У. Билгүүн:
Миний мэргэжил хүмүүст инээмсэглэл бэлэглэдэг сайхан мэргэжил
Та ямар хоолонд дуртай вэ?
Яг одоо би ширээнийхээ ард суугаад ярилцлагаа яаж эхлүүлэх талаар бичиж байгаа миний бодол сая дээрх асуултад хариулаад амжсан шүү. Ямар хоол хүнсийг яаж хэрэглэж буйгаар хувь хүний соёл, улс гүрний үндэсний ижилслийг тодорхойлж болдог гэнэ. Өөрөөр хэлбэл хоолны соёл хүн хоорондын харилцааны хамгийн чухал суваг болоод буй.
Хоол бол хайр, ижилсэл, харилцааны урлаг гэе. Та үүнтэй санал нэгдэх үү?
Тэгэлгүй яахав. Амттай хоол хүний сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж бусадтай харилцах харилцаанд хүртэл ач холбогдол өгдөг гэж боддог.
Хоол хийж, түүнийг урлаг мэт бүтээж хүмүүст хүргэх нь таны ажил. Та ингэхэд өөрөө хоол зохиож байна уу? Яг Билгүүн гэдэг хүний бүтээл гэх хоол бий юу?
Өөрөө зохиож хийж байсан хоол олон бий. Гэхдээ миний хийсэн хоолыг өөр оронд туршиж үзэж байхыг үгүйсгэхгүй. Хэрэглэж буй материалууд адил учраас дан ганц Билгүүнээгийн хоол гэхэд хэцүү. Хийсэн хоолоороо олон улсын рестораны тогооч нарын дунд зохиогддог тэмцээнд маш амжилттай оролцож ялагч болж байсан.
Тогооч нар хагас цэрэгжилтийн байдалтай ажилладаг гэж ярьж байсан. Мэргэжлийн гал тогоонд тэр дундаа мэргэжлийн ахлах тогооч таны гал тогоо ямар байх ёстой вэ?
Бүх зүйл гал тогоонд системтэй байх шаардлагатай. Ер нь гал тогоонд сурагчаас эхлээд туслах ахлах болж дэвшдэг. Жишээлбэл манай гал тогоонд нэг ээлжид 20 гаруй тогооч хагас цэрэгжилтийн байдалтай байдаг байлаа. Хэдэн жилийн өмнө бүр хатуу дүрэмтэй, ачаалал өндөр байлаа. Өглөө хүн тус бүртэй очиж мэндлэхээс эхлээд олон дүрэм байсан. Одоо харин бага багаар чөлөөтэй болж эхэлж байна. Учир нь тогооч мэргэжлээр суралцах залуусын тоо буурч байна. Тогооч мэргэжлийг хатуу чанга гэж үзэх хүмүүс ихэссэн.
Хүмүүс хоол хийж эхлэхдээ ихэвчлэн аав ээж, ах эгчийгээ дагаж, тэднээс суралцаж анхны хоолоо хийсэн байдаг. Таны анхны багш хэн байсан бэ?
Анх таван настайдаа гоймонтой шөл хийж байсан гэж манай ээж ярьдаг. Тэгэхээр ээж маань миний анхны багш гэж бодож байна. Ээж аав маань дүү бид хоёрыг бага байхад Герман руу явсан учраас багаасаа хоол хийж эхэлсэн.
Тогооч мэргэжлийг хэзээ эзэмшив. Герман улсад энэ мэргэжлээр суралцаж төгсөөд энэ улсад ажиллахын давуу талууд юу байна вэ?
Би энэ мэргэжлээр 2008 оноос хойш ажиллаж байна. Германд төгссөн тогооч хаана ч очоод ажиллах боломжтой. Мөн Германд хүнсний чиглэлээр сургалтын систем нь маш сайн байдаг. Одоо энэ чиглэлээр суралцахад бүр ч давуу талтай болоод байна. Учир нь энэ чиглэлд хүн хүч дутагдалтай байгаа учир сайн суралцаж төгссөн хүн хурдан дэвшиж ажиллах боломжтой. Тиймээс хүнсний технологи чиглэлээр суралцаарай гэж хэлмээр байна. Сургалтын хугацаа гурван жил үргэлжилнэ.
Хараахан мэргэжлээ сонгоогүй бидний ярилцлагыг уншиж байгаа уншигчдад зориулаад та энэ мэргэжлийн онцлогийн талаар хэлж өгөөч?
Тогооч хүн дан ганц хоол хийгээд зогсох бус хүнсний орц, технологи, хими зэрэг бүхий л төрлүүдийг судалдаг. Мөн цаашид ресторанд ажиллахаас гадна өөр салбарт ч ажиллах бүрэн боломжтой учраас энэ мэргэжлээр залуучуудыг сонгож суралцаарай гэж хэлье.
Тогооч хүний өдөр болгон өөр байдаг. Дандаа дэвшиж суралцаж байдаг учраас маш сонирхолтой мэргэжил. Онолоос гадна өдөр бүр туршиж үзэх судлах гээд маш өөр өөр мэдрэмжүүдийг авч байдаг. Тогооч болох хүсэлтэй залуус надтай холбогдвол, би чиглүүлээд өгч болно.
Тэгэхээр өдөр бүр шинэ санаа эргэлдэж байдаг байх нь ээ?
Тэгэлгүй яахав. Тухайлбал шинэ хүнсний ногоо хараад энэ ногоог юутай холивол зохицох уу? яаж сайхан амт гаргах уу? гэх мэт маш олон санаа толгойд орж ирдэг. Нэг хөгжилтэй ч гэмээр юм уу зүйл хэлэхэд: Манай нэг туслах тогооч намайг "даргаа та 55 л насална" гэнээ. Яагаад гэж би асуулаа. Та маш их юм боддог учраас гэж хэлж байсан. Ачаалал багатай үедээ дандаа шинэ санаа бодоод хайгаад сууж байдаг болохоор тэгж хэлсэн байх. /хэхэ/
Хоол хийх сэтгэл санаатай хүртэл нягт холбоотой байдаг юм шиг. Хэдийгээр энэ таны мэргэжил ч гэлээ сайхан энергитэй, сайхан өдөр хийсэн хоол илүү сайхан амттай болох мэт санагддаг уу?
Тийм шүү. Стресстэй үед хийсэн хоол буцаж ирдэг. Хийж байгаа хоол болгоноо шалгаж гаргадаг.
Ярилцлагын эхэнд дурдсанчлан хоол бол өнөө цагт аль хэдийнээ хувь хүний соёл, үндэстний соёлыг илтгэх гол суваг болжээ. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээр хоол өөрөө урлагийн нэгэн төрөл гэж хүлээн зөвшөөрч байна. Таны урласан хоолыг маш олон хүн амтархан иддэг. Та ингэхэд өөрөө ямар хоолонд дуртай вэ? Хэний хийсэн хоол хамгийн амттай байдаг вэ гэж асуумаар санагдлаа?
Би өөрөө монгол хоолонд дуртай. Ялангуяа ээж, эхнэрийнхээ хийсэн цуйванд маш их дуртай. Манай эхнэр оройны хоолонд цуйван хийсэн гэвэл шууд гэр лүүгээ явна
Та герман улсад өссөн хэдий ч монгол ёс заншил, хэл соёлоо маш сайн эзэмшсэн байна. Онцлоод хэлбэл таны нүүр хуудасны нэр хүртэл Монгол Цус гэж хаягласан байсан. Монгол гэх бахархлын үнэ цэнийг илүү гүн гүнзгий агуулсан мэт. Яагаад Билгүүн гэж нэрлэхгүй Монгол цус гэж нэрлэсэн юм бэ. Гадаад улс оронд ажиллаж амьдардаг монгол залуусын төлөөллийн хувьд монгол бахархлын талаар өөрийн бодлоос хуваалцаач?
Бага байхдаа Германд ирээд гэрээ их санадаг байлаа. Ази хүн гэж гадуурхагдах тохиолдол их гардаг байсан. Тэр ч үүднээс би монгол хүн гэдэг бодол үргэлж хамт явж ирсэн. Тиймээс олон нийтийн сүлжээнд ч мөн энэ бодол минь хамт байдаг. Эх оронч байх гэдэг нь монгол хүн бүрийн үүрэг юм уу даа.
Монгол тогооч бусад орны тогооч нараас ямар ялгарах онцлогтой вэ?
Монгол хүн илүү тэвчээртэй болов уу. Аливаа чадварыг хурдан хугацаанд эзэмшиж, түүнийгээ практиктай хослуулж чаддаг нь ялангуяа тогооч хүний онцлох чанартай нийцэж байгаа юм.
Тогооч мэргэжил өөрөө хүнийг баярлуулж чаддаг мэргэжил гэж та хэлсэн. Тантай ярилцаад тогооч мэргэжлийн талаар олон олон шинэ зүйлийг мэдэж авч байна
Хүмүүсийг хийсэн зүйлээрээ сэтгэл хангалуун байлгана гэдэг хамгийн сайхан санагддаг шүү. Хүмүүст инээмсэглэл бэлэглэдэг сайхан мэргэжил. Тогооч хүн рестораны 80 хувийг хариуцаж явдаг. Гал тогоонд ажилладаг гэхээр хар ажил хийж байна гэх ойлголт үгүй болсон байх.
Хоол бол зөвхөн хоол биш. Энэ бол урлаг. Хүмүүс зарим хүнсний бүтээгдэхүүнийг хэрэггүй зүйл гэж хаядаг. Гэтэл энэ зүйлсээр олон зүйл хийж бүтээж болдог.
Та сая хэллээ. Хүмүүсийн ойлголт өөрчлөгдсөн гэж. Юу хүмүүсийн бодлыг өөрчлөх хүчин нөлөө болсон бэ?
Өмнө нь бол хоолыг идэх л ёстой гэж үздэг байсан бол одоо энэ зүйл урлаг болон хөгжиж энэ салбарт дэвшил маш их гарсан. 2005 оноос залуу үеийн гарч ирж хоолны салбарт дэвшил гарсан гэж үздэг. Хүнсний бүтээгдэхүүний өнгө хүртэл маш өндөр ач холбогдол үзүүлдэг болсон. Хоолны таваг хүртэл өнгө үзэмжийн хувьд чухал ач холбогдолтой болсон.
Ямар тогоочийг хамгийн чадварлаг тогооч гэх вэ?
Байгаа материалаа ашиглаад амттай хоол хийж чаддаг тогоочийг хамгийн чадварлаг тогооч гэх болов уу
Та өөрийгөө 3 тэмдэг нэрээр тодорхойлбол юу гэж тодорхойлох вэ?
Хатуужилтай, Нээлттэй, Тууштай
Та ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Би маш төлөвлөгөөтэй ажилладаг. Нэг өдөрт хийх ажлаа цагийн хуваарийн дагуу бичиж түүнийгээ биелүүлэх шаардлагыг өөртөө тавьдаг.
Бидний урилгыг хүлээн авч Залуус ярилцлагын хойморт зочилсон танд маш их баярлалаа. Цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье!
С.Амаржавхлан
Б.Сувд-Эрдэнэ