдаг юм бэ?
Би анх Хонконгруу ганцаараа аялал хийж байсан. Тэр үед төрсөн мэдрэмж нь айдас болон догдлол, санаа зовнил хийгээд сэтгэл хөдлөл зэргийн холбоо байсан. Одоо бодоход их сайхан санагддаг.
Ганцаараа аялах нь маш цэгцтэй бүтээмжтэй аялах боломжийг олгодог . Бүх эрсдэлээ өөрөө үүрч явдаг учраас илүү хариуцлагатай болгодог. Хамгийн гол нь өөрөө өөрийгөө олоход тусалдаг. Учир нь хүний тархи аяллын үед шинэ мэдээлэл хүлээн авахад бэлэн байдаг. Тиймээс шинэ мэдээллийг хүлээн авч, суралцаж өөрийгөө цаашид хөгжүүлэх боломжтой. Энэ үед ганцаараа аялах нь өөрийгөө сонсож, дотоод хүнрүүгээ анхаарч, юу хүсэж байгаагаа ойлгоход тусалдаг. Нөгөө талаас аялагчдын тоо их байх тусам цаг алдаж, хэн нэгнээ хүлээх, үзэхийг хүссэн зүйлс дээрээ санал зөрөлдөх зэрэг асуудлууд гардаг.
Хаашаа ч аялал хийхэд цаг үе хийгээд боломж нь нээлттэй болсон энэ үед аялал хийх тэр дундаа ганцаараа аялах сонирхол хоббитой олон залуус байна. Энэ залуучууддаа туршлагатай аялагч хүний хувьд аялалд авч явах хэрэгтэй хамгийн чухал зүйлсээс хэлж өгөөч.
АЯЛАЛ БОЛ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙДАГ
Аялал хийх хугацаандаа багтаан тухайн газартаа хаана, юу үзэж харах зэрэг зүйлсээ өмнө нь төлөвлөж бичээд явбал их тус болдог. Зарим тохиолдолд манай аялагч нар тухайн газраа сайн судлаагүйгээс болоод үзэх ёстой газраа үзээгүй буцах үе байдаг. Би өөрөө харамсах дургүй хүн. Тиймээс аль болох бүх зүйлээ маш сайн нарийн төлөвлөөд аялалд гарах нь үр дүнтэй байдаг.
Аялал хийхдээ тухайн орчныг камерын дуранд буулгаж үлдээх их дуртай.
Миний хувьд аялал хийхдээ байнга авч явдаг зүйлс бол хамгийн түрүүнд камер, ахуйн, ариун цэврийн хэрэглээний зүйлс багтахаар жижиг хэмжээний цүнх болон ойр зуурын эмийн цуглуулгатай жижиг цүнх зэргийг байнга авч явдаг. Би Австри улсын Визэнд орох гээд хүлээж байх үедээ түрүүвчээ алдаж байсан. Тэр үедээ багахан мөнгө буудлынхаа өрөөнд үлдээсэн байсан болохоор тэр мөнгөөрөө 14 хоног амьдрах шаардлагатай болсон.
Тиймээс хоёр виза карт авч яван нэгийг нь буудалдаа орхиж нөгөөхийг нь биедээ авч явах хэрэгтэй гэж зөвлөе.
Та Монгол орноор төдийгүй дэлхийн олон улсаар аялал хийсэн туршлагатай аялагч. Манай улсад байхгүй бүхэн бидний хийх ёстой зүйлс гэдгийг олон орноор аялал хийж байгаа залуу хүний хувьд хамгийн ихээр харж мэдэрч байгаа болов уу. Энэ талаар өөрийн бодлыг хуваалцаач?
Миний бодлоор манай улсад түүхэн дурсгалт газар, үзэж харах зүйлсийн тухай танилцуулга тэнд очоод юу хийж болох, тэр газарлуу хэрхэн хүрч очих гэх мэт мэдээлэл багтсан гарын авалга дутмаг байдаг. Энэ нь гадаадын жуулчид Монголд аялалахад хүндрэлтэй болгодог.
Аялал хийх нь нэг талаараа адал явдлын эрэлд гарч байна гэсэн үг. Хамгийн сонирхолтой, адал явдалтай аялал нь хаана хийсэн аялал байсан бэ?
Миний хийсэн хамгийн адал явдалтай, эрсдэлтэй, сонирхолтой аялал бол Словени улсад хийсэн аялал байсан. Тэнд байж байхдаа Инстаграм дээрээс нэг гоё газрын зураг хараад хайгаад хартал тэр газар миний байсан газартай ойрхон байж таараад тийшээ зорьсон. Гэтэл тэр өдөр цас ихтэй байсан болохоор тэр хүрхрээрүү явах замыг хаасан байсан. Гэхдээ тэр газрыг очиж үзэхийг үнэхээр их хүссэн бас замын талдаа орсон байсан учраас буцахыг хүсээгүй. Тэндэхийн байгаль үнэхээр үзэсгэлэнтэй тойроод Альпийн нуруутай маш сайхан газар байсан. Тэгээд л зорьсон газраа үзэхээр ганцаараа уул өөд өгссөн. Бичлэг хийх гээд дроноо асаатал тэр хавьд GPS сүлжээгүй байсан учраас дроноо нисгэсэн ч буулгаж авахад хэцүү байсан. Дроноо нисгээд бичлэгээ хийж дуусаад газардуулах гэтэл сүлжээ бага учраас хажуудаа буулгаж чадаагүй. Дээшээ авирч гарч дроноо авах хэрэгтэй болсон. Дроноо дээшээ гарч авах үедээ хавцалруу унах шахсан. Энэ үйл явдал миний хувьд хамгийн адал явдалтай нэг өдрийн аялал болж өнгөрсөн. Тэр үед амьд байгаадаа маш баярлаж билээ.
Одоогоор нийт хэдэн орноор аялаад байна вэ мөн ямар орноор аялал хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?
Playsee гэдэг аппликейшн дээр очсон газар бүрээ тэмдэглээд оруулахаар статистик мэдээлэл гарч ирдэг. Дэлхийн хэдэн оронд байсан болон хэдэн хувийг үзсэн гэх мэт мэдээллүүд гарч ирдэг. Би одоогоор 31 орноор аялал хийсэн байна. Одоо Скандинавын орнуудаар аялах төлөвлөгөөтэй байна.
Санах гэдэг мэдрэмж заримдаа их сайхан байдаг юм. Та ингэхэд гэрээ санадаг уу. Хэрвээ гэрээ, эх орноо санавал хамгийн түрүүнд юу хиймээр санагддаг вэ?
Монголын салхийг их санадаг. Зөөлхөн сэвэлзэх салхины үнэр бас тэр чимээ нь дахин давтагдашгүй. Одоо ч төсөөлөгдөж байна.
Германд суралцахад энэ газар зөвхөн мэргэжил эзэмшихээс гадна тухайн соёлд ихээр суралцаж маш өндөр хариуцлагатай болж төлөвшдөг мэт санагддаг. Герман хүмүүсийн дунд суралцаж, тэдний дунд амьдрахад тэднээс суралцах ёстой гэж боддог хамгийн сайхан чанар юу байдаг вэ?
Герман хүмүүс бол маш өндөр ёс зүйтэй хүмүүс шиг санагддаг. Өөрийн хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ ханддагаас гадна урдах ажлаа маш гүйцэд хийдэг нь үнэхээр суралцах хэрэгтэй, өөртөө үргэлж байлгах ёстой зүйл гэж боддог.
Та өөрийгөө гурван тэмдэг нэрээр тодорхойлбол
Өөртөө үргэлж байлгахыг хүсдэг зан чанар бол хөдөлмөрч, тууштай мөн сэтгэлтэй.
Та бол ХБНГУ-д амжилттай суралцаж буй хөдөлмөрч, бүтээлч залуусын төлөөлөл. Ер нь залуу хүн өөрийгөө хэрхэн амжилттай бүтээх тухай та юу гэж боддог вэ?
Юу хийхийг хүсэж байна, юу хийж чадах вэ гэдгээ олох. Дараа нь тэр зүйлээрээ бусдад хэрхэн нөлөөлж чадах вэ гэдгээ ойлгох нь чухал. Өөрөөр хэлбэл өөрийгөө эхлээд таньж мэдэх хэрэгтэй. Хийж чадаж байгаа зүйл болон хийх дуртай зүйл хоёр тохирч түүндээ өөрийгөө зориулах нь бүтээж буй бүтээлч хүний шинж чанарын илрэл гэж бодож байна. Мөн дуртай зүйлээ хийснээр хүн өөрийгөө хамгийн амжилттай бүтээж чадна.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ийм нэгэн өдөр бас нэгэн өөр бодлыг, өөрийнхөөрөө мэдрэмжийг сонсож тантай ярилцахад сайхан байлаа. Өвлийн улирал, цас тогтсон гудамж тэнд аль хэдийнээ ассан цонхны гэрэл гээд энэ цаг мөчид тантай ярилцаж суухдаа бүх зүйлийг зүгээр л энгийнээр мэдэрч байна. Энэ орон зайд орших таны гэгээн хүсэл мөрөөдөл энэ өвлийн үдшийг илүү дулаахан болгож байна. Таны хүсэл мөрөөдөл цаашдын олон аялалд тань гэгээн, сайхан бүхнийг хүсье.
С.Амаржавхлан
Б.Сувд-Эрдэнэ