Э. Долгион:
"Би Монголдоо Монгол инженерүүдийн баг бүрдүүлээд Европын орны төслүүд дээр хамтарч ажиллах юмсан гэж их боддог. Энэ миний мөрөөдөж явдаг зүйлүүдийн нэг. Мөн эхний алхмаа ч хийгээд эхэлчихсэн. "
Сайн байцгаана уу? Залуус ярилцлагын хойморт МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор МЗХ-ны ХБНГУ дахь салбар зөвлөлөөс анх удаа зохион байгуулсан “Монгол улсын хөгжлийн гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хуралд тэргүүн байр эзэлсэн Э.Долгион оролцож байна. Тэрээр техникийн ухааны доктор, барилгын инженер мэргэжилтэй. Энэ удаагийн дугаараар түүнтэй барилгын салбарын тухай түлхүү ярилцахыг зорилоо, хүлээн авна уу.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч энэ удаагийн дугаарт оролцох болсонд тань баярлалаа. Мөн эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр эзэлсэнд халуун баяр хүргэе. Ингээд уншигчиддаа өөрийнхөө тухай товчхон танилцуулаач?
Сайн байна уу. Баярлалаа. Намайг Эрдэнэбатын Долгион гэдэг. Одоо эхнэр 4 хүүхдийн хамтаар Герман улсын Триэр хотын ойролцоо ажиллаж амьдарч байна. Улаанбаатар хотод 10 жилийн сургуулиа төгсөөд дараа нь ШУТИС-ийн Германы инженерийн бэлтгэл ангид сурч байгаад энд ирсэн. Германд барилгын инженер мэргэжлээр суралцаж бакалавр, магистрийн зэрэг хамгаалсан. Энэ онд Люксембургийн их сургуульд докторын зэргээ амжилттай хамгааллаа.
Та эрдэм шинжилгээний хурлын тухай сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцана уу? Хурлын зохион байгуулалт хэр байсан бэ? Таны бодлоор тус хурлын онцлог юунд байв?
Миний бодлоор эрдэм шинжилгээний хурал маш өндөр зохион байгуулалттай болсон. Би докторын ажлаа хийх хугацаандаа Европын орнуудад эрдэм шинжилгээний хэд хэдэн хуралд оролцож илтгэл тавьж байсан. Харин энэ удаагийн хурал тэднээс дутахааргүй бүр илүү хэмжээнд зохион байгуулагдлаа. Мөн салбар бүрийн мэргэжилтнүүд шүүгчээр ажиллаж, оновчтой, даацтай асуултууд асууж байснаараа маш онцлогтой байлаа.
Та яагаад энэ хуралд оролцохоор болсон бэ? Монголын хөгжлийн гарц, шийдлийг юу гэж харж байна вэ?
Эрдэм шинжилгээний хурлын тухайд би хамгийн анх цагийг нь тулгаж мэдсэн. Монгол хүнийхээ хувьд Монгол улсынхаа ирээдүйн хөгжлийн тухай үргэлж бодож явдаг. Тухайлбал миний хэлэлцүүлсэн сэдэв бол сүүлийн арван жилийн турш бодож явсан сэдэв байгаа юм. Энэ сэдвээр би богино хэмжээний нийтлэл урьд нь бичиж байсан. Тэгээд хурал болох тухай олж мэдээд өөрийнхөө бодож явдаг санаануудаасаа бодитоор хэрэгжүүлж болохуйцыг нь сонгон бэлдэж оролцсон. Монгол улсын хөгжлийн гарцыг би яалт ч үгүй өөрийнхөө хэлэлцүүлсэн сэдэвтэй холбож ойлгодог.
Та ямар сэдвээр оролцсон бэ? Чухам яагаад тухайн сэдвийг сонгох болов оо? Таны энэ төсөл Монгол улсын хөгжилд ямар хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна вэ?
Би барилгын инженер мэргэжилтэй. Тийм болохоор өөрийнхөө мэргэжилтэй ойрхон сэдвийг сонгосон. “Монголын ирээдүй - мал аж ахуй” буюу хонины ноосыг барилгын дулаалга болгон ашиглах тухай сэдвээр илтгэл тавьсан. Энэ сэдэв бол олон мянган жилийн тэртээх Монголын түүхэн уламжлалт соёлтой салшгүй холбоотой л доо. Монгол орон эрс тэс уур амьсгалтай ба маш хүйтэн бүсэд оршдог. Ард түмэн нь нүүдэллэж амьдардаг. Мал аж ахуйн бүтээгдэхүүнээр амьдралаа залгуулдаг бөгөөд амьдрах чадвар сайтай, IQ өндөртэй ард түмэн хэмээн бичсэн байсныг уншиж байсан л даа. Үүн дээр тулгуурлаад бодоход хонины ноос өнөөгийн зах зээлд үнэгүйдэж байгаа ч яалт ч үгүй ирээдүйд үнэ цэнэ нь өсөж монголчуудад эргээд үр өгөөжөө өгөх бүтээгдэхүүн болно гэдэгт би хувьдаа итгэдэг. Хонины ноос бол байгальд ээлтэй, хурдан задарч алга болдог гэдэг үүднээс барилгын материал болгон ашиглах тухай энэхүү сэдвийг сонгосон. Улаанбаатар хот маань маш хүйтэн болохоор агаарын бохирдол ихтэй байдаг. Гол нь барилгын дулаалга сайн бол дулаан алдагдал буурч гал түлэх нь багасан улмаар агаарын бохирдлыг бууруулах давуу талтай.
Монгол улс бол хөдөө аж ахуйн орон. Малын тоо толгой ихтэй, хонин сүрэг гэхэд 30 саяд хүрчээ. Таны судалгаанаас харахад 1 кг ноосны үнэ 2000 төгрөг гэж дурдсан. Чухам үүнийг боловсруулаад дулаалгын материал үйлдвэрлэлээ гэхэд зах зээл дээр хичнээн төгрөгөөр борлуулах боломжтой вэ? Хүмүүсийн худалдан авах чадварыг харгалзан үзээд хямд үнээр худалдаанд гаргах боломжтой юу? Одоо цагт барилгын салбарт хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа барилгын хөөсөнцөр материалтай харьцуулахад ямар ялгаатай вэ?
Барилгын дулаалгын 90 орчим хувийг хөөсөнцөр материалаар хийдэг. Харамсалтай нь хөөсөнцөр материал байгальд хортой хаягдал болон хувирдаг. Хонины ноос техник үзүүлэлтийн хувьд дулаан хадгалах чанараараа хөөсөнцөртэй ойролцоо. Чийг гадагшлуулахдаа маш сайн учраас барилгад хөгц, мөөгөнцөр үүсэхээс сэргийлдэг. Монголд зах зээлийн үнийн хувьд угаасан ноос 2000 төгрөг харин бохир ноос бол бүр үнэ хүрдэггүй. Үйлдвэрлэлд нэвтрүүлж бэлэн бүтээгдэхүүн болгон Монголын зах зээлд борлуулах үнийн тооцоолол надад яг одоогоор алга байна. Швейцар, Австри зэрэг оронд хонины ноос боловсруулж худалдаалдаг жишгийг харвал нэг киллограмм ноосны үнэ 1,60-1,65 евро буюу ойролцоогоор 5300 төгрөг байдаг. Эцсийн бүтээгдэхүүн нэг кг нь ойролцоогоор 5,40 еврогоор буюу 18 мянга орчим төгрөгөөр худалдаалагддаг.
Таны сонгосон сэдвийн хувьд үйлдвэрлэлд хэрхэн нэвтрүүлэх тал дээр ихэд сонирхол татаж байна. Монголын зах зээлд түүхий эд нь бэлэн байна. Тэгвэл ямар техник, технологиор үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа вэ?
Эхний ээлжинд Австри улсад тэргүүлж байгаа, хонины ноосоор барилгын дулаалга хийдэг DAEMWOOL гэж компанитай холбоо тогтоохоор хүсэлт илгээчихээд хариугаа хүлээж байна. Миний хувьд бэлэн байгаа технологийг ашиглаад Монголдоо түүхий эдээ өөрсдөө боловсруулъя гэсэн бодолтой байгаа юм. 1978 онд хамгийн анх Монголд Япон улсын хөрөнгө оруулалттай “Говь” компани байгуулагдаж байсан. Түүнээс хойш бид өөрсдөө ноолуураа боловсруулдаг болсон. Бид ямааны ноолуураар аль хэдийн дэлхийд танигдсан ба дэлхийг ноолууран бүтээгдэхүүнээр хангадаг хоёрдогч том нийлүүлэгч орон болсон тухай уншиж байсан.
Одоо бид харин хонины ноосоо өөрсдөө 100 хувь боловсруулж экологит ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхсэн гэж мөрөөдөж явдаг юм. Монголчууд бид 3000 жилийн тэртээгээс уламжлалт аргаараа эсгий хийж гэрээ дулаалсаар ирсэн. Түүхий эдийн хувьд бол нөөц боломж маш ихтэй. Австри улс 60 мянган хоньтой мөртлөө дотооддоо ноосоо боловсруулж дулаалга хийгээд дэлхийн зах зээлд гаргаж байна. Түүгээр ч зогсохгүй Европт Монгол гэрт зориулсан дулаалга хийж борлуулдаг. Тэр үйлдвэр бүтээгдэхүүнээ хийхдээ Монгол гэрийн дулаалгаас санаа авч хийсэн гэж байсан. Австричууд технологийн түүхэндээ ч Монголоос санаа авсан тухайгаа дурдсан байдаг.
Монголчууд бид гэрийн эсгий хийдэг туршлагатай ард түмэн. Хонины ноосоор барилгын дулаалга хийх, монгол эсгий хийх технологи өөр хоорондоо ямар ялгаатай вэ? Монголчууд бид өөрсдөө гардаж хийх боломжтой юу?
Ер нь ноос боловсруулах арга нь ойролцоо. Эсгий хийхэд цэнгэг, давсгүй усаар ноосыг сайтар угаадаг. Дараа нь гөвж сэгсрээд мориор чирүүлж сайн нягтаршуулдаг. Энд хонины ноосон дулаалга хийж байгаа газрууд мөн адил түүхий эдээ сайн угааж боловсруулдаг. Бас хонины ноосон утас ээрч түүгээрээ олон төрлийн дулаалгын материал хийдэг.
Монголд үүнтэй адил үйлдвэрлэл эрхэлдэг газар байдаг болов уу. Та энэ талаар судалж үзсэн үү?
Эрдэнэт хотод олон төрлийн ноосон эдлэл хийдэг нэг үйлдвэр байдаг. Тэд 10 см хүртэлх зузаантай хонины ноосон дулаалга үйлдвэрлэдэг. Гэхдээ дулаалгын хувьд зузааны хэмжээ их чухал тул Герман стандартын дагуу бол өшөө зузаан байх шаардлагатай байдаг л даа. Барилгын дулаалгын стандартын дагуу үйлдвэрлэхийн тулд үйлдвэрийн хүчин чадал, технологи, маркетинг гэх мэт нарийн зүйл их байдаг.
Германы түүхийг судлаад үзвэл 1960-аад оноос өмнө дулаалгын стандарт байдаггүй байж. Дулаалгын стандарт тогтоосноос хойш хувь хүн, байгууллага байшин барилгаа дулаалах шаардлагатай болсон. Түүний үр дүнд өнөөгийн барилга байшингийн дулаан алдагдлыг тухайн үеийхтэй харьцуулж үзэхэд 80-90 хувиар буурсан байдаг. Үүний адилаар Монголд ч гэсэн байгаль дэлхийд ээлтэй дулаалгын стандарттай болох нь зүйтэй гэж би хувьдаа бодож байна.
"Хонины ноос бол байгальд ээлтэй, хурдан задарч алга болдог. Барилгын дулаалга сайн бол дулаан алдагдал буурч гал түлэх нь багасан улмаар агаарын бохирдлыг бууруулах давуу талтай. "
Докторын зэргээ энэ оны өнгөрөгч 3 дугаар сард амжилттай хамгаалсанд тань баяр хүргэе. Та ямар сэдвээр докторын зэрэг хамгаалсан бэ?
Баярлалаа. Монголд 10 жилээ төгсчихөөд Германд ирээд хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор хүүхэд асрагчаар ажиллаж байсан. Гэсэн ч их сургуульд элсэн суралцахад хэлний бэрхшээлээс болоод маш хэцүү санагддаг байв. Тэгээд их хичээж суралцсан. 2012 онд бакалаврын төгсөлтийн баяр дээр “3 дугаар байрын шилдэг төгсөгч” гээд намайг зарлахад маш их гайхаж бас баярлаж билээ. Түүнээс хойш урам аваад магистртаа суралцаж төгссөн. Дараа нь 3 жил ажиллаж байгаад Люксембургийн их сургуульд элсэн суралцаж докторын зэргээ 2020 оны 3 сарын 27-нд хамгаалсан. Докторын ажлаараа гүүрийн эвдрэлийн зэргийг тогтоодог аргачлалыг боловсронгуй болгож өмнө нь туршиж байсан аргууд дээр үндэслээд DAD буюу Deformation Area Difference гэдэг аргыг боловсрууллаа. Тухайн төсөл маань өмнө нь 8 жилийн туршид судлагдсан томоохон ажил байсан юм.
Таны боловсруулсан DAD (Deformation Area Difference) гээд судалгааны арга чухам гүүрийн эвдрэлийг яаж тооцдог юм бэ? Энэ аргыг ямар төрлийн гүүрэн дээр ашиглаж болох вэ? Дэлгэрэнгүй тайлбарлавал?
DAD технологи гэж эхлээд гүүрэнд ердийн статик ачаалал өгөөд тухайн ачааллаас шалтгаалан үүсэж буй нугаралыг өндөр нарийвчлалтай хэмждэг арга юм. Энэ аргыг ямар ч гүүрэн дээр ашиглах боломжтой. Гэхдээ богино бөгөөд даац сайтай гүүрийн хувьд нугарал өгөх нь бага байдаг. Харин урт гүүр дээр нугарал их гардаг тул энэ аргыг урт гүүрийн эвдрэлийг хэмжихэд ашиглавал илүү тохиромжтой. Орчин үеийн чанар сайтай дрон ашиглахаас авахуулаад л хэмжилтийн багажид маш өндөр шаардлага тавигддаг.
Та бол барилгын инженер мэргэжилтэй хүн. Та мэргэжлийнхээ тухай бидэнд мөн энэ мэргэжлээр сурахаар бэлдэж байгаа залуустаа товчхон мэдээлэл өгнө үү?
Барилгын инженер сургуулиасаа хамаараад нэлээн олон төрөлд хуваагддаг. Миний төгссөн “Hochschule Trier ” сургуульд 4 төрлийн нарийн мэргэжлээр сургадаг.
1. Зам төлөвлөлтийн инженер
2. Талбайн инженер буюу барилга угсралтыг хариуцах мөн санхүүгийн тооцоо гаргах инженер
3. Усан барилгын инженер
4. Барилгын даацын инженер буюу миний сонгосон мэргэжил.
Миний мэргэжил бол нэг талаас бат бэх буюу даац авах чадвартай, нөгөө талаас барилгын материалын болон эдийн засгийн хэмнэлттэй барилга барихад чиглэдэг. Даацын инженерийн ажил тухайн барилгад ямар хадаас, бетон ашиглахаас авахуулаад л тооцож эхэлдэгдээ. Барилгын байршил, ашиглалтын зориулалт, газар хөдлөлтийн аюултай бүсэд оршиж буй эсэх, галд тэсвэртэй байдал гэх мэт бүх зүйлийг харгалзан тооцооллуудыг хийдэг.
Мэргэжлээ сонгох гэж байгаа залуустаа хандаж хэлэхэд энэ мэргэжил нүдэнд харагдаж гарт баригддаг бодитой бүтээн байгуулалт хийдгээрээ надад хамгийн гоё мэргэжил санагддаг. Энэ бол миний мөрөөдлийн мэргэжил байсан.
Та өдөр тутмынхаа ажлыг бидэнд сонирхуулаач? Барилгын тооцоо боддог гэхлээр ихэнхдээ компьютерын ард сууж ажилладаг болов уу гэж төсөөлөгдөж байна.
Миний мэргэжилдээ дуртай байдаг нэг шалтгаан бол байнга компьютер дээр ажилладаггүй явдал юм. Баригдаж буй барилга руу явах, үйлчлүүлэгчидтэй уулзах, архитекторуудтай уулзах, барилгын ажилчдад зөвлөгөө өгөх, мөн төрийн байгууллагуудтай уулзан зөвшөөрөл авах гэх мэт гадуур амжуулах ажлууд их байдаг. Гэхдээ үндсэн ажил маань яалт ч үгүй даацын тооцоолол бодох, түүн дээр тулгуурлаад барилга угсралтын зураг төсөл боловсруулах юм.
Та Герман улсад барилгын инженерийн чиглэлээр ажилласан нэлээд туршлагатай юм байна. Германд барилга барьдаг тогтолцоо нь ямар байдаг вэ?
Германы хуулиар барилгын инженерүүд бие даан, өөрөө бүх хариуцлагаа үүрээд инженерийн тооцооллын зураг төслөө боловсруулах эрхтэй байдаг. Мэдээж тодорхой шаардлагууд тавигддаг. Жишээ нь: мэргэжлийн даатгалтай байх, инженерийн холбоонд бүртгэлтэй байх, ажлын тодорхой хэмжээний туршлагатай байх гэх мэт. Гэхдээ барилгын үүрэг, зориулалтаас хамаараад барилгын лицензтэй хянагч инженер угсралтын явцад байнга хянадаг. Төрөөс бол ямар нэг хяналт гэж байдаггүй, харин хуулийн зохицуулалт нь тодорхой бөгөөд маш энгийн тогтолцоотой.
Монголд барилгын инженер маш эрэлттэй мэргэжлийн нэг. Монгол залуус Герман улсад мэргэжлээрээ магистрт суралцах эсвэл ажиллах гэх мэт боломж хэр байдаг вэ?
Германд ирж суралцахыг хүсэж байгаа бол хэлний мэдлэг маш чухал гэдгийг хэлмээр байна. Харин барилгын инженерээр ажиллах тохиолдолд тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалаад арай ондоо. Би докторын ажлаа хийж байхдаа 5 жилийн хугацаанд хувиараа жижиг төслүүд дээр их ажилладаг байсан. Тухайн үед хаана байгаагаас үл хамаараад ажиллах боломжтой байлаа. Би Монголд амарч байх хугацаандаа Герман дахь төсөл дээрээ ажилладаг байсан гэсэн үг. Надад мэргэжлийн хамтрагч их хэрэг болдог байсан тул Монголд ажилладаг инженерүүдтэй холбогдож хамтарч ажиллаж үзсэн. Энэ жишгээр би Монголдоо Монгол инженерүүдийн баг бүрдүүлээд Европын төслүүд дээр хамтарч ажиллах юмсан гэж их боддог. Энэ миний мөрөөдөж явдаг зүйлүүдийн нэг. Мөн эхний алхмаа ч хийгээд эхэлчихсэн. Манай компанид энэ сарын сүүлээр (2020 оны 8 сард) нэг монгол залуу ажиллаж эхэлж байна. Энэ дашрамд хэлэхэд Монголд барилгын инженер мэргэжлээр төгсөөд ажиллаж байгаа, олон улсын түвшинд ажиллах сонирхолтой залуучууд байвал надтай холбогдохыг хүсэж байна. “Инженерийн хэл бол инженерийн зураг төсөл юм шүү” гэж манай хуучин дарга байнга хэлдэг байсан юм. Тийм болохоор зураг төслийг хаанаас ч хийх боломжтой. Энэ тохиолдолд хэлний өндөр түвшний мэдлэг заавал шаардлагагүй. Би монгол инженерүүдийн боловсруулсан зураг төслийг харж байсан. Онолын болоод тооцооллын хувьд хэнээс ч дутахааргүй сайн санагддаг шүү.
Та өөрийгөө 3 тэмдэг нэрээр тодорхойлно уу?
Хэцүү асуулт байна. /инээв/ хариуцлагатай, нийтэч, шинийг эрэлхийлэгч.
Та бол ХБНГУ-д амжилттай ажиллаж яваа бүтээлч залуусын төлөөлөл. Ер нь залуу хүн өөрийгөө хөгжүүлэх тухайд та өөрийнхөө бодлыг бидэнтэй хуваалцана уу?
Эрүүл биед саруул ухаан оршино гэдэгдээ. Тиймээс эрүүл мэнддээ сайн анхаарч спортоор хичээллэх хэрэгтэй. Мөн өөрийнхөө сонирхлыг тодорхойлж чадвал хүн амжилтад амархан хүрдэг. Бид дуртай зүйлээсээ таашаал авдаг болохоор дуртай зүйлээ олж мэдэх нь хамгийн чухал. Хүн бүхэнд л том, жижиг асуудлууд тулгардаг. Тэр болгонд шантрахгүй байгаарай гэж хэлмээр байна. Надтай холбогдохыг хүсвэл доорх нийгмийн сүлжээний хаягаар холбогдож болно оо.
Бидэнтэй илэн далангүй ярилцсан танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд тань өндрөөс өндөр амжилт хүсье.
Э. Долгионтой холбоо барих хаяг:
https://www.linkedin.com/in/dolgion-erdenebat-9a5880191/
Э. Долгионы докторын ажлын тухай товч мэдээлэл:
https://orbilu.uni.lu/handle/10993/43231
Ярилцлагыг бэлтгэсэн:
Ч. Энхчимэг
А. Мандухай
Б. Эрдэнэбаатар