Search this site
Embedded Files
Khayur.com
  • Home
  • News
    • Аавын нэрэмжит шатрын танхим
    • Сонин хачин
  • Memories
  • Photo album
  • Blog history and diplomacy
    • History
    • Diplomacy
    • Илтгэл, өгүүлэл, баримт бичиг
    • Articles in a foreign language
  • Дууны цоморлог
  • Эрүүл амьдръя
  • Орон орны зоог
  • Рекламны орон зай
Khayur.com
  • Home
  • News
    • Аавын нэрэмжит шатрын танхим
    • Сонин хачин
  • Memories
  • Photo album
  • Blog history and diplomacy
    • History
    • Diplomacy
    • Илтгэл, өгүүлэл, баримт бичиг
    • Articles in a foreign language
  • Дууны цоморлог
  • Эрүүл амьдръя
  • Орон орны зоог
  • Рекламны орон зай
  • More
    • Home
    • News
      • Аавын нэрэмжит шатрын танхим
      • Сонин хачин
    • Memories
    • Photo album
    • Blog history and diplomacy
      • History
      • Diplomacy
      • Илтгэл, өгүүлэл, баримт бичиг
      • Articles in a foreign language
    • Дууны цоморлог
    • Эрүүл амьдръя
    • Орон орны зоог
    • Рекламны орон зай

Монгол Улсын дипломат албанд зүтгэсэн он жилүүд №7

Алматы хотод ажиллаж амьдарсан  цаг үе

 

Би 2009 оны 9 дүгээр сарын сүүлээр гэр бүлийн хамт Алматы хотод хүрэлцэн очиход манай Элчин сайдын яамны хамт олон, Казахстаны ГХЯ-ны Алматы хотын Төлөөлөгчийн газрын ёслолын ажилтнууд угтан авсан юм. Тэр үед манай Элчин сайдын яам Алматы хотод байрлаж байлаа. ЭСЯ-нд зөвлөх Ц.Дашзэвэг, консулын асуудалд эрхэлсэн нэгдүгээр нарийн бичгийн дарга Т.Самбасанчир, гуравдугаар нарийн бичгийн дарга Ц.Ганболд, жолооч-Аж ахуйн эрхлэгч Г.Гончигсүрэн гэсэн 4 хүн гэр бүлийн хамт ажиллаж байлаа.


ЭСЯ маань хэдийгээр Алматы хотын элитийн хороололд байрладаг ч үндсэндээ 3 давхар ганц байшин байсан. Түүнийг манай улсаас Казахстанд сууж байсан анхны элчин сайд Э.Бямбажав гуай 1995 онд бариулсан юм билээ. Дараа дараагийн элчин сайд нар бололцооныхоо хирээр тохижуулж ирсэн боловч барилга их хуучирсан, төвлөрсөн халаалт байхгүй гэх мэт олон асуудал байсан. Харин Казахстаны сансрын анхны нисэгчийн хувийн байшин, Чехийн Ерөнхий Консулын газартай хөрш, хашаандаа жимсны мод тариалсан, бас ч сайхан тохижуулсан газар байлаа.

 

Манай ЭСЯ Алматы хотод байрлаж байсан нь Казахстаны төр, засгийн байгууллагууд, дипломат корпустай ажиллах боломжийг хязгаарлаж байсан юм. Тэр үед Алматы хотод манайхаас гадна Канад, Бельги, Узбекстаны Элчин сайдын яам, Орос, Хятад, Турк, Унгар зэрэг орнуудын Ерөнхий консулын газар, Олон улсын зарим байгууллагын төлөөлөгчийн газар гэсэн 20 гаруй дипломат статустай байгууллагууд байсан. Бусад Дипломат төлөөлөгчийн газрууд бүгд нийслэл Астана хотод нүүгээд очсон байлаа. Харин 2010 онд Канад, Бельги, Узбекстаны Элчин сайдын яамд бидэнтэй бараг нэгэн зэрэг Астана хотноо нүүж очсон билээ.

 

Алматы хотноо байрлаж байгаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудтай харилцаж байхын тулд Казахстаны ГХЯ өөрийн төлөөлөгчийн газрыг Алматыд ажиллуулдаг байсан юм. Бид үндсэндээ тэрхүү төлөөлөгчийн газраар дамжуулан Казахстаны төр, засгийн байгууллагатай харилцаж байсан. Иймээс ЭСЯ-ыг аль болох эртхэн нийслэл Астана хотод шилжүүлэх хэрэгтэй гэж би элчин сайдын хувьд үзэж байлаа.

 

Миний өмнөх элчин сайд Р.Хатанбаатар Астана хотноо газар авч, барилга барих компанитай гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлсэн байсан. Гэвч газрын маргаан, санхүүгийн асуудал зэрэг олон бэрхшээл байсан. Гол нь хоёр тал Элчин сайдын яамддаа харилцан үнэ төлбөргүй газар олгохоор тохирсон боловч манай тал Казахстаны ЭСЯ-нд өгсөн газрыг хотын захиргаа буцааж авснаас болж, бидэнд газрын зөвшөөрөл олгохгүй байсан билээ. Миний бие энэ асуудлаар ГХЯ, Парламентын холбогдох хороо, Астана хотын зарим удирдлагатай удаа дараа уулзаж байсан боловч танайх манай ЭСЯ-нд газар олгоогүй байгаа гэсэн нэгэн хариулттай буцдаг байлаа. Харин Астана хотын дарга Тасмагамбетов Имагали Нургалиевичтай биечлэн уулзсаны үр дүнд манайх Казахстаны ЭСЯ-нд газар олгох хүртэл хугацаанд манай ЭСЯ одоо эзэмшиж байгаа газраа түр хугацаагаар түрээсээр эзэмших зөвшөөрөл олгосон юм. Ийнхүү олон бэхршээлийг даван туулж, 2010 оны сүүлчээр ЭСЯ-ны барилгуудыг үндсэнд нь дуусгаж Астана хотод нүүж очсон билээ.

 

Алматы хот бол нэг сая гаруй хүн амтай, байгаль цаг уурын хувьд маш сайхан, амьдрахад нэн таатай хот. Алматы хотын өмнө талд сүрлэг сайхан Алатау уул байдаг бөгөөд мөнх цастай оргилтой, уулын түргэн урсгалт голтой, намартаа зэрлэг алим маш их ургадаг, дэлхийд алдартай Медеу мөсөн гулгуурын стадионтой, ер нь л жилийн аль ч улиралд сайхан амьдрах боломжтой газар билээ.

Би гэр бүлийн хамт Алматы хотод нэг жил амьдарсан. Тэнд намайг ажиллаж байхад Монголын асуудлыг олон жил хариуцсан, манайд суугаа ОХУ-ын ЭСЯ-нд элчин зөвлөхөөр ажиллаж байсан Мещанинов Борислав Борисович гуай ОХУ-ын Ерөнхий консулаар ажиллаж байсан нь бас сайхан тохиолдол байлаа. Мөн тус ЕКГ-т манайд ажиллаж байсан Елена Владимировна Кара-сал зөвлөхөөр, Оганов Артём Валерьевич консулаар   ажиллаж байсан юм. Үнэн хэрэгтээ Монголд ажиллаж байсан бүхэл бүтэн баг тэнд байсан гэсэн үг. Бид үе үе уулзаж ажил төрлөө ярихын зэрэгцээ тэд манай ЭСЯ-наас зохион байгуулсан цагаан сарын арга хэмжээ, хүлээн авалтад байнга оролцож байсан, нэгэн удаа би тэднийг урьж, Алатау ууланд монгол заншлаараа хорхогоор дайлж, Монголд байсан цаг үеэ дурсаж сайхан өнгөрүүлсөн билээ.

       Алматы хот нь Хятад, Казахстаны хилээс их ойрхон, засмал замаар холбогдсон учраас энэ боломжийг ашиглан миний бие Хятад, Казахстаны хилийн бүсэд шинээр байгуулагдаж байсан Хил орчмын хамтын ажиллагааны олон улсын төв “Хоргос” /ХОХАОТ/-ын үйл ажиллагаа, төслийн хэрэгжилтийн явц, хэрэгжүүлж буй ажилтай танилцахын зэрэгцээ Казахстан, Хятадын талын тус төвийн удирдлагуудтай танилцах уулзалтыг 2010 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд хийсэн юм. Гол нь манай улсад олон жил яригдаж байгаа Алтанбулгийн чөлөөт бүс, Замын –Үүдийн чөлөөт бүсийг байгуулахад санаа авах, туршлага болох зүйлүүдийг судлах зогрилготой байлаа.

Хятад, Казахстаны хилийн “Хоргос” боомт дээр баригдсан уг төсөл нь овор хэмжээ, ач холбогдлын хувьд асар том төсөл бөгөөд Хятадын хувьд Баруун Европ - Баруун Хятад хэмээх үндэстэн дамнасан худалдаа-үйлчилгээний шинэ орон зай бий болгох зорилготой хэрэгжүүлсэн цоо шинэ төсөл байсан. Тус төвийг 2012 онд албан ёсоор нээсэн бөгөөд үйл ажиллагаа нь жигдэрсэнээр хоёр орны экспортын чиглэлийн үйлдвэрүүд хөгжиж, уг төвд байрлалтай шинэ үйлдвэр, аж ахуйн нэгжүүд нь 2-5 жилийн дотор гаалийн татвар, нэмүү өртөгийн албан татвар, орлогын татвар гэх мэт төрөл бүрийн татвараас бүрэн чөлөөлөгдөж, тус төвд олсон орлогоо өөрийн улсын бусад нутаг дэвсгэр болон гадаад руу шууд шилжүүлэх боломжтой болсон юм.

 

“Хоргос” чөлөөт бүс нь худалдаа, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал - үйлчилгээ, санхүү эдийн засгийн гэсэн бүх хэлбэрийг бүрэн агуулсан төв болсон бөгөөд Казахстаны Алматы мужийн Панфилов дүүрэг, Алматы хотоос 375 км, Хятадын ШУӨЗО-ны Илийн казах үндэстний өөртөө засах мужийн Кулжа хотоос 90 км, ШУӨЗО-ны нийслэл Үрэмч хотоос 670 км-т оршдог.

 

”Хоргос” төвийн нэг чухал онцлог бол талууд хоёр талаасаа өөр өөрсдөд тохирох нутаг дэвсгэр таслан гаргаж нэгдсэн чөлөөт бүс байгуулсан явдал юм. Ийм онцгой шинэ бүсийг Хятадын хувьд ч, Казахстаны хувьд ч анх удаа байгуулсан байна. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 5,28 кв. км. Одоогоор Казахстаны тал 185 га, Хятадын тал 343 га газрыг уг төвийг барьж байгуулахад зориулжээ. Талууд чөлөөт бүсийн дотор тээвэр, явган хүн зорчих тусгай коридор бий болгожээ. Энэ шинэ төвийн бас нэг онцлог нь хоёр талаас тус төв рүү орох гадаадын болон хоёр талын иргэд нь виз авахгүй, зөвхөн хүчин төгөлдөр иргэний үнэмлэхээр зорчиж болох бөгөөд харин гарахдаа аль улсаас орсон тэр улс руугаа буцаж гарах ёстой ажээ. Хэрэв нөгөө улс руугаа явах бол зохих журмын дагуу виз авах юм.

 

Үйлдвэр байгуулахдаа талууд усны хэрэглээ багатай, байгаль орчинд ээлтэй, ялангуяа хөрсний эвдрэлд нөлөөлөхгүй үйлдвэрлэлийг байгуулж хөгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгажээ. Тухайлбал, гадаадын пүүс, компанийн захиалгаар аудио, видео тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цахим төхөөрөмж угсрах үйлдвэрүүд, экспортын чиг баримжаатай оёмол, сүлжмэл эдлэл, модон эдлэл, бэлэг дурсгалын зүйлийн үйлдвэрлэл гэх мэт. Худалдааны хэсэгт Биржийн арилжаа, үзэсгэлэн худалдаа зонхилон эрхлэх худалдааны цогцолбор байгуулах бөгөөд барааг ангилж савлах, сав баглаа боодлыг сайжруулах нэмэгдэл үйлчилгээ үзүүлнэ. Худалдааны хэсэгт банк, санхүүгийн байгууллага, холбоо, мэдээллийн төвийг байгуулна. Аялал жуулчлал-үйлчилгээний хэсэгт Аялал жуулчлалын бааз, зочид буудал, ресторан, кафе, түргэн хоолны газар, гольфийн талбай, морин уралдааны талбай, шоу бизнесийг хөгжүүлэх зэрэг төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байсан.

 

       Хил орчмын хамтын ажиллагааны олон улсын төв “Хоргос” /ХОХАОТ/ нь Хятадад урьд өмнө байгуулж байсан чөлөөт бүсүүдээс зарчмын ялгаатай, шинэ зүйл болсон юм. Манай улсын хувьд Орос, Хятадын  хил дээр чөлөөт бүс байгуулахаар олон жил ярьж байгаа бөгөөд эндээс санаа авах зүйл их байсан. Иймээс чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа манай албаны хүмүүс тэнд очиж үзэж танилцах нь зүйтэй гэсэн санал төвд тавьсан боловч ямар ч хариу өгөөгүй юм.

 

Мөн тэр үеэр Алматыд суугаа Хятадын Ерөнхий консул Сунь Инзянь урьдчилан зохион байгуулж өгсөн учраас ШУӨЗО-ны Илигийн казах үндэстний өөртөө засах тойрогт зочилж, нутгийн удирдлагуудтай уулзаж, орон нутгийн байдалтай танилцах боломж олдсон юм. Или хот нь эртний түүх дурсгалын газар ихтэй, газар тариалан, түүний дотор хүлэмжийн аж ахуй их эрхэлдэг газар байсан. Тус тойрогт мөн монгол үндэстнүүд оршин суудаг юм билээ.

Алматы хотод ОХУ, Казахстан зэрэг орнуудын хамтран байгуулсан “Евроазийский Банк Развития” байрладаг бөгөөд тус банкны Гадаад харилцааны хэлтсийн дарга Панченко Михаил Валентинович, орлогч дарга Попов Владимир Васильевич нар нь надтай Москвагийн ОУХДС-д хамт суралцаж байсан юм. Иймээс тэд намайг элчин сайдаар томилогдон очсонд баяртай байсан бөгөөд үе үе уулзаж, ажил төрлийн нягт холбоотой ажиллаж байлаа. Тус банкнаас манай улсад хөрөнгө оруулах асуудлыг сонирхож байсан учраас би тус банкны төлөөлөгчдийг манай улсад айлчлуулж, төр засгийн холбогдох байгууллагуудтай яриа хэлэлцээ хийж, зарим асуудлаар тохиролцоод байсан юм.  Харамсалтай нь манайд засгийн газар солигдож, урьд ярьж тохирсон зүйл хэрэгжээгүй юм.

2010 онд манай улсад зудын гамшиг нүүрлэж гадаад орнуудаас тусламж дэмжлэг авч байлаа. Манай Элчин сайдын яамнаас Казахстаны төр засгийн байгууллага болон иргэдэд бодит байдлыг сурталчлан танилцуулж байсан бөгөөд Казахстаны засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламж болгон 1,5 мянган тонн цагаан будаа олгосон билээ. Мөн үүний зэрэгцээ Казахстаны иргэд, аж ахуйн байгууллагуудаас ч тусламж үзүүлэх санаачилга гаргаж байсан юм. БН Казахстан Улсын Шымкент мужийн “ЗАРИНА” тариалангийн аж ахуйн тэргүүн Мирзахметов М.М Монгол улсад болж байгаа зудын гамшигийг давахад малчдад туслах тухайгаа албан ёсоор мэдэгдэж 16000 /Арван зургаан мянган / ширхэг боодол өвс бэлэглэх тухай санал манай ЭСЯ-нд тавьсан юм. Харин тус аж ахуй тээврийн зардлыг хариуцах боломжгүй гэдгээ мэдэгдэж, тээврийн зардлыг манай талаас хариуцах хүсэлт тавьсан билээ. Харамсалтай нь манай тал тээврийн зардал хариуцаж чадахгүй гэсэн учраас уг тусламжийг авч чадаагүй юм.

Манай Элчин сайдын яам Дэлхийн казахуудын холбоотой хамтран Монголоос ирсэн казахуудын дунд “Төрсөн нутгийн шороо алт” гэсэн урлагийн тоглолтыг  2010 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Алматы хотын  КАЗАХКОНЦЕРТ театрийн их танхимд зохион байгуулсан нь тэнд ажиллаж амьдарч байгаа Монголоос очсон казахуудын халуун талархлыг хүлээсэн юм. 1000 гаруй хүний суудалтай концертын танхим гишгих газаргүй дүүрч, монгол дуу хөгжмийг даган дуулж, босч алга ташиж байсан зэргээс харахад аргагүй л эх нутгаа санагалздаг юм байнадаа гэж сэтгэл огшиж байсан билээ.

Энэхүү арга хэмжээнд оролцсон  нутаг нэгт ахан дүүс, казахын ард түмэнд хандан миний бие болон “Дэлхийн Казахуудын холбоо”-ны дэд тэргүүн Талгат Мамашев, доктор К.Зардыхан нар мэндчилгээ дэвшүүлж, Монголын урлаг, соёлын одууд МУАЖ Э.Хавлаш, ард түмний гавьяат жүжигчин Д.Түвшинбаяр, МУСТА Баделхан, Гүлжамила, дуу бүжгийн ОРД  хамтлаг, Хасан Галиевийн нэрэмжит уралдааны тэргүүн байрын шагналт, тэргүүний уран сайханч дуучин Д.Алтангүль нар уран бүтээлээ хүргэсэн нь үзэгчдийн талархал хүлээсэн юм.

Алматы хотод ажиллаж байхад бас нэг сонин тохиолдол болсон юм. Алматы хотноо Зүч хааны 28 дахь удамын Алтынбеков Крым гэдэг хүн ажиллаж амьдардаг юм байна. Тэрээр археологийн олдворыг сэргээн засварладаг “ Остров Крым” гэдэг хувийн лабораторитой бөгөөд биднийг тус лаборторынхоо үйл ажиллагаа, хийж бүтээсэн ажилтайгаа танилцуулсан юм. Казакууд удам судраа маш сайн мэддэг нь харагдаж байсан. Анх казахийн эрдэмтэд түүнийг Зүч хааны удам гэхэд нь итгээгүй, харин Монголд хэвлэгдсэн Чингис хааны удмын тухай номонд өөрийнх нь нэр байгааг хараад итгэсэн гэж тэрээр ярьж байсан. Тэрээр Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойн арга хэмжээнд уригдан оролцсон юм билээ. Түүний лабортори Казахстанд олдсон олон чухал түүхэн олдворыг сэргээн засварласны дотор Казахстаны билэг тэмдэг болсон “Алтан хүн” олдворыг сэргээн засварласан юм билээ. 

Казахууд удам судраа сайн мэдэж байгаагийн бас нэг жишээ нь Казахстаны судлаач Г.Ж.Табулдины зохиосон “Чингизиды” ном юм. Тэрээр өөрийн номондоо Чингисын удмын хаадын үе удмыг нэг бүрчлэн оруулсан байсан. Г.Ж.Табулдин 2011 онд Улаанбаатар хотноо болсон дэлхийн Монгол судлаачдын олон улсын их хуралд оролцож уг номоо танилцуулсан юм. Манай эрдэмтэд уг бүтээлийг хэрхэн үзэж байгаа талаараа үнэлэлт дүгнэлт өгвөл зүгээр гэж боддог юм.

Манай Элчин сайдын яам Астана хотруу шилжин байрлахаар Алматы хотод байгаа байрыг хэрхэн ашиглах вэ гэсэн асуудал гарч ирсэн. БНКазУ-д суугаа гадаадын ДТГ-уудын байдлыг харахад хэдийгээр ЭСЯ-д нь Астана  хотод шилжсэн ч гэсэн Алматы хотод ямар нэг төлөөлөл үлдээсэн байсан.  Алматы хотод 20 гаруй орны ЕКГ, КГ, Худалдааны төлөөлөгчдийн газар, ЭСЯ-ны төлөөлөгч гэсэн дипломат статустай нэгжүүд байлаа. Энэ нь Казахстан Улс Алматы хотыг Төв Азийн санхүү, эдийн засгийн төв болгохоо зарлаж, энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа, СВМДА-ийн НБДГ, “Евроазийн банк”, НҮБ-ын зарим төлөөлөгчийн газрууд зэрэг бүс нутгийн олон байгууллагууд энд байрлаж байгаатай холбоотой байсан юм.

Иймээс Алматы хотод манай улсын төлөөлөл ч байх шаардлагатай гэж элчин сайдын хувьд үзэж байсан бөгөөд энэ саналаа ч төвд удаа дараа тавьж зөвшөөрүүлсэн юм. Гол үндэслэл маань 1-д, Алматы болон түүний эргэн тойронд манай улсаас шилжин суурьшсан иргэд олон байдаг бөгөөд иргэдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой асуудал их гардаг, тэр болгоныг Астана хотоос зохицуулах боломж муутай, 2-т, Алматы болон түүний эргэн тойрны хот, мужууд нь манай улстай уламжлалт өргөн харилцаатай, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой, 3-т, Алматы хот Төв Азийн санхүү, эдийн засгийн төв болбол хамтын ажиллагаа хөгжүүлэх илүү боломж гарна, 4-т, тус ЭСЯ-ны хавсран суугаа Киргизийн БНУ-тай харилцахад илүү тохиромжтой байсан явдал юм.

Нөгөө талаар Алматы хотод байгаа манай ЭСЯ-ны байр нь манай улсын өмч бөгөөд энэхүү байр нь Алматы хотын элит хороололд байрладаг, цаашид ч худалдаа, эдийн засгийн болон консулын төлөөллийг ажиллуулах бүрэн боломжтой газар юм.

       Алматы хотод ЭСЯ байрлаж байхад Киргизтэй харилцахад хялбар байсан. ЭСЯ-ныхаа машинаар 2-3 цагийн хугацаанд л Киргизийн нийслэл Бишкек хотод очдог байлаа. Киргиз явах замдаа нэг сайхан уулын орой дээр бид зориуд овоо босгосон юм. Тэгээд ирж очих болгондоо уг овооны дэргэд зогсож, идээ цайныхаа дээжийг өргөдөг байлаа. Дараа дараагийн нөхөд маань тус овоонд хүндэтгэл үзүүлж, чулуу нэмэрлэж байсан бол одоо гайгүй том овоо болсон байхаа.

Алматыд ЭСЯ үйл ажиллагаагаа явуулж байхад бодит бэрхшээл байсан ч гэсэн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж тодорхой үр дүнд хүрсэнг тэмдэглэх хэрэгтэй.

Монгол Улсын дипломат албанд зүтгэсэн он жилүүд №6

Элчин сайдын өндөр албанд тохоон томилогдов

      Намайг элчин сайдаар томилох санал 2000 оны үеэс үе үе яригддаг байлаа. Олонхи нь намайг Хятадад элчин сайд болох хүн гэж ярьдаг байсан. Монгол, Хятадын харилцааны асуудлыг олон жил хариуцан ажилласан, хятадын асуудлыг сайн мэдэх, мөн хятад хэлтэй хүний нэг нь би байсан болохоор тэр биз. 

         Гэвч улс төрийн нөхцөл байдал асуудлыг өөрөөр шийдсэн юм. Орос, Хятад зэрэг том орнуудад улс төрийн намууд мэргэжлийн гэхээсээ илүү өөрсдийн хүнийг тавихыг чухалчилдаг байлаа. Би аль ч намын гишүүн биш, тангараг өргөсөн төрийн албан хаагч байсан юм. Иймээс Хятадад элчин сайдаар томилогдох асуудал үндсэндээ хаалттай байлаа. Харин 2009 онд Монгол Улсаас БНКазахстан Улсад суух элчин сайдаар томилох асуудал УИХ-аар дэмжигдэж, Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон юм.     


         Миний бие 2009 оны 9 дүгээр сараас 2012 оны 10 дугаар сарын хооронд Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар ажилласан нь миний амьдралын бас нэг түүхэн дурсгалт он жилүүд байлаа. Олон жил Азийн чиглэлээр, түүний дотор Хятадад ажилласан надад Казахстан улсад ажиллах нь шинэ орчин, шинэ нөхцөл байдлыг бий болгосон.

 

        Миний хувьд Казахстан Улс цоо шинэ, үл таних орон биш байсан билээ. ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байхдаа албан томилолтоор удаа дараа очиж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал, БНКазахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалыг зохион байгуулж, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан, Гадаад хэргийн сайдын айлчлал зэрэг бүхий л үйл ажиллагаанд нь оролцож байсны хувьд хоёр орны харилцааны асуудлыг сайн мэдэж байсан нь тус улсад элчин сайдаар ажиллахад нэн таатай боломжийг олгосон юм.

 

Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож, манай Элчин сайдын яам Казахстан улсын нийслэл Астана хотноо шинэ байр бариулж нүүж төвхинөсөн, Казахстан улс ЕАБХАБ (Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага), Исламын бага хурал, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг даргалсан, Астана хот байгуулагдсаны 10 жилийн ой тохиосон зэрэг түүхэн үйл явдлууд болсон нь миний амьдралд мартагдашгүй дурсгалыг үлдээсэн юм.

 

          Намайг Казахстан Улсад ажиллахаар очиход манай ЭСЯ Алматы хотод байлаа. Иймээс нэн чухал асуудал бол нийслэл Астана хотод байгаа төр, засгийн байгууллагуудтай амьд харилцаа холбоо тогтоох явдал байлаа. Зөвхөн утсаар яриад, бичиг цаас илгээгээд ажил бүтээх тийм ч амар биш байсан. Иймээс Астана хотод зохиогдох арга хэмжээнд оролцохын тулд томилолтоор байнга явдаг байсан. Астана, Алматы хоёр хотын хооронд 1200 гаруй км учраас онгоцоор явахаас өөр арга байгаагүй. Иймээс нэг удаагийн явалтаар олон ажил амжуулах гэж уулзах албаны хүмүүстэй урьдчилан тохиролцож, холбогдох бэлтгэл хийдэг байлаа.

      Миний бие 2009 оны 10 дугаар сарын сүүлчээр Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо анх удаа томилолтоор ажилласан. Тэнд байх хугацаандаа Ерөнхийлөгч Н.А.Назарбаевт итгэмжлэх жуух бичиг барихтайгаа холбогдуулан ГХЯ-ны Дэд сайд Нурлан Ермекбаев, Төрийн Ёслолын дэд дарга Мади Атамкилов нартай уулзаж, дэд сайд Нурлан Ермекбаевт итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулж, хоёр орны харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон билээ.

           Дэд сайд Нурлан Ермекбаев бид хоёр Бээжинд хамт ажиллаж байсан сайн танилууд байлаа. Би Бээжинд суугаа ЭСЯ-ндаа зөвлөхөөр, элчин зөвлөхөөр хоёр удаа ажиллах үед Нурлан Ермекбаев Казахстаны ЭСЯ-нд Ш нарийн бичгийн даргаар, дараа нь зөвлөхөөр бас ажиллаж байсан юм. Бид зөвлөхүүдийн клубын үйл ажиллагаанд хамт оролцож, чөлөөт цагаараа гар бөмбөг тоглодог байсан. Намайг Казахстанд ажиллах хугацаанд Дэд сайд Нурлан Ермекбаев миний дипломат ажилд их тус болж байсан билээ. Дараа нь тэрээр Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх болсон ч гэсэн бид ойр дотно харилцаатай байсан юм.

          Миний бие БНКазакстан Улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевт 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Астана хотноо Итгэмжлэх жуух бичгээ барьснаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүрэгт ажилдаа орсон билээ. Итгэмжлэх жуух бичиг барих үеэр Ерөнхийлөгч Н.А.Назарбаев хоёр орны ард түмний хооронд түүхэн хугацаанд тогтсон найрамдал, хамтын ажиллагааны уламжлалыг өндрөөр үнэлж байдгийг дурдаад Монгол Улстай нөхөрсөг сайн харилцаагаа бэхжүүлэхийн төлөө байгаагаа  илэрхийлсэн.

       Казахстан Улсын Итгэмжлэх жуух бичиг барих ёслол энгийн боловч бас ёслол төгөлдөр болдог. Бид 12 орны элчин сайд нар нэг өдөр Итгэмжлэх жуух бичиг барьсан бөгөөд гэргий, нэг ахлах дипломат ёслолд оролцохыг зөвшөөрдөг. Гэргий Д.Буудай, зөвлөх Ц.Дашзэвэг нар Итгэмжлэх жуух бичиг барихад хамт оролцсон юм. Ерөнхийлөгч Н.Назарбаев элчин сайд бүрийн ИЖБ-г хүлээж аваад дараа нь хамт зургаа авахуулдаг, төгсгөлд нь нийтэд хандсан үг хэлдэг, түүндээ орон болгоны харилцааны онцлогийг дурдаж, хундага өргөж, элчин сайд нартай чөлөөт байдлаар цөөхөн минут ярилцдаг. Дараа нь телевизийн сурвалжлагч нар элчин сайд болгоноос тус тусад нь ярилцлага авдаг. Иймээс нэг өдөр ИЖБ барьсан гадаад орны элчин сайд нар нэг ангийнхан гээд илүү дотно байдаг байлаа.

 

     Астана хотод хоёрдахь удаагаа томилолтоор очихдоо Казахстаны Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьж албан үүргээ хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Казахстаны Парламентын доод танхим-мажилисын дарга У.Б.Мухамеджанов, Соёл, мэдээллийн яамны соёлын асуудал эрхэлсэн орлогч сайд А.И.Бурибаев, Хөдөө аж ахуйн дэд сайд Марат Оразаев, ГХЯ-ны Ази, Африкийн газрын хэлтсийн дарга Р.С.Курмангужин, Консулын газрын дэд захирал К.К.Кожамбергиев нартай уулзаж, Монгол-Казахстаны харилцааны зарим тулгамдсан асуудал, харилцааны хүрээнд 2010 онд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар харилцан санал солилцсон билээ.


       Казахстаны Парламентын дээд танхим-Сенатын дарга Касым-Жокарт Токаев ОХУ, Франц, Финлянд, Чех, Азарбайжан зэрэг гадаадын 11 орны Элчин сайд нарыг Астана хотод 2010 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн арга хэмжээнд би уригдан оролцсон юм. К.Токаевын хувьд Москвагийн ОУХДС-д надтай нэгэн үед оюутан байсан, ОХУ-ын Дипломатын академид нэг ангид суралцаж байсан, мөн Бээжинд нэгэн үед өөрсдийн ЭСЯ-дад (К.Токаев ЗХУ-аас Хятадад суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байсан) ажиллаж байсан, бие биенээ сайн мэддэг хүмүүс учраас намайг урьсан юм. Казахстанд ажиллах хугацаанд бас л ойр дотно харилцаж, миний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж байсан билээ.

       Тэр удаа Астана хотод очсон боломжийг ашиглан Казахстаны Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч К.Жанбурчинтой уулзаж, хоёр улсын аюулгүй байдлын зөвлөлийн хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцож, Астана хотод баригдаж байгаа өөрийн ЭСЯ-ны барилга байгууламжийн барилга угсралтын ажлын явц байдалтай танилцаж, барилгын ерөнхий гүйцэтгэгчид зарим санал хийгээд шаардлага тавиад ирсэн билээ.

       Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Астана хотноо хэд хэдэн орны элчин сайд нарыг хүлээн авч уулзах болсон тул бас л томилолтоор Астана хотноо очиж түүнтэй уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн талаар ярилцсан юм.

       Алматы- Астанагийн хооронд онгоц 1.40 цаг нисдэг боловч манай ЭСЯ-наас Алматыгийн нисэх онгоцны буудал явахад 32 км. учраас бараг 1 цаг явна. Харин Астанагийн нисэх буудал ойрхон учраас 20 минут явдаг.  Би Астанад анх томилолтоор очихдоо Хятадын хөрөнгө оруулалттай “Soluxe Beijing Astana” зочид буудалд буусан бөгөөд хятад хэлээр ярьдаг хүний хувьд түүний хятад ерөнхий захиралтай нь гайгүй танилцсан учраас надад тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг байлаа.

         Нисэх онгоцны буудалд манай ЭСЯ-ны гэрээт ажилтан К.Мейрам угтаж авдаг байв. К.Мейрам нь манай улсын иргэн, Баян-Өлгий аймгийн засаг даргаар ажиллаж байсан, төр захиргааны ажлын туршлагатай нэгэн бөгөөд миний найз К.Сайраны дүү юм. ЭСЯ-наас тэр болгон Астана яваад байх боломж муу болохоор түүнийг манай ЭСЯ-нд гэрээгээр авч ажиллуулж байсан юм. Хүүхдүүд нь Казахстан Улсын иргэн болж Астана хотоос 10 км газарт хувийн орон сууцанд амьдарч байсан учраас К.Мейрам тэндээ амьдардаг байсан. Гол нь манай ЭСЯ-ны шинээр баригдаж байгаа ЭСЯ-ны барилгын ажлын явцад өдөр тутам хяналт тавьж, бас Астана хотод бусад байгуулагатай холбоо барихад бидэнд тусалдаг байлаа.

        Ер нь Алматыд ЭСЯ байрлаж байхад Астанад очиж ажиллах нь зохих хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан бэрхшээлтэй асуудал байлаа. Иймээс Астана хотноо Элчин сайдын яамны барилга байгууламжийг шинээр бариулж, Элчин сайдын яамыг Астанаа хотноо нүүлгэн шилжүүлэх ажлыг цаг алдалгүй шийдэж чадсандаа би баяртай байдаг юм. 

Монгол Улсын дипломат албанд зүтгэсэн он жилүүд №5

ГХЯ-ны газар, хэлтсүүдэд ажилласан  үеийн дурсамж

Миний бие ГХЯ-ны янз бүрийн газар, хэлтсүүдэд дэд атташегаас газрын захирал хүртэл ажиллаж байсан. 2000 онд ГХЯ-нд өөрчлөн зохион байгуулалт хийсний дараа миний бие шинээр байгуулагдсан Хөрш орнуудын газрын захирлаар томилогдон ажилласан юм. Хөрш орнуудын газар ОХУ, Хятад, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаад шинээр тусгаар тогтносон Тусгаар Улсын Хамтын Нийгэмлэгийн орнуудын харилцааг хариуцан ажиллаж байсан.

Манай гадаад бодлогын шинэ үзэл баримтлалд Орос, Хятадтай харилцах асуудлыг манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгон баталсан бөгөөд харилцаа ч үнэхээр их өргөн байсан. 

   2000 онд Хөрш орнуудын газрын захирал байх үед хийсэн хамгийн том ажил бол ОХУ-ын Ерөнхийлагч В.Путины айлчлал байлаа. 1974 оноос хойш хуучин ЗХУ болон ОХУ-аас төр, засгийн тэргүүний  айлчлал хийгдээгүй байсан. Ерөнхийлөгч В.В.Путин 2000 оны 11 дүгээр сарын 13-14-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэл, зорилтыг тодорхойлсон “Улаанбаатарын Тунхаглал”-д гарын үсэг зурсан юм.

Энэхүү тунхаглалд “Монгол, Орос хоёр улс 1993 оны нэгдүгээр сарын 20-нд байгуулсан Монгол Улс, Оросын Холбооны Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээг тууштай сахин баримталж байгаагаа нотолж,  Монгол-Оросын хамтын ажиллагаа гараагаа эхэлж буй шинэ зуунд НҮБ-ын Дүрмийн заалтууд, олон улсын эрх зүй, шудрага ёсны хэм хэмжээний дагуу бүрэн эрхт байдал, эрх тэгш, харилцан ашигтай байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан, олон арван жилийн туршид бүрэлдэн тогтсон эв найрамдал, сайн хөршийн харилцааны уламжлалын үндсэн дээр янз бүрийн салбарт урагшлан хөгжих ёстой гэдэгт санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн”  нь 90-ээд оны эхнээс “хүйтрээд” байсан хоёр орны харилцааг хэвийн болгосон чухал ач холбогдолтой үйл явдал байлаа.  

Энэхүү айлчлалын үеэр Монгол, Оросын төрийн тэргүүнүүд хоёр талын харилцааны өргөн хүрээтэй асуудал, мөн  харилцан сонирхсон олон улсын асуудлаар нухацтай санал солилцож,  яриа хэлэлцээ хийсэн нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд шинэ үе шатыг нээсэн юм.

В.В.Путин ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Монгол Улсын УИХ-д үг хэлсэн билээ. Тэр үгийг нь авч орчуулах шаардлагатай байсан боловч оросын тал үгээ өгөхгүй байж байж Их Тэнгэрт болсон Н.Багабанди ерөнхийлөгчийн зоогийн дараагаар бараг 23 цаг болж байхад өгсөн юм. Бидний хэдэн нөхөд хамтран үүрийн 4 цаг хүртэл уг үгийг орчуулж, УИХ-ын гишүүдийн тоогоор хувилж, хуралдааны үеэр тарааж өгсөн билээ. Дараа нь УИХ-ын гишүүд В.В.Путин ерөнхийлөгч маш сайхан үг хэллээ гэж өндөр үнэлсэнд орчуулагчдын хувь нэмэр ч бас оролцсон байхаа.

1990-ээд оноос хойш манай хоёр орны дээд, өндөр хэмжээний айлчлал үндсэндээ нэг чиглэлийн урсгалтай байсан. Тухайлбал, 1991-2000 онуудад Монгол улсын ерөнхийлөгч 2 удаа, Монгол улсын Ерөнхий сайд  2 удаа, УИХ-ын дарга 2 удаа, Монгол Улсын гадаад харилцааны сайд 3 удаа тус тус ОХУ-д айлчлал хийжээ. Мөн  хугацаанд ОХУ-ын Төрийн Думын дарга, дэд дарга тус бүр  1 удаа, Гадаад хэргийн сайд 2 удаа Монгол Улсад тус тус айлчилсан байна.  

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэл, зорилтыг тодорхойлсон “Улаанбаатарын Тунхаглал”-д гарын үсэг зурснаас хойш  Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа мэдэгдэхүйц идэвхижсэн гэж үздэг.

Улс төрийн айлчлалуудтай зэрэгцэн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан, бүс нутгийн комисс, хилийн усны комисс, худалдааг либералчлах хамтарсан ажлын хэсэг, тээвэр болон эрчим хүчний ажлын хэсэг, үл хөдлөх хөрөнгийн ажлын хэсэг зэрэг арав гаруй комисс, ажлын хэсгийн уулзалт, хуралдаанууд удаа дараалан болж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сэргэж, харилцаанд оршиж байсан “их өрийн” асуудал шийдэгдэж, хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг дээшлүүлэх, үл хөдлөх хөрөнгийн асуудал, цэрэг, техникийн хамтын ажиллагаа, дамжин өнгөрөх тээвэр, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг олон асуудал шийдэгдсэн буюу шийдэгдэх үйл явц эхэлсэн юм.

Миний бие 2005-2009 онд тус газрын даргаар дахин томилогдож ажиллах үеэр Монгол, Оросын харилцаа маш идэвхтэй хөгжиж байсан. Зөвхөн нэг жишээ дурдахад 2009 онд ОХУ-ын Төрийн гурван өндөрлөг Монгол Улсад айлчилсан юм. Энэ бол Орос, Монголын харилцааны түүхэнд байгаагүй үйл явдал билээ. 2009 оны 5 дугаар сард ОХУ-ын Засгийн газрын дарга асан В.В.Путин, 7 дугаар сард Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов, 8 дугаар сард Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч асан Д.А.Медведев манай оронд айлчилсан юм. Миний бие хэдийгээр БНКазахстан Улсад суух элчин сайдаар томилогдоод байсан ч дээд удирдлагаас энэ гурван айлчлалыг хийлгээд яв гэсэн үүрэг өгсөн учраас гурван айлчлалын бэлтгэлийг хангаж, айлчлалуудыг амжилттай хэрэгжүүлээд алсын замд мордсон билээ.

Бас нэг онцлон тэмдэглэх айлчлал бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын 2006 оны 12 дугаар сарын 4-9-ний өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал юм. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай ганцаарчилсан уулзалт,  албан ёсны хэлэлцээ хийж, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Холбооны Хурлын дарга С.М.Миронов, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Б.В.Грызлов, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Е.Фрадков, Москва хотын дарга Ю.М.Лужков нартай уулзаж, 2000 оны “Улаанбаатарын тунхаглал”-ыг байгуулсанаас хойшхи үеийн хоёр талын харилцааны хөгжлийг дүгнэж, Монгол, Оросын харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон билээ.  

Айлчлалын үеэр Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын Гэрээг удирдлага болгон цаашид хоёр орны олон талын хэлхээ холбоог улам өндөр, чанарын шинэ түвшинд гаргах зорилготой стратегийн түншлэлийн харилцааны үзэл санааны дагуу хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээг тууштай өргөжүүлэн зузаатгаж, агуулгын хувьд баяжуулан,  үр ашгийг нь дээшлүүлэхээр дээд хэмжээнд тохиролцон Москвагийн тунхаглалд Ерөнхийлөгч нар гарын үсэг зурсан нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.  

Энэ удаагийн айлчлалын онцлог нь Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын монгол үндэстний БНБуриад Улс, БНХалимаг Улсад зочилсон явдал байлаа. Эдгээр улсуудад манай төлөөлөгчдийг их халуун дотно хүлээж авсан. Ялангуяа Халимаг Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа айлчилсан онцгой үйл явдал байлаа. Халимагийн нийслэл Элстэй хотод болсон концертын нээлт дээр Халимагийн тухайн үеийн ерөнхийлөгч Кирсан Николаевич Илюмжинов хэлсэн үгэндээ “ үсэрсэн цус, тасарсан мах” болсон ах дүүс 400 жилийн дараа манай нутагт зочлон ирлээ” гэж онцлон тэмдэглэсэн нь гайхалтай байлаа. Мөн манай төлөөлөгчдийг онгоцны буудлаас зочид буудал хүрэх зам дагуу гудамжаар туг лоозун барьсан хүмүүс эгнэн жагсаж хүлээж авсан нь социализмын үеийн өндөр хэмжээний төлөөлөгчдийн айлчлалыг санагдуулж байлаа. Үүний зэрэгцээ манай албан ёсны төлөөлөгч бүрд нэг сайд буюу орлогч сайдыг хуваарлин өгч айлчлалын хугацаанд хамт явсаныг онцгой анхаарал тавьсан гэж үзэхээс өөр аргагүй. Буриад Улсад ч гэсэн манай төлөөлөгчдийг гүн хүндэтгэлтэйгээр халуун дотно хүлээж авсан юм.

Энэ хугацаанд миний хариуцсан чиглэлээр маш олон чухал үйл явдал болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ, БНХАУ, БНКазУ-д, БНКазакстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 2008 онд, БНТажикстан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2009 онд, БНХАУ-ын дэд дарга Ши Жиньпин 2008 онд Монгол Улсад тус тус айлчилсан бөгөөд үүний зэрэгцээ Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нарын харилцан айлчлалууд, ОХУ, Хятад, Казахстан улсуудтай ЗГХК-ын хуралдаанууд болсон юм. Эдгээр бүх арга хэмжээний бэлтгэл, зохион байгуулж хэрэгжүүлэх, үр дүнг нь засгийн газар, ҮАБЗ-д танилцуулах ажлуудын гол ачааг цөөхөн хүнтэй манай газар амжилттай үүрч гарсан юм.

Намайг Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байхад Монгол, Оросын ГХЯ-дын болон Монгол, Хятадын ГХЯ-дын газрын захирал нарын хоёр талын зөвлөлдөх уулзалтуудыг жил бүр ээлжлэн хийдэг байлаа. Энэхүү хоёр талын зөвлөлдөх уулзалтуудаар хоёр орны харилцааны тулгамдсан асуудлууд, тухайн жилийн арга хэмжээний талаар санал солилцож,   хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг байсан. Үүнийг хамтын ажиллагааны үр дүнтэй хэлбэр гэж би боддог.

Монгол, Орос, Хятадын гурван талын уулзалт хийх асуудал нилээд эртнээс яригдаж байсан боловч манай тал түүнд их болгоомжтой хандаж байлаа. Би газрын захирал байхдаа энэ талаар нилээд судалгаа хийж, гадаадад суугаа ЭСЯ-дад үүрэг өгч бусад орны туршлагыг судлуулсан. Эдгээр судалгааны үндсэн дээр тодорхой санал боловсруулж ГХЯ-ны сайдын зөвлөлд хэд хэдэн удаа танилцуулсан юм. Сайдын зөвлөлийн гишүүд ч, зарим дээд удирдлага ч энэ асуудалд нааштай бус хандаж, бүр зарим нь 1915 оны Хиагтын хэлэлцээг санах хэрэгтэй гэж хүртэл эсэргүүцэж байсан. Харин 2000 оноос хойш орос, хятадын талууд гурван талын уулзалт хийхийг дэмжиж, манай талд санал тавих болсон.

Түүхээс нь үзвэл уг нь манай тал 1970-аад оны сүүлчээр анх санаачилга гаргаж байсан ч нөгөө хоёр талын дэмжлэг аваагүй юм билээ. Гэтэл нөгөө талууд дэмжээд ирсэн чинь манайх ухарч байсан. Гэвч эцсийн эцэст ГХЯ-ны газрын дарга нарын албан бус уулзалт нэртэйгээр хийхийг зөвшөөрсөн юм. Ингээд 2005 онд гурван талын ГХЯ-дын газрын дарга нарын албан бус уулзалт хийх зөвшөлцөлд хүрч эхний уулзалтыг Улаанбаатар хотноо хийсэн билээ. Монгол, Орос, Хятадын ГХЯ-ны улс төрийн газрын дарга нарын анхдугаар зөвлөлдөх уулзалт 2005 оны 7 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болсон.

Энэхүү уулзалтаар шинэ нөхцөл байдалд хөрш зэргэлдээ оршдог гурван орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг зохицуулахад гурван талын зөвлөлдөх уулзалт хийж байх нь ашигтай гэж үзээд гурван оронд ээлжлэн хийж байхаар тохиролцсон юм. Энэхүү зөвлөлдөх уулзалтыг цаашид жилд нэг удаа ээлжлэн зохион байгуулж байхаар тогтсоны дагуу ээлжит хоёрдахь уулзалтыг оросын тал 2006 оны 9 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулсан билээ. Гурван талын зөвлөлдөх уулзалтыг заавал нийслэл хотуудад биш, бүс нутгуудад зохион байгуулж болох юм гэсэн саналыг ОХУ-ын элчин сайд Б.А.Говорин гаргасан бөгөөд монгол, хятадын талууд дэмжсэн юм. Ингээд гуравдахь уулзалтыг хятадын тал 2007 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Чингисын онгоны жуулчны төвд, дөрөвдэх уулзалтыг манай тал 2008 онд эртний нийслэл Хар хоринд хийсэн билээ. Миний бие энэхүү дөрвөн уулзалтад биечлэн оролцсон юм. Түүнээс хойш энэхүү уулзалт албан ёсны болон үргэлжилсэн билээ.

Гурван орны улс төрийн харилцаа хамгийн өндөр түвшинд сайн байгаа нөхцөлд хамтын ажиллагааны нөөц боломжуудыг нээн илрүүлэх, хамтарч ажиллахад түлхэц үзүүлэх боломжийг энэхүү зөвлөлдөх уулзалтаар тавьсан гэж үзэж байна. Энэхүү уулзалтуудаар өнөөгийн даяаршил, бүс нутгийн интеграцчлалын нөхцөлд хөрш зэргэлдээ оршдог гурван улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх салбаруудын талаар голлон хэлэлцэж байлаа. Тухайлбал, аялал жуулчлалын нэгдсэн маршрут гаргах, худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын уулзалтыг зохион байгуулж,  хувийн компаниуд хоорондын харилцаа хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд хувийн секторыг хамруулах, түлш, эрчим, хүчний ажлын хэсгийг байгуулах, дамжин өнгөрөх тээврийн нэгдсэн коридор байгуулах, хил орчмын бүс нутгийн байгаль орчныг хамгаалах, дархан цаазат газар байгуулах, зүй зохистой ашиглах асуудлаар гурван талын холбогдох байгууллагуудын уулзалт зохион байгуулах, байгалийн гамшиг болон хүн, малын гоц халдварт өвчинтэй хамтран тэмцэх салбарт гурван талын холбогдох байгууллагууд хамтран ажиллахад ГХЯ-дын зүгээс дэмжлэг үзүүлж холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд оролцсон хамтарсан семинар, туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулах  зэрэг олон асуудлыг хэлэлцэж тохиролцсон нь хожим нь үндсэндээ хэрэгжсэн юм. Харин олон улсын харилцааны асуудлыг ер нь хэлэлцэж байгаагүй. Энэ нь олон улсын эмзэг асуудлаар хоёр том гүрний шахаанд орох бий гэсэн манай талын болгоомжлолтой холбоотой байсан юм.

Гурван улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь юуны өмнө гурван улсын язгуур ашиг сонирхолд нийцэхийн зэрэгцээ бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж талууд үзэж байлаа. Миний бие энэхүү гурван талын зөвлөлдөх уулзалтад эхнээс нь оролцсон бөгөөд энэхүү үйл явцыг төлөвшин албан ёсны зөвлөлдөх уулзалт болоход өөрийн хувь нэмрийг оруулсан гэж боддог юм. Одоо гурван талын Гадаад хэргийн дэд сайдын түвшинд албан ёсны уулзалт хийдэг болсон бөгөөд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээнй уулзалтын үеэр бүр ерөнхийлөгч нарын түвшинд гурван талын уулзалт хийдэг болсон нь бидний үндэс суурийг нь тавьсан уулзалт өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл гэж бодож байна. 

Монгол Улсын дипломат албанд зүтгэсэн он жилүүд №4

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд ажилласан он, жилүүд

1981 оны 9 дүгээр сард Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд атташегаар томилогдон очсон маань хоёр орны харилцааг хэвийн болгох анхны олон үйл явдалд идэвхтэй оролцох боломжийг надад олгосон юм. Энэ удаа ЭСЯ-нд ажиллах хугацаанд хоёр улсын хилийн шугамыг анх удаа шалгах хамтарсан комиссын монголын хэсэгт мэргэжилтнээр, иргэний агаарын тээвэр, төмөр зам, цаг уурын байгууллагын хооронд явагдсан хэлэлцээ болон консулын конвенц, хилийн дэглэмийн гэрээний талаарх хэлэлцээнд төлөөлөгчөөр тус тус оролцсон юм.


Мөн Хятадын “Соёлын хувьсгал”-аас хойш анх удаа Хятадад айлчилсан Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийн гишүүнээр, Бээжинд нээгдсэн олон улсын номын үзэсгэлэнд төлөөлөгчөөр оролцож, Хятадад айлчлан тоглосон АДБЧуулгын жүжигчдийг ЭСЯ-аа төлөөлөн Шанхай хотоос угтан авч ( Чуулгынхан Японоос ирсэн юм ) Бээжин, Хөх хотод хийсэн тоглолтуудыг зохион байгуулж, Эрээн хотоос үдэн гаргаж байсан юм.  Энэ бүгд бол хоёр орны хооронд олон жил тасраад байсан олон чиглэлийн харилцаа сэргэх эхлэл болсон юм.

Түүний дотроос онцлон тэмдэглэхэд манай урлагийн хэсгийн Өвөр Монголд хийсэн тоглолт үнэхээр анхаарал татсан. 1960-аад оноос тасраад байсан соёлын том арга хэмжээ шүүдээ. Манай урлагийн хэсгийг Өвөр Монголд үнэхээр халуун дотно хүлээж авсан. Тэр үедээ хамгийн томд тооцогдох задгай стадионд нэг тоглолтыг зохион байгуулахад суудал дүүрэн байсан билээ. Зөвхөн урлагийнхан төдийгүй, энгийн иргэд ч гэсэн  манай жүжигчидтэй уулзах гэж бидний буусан зочид буудлын хажуугаар өдөр шөнөгүй эргэлдэж байсныг санаж байна.

Өнгөрсөн зууны 80-д оны дунд үе бол Монгол, Хятадын харилцаа янз бүрийн салбарт идэвхтэй сэргэн хөгжсөн үе байлаа. Хятад, Америкийн харилцааны эхлэлийг  одон бөмбөгийн /ширээний теннис/ дипломат тавьсан гэж ярьдаг бол Монгол, Хятадын харилцааны сэргэлтийн эхлэлийг хоёр талын чөлөөт бөхийн тамирчдын нөхөрсөг уулзалт тэмцээн тавьсан гэж би боддог. Тухайлбал, 1983 онд Улаанбаатар хотын чөлөөт бөхийн шигшээ баг (15 хүний бүрэлдэхүүнтэй) Бээжин, Хөх хотод нөхөрсөг тэмцээн хийсэн бол 1984 онд Хятадын чөлөөт бөхийн баг (13 хүний бүрэлдэхүүнтэй) Улаанбаатар, Эрдэнэт хотуудад уулзалт тэмцээн хийсэн юм. Миний бие тэр үед Бээжинд суугаа ЭСЯ-нд ажиллаж байсан болохоор Бээжин хотын биеийн тамирын ордонд болсон манай хоёр талын бөхийн барилдааныг үзсэнээ тодорхой санаж байна. Ордон дүүрэн үзэгчдийн олонхи нь манай тамирчдыг дэмжиж байсан юм шүү. Энэ бол мэдээж зочноо хүндэтгэх сэтгэл, гэхдээ гол нь 20 гаруй  жилийн дараа анх удаа очсон манай тамирчид тэдний анхаарлыг зүй ёсоор татсан гэж боддог юм.

1984-1985 онуудад Монгол, Хятадын соёл, урлагийн харилцааг сэргээх эхлэл болсон олон чухал арга хэмжээ зохиосон юм. Тухайлбал, Хятадын гар урлал, хатгамлын томоохон үзэсгэлэн Улаанбаатар хотноо гарсан, мөн Ардын зураач Н.Цүлтэмийн уран бүтээлийн үзэсгэлэнг Бээжин хотноо гаргасан билээ. 1985 онд Улаанбаатарт болсон “Азийн хөгжмийн индэр”-т Хятадын 8 жүжигчнийг урьж оролцуулсан, Монгол Улсын ардын дуу, бүжгийн чуулгын жүжигчид Бээжин, Хөх хотод, Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны дуу бүжгийн  “Улаан мөчир”  чуулга Улаанбаатар, Дархан хотуудад харилцан тоглолт хийсэн нь хоёр орны ард түмний халуун талархалыг хүлээсэн юм.

Хоёр тал 1986 оноос соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөө,  1987 оноос ШУТ-ийн салбарт хамтран ажиллах төлөвлөгөө байгуулан ажиллах  болсон нь эдгээр салбарын харилцаа, хамтын ажиллагааг төлөвлөгөөний үндсэн дээр өргөн далайцтай хөгжүүлэх боломжтой болсон юм.    

Миний бие хоёр орны иргэний агаарын тээврийн харилцааг сэргээн хөгжүүлэхэд хүчин зүтгэж байлаа. Хятадын иргэний агаарын тээврийн байгууллага болон Монголын иргэний агаарийн тээврийн байгууллагын төлөөлөгчид 1985 оны 11 дүгээр сард Бээжин хотноо уулзаж хоёр орны иргэний агаарын тээврийн байгууллагын хооронд шууд харилцаа тогтоох, тариф, тээвэрлэлт, санхүүгийн тооцооны асуудлаар болон Монголын МИАТ компаний онгоц  1986 оны 5-10 дугаар сарын хооронд Бээжин-Улаанбаатарын хооронд тогтмол нислэг хийх талаар тохиролцсон. Энэ хэлэлцээнд миний бие ЭСЯ-наасаа оролцсон юм. Зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр 1986 оны зун манай МИАТ компаний АН-24 онгоц Бээжин, Улаанбаатарын хооронд нислэг үйлдэж эхэлсэн. Тухайн үед МИАТ-ын төлөөлөгч гэж Бээжинд байгаагүй учраас ЭСЯ-ны ажилтан миний бие үнэн хэрэгтээ МИАТ-ын төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж онгоцыг угтан авч, нисэгчдийг ЭСЯ-н дээр авчирч хоол өгөөд дараа нь онгоцны буудалд очиж гаргаж өгдөг байсан. Манай нисэгчид замдаа Санлитунгийн гудамжид байсан нэг бүрэн барааны дэлгүүрээр орж жаахан зүйл худалдаж аваад явдаг байсан тул манайхан түүнийг хожим нь нисэхийн хар дэлгүүр гэж нэрлэдэг байж билээ. Манайхан АН-24 онгоцоо дээд зэргээр гоёж, бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжоор бүрэн ханган нислэг үйлдэж байсан. Гэхдээ л гадаадын жуулчид ийм жижиг онгоцоор нисэхгүй гэж хэл ам хийх үе гарч байсан. Нисэгчид маань англи хэлний мэдлэг тааруухан учраас Монгол Улсын Их Сургуулийн англи хэлний багшийг орчуулагчаар авч явдаг байлаа. Одоо тэр үеийг мэддэг нисэгчид бараг байхгүй биздээ. 

Энэ үед мөн хоёр орны найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид ч харилцан айлчлсан юм. Миний бие 1990-д оноос хойш Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн орлогч даргаар хавсран ажиллаж, манай хоёр ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн билээ.

       Эдгээр олон чухал үйл хэргийн дотроос Монгол, Хятадын хилийн шугамыг анх удаа шалгах хамтарсан комиссын монголын хэсэгт мэргэжилтнээр ажилласан нь шинэхэн дипломат миний хувьд яриа хэлэлцээ хийх том сургууль болсон билээ. Хятадын ГХЯ-тай хилийн шалгалтын асуудлаар шууд харилцаж байх зорилгоор Бээжинд суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан миний биеийг уг комисст мэргэжилтнээр оруулсан юм. Хамтарсан комиссын хуралдаанд анхнаас нь оролцож, асуудлыг мэддэг хүн тэнд ажилласан нь хуралдааны завсар хугацаанд гарсан аливаа асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байсныг амьдрал харуулсан билээ.

Түүнээс хойш хилийн дэглэмийн гэрээний талаарх хэлэлцээнд төлөөлөгчөөр, хилийн боомтын талаарх хэлэлцээнд монголын хэсгийн төлөөлөгчдийн орлогч даргаар тус тус оролцсон нь хоёр орны хилийн шугамыг бэхжүүлэх, хоёр орны ард түмний найрсаг харилцааг хөгжүүлэхэд  чухал ач холбогдолтой ажлууд байсан юм.

Хоёр улс 1962 онд байгуулсан хилийн гэрээний үндсэн дээр хилийн шугамаа тогтоож, 1964 онд “Хилийн тухай протокол”-д гарын үсэг зурснаас хойш 20 шахам жилийн дараа хилийн шугамаа анх удаа хамтран шалгасан нь энэ юм. Уг нь протокол ёсоор 5 жил тутамд шалгаж байх ёстой боловч харилцааны байдлаас шалтгаалан шалгалгүй явж ирсэн. 1982-1984 онд хилийн шугамыг анх удаа хамтран шалгасан нь хилийн шугамыг улам тодорхой болгосны зэрэгцээ хоёр орны харилцааны уур амьсгалд нааштай чухал нөлөө үзүүлсэн билээ.

Хилийн хамтарсан шалгалтын төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурахаар ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайд Д.Ёндон Хятадад албан ёсоор айлчилж, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд У Сюэцяньтай уулзаж, хилийн хамтарсан шалгалтаас гадна хоёр орны харилцааны асуудлаар санал солилцсон нь “Соёлын хувьсгал”-аас хойш анх удаа өндөр түвшинд улс төрийн асуудлаар ярилцсан хэрэг байлаа.

Хилийн хамтарсан шалгалтын гол үр дүн болсон “ Монгол, Хятадын хилийг нэг дэх удаа хамтран шалгасан тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Протокол” болон түүний хавсралт “БНМАУ ба БНХАУ-ын хилийн зурвасын газрын зургийн шинэтгэсэн альбом”-д Монгол Улсын засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайд Д.Ёндон, Хятадын засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, ГХЯ-ны орлогч сайд Хань Сюй нар 1984 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Бээжин хотноо гарын үсэг зурсан юм.

Ийнхүү хилийн шугамыг анх удаа хамтран шалгасны үр дүнд хоёр орны хилийн шугам улам тодорхой болсон. Гол үр дүн гэвэл:

-        Хилийн тухай протоколд тодорхойлогдсон хилийн 639 тэмдгийг газар дээр нь шалган үзэж, эвдэрч гэмтснийг нь засч шинэчилсэн.

-        Урьд нь хилийн тэмгийн хоорондын зай хол байснаас харагдац муу, нутгийн иргэд зарим газарт хилийн шугамыг анзаарахгүй зөрчих явдал гарч байсан учраас хилийн тэмгийн нягтралыг сайжруулах үүднээс 474 туслах чанарын тэмдгийг шинээр босгосон.

-        Хилийн шугам болгосон зарим голын голидрол өөрчлөгдсөн, хилийн шугам болгон тогтоосон их зам бүдгэрч мэдэгдэхгүй болсон зэргийг хилийн гэрээ, протоколын заалттай нийцүүлэн тодотгон тэмдэглэсэн. Ялангуяа голидрол нь өөрчлөгдсөн, шинээр арал үүссэн Халх, Нөмрөг, Шарилжийн голын хэсэгт агаараас шинээр зураг авч 1:10000-ны масштабтай хилийн зурвасын газрын зураг хамтран үйлдсэн нь чухал ач холбогдолтой болсон. 

-        Их ой тайгатай газарт ойн зурвас гаргасан нь хоёр улсын хилийн шугамыг улам тодорхой болгож өгсөн.

-        Хилийн болон туслах чанарын бүх тэмдгийн тэгш өнцөгт координатыг хамтран тодорхойлсон нь цаашид хилийн зурвасын газрын зураг шинэчлэн үйлдэх, хилийн тэмдгийн байршилтыг шалгахад шинжлэх ухааны үндэслэлтэй баримт бичигтэй болсон. 

-        Энэ бүхний үндсэн дээр 1964 оны хилийн тухай Протоколын хавсралт 1:100000-ны масштабтай хилийн зурвасын газрын зургийг шинэчлэн үйлдсэн юм.

1982-1984 онд хилийн шугамыг анх удаа хамтран шалгасан нь хилийн шугамыг улам тодорхой болгож, цааш цаашдын хилийн шалгалтын ажилд чухал ач холбогдолтой болсныг хилийн шугамыг хоёр дахь удаа хамтран шалгасан 2001-2004 оны ажлын үйл явц харуулсан юм.

Хоёр орны харилцааны уур амьсгал тийм ч таатай бус байсан тэр үед хилийн шугамыг анх удаа шалган тодотгох нүсэр их ажлыг хамтран хэрэгжүүлсэн нь хоёр талын итгэлцлийг сэргээж, харилцааг хэвийн болгох үйл явцад нааштай томоохон алхам болсон билээ.

Хоёр жил гаруй хамтран ажилласан комиссын гишүүдийн хооронд найрсаг уур амьсгал, нөхөрсөг харилцаа бий болсныг тэмдэглэх хэрэгтэй. Мөн хил хамгаалах байгууллагуудын харилцаа ч сайжирсан билээ. 

       Д.Ёндон сайдын айлчлалын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудлуудыг шийдвэрлэх, консулын конвенц байгуулах, соёлын хамтын ажиллагааг сэргээх, найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийг айлчлуулах зэрэг асуудлуудыг манай талаас хөндөж тавьсныг хятадын тал нааштай хүлээж авсан юм. Энэ бүгд хожим нь жил гаруйхан хугацаанд бүгд хэрэгжсэн билээ. Энэ нь уг уулзалт хоёр орны харилцааг бүхий л салбарт сэргээхэд чухал ач холбогдолтой болсныг харуулсан юм.

Одоо дурсан санахад миний бие 1990-2008 оны хооронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нарын түвшинд хийгдсэн бараг бүх харилцан айлчлалуудад биечлэн оролцож, айлчлалыг амжилттай болгох бэлтгэлийг хангаж хэрэгжүүлэх, зарим үед албан ёсны хэлмэрчийн үүргийг гүйцэтгэж өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн байна. 

Тэдгээрийн дотроос онцлог зарим айлчлалын тухай дурсан бичихийг хүсч байна.

Монгол, Хятадын олон жил тасалдсан харилцааг сэргээх хүсэл эрмэлзлэл хоёр талд их байсны тодорхой жишээ бол 1989 онд нэг жилийн дотор Гадаад хэргийн сайд Ц.Гомбосүрэн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Цянь Цичэнь нар харилцан айлчилсан явдал юм. Эдгээр айлчлалын үеэр хоёр тал дээд хэмжээнд харилцан айлчлах асуудлыг хэлэлцэн тохирсон билээ. Албан ёсны уулзалт хэлэлцээний дараагаар Цянь Цичэнь сайд Эрдэнэт хотод зочилсон бөгөөд надад Хятадын хүндэт зочныг дагалдан явах завшаан тохиолдсон юм. Цянь Цичэнь сайд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, малчин айлд зочилсан юм.

1990 оны 5 дугаар сард БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат БНХАУ-д айлчилсан юм. Энэ бол Монгол Улсын Төрийн тэргүүн Хятадын “Соёлын хувьсгал”-аас хойш анх удаа Хятадад айлчилсан хэрэг байлаа. П.Очирбат дарга Хятад айлчлах үеэрээ Өвөр Монгол, Гуанжоу, Шэнжэньд айлчлахаар төлөвлөж байсан боловч Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөж, жагсаал цуглаан болж байсан болохоор Бээжин хотноо албан ёсны арга хэмжээгээ дуусгаж, Өвөр Монголд зочлоод буцаж ирсэн юм. 

П.Очирбат дарга Хятад Улсын дарга Ян Шанькүнь, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зянь Зэминь нартай уулзаж, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэнтэй хэлэлцээ хийсэн. Айлчлалын төгсгөлд хамтарсан албан мэдээ гаргаж, зарим баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Айлчлалын үр дүнгээр гаргасан Монгол, Хятадын хамтарсан албан мэдээ бол манай хоёр орны харилцаа бүрэн хэвийн болсныг нотолсон баримт бичиг болсон.  

Айлчлалын албан ёсны уулзалт хэлэлцээнээс гадна манай төлөөлөгчид Өвөр Монголын Өөртөө Засах Оронд айлчилсан нь онцлог үйл явдал байлаа. П.Очирбат дарга ӨМӨЗО-д зочилсан анхны гадаад улсын төрийн тэргүүн байсан. ӨМӨЗО-ны Засгийн газрын дарга Бөхөө П.Очирбат даргатай уулзаж, байнга дагалдан явж байлаа. Бөхөө дарга бол монгол үндэстэн бөгөөд БНХАУ-ын дэд дарга байсан Улаанхүүгийн хүү билээ. Өвөрмонголчууд манай төлөөлөгчдийг маш халуун дотноор хүлээж авсан. Энэ бол Хятадын “Соёлын хувьсгал”-аас хойш ӨМӨЗО-д зочилсан манай улсын анхны албан ёсны төлөөлөгчид байсан юм. Нэг сонирхолтой зүйлийг дурдахад бид малчин айлд очихоор явах замд морьтой олон залуус манай цувааг даган давхилдаж баяр хүргэж байсан. Энэ нь бид нутагтаа байгаа мэт сэтгэгдлийг төрүүлж байсан билээ.

1991 онд БНХАУ-ын дарга Ян Шанькунь манай улсад хариу айлчлал хийсэн юм. Энэ бол Монгол, Хятадын харилцааны түүхэнд БНХАУ-ын дарга анх удаа Монгол Улсад айлчилсан хэрэг байлаа. Албан ёсны уулзалт, хэлэлцээний дараагаар бэсрэг наадам зохион байгуулсан нь Ян Шанькунь даргад ихээхэн таалагдсан юм. Ер нь Хятадын удирдагчдад Монголын тал нутаг үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлдэг гэж би боддог. Миний бие уг айлчлалын бэлтгэлийг хангахад оролцож байснаас гадна айлчлалын үеэр албан ёсны хэлмэрчээр ажилласан билээ.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пингийн 1994 онд Монгол Улсад хийсэн айлчлалыг дурдахгүй өнгөрөх аргагүй юм. Энэхүү айлчлалын үеэр манай хоёр орны шинэ үеийн харилцааны үндсэн баримт бичиг болох “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-нд гарын үсэг зурсан юм. Миний бие хэдийгээр айлчлалын Монголд болсон арга хэмжээнд оролцоогүй боловч Бээжинд суугаа ЭСЯ-ны зөвлөхийн хувьд Хятадын ГХЯ-ны нөхөдтэй хамтран айлчлалын бэлтгэлийг хангаж, ялангуяа гэрээний агуулга, үг үсгийг тохиролцох гол ажлыг хийсэн билээ.

Бас нэг сонирхолтой айлчлалын тухай дурсахад Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийг 1998 онд Хятад Улсад айлчлах үеэр хятадын талаас зохион байгуулсан албан ёсны хүлээн авалтын үеэр БНХАУ-ын дарга Зян Зэминь эхлээд дуу дуулж, дараа нь Ерөнхийлөгч Н.Багабандийн гэргийг урьж бүжиг хийсэн. Манай ерөнхийлөгч ч бас хариу дуу дуулсан. Гэхдээ манай тал албан ёсны хүлээн авалтын үеэр дуу дуулж, бүжиг хийнэ гэж огт бодоогүй байсан учраас бэлтгэлгүй байсан. Дараа жил нь 1999 оны 7 дугаар сард Зян Зэминь даргыг Монгол улсад  айлчлахад Зянь Зэминь дарга хүлээн авалтын дараа дуугаа дуулна, тэгэхээр манай тал ч гэсэн бэлтгэлтэй байх ёстой гэж бид ярилцаж байсан. Зянь Зэминь даргад зориулан зохион байгуулсан бэсрэг наадмын үдийн зоогийн  танхимаас дөнгөж гараад л Зянь Зэминь дарга Өвөрмонголын тал нутгийн тухай дуугаа дуулсан, дараа нь манай ерөнхийлөгч эхэлж бид бүгдээрээ “Элгэн халуун нутаг” –аа  дуулж билээ.

Н.Багабанди ерөнхийлөгч 2004 оны 7 дугаар сард хоёрдахь удаагаа БНХАУ-д айлчлах үеэр миний амьдралд бас нэгэн дурсгалтай үйл явдал тохиосон юм. Н.Багабанди ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр “Дяо Юйтай” хэмээх гадаадын төрийн тэргүүн нарыг байрлуулдаг харшид Хятадын Гадаад хэргийн сайд Тан Зясюньд “Алтан гадас” одон, Хятадын дипломат ажилтан Цай Вэньруй-д “Найрамдал” медаль гаруулсан билээ. Яг энэ ёслолын үеэр надад “Алтан гадас” одон бас гардуулсан юм. Хятадын төрийн ёслолын энэхүү нэр хүндтэй харшид өөрийн улсын ерөнхийлөгчөөс төрийн дээд шагнал хүлээж авсан хүн надаас өөр байхгүй л болов уу. 

БНХАУ-ын дарга Ху Жинтао 2003 онд албан тушаалдаа орсонтой холбогдуулан Бээжин хотод суугаа гадаадын ДТГ-ын тэргүүн нар биечлэн уулзаж баяр хүргэсэн билээ. Миний бие тэр үед БНХАУ-д Монгол Улсын хэргийг түр хамаарагчаар ажиллаж байсан бөгөөд Ху Жинтао даргатай биечлэн уулзаж баяр хүргэх завшаан тохиолдсон юм. Ху Жинтао дарга бол Хятадын удирдагч Мао Цэдун, Дэн Сяопин, Зянь Зэминь нарын дараах дөрөвдэх үеийн гол удирдагч байсан юм. Ху Жинтао дарга 2003 онд Монгол Улсад айлчилсан билээ. БНХАУ-ын дарга Ху Жинтао Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр гаргасан Хамтарсан мэдэгдэлд хоёр орны харилцааг сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцаа хэмээн  тодорхойлсон юм.

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2008 онд дэд даргын хувиар манай оронд айлчлахад миний бие ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлын хувьд айлчлалын бэлтгэлийг хангаж, айлчлалын бүх арга хэмжээнд оролцсон юм. Түүний дотор Ши Жиньпин даргад зориулан зохион байгуулсан бэсрэг наадам хүндэт зочинд их таалагдсаныг тэмдэглэхийг хүсч байна. Тэр үед Ши Жиньпин дарга Хятадын дараагийн гол удирдагч болно гэсэн яриа байсан нь хожим батлагдсан юм. Энэ удаагийн айлчлал Ши даргад Монгол Улсын тухай нааштай ойлголт, сэтгэгдэл төрүүлсэн гэж би боддог. Тэрээр БНХАУ-ын дарга болсныхоо дараа 2014 оны 8 дугаар сард манай улсад дахин айлчилсан билээ.

БНХАУ-ын дээд хэмжээний дарга нар Монгол Улсад айлчлах бүрдээ 20-50 сая юаний буцалтгүй тусламж үзүүлж ирсэн нь эдийн засгийн бэрхшээл хүндрэлтэй байсан манай улсад том тус дэм болсон нь гарцаагүй.  Харин манай тал тэдгээр тусламжийг сайн ашиглаж чадаагүй юм. Гол нь манай төр, засгийн газар ойр ойрхон солигдож, удирдлага өөрчлөгдөх бүрд манай талаас зээл, тусламжийг ашиглахаар урьд нь тохиролцсон төслөө байн байн сольж байсантай холбоотой байлаа. Нэг төслийг ярьж ярьж арай хийж тохирч байтал түүнийг өөрчлөөд шинэ төсөл гаргаж ирдэг байсан нь хятадын талаас өгсөн буцалтгүй тусламж, зээлийг цаг хугацаанд нь авч хэрэгжүүлэхэд саад болж байлаа.  Зөвхөн нэг жишээ дурдахад БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад 2003-2007 онд нийт 345 сая юаний буцалтгүй тусламжийг үзүүлэхээр амласан байлаа. Гэтэл 2006 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар нийтдээ 115,35 сая юаний тусламжийг л дөнгөж ашиглаад байсан бөгөөд ашиглаагүй байгаа 229,65 сая юаний буцалтгүй тусламжийг янз бүрийн чиглэлээр ашиглахаар ярьсаар байсан юм.

Миний бие Бээжинд суугаа ЭСЯ-нд 14 жил ажиллах хугацаандаа албан ёсны арга хэмжээнээс гадна бусад салбар чиглэлийн харилцааг хөгжүүлэхэд гар бие оролцож ирсэн. Хоёр орны харилцааг хэвийн болгох анхны үйл ажиллагаанд хэрхэн оролцож байсан тухай дээр дурдсан билээ.

Миний хувьд Хятадын бараг бүх мужууд, томоохон хотуудад зочлох завшаан тохиолдсон. Хятадын албаны хүмүүс надаас та манай ямар мужуудад очсон вэ гэж асуудаг юм. Харин би тэдэнд Хятадын ямар мужуудад очоогүй вэ гэж асуувал дээр гэж хариулдаг. Санаанаас гарахгүй олон аялал байгаагаас би зөвхөн зарим нэгийг онцлон дурсахыг хүсч байна. 

Миний бие 1984 оны 9 дүгээр сард Элчин сайд П.Шагдарсүрэнг дагалдан Өвөр Монголын Өөртөө Засах Оронд зочлох боломж гарсан юм. Энэ бол Монгол Улсын элчин сайд “Соёлын хувьсгал”-аас хойш бас л анх удаа ӨМӨЗО-д зочилсон хэрэг байлаа. Тэр үед Хятадын олон хот гадаадынханд хаалттай байлаа. Иймээс биднийг гадаадынханд нээлттэй Хөх хот, Бугат хот, Шилийн гол аймагт зочлохыг зөвшөөрсөн юм. Бидэнтэй уулзсан Өвөр Монголын удирдлагууд  бүгд л Монгол Улстай харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан.

Зөвхөн албаныхан төдийгүй энгийн ард иргэд харилцаа сайжрахыг хүсэн хүлээж байсан. Биднийг Шилийн хотын зочид буудалд хоноглох үед хүлээн авалтын дараа манай өрөөний хаалгыг нэг хүн цохисон нь нэгэн өвөр монгол залуу байлаа. Тэрээр бид хэсэг хүмүүс эсрэг талын өрөөнд байрлаж байгаа бөгөөд элчин сайд та хоёрыг манай өрөөгөөр зочлохыг урьж байна гэв. Би элчин сайдад илтгэхэд, “Би очоод яахав, чи ороод ир” гэсэн учраас би нөгөө залууг дагаж өрөөнд нь орсон юм. Тэнд үнэхээр 4-5 хүн цуглаж, ширээ засан бэлтгэсэн байсан бөгөөд манай орны хөгжил байдлын талаар ихээхэн сонирхож, хэзээ харилцаа сайжирч Хатан туулынхаа уснаас уух бол доо гэж ярьж байж билээ. Мөн Өвөрмонгол ардын нэгэн дууг дахин дахин дуулж байсан нь миний чихэнд хоногшин үлдсэн юм. Хожим миний бие тэр дууг “Хун цагаан галуу” гэдэг нэртэй гэдгийг мэдсэн юм. Тэр дуунд:

Хун юу цагаан галуу шувуухай

Хулстай нуурандаа шумбан сууна хөө

Холын зочид хүрээд ирлээ дээ

Хонуут өнжүүд найрлан сууя даа хөө..... гэж дуулдаг үнэхээр үг, ая нь гайхалтай зохицсон сайхан дуу.

Бид албан ёсны уулзалтуудаас гадна түүхийн музей, сүм хийд, үйлдвэр, сургууль, соёлын газар, малчин айлаар хүртэл орж танилцсан. ӨМӨЗО-д анх удаа очсон миний хувьд бүх юм л их сонин санагдаж байсан. Бид малчин айлд байсан салхины хүчээр цахилгаан эрчим хүч гаргадаг төхөөрөмжийг ихэд сонирхсон учраас биднийг үйлдвэр дээрээ аваачиж үзүүлээд зогсохгүй 2 ширхэг төхөөрөмж бэлэглэсэн юм.

Миний бие 1985 оны 2 дугаар сард Хөх хотод дахин очиж, тэр 2  төхөөрөмжийг албан ёсоор хүлээн авч, Монгол руу явуулах ажлыг зохион байгуулсан.  Намайг Хөх хотод очиход салхины төхөөрөмжөөс гадна нарны эрчим хүчээр цахилгаан гаргадаг бас нэг төхөөрөмжийг бэлэг болгон өгсөн юм. Хэрэв манайх тэдний төхөөрөмжийг нэлээд хэмжээгээр худалдан авбал засвар үйлчилгээний газар байгуулах, мэргэжлийн хүмүүсийг сургаж өгөх ажлыг хийхээ мэдэгдэж байсан. Хожим манай мэргэжилтнүүд хоёр орны ШУТ-ын хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Хятадад очиж энэ чиглэлээр сургалтад хамрагдаж байсан билээ.

Би ЭСЯ–нд зөвлөхөөр ажиллаж байхдаа 1997 оны 4 дүгээр сарын 23–30–нд Ганьсу мужид судалгааны ажлаар очсон юм. Ганьсу муж нь Хятадын баруун бүсийн муж хотуудын дунд үйлдвэрлэл, газар тариалан өндөр хөгжсөн, Хятадын сансрын хөлөг хөөргөдөг нэг газар билээ. Газар нутаг, цаг агаарын хувьд манай улстай төстэй, бас монгол үндэстнүүд оршин суудаг, Монгол улстай багахан газраар хиллэдэг учраас харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх их сонирхолтой байсан. Миний хувьд мужийн удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, монгол судлалын нэг гол төв болох Баруун бүсийн үндэстний их сургуульд зочилж, багш оюутнуудтай уулзаж, монгол судлалын ажлын байдалтай танилцсан юм.

Бас нэг гол зорилго бол тэр үед хятадын талаас Мазуншань (Морины дэл уул гэсэн үг) боомтыг нээх асуудлыг байнга тавьж байсантай холбогдуулан түүний бодит байдлыг газар дээр нь үзэж танилцаад уг боомтыг дахин нээх боломжийн талаар санал боловсруулж төвд тавих үүрэгтэй байсан. Тус мужийн нутагт оршдог Мазуншань-Нарансэвстэйн боомт нь Монголын нутагт Их говийн дархан цаазат газраар дайрч явдаг учраас тус боомтоор зорчигчид нь Их говийн дархан цаазат газрын ан амьтан, булаг шандад ихээхэн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр нээгдээд хэдхэн сар ажилласан уг боомтыг манай талын санаачилгаар хаасан юм. Энэ нь Говь-Алтай, Ганьсу мужийг холбож байсан цорын ганц боомт бөгөөд уг нь эрт дээр үеэс манай улсын баруун талаар Хятад руу гардаг жингийн нэг гол зам байсан юм билээ.

Хятадын талаас уг боомтыг нээх гэж ихээхэн хүчин чармайлт тавьж байсан. Намайг очиход орон нутгийн удирдлага маш их анхаарал тавьж,  жип машин гаргаж үнэ төлбөргүй үйлчилсэн бөгөөд Жиуцюань хотод хүрэлцэн очиход Монгол үндэстний хошууны дарга өөрийн цоо шинэ тоёото жип машинаар хамт явж хил дээр байх  Мазуншань тосгонд очиж хилийн боомтын хятадын талын байдалтай газар дээр нь танилцуулсан юм. Үнэндээ хятадууд боомтыг ажиллуулахад шаардлагатай бүх л барилга байгууламжаа барьсан байсан. Тэд монголын талын боомтын барилга байгууламжийг тусламжаар барьж өгөх, Говь-Алтай аймгаас тус боомт хүртэл засмал зам тавьж, дархан цаазат газарт байгаа ховор ан амьтанд саад болгохгүйгээр бүх асуудлыг шийдэхэд туслах зэрэг олон санал тавьж байсан. Би ч ЭСЯ-ндаа буцаж ирээд төвд тодорхой санал тавьсан боловч манай тал өөрийн байр сууриа өөрчлөөгүй юм.  

Би говийн хүн, уг нутагт очиход яг нутагтаа очсон юм шиг санагдаж байсан. Жижигхэн толгодтой, тачирхан ургамалтай, ургамал нь хүртэл манай говийн ургамлууд. Жиуцюаньд говийн улаан гоёогоор яг коньяк шиг архи хийсэн байсан бөгөөд тэр нь даралт бууруулдаг юм байна билээ. Ганьсу мужийн төв Ланьжоу хот нь далайн түвшингээс 2000 гаруй метр өндөр учраас миний даралт өндөр байсан боловч говийн улаан гоёоны архинаас нэг хундага уусны дараа хэвийн болж байсан.

Монгол Улсаас БНХАУ–д суугаа ЭСЯ–ны элчин зөвлөх миний бие ЭСЯ-ны атташе С.Энхбаярын хамт 2003 оны 5 дугаар сарын 12–17–ны өдрүүдэд манай улстай хил залгаа БНХАУ–ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Оронд томилолтоор ажилласан нь бас л олон шинэ зүйлийг нээсэн .

ШУӨЗО-ны Ардын Засгийн газрын гадаад хэрэг эрхлэх газрын удирдлагатай уулзаж тус мужийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн байдал, төлөвийн талаар мэдээлэл авч, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцсон.

ШУӨЗО манай улстай өргөн уудам нутгаар хиллэлдэг, энэ чиглэлээр манай талаас Даян, Булган, Бургастай гэсэн хилийн гурван боомт ажилладаг. Манай улсын баруун таван аймаг энэ ӨЗО-той өргөн харилцаатай. Иймээс тус ӨЗО нь манай улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхол, боломж ихтэй.

ШУӨЗО–д нийтдээ 150 гаруй мянган монгол үндэстэн оршин суудаг бөгөөд тэд гол нь Урумч хот болон Баянгол, Ховог сайр, Бор тал гэсэн гурван монгол үндэстний өөртөө засах тойрог, аймгуудад байдаг ажээ.

Энэ удаа Монгол үндэстний  өөртөө засах тойрогт зочилж, монголчуудын амьдрал ахуйтай танилцсан нь сонин байлаа. Бид монголчууд оршин суудаг засаг захиргааны нэгжийн нэг болох Баянголын монгол үндэстний тойрогт зочилж, тойргийн удирдлагуудтай уулзан нутгийн монголчуудын амьдрал байдалтай газар дээр нь танилцсан юм.

Энэхүү тойрог нь их өвөрмөц байршилтай. Тэнгэр уулын өвөрт, Такла-Маканы их цөлийн хойд хэсэгт байрладаг. Байгалийн баялаг ихтэй, ШУӨЗО-ны газрын тос болон байгалийн хийн гол үйлдвэрлэгч учраас эдийн засгийн хүчин чадал сайтай, мөн газар тариалан ч сайн хөгжүүлсэн, Францаас усан үзмийн сорт авчирч тариалж байсан. Засаг захиргааны төв нь Хорол хот. Тус тойрог нь нэг сая гаруй хүн амтай, түүний 40000 гаруй нь монголчууд бөгөөд тэд үндсэндээ 4 хошуунд амьдардаг ажээ. Тэд голдуу торгуудууд бөгөөд 300 гаруй жилийн өмнө Ижил мөрнөөс буцан ирж, Баянгол гэдэг газарт амьдрах болсон юм байна. Хэдийгээр манай улсаас алс хол (Тэнгэр уулыг давж байж хүрч очно) оршдог боловч харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж ихтэй, хөрөнгө мөнгө сайтай тойрог юм. Бидэнтэй уулзсан уугуул монголчууд болон орон нутгийн удирдлагууд манай улстай харилцаа холбоо хөгжүүлэх их хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. 

Хятадын цөөнхи үндэстний өөртөө засах районуудад очиход намын дарга нь голдуу хань (хятад) үндэстэн байдаг. Харин энэ тойрогт Намын дарга, Хурлын дарга, Засгийн газрын дарга нар нь бүгд монгол үндэстэн байсан нь онцлогтой байлаа. Энэ нь бас нарийн учиртай ажээ. Хүн амын олонхи нь хятад, уйгар үндэстнүүд учраас хятад дарга тавихаар уйгарууд дургүй, уйгар дарга тавихаар хятадууд дургүй учраас монгол үндэстний дарга тавьдаг гэж ярьж байсан. Тэгээд ч Баянгол нь монгол үндэсний өөртөө засах тойрог нэртэй учраас монгол дарга тавих нь бас зохимжтой.

Тус тойргийн захиргааны нарийн бичгийн дарга Пүрэв биднийг дагалдан малчин монголчууд оршин суудаг Дөрвөд хошуунд очихоор явахад хошууны хурлын дарга нь бас дагалдан явсан юм. Тэд биднийг их халуун дотно хүлээн авсан. Малчин айлууд, монгол үндэстний сургуулиар орж танилцсан. Монгол сургууль нь монгол хэл, бүр тод үсэг үзэж байсан. Орой нь бидэнд зориулан зоог барьсан нь бүр ч сонирхолтой байлаа. Яг л манай хөдөөний айлын найр маягтай юм болсон. Байсхийгээд л нэг хүн орж ирж нэмэгдсээр өрөө дүүрэн хүн болсон. Сургуулийн захирал, эвлэлийн үүрийн дарга, захиргааны ажилтан гээд л орж ирээд байсан. Оройжин дуу дуулж найрласан. Тэд өөрсдөө торгуудаар ярих бөгөөд бидний монголоор ярьсанг сайн ойлгож байсан. Тэд монгол заншил, хэл соёлоо харьцангуй сайн хадгалж үлдсэн байна. Тэд манай улстай харилцах, жинхэнэ уугуул нутгаа үзэх хүсэл эрмэлзэл их байгаа нь мэдрэгдэж байсан.

Энэ нутаг хэдийгээр өндөрлөг газарт байдаг боловч байгалийн маш их үзэсгэлэнтэй, өвс ургамал нь тэгширсэн маш сайхан хөндий бөгөөд малчин хүмүүст нэн тохиромжтой нутаг байсан.

Хятадын хөгжлийн нэг од болсон эдийн засгийн онцгой бүс болох Шэньжэнь хотод 1991 онд анх удаа очих боломж надад тохиосон юм. Түүнээс хойш албан ажлаар болон хувиараа олон удаа очсон бөгөөд очих болгонд өөрчлөгдсөөр одоо Хонгконгоос нэг их ялгагдахгүй болсон байна.

Шэньжэнь хот нь БНХАУ-ын Гуандун мужийн өмнөд хэсэгт, Сянганы засаг захиргааны онцгой бүстэй хил залган оршдог. Шэньжэнь хот нь 1979 оны 3 дугаар сард байгуулагдсан бөгөөд 1980 оны 8 дугаар сард Эдийн засгийн онцгой бүс болгон байгуулсанаа зарласан. Тус хот 2020 хавтгай дөрвөлжин км нутагтай, 10 гаруй сая хүн амтай. 2008 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Шэньжэнь хот ЮНЕСКО-гийн дэлхийн бүтээлч хотуудын сүлжээний "Зохион бүтээгч хот" –оор шалгарсан нь Хятадын хувьд анхных байлаа.

Жижигхэн загасчны тосгоноос ийм том хотыг богинохон хугацаанд байгуулна гэдэг бол бас нэг гайхамшиг. Амжилтын гол үндэс нь ухаалаг зөв бодлого, түүнийгээ тууштай хэрэгжүүлсэн явдал гэж боддог. Одоо олон хүмүүс Шэньжэньд амьдарч Хонгконгод ажилладаг гэж надад ярьж байсан, яагаад гэвэл Шэньжэньд Хонгконгийг бодвол амьдралын өртөг хамаагүй хямд бөгөөд Шэньжэнь-Хонгконгийн хооронд зорчиход тун хялбархан учраас өглөө Хонгконг руу ажилдаа яваад оройд Шэньжэньд гэртээ буцаж ирдэг байна. Миний бие ч гэсэн Шэньжэньд зочид буудалд байрлаад өдөр нь Хонгконг гарч ажил хөөцөлдөөд оройд нь буцаж ирсэн удаа олон бий. Үнэндээ хилээр явган гараад л Хонгконгийн метрод суугаад хотын төв ордог юм.

Хятад Улс Дэн Сяопиний дэвшүүлсэн Хятадын онцлогтой социализм байгуулах бодлогын хүрээнд Тайвань, Хонконг, Макао зэрэг өндөр хөгжилтэй газруудтай хил залгаа нутагт Сямэнь, Шэньжэнь, Жухай гэдэг эдийн засгийн онцгой бүсүүдийг байгуулж хөгжүүлэсэн нь амжилт олсон билээ. Эдгээр бүсүүдийн онцлог нь гадаадынхан болон гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй, татварын нэн таатай хөнгөлөлттэй, харин Хятадын иргэд орж гарахад тусгай зөвшөөрөл шаарддаг,  хил, гаалийн тусгай зохицуулалттай байсанд оршино.

Хятадын томоохон хотуудаар явж байхад үсрэнгүй хөгжлийг хаа сайгүй харж болно. Би 80-90-ээд онд явж байсан Шанхай, Ханьжоу, Далянь, Хөх хот гэх мэт олон хотуудад 2000 оноос хойш дахин очиход танигдахын аргагүй өөрчлөгдсөн байлаа. Ингэж явахдаа эгэл жирийн иргэдээс төрийн янз бүрийн шатны удирдлагууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачидтай хүртэл уулзаж явсан, улс орны хөгжлийг дагаад хүмүүс ч их өөрчлөгдөж байгааг мэдэрсэн. 

Миний бие БОАО-гийн Азийн форумын (BOAO FORUM FOR ASIA) үндэсийг тавих үйл явцад оролцсондоо баяртай байдаг юм. Би ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал байхдаа БОАО-гийн форумыг байгуулах асуудлаар 2000 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд болсон эрдэмтэн мэргэжилтнүүдийн анхны хуралдаанд Монгол улсыг төлөөлж оролцсон юм. Үүний үр дүн нь Монгол улс тус форумыг үүсгэн байгуулагч 26 орны нэг болсон билээ. Швейцарийн Давосын Эдийн засгийн чуулга уулзалтын Азийн хувилбар гэгддэг БОАО-гийн форум нь Азийн орнуудын улс төр, бизнес эрхлэгчид, эдийн засагчид, судлаач эрдэмтдийн төлөөлөгчид оролцдог, Азийн орнуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бусад бүс нутагтай эдийн засгийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээг идэвхжүүлэх, эдийн засгийн төдийгүй нийгэм болон бусад асуудлаар албаныхан, бизнес эрхлэгчид, судлаач эрдэмтэд харилцан санал солилцох, холбоо харилцаагаа сайжруулах зорилготой чуулга уулзалт юм. Боаогийн уулзалтыг Boao Forum for Asia хэмээх ашгийн бус -Төрийн бус байгууллага 2001 оноос зохион байгуулж байгаа юм. Төв байр нь Хятадын Хайнань мужийн БОАО хэмээх газарт байрладаг. Дээд хэмжээний анхны уулзалт нь 2002 оны 4 дүгээр сард болсон бөгөөд манай улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, Сангийн сайд асан Н.Баяртсайхан нар оролцсон юм. Боаогийн жил тутмын чуулга уулзалт нь одоо Ази тивийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг чухал механизм болжээ. Одоо жил бүрийн чуулга уулзалтад нь манай улсаас ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайд нар оролцдог болоод байна.

Гадаадад суугаа Элчин сайдын яаманд ажиллах нь улс орноо төлөөлж байгаа учраас нэн хариуцлагатай ажил юм. Иймээс ОХУ, Франц, Англи зэрэг Европын өндөр хөгжилтэй, уламжлалт дипломат албатай,  дэлхий нийтийн бодлогыг тодорхойлоход оролцдог орнууд Элчин сайдын яамандаа зөвхөн мэргэжлийн дипломатуудыг ажиллуулдаг юм. Дипломат гэдэг нь нарийн мэргэжил, гадаадын түгээмэл хэл, яриа хэлэлцээний урлагийг сайн эзэмшсэн, олон улсын харилцаа, түүх, хуулийн тодорхой мэдлэгтэй, хэнтэй ч, ямар ч сэдвээр ярьж чаддаг хүмүүс байх ёстой. Сүүлийн жилүүдэд манай улсад энэхүү шалгуурыг үл тоомсорлон хэн дуртайгаа ЭСЯ-нд томилдог болсон нь харамсалтай. Ийм хүмүүс ЭСЯ-нд ажиллаж, хувийн эрх ашгийг дээгүүр тавьж, хэл аманд өртөж, олон нийтийн дунд дипломат албаны нэр хүндийг унагах явдал нэг биш удаа гарч байна. Гадаадад суугаа ЭСЯ-нд ажиллахад хариуцлагаас гадна амьдралын бэрхшээл ч багагүй байдаг. Ялангуяа дайн байлдаан, үймээн самуунтай оронд ажиллаж байгаа дипломатуудын хувьд  амь насанд нь ч халтай. Мөн халуун оронд ажиллахад монгол хүний хувьд тийм ч таатай бус байдаг.

Миний бие Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яаманд 3 удаа, тухайлбал 1981-1987 онд атташегаар, 1993-1997 онд зөвлөхөөр, 2001-2005 онд элчин зөвлөхөөр нийтдээ 14 жил ажилласан юм. Энэ хугацаанд миний бие янз бүрийн мэргэжлийн, янз бүрийн насны 6 элчин сайдтай хамтран ажиллаж, заримаас нь суралцаж, заримд нь зааж, зөвлөж, сургаж ирсэн билээ.

Бээжинд суугаа ЭСЯ байшин барилгынхаа хэмжээгээр ч, ажиллагсдын тоогоороо ч гадаадад суугаа манай ЭСЯ-даас Москвад суугаа ЭСЯ-ны дараа л орно. Бүгд нэг дор амьдарч, нэг байшинд ажилладаг болохоор олон хүний эв зүйг олж ажиллах явдал их чухал байдаг. ЭСЯ-ны хамт олон санаа сэтгэл нийлсэн эвсэг байвал ажил ч бүтэмжтэй, сэтгэл санаа ч өөдрөг ажиллахад урамтай байдаг.

1980-д онд тэнд ажиллаж байхад манай ЭСЯ-ны хамт олон зуны улиралд бараг л өдөр бүр гар бөмбөг тоглодог байж билээ. Тэр үед Бээжинд суугаа социалист орнуудын ЭСЯ-д хавар ялалтын баяраас эхлээд намар октябрын баяр хүртэл гар бөмбөгийн тэмцээн ээлжлэн зохион байгуулдаг байсан. Энэ нь бас нэг дипломат арга хэмжээ байсан учраас ЭСЯ-дууд их ач холбогдол өгдөг. Манай ЭСЯ-ны баг ч бас муугүй амжилт үзүүлдэг байсан, нэг удаа бүр 2 дугаар байр эзэлж байсан удаатай. Элчин сайдууд бас багынхаа бэлтгэлд их анхаарна. Элчин сайд Л.Чулуунбаатар гуай биднийг өглөө эрт босгож ажилд очихоос өмнө бэлтгэл хийлгэдэг, заримдаа өөрийн Чайка машиндаа суулгаад бусад ЭСЯ-нд очиж бэлтгэл хийлгэдэг байж билээ. Тэр хирээр ч манай баг амжилт гаргаж байсан. Бид зөвхөн социалист орнууд ч гэлтгүй бас Франц, Энэтхэг зэрэг өрнөдийн орны дипломатуудтай гар бөмбөг тоглодог байсан. Энэ нь нэг ёсны спортын дипломат юмдаа.  

Гадаадад суугаа дипломатууд ажлынхаа зэрэгцээгээр янз бүрийн клуб, нийгэмлэг байгуулж, мэдээлэл солилцож, хамтран ажилладаг. Бээжин хотноо 100 гаруй орны Элчин сайдын яам байдаг. Миний бие 80-90-ээд онд социалист орнуудын ЭСЯ-ны  элчин зөвлөхүүдийн клуб, эдийн засгийн клубд оролцдог байсан. Энэ бол янз бүрийн орны дипломатууд олсон мэдээллээ солилцож, зарим талаар бодлого, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулдаг аятайхан хэлбэр байлаа. Харин социалист систем задарсны дараагаар 2001-2005 оны үед Америк, Япон, Франц, Англи, Өмнөд Солонгос, Орос зэрэг өрнө, дорнодын 10 гаруй орны дипломатууд оролцсон улс төрийн зөвлөхүүдийн клубын үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож хамтран ажиллаж байсан. Энэ нь дипломатуудын судалгаа мэдээллийн ажилд ихээхэн тустай байдаг юм.

Мөн энэ үед Бээжинд ажиллаж байсан Бангладешийн ЭСЯ-ны элчин Масуд Маннаны санаачилгаар “Beijing Deputy Chief of Mission’s group” (Бээжингийн ЭСЯ-дын дэд тэргүүн нарын бүлэг) нэртэй нийгэмлэг байгуулахад идэвхтэй оролцсон. Манай бүлэг Хятадын сайд дарга нар, эрдэмтэн судлаачдыг урьж мэдээлэл авах, Хятадын орон нутгаар хамтран аялах, сургууль цэцэрлэгт буяны хандив өгөх зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг байсан. М.Манан маань маш их идэвхтэй хүн, ЭСЯ-нд идэвхи санаачилгатай ийм нэгэн байхад чухал ажил хийж болдогийн жишээ гэж бодож байна. Дипломатууд бол нүүдлийн шувуу адил 3-4 жил болоод явдаг, иймээс бидний дараагийн үе маань түүнийг үргэлжлүүлсэн эсэхийг мэдэхгүй байна.

Монголын хятад судлаачдын холбоо санаачлан байгуулав  

Хөрш улсууд бие биенээ сайн ойлгож мэдэх ёстой гэж би боддог. Үүнд хэвлэл мэдээлэл, сурталчлгаа чухал үүрэгтэй. Бие биенээ сайн мэдвэл харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэл, боломж улам нээгдэх юм.

 “Холын саднаас ойрын хөрш дээр” гэж хятадууд ярьдаг. Хятадын “Соёлын хувьсгалын” уршигаар манай хоёр орны харилцаа 20 гаруй жил тасалдсан, дээр нь үзэл суртлын дайсагнасан үйл ажиллагаа тасралтгүй явж ирсний улмаас Монгол, Хятадын ард түмэн бие биенээ зөв таньж мэдэх боломжгүй байсан билээ. Иймээс Хятадын бодит байдлыг Монголын ард түмэнд ойлгуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй юм байна гэж үзээд миний бие 1989 онд Монголын хятад судлаачдын холбоог санаачлан байгуулж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан билээ.

Монголд анх удаа төрийн бус ийм байгууллага байгуулагдаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг манай эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд дэмжиж манай холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан юм.  Манай холбоо “Арга билэг” нэртэй сонин гаргаж, Хятадын тухай, Монгол, Хятадын харилцааны тухай сонирхолтой мэдээ, материал нийтэлж байсан нь тухай үедээ олон нийтийн анхаарлыг татаж байсан юм.

Манай холбоо 1990 оны 10 дугаар сард  “БНХАУ-ын шинэтгэл, нээлтэй бодлогын үр дүн, туршлага” сэдвээр олон улсын хятад судлаачдын  эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан бөгөөд түүнд БНХАУ, ОХУ, Япон, Монгол зэрэг орны эрдэмтэд, судлаачид оролцсон нь манай орны хятад судлалын ажилд шинэ түлхэц өгсөн гэж боддог юм. Яг энэ үед Хятадын шинэчлэлийн бодлого дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан болохоор зөвхөн судлаачид төдийгүй улс төрийн хүрээнийхэн болон дипломатууд сонирхон оролцож байсан. Уг бага хуралд уригдан ирсэн гадаадын эрдэмтэн судлаачид олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьсан. Мөн манай эрдэм шинжилгээний байгууллагууд, нэртэй эрдэмтэд, хятад судлаачид ч идэвхтэй оролцож олон чухал сэдвээр илтгэл тавьсан билээ.

Мөн манай холбоо 1991 оны 8 дугаар сард “БНХАУ ба Ази, Номхон далайн бүс нутаг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хоёрдахь бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм. Манай холбооноос зохиосон олон улсын эрдэм шинжилгээний анхны бага хурал олон орны хятад судлаачдын анхаарлыг татаж, дэмжлэг хүлээсний тодорхой илрэл бол хоёрдахь уулзалтад оролцогчдын хүрээ, тоо улам өргөжсөн явдал юм. Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд  өмнөх хуралд оролцсон БНХАУ, ОХУ, Япон, Монголоос гадна АНУ, Англи, Францын эрдэмтэд судлаачид оролцож, олон чухал, сонирхолтой илтгэлүүд тавьсан билээ. Энэ хурлын онцлог нь өрнөдийн орны судлаачид, эрдэмтэд хятад судлалын асуудлаар анх удаа Улаанбаатар хотноо чуулсан явдал байлаа.

Манай холбоо хоёрхон жилийн хугацаанд олон орны хятад судлалын төв, нийгэмлэг, эрдэмтэд судлаачидтай холбоо тогтоогоод байсан билээ. Үүний зэрэгцээ Хятадын уламжлалт Ушү (гар зодооны урлаг), Цигүний ( амьсгалын хүч гэсэн үг) тоглолтыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж, хоёр талын бизнес эрхлэгчдийг уулзуулах ажлыг санаачлан хийж байлаа.  Харамсалтай нь намайг гадаадад ЭСЯ-нд ажиллахаар явсан хойно манай залгамжлагчид дээрхи сайхан эхлэлүүдийг үргэлжлүүлж чадаагүй юмаа.

Энэ удаа миний бие Монгол, Хятадын харилцаанд оролцсон олон талт үйл ажиллагааныхаа зөвхөн зарим онцлог хэсгийг дурсан бичлээ. Гэвч энд дурдсан зүйлүүд миний Монгол, Хятадын харилцаанд оролцсон оролцоог ямар нэг хэмжээгээр харуулна гэж найдаж байна. Энэ нь Монгол, Хятадын харилцаа миний амьдралтай салшгүй холбоотой явж ирсний илрэл юм.


Монгол Улсын дипломат албанд зүтгэсэн он жилүүд №3

Монгол улсын дипломат албанд зүтгэж эхлэв

Миний бие 1978 онд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг төгсөөд   ГХЯ-нд ажиллаж эхэлсэн. 1978 оны 7 дугаар сараас ГХЯ-ны Гуравдугаар хэлтэс (Азийн орнуудтай харилцах асуудал хариуцсан)-т дэд атташегаар томилогдон ажилласан. Миний бие тус хэлтэст Хятадын асуудлыг хариуцан ахмад дипломат Ө.Гүрсэдийн хамт ажилласан. Ө.Гүрсэд гуай олон жил Монгол, Хятадын харилцааны асуудлыг хариуцан ажилласан, тухайн үедээ Хятадын чиглэлээр мэргэжсэн гол хүний нэг гэж үздэг байсан.

Тэр үед дэд атташе гэдэг албан тушаал байсан, одоо байхгүй болсон. Шинэхэн дипломат миний хувьд маш өндөр шаардлагатай сайд, дарга нар болон ахмад дипломатуудаасаа их зүйл сурч мэдсэн. Тэр үед шаардлага өндөр байсны зөвхөн нэг жишээ гэхэд уулзалтын тэмдэглэлийг 24 цагийн дотор гаргаж өгөх ёстой байсан. Уулзалтын тэмдэглэлээ цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй бол зэмлэл хүртэнэ.  

Тэр үед ГХЯ бараг бүх баримт бичгээ орос хэлээр бэлтгэдэг байлаа. Яагаад гэвэл Ю.Цэдэнбал дарга баримт бичгүүдийг орос хэлээр үзэж танилцдаг байсан юм. Иймээс хүссэн ч хүсээгүй ч орос хэлээр баримт бичиг боловсруулж сурах, орос хэлээ сайжруулах асуудал тэргүүн зэрэгт тавигдаж байсан.

Монгол, Хятад хоёр улс мөнхийн хөршүүд билээ. Хоёр орны харилцааны туулсан түүхэн зам дардан биш, сайн ч үе, саарч үе аль аль нь байсан. Хятадын “Соёлын хувьсгалын” үеэс эрс муудсан хоёр орны харилцаа  өнгөрсөн зууны 80-аад оноос дахин сэргэж эхэлсэн юм. Энэ нь хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх үйлст биечлэн оролцох боломжийг надад олгосон гэж боддог.

Миний бие 1978 онд Москвагийн ОУХДС-ийг төгсөөд ГХЯ-нд ажиллаж эхэлсэн үе маань Монгол, Хятадын харилцаа хэвийн болох үйл явц эхлэх үетэй давхцсан юм.

ГХЯ-ны Азийн газарт ажиллаад тун удаагүй байтал БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар Мэн Ин гэдэг эрхэм томилогдон ирж, АИХТ-ийн дарга Ю.Цэдэнбалд итгэмжлэх жуух бичгээ барьсан билээ. Миний бие ахмад дипломат Ө.Гүрсэдийн хамт итгэмжлэх жуух бичиг барих ёслолд оролцож, уулзалтын тэмдэглэл хийсэн нь өндөр дээд хэмжээний уулзалтад анх удаа оролцож, дипломат албаны үйл ажиллагааны эхлэлээ тавьсан дурсгалтай мөч байлаа. Түүнээс хойш Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд 3 удаа томилогдон 14 жил ажилласны зэрэгцээ ГХЯ-нд Хөрш орнуудын газрын захирлаар хоёр удаа томилогдон нийтдээ ЭСЯ болон ГХЯ-нд 30 гаруй жил Монгол, Хятадын харилцааны асуудлыг хариуцан ажиллаж, хоёр орны харилцааны олон чухал үйл явдлын бодит гэрч болсон юм. Надтай нэгэн үед Монгол, Хятадын харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан хятадын дипломатуудыг манай улсын төр засгаас наад зах нь “Найрамдал” медаль,  цаад зах нь “Алтан гадас” одонгоор шагнасан юм. 

       Дипломат албанд орсноос хойш 1980 онд анх удаа ГХЯ-ны дэд сайд С.Дамбадаржааг дагалдан ЗХУ, БНАГУ-д айлчилсан нь албан ёсны айлчлал гэж юу байдгийг надад ойлгуулсан юм.Биднийг Москвад хүрэлцэн очиход ЗХУ-ын ГХЯ-ны дэд сайд Капица  Михаил Степанович  албан ёсоор хүлээн авч уулзаж, Хятадын талаар ямар бодлого баримтлахыг заан зөвлөж, ЗХУ-ын ГХЯ-ны сайдын зөвлөлийн хурал хийдэг танхимд оруулж өөрийн суудаг байрыг зааж үзүүлж байсан.   ЗХУ-ын ГХЯ-ны сайдын зөвлөлийн хуралдааны танхим нь тэр үед надад үнэхээр гайхалтай сэтгэгдэл төрүүлж байсан. Дараа нь Капица М.С. биднийг ГХЯ-ны харьяа “Мышерин” гэдэг амралтын газарт аваачиж, орос саунд оруулж оройн зоог барьсан юм. Капица М.С. бол тэр үед Хятадын асуудлыг хариуцдаг Зөвлөлтийн гол мэргэжилтэнд тооцогддог байлаа. Бид ОУХДС-д суралцаж байхдаа түүний бичсэн Хятадын тухай “Гурван 10 жил, гурван бодлого” гэдэг номыг бараг сурах бичиг шиг судалдаг байлаа.  Зөвлөлт, Хятадын харилцаа сайжирвал би энэ номоо шатаана гэж ярьсан тухай тэр үеийн оросын дипломатууд надад ярьж байсан, бодвол харилцаа сайжирсан юм чинь түүнийгээ шатаасан биздээ. Үнэндээ ч тэр номыг одоо үзвэл ёстой ийм харилцаатай байсан юмуу гэж бодох биз.  Гэхдээ түүх бол түүх шүүдээ. Тэр үеийн Монгол, Хятадын харилцаа ямар байсныг одоогийн залуучууд ч огт төсөөлөхгүй байгаа.

       Дараа нь бид БНАГУ-д айлчилсан нь сонирхолтой байлаа. Ардчилсан Герман Улс тэр үедээ социалист орнуудынхаа дотор хөгжилтэй орных нь нэг байлаа. Биднийг Германы Намын Төв Хорооны тусгай байранд буулгасан бөгөөд тэр нь тухайн үеийн баруун Берлинтэй ойр байсан юм байлгүй би лав шөнө дөл болтол баруун Берлиний телевиз үзэж байсан. Үнэндээ тэр үе хүртэл би хөрөнгөтөн орны телевиз үзэж байгаагүй болохоор их сонирхолтой байсан. Германий албаны хүмүүс бидэнд Берлиний хананы музейг үзүүлж, ханыг хэрхэн барьсан, яаж хамгаалдаг, ямар зөрчил гардгийг тодорхой танилцуулж, дурангаар баруун Берлинийг харуулж байсан. Берлингийн хана гэдэг нь Баруун Берлин, Зүүн Берлин хоёрыг тусгаарласан, тухайн үедээ социализм, капитализм хоёрыг тусгаарлаж байсан 45 км урт, 3.6 метр өндөр бетон хана бөгөөд түүнийг 1961 оны 9 дүгээр сард 10-хан хоногийн дотор барьсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Баруун, Зүүн хоёр Герман нэгдсэнээр түүнийг 1990 оны нэгдүгээр сард албан ёсоор нураасан юм. Одоо бодоход миний бие Берлиний хана гэж юу байсанг үзсэн бас л нэг   түүхийн гэрч юмдаа. Одоогийн олонхи немцүүд Берлингийн хана гэж юу байсныг мэдэхгүй шүүдээ.

Бас нэг сонин дурсамж гэвэл герман хүн үнэгүй юманд нугасгүй гэдэг нь тэр үед харагдаж байсан. Би өрөөний хөргөгчинд байсан бүх ундааны зүйлийг онгойлгоод үлдээхэд өдөр ирэхэд бүгдийг нь шинээр тавьдаг байсан. Өглөөний цайны үеэр гэхэд л цагаан архи, коньяк, вино онгойлгоод орхидог, би уухгүй, дэд сайд маань настай хүн болохоор  бас уухгүй, гэтэл түүний нууцыг би нэг орой санамсаргүй мэдсэн юм. Хоёр давхар хауст зөвхөн бид байсан болохоор орой хүмүүс шуугиад байхаар нь би гайхаад бууж харсан чинь биднийг дагалдаж яваа немцүүд маань бидний өглөө, өдрийн онгойлгосон зүйлээр маань найрлаж байдаг байгаа. Гэхдээ одоо өөр болсон байх шүү.

Тэр үед Хятад, социалист орнуудын харилцаа муу байсан болохоор ЗХУ тэргүүтэй социалист орнууд Хятадын талаар уялдуулан зохицуулсан бодлого, үйл ажиллагаа явуулдаг байлаа. Миний хувьд 1980 оны 10 дугаар сард Болгар улсад зохион байгуулсан тийм нэг хуралд оролцсон юм. Социалист орнууд “Интеркит” нэртэй энэхүү хурлыг ихэд нууцалдаг байсан болохоор зохион байгуулагч орон уг хурлыг нийслэлээс ихээхэн хол зайтай нэгэн тусгай амралтын газарт зохион байгуулж байсан. Энэ хуралд социалист орнуудын Намын Төв Хороо, ГХЯ-ны ажилтнууд голлон оролцдог байсан. Орон болгон Хятадтай харилцах талаар юу хийж байгаагаа илтгэж, цаашид хэрхэн ажиллахаа зөвлөлдөж, тусгай товхимол гаргаж түүнийгээ мөрдөж ажилладаг байсан. Миний хувьд хурлаар хэлэлцсэн асуудлаас илүүтэй олон улсын хуралд анх удаа оролцсон, Болгар улсад анх удаа очиж үзсэн нь дурсгалтай байлаа. Тэр үед надад энгийн нэгэн болгар айлд зочлох завшаан тохиосон бөгөөд тэр айл хашаандаа тарьсан нэг алимны модноос жилийн хэрэгцээгээ хангадаг гэж ярьж байсан нь миний санаанаас гардаггүй юм. Гэтэл бид 1-2 кг алим авах гэж хичнээн юм болдог байлаа. Түүнээс хойш би Болгар улсад дахиж очоогүй. 

       Үнэндээ 70-80-д онд Монгол, Хятадын харилцаанд ажиллахад хүнд байсан. Бүх юманд л ямар нэг хардлага төрдөг. Би Хятадын элчин сайдыг дагалдан Сэлэнгэ аймагт явах боломж тохиосон юм. Анх удаа хятад хүнтэй ойр дотно харилцаж үзсэн маань тэр. Элчин сайд Мэн Ин гэргийтэйгээ хамт явсан юм. Хөдөө замдаа буудаллаж, биднийг урьд нь үзэж байгаагүй хоол цайгаар дайлахад нь их л сэжиглэнгүй хүртэж байсан юм. Үнэндээ хятадын юм гэхээр л айдаг байлаа шүүдээ. Бидэнд тэгж л ойлгуулсан байсан юм. Гэтэл бид Хятадын элчин сайдтай хөдөө яваад дайсагнасан нэг ч юм олж хараагүй л юмдаа. Түүнээс хойш Мэн Ин гуайтай олон удаа уулзсан. Мэн Ин гуай олон жил Хятад, Монголын найрамдлын нийгэмлэгийн даргаар ажилласан. Тэрээр 90 гаруй настай байхдаа манай Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийг Бээжин хотод хүлээн авч уулзаж байсан. Миний бие МХНН-ийн орлогч даргын хувьд төлөөлөгчдийг тэргүүлж очсон юм. 

Монгол, Хятадын харилцаа хэвийн болоход олон хүчин зүйл нөлөөлсөн юм. Гэхдээ хамгийн гол зүйл нь ЗХУ, Хятадын харилцаа хэвийн болсон явдал. Бид чинь Зөвлөлт ахынхаа үгийг л дагаж байсан үе шүүдээ. Монгол, Хятадын харилцаа хэвийн болох үйл явцад олон хүний хүч хөдөлмөр шингэсэн, түүнийг хойч үеийн залуучууд мэдэхгүй байж магад, иймээс өөрийн биеэр оролцож ирсэн зарим зүйлийг дурсамж болгон бичиж байна. 


Монгол Улсын дипломат албанд зүтгэсэн он жилүүд №2

Хятадын нутагт анх хөл тавьсан минь

Миний Хятадын нутагт анх хөл тавьсан минь сонин. 1977 оны 7 дугаар сард Москвагийн ОУХДС-ын 4 дүгээр курс төгсөөд Хилийн чандад дадлага хийхээр хамт сурагч Б.Баасансүрэнгийн хамт галт тэргээр Хятадын хилийг нэвтэрсэн юм. Монгол, Хятадын хилийг давмагц хөх, ногоон хувцастай хүмүүс бужигналдаад сонин харагдаж байсан. Тэр үед Эрээн хот одоогийнх шиг байсангүй, нэг гудамж, нэг дэлгүүр, нэг эмийн сан, нэг жижигхэн зочид буудалтай л байлаа. Бид галт тэргэний дугуй солихыг хүлээж 2-3 цаг болдог байлаа. Олонтоо сонсож байсан алдарт Бээжин хотыг үзэх гэж яарсан бидэнд цаг хугацаа зогссон мэт санагдаж байсан.

Бээжин хотод хүрэлцэн ирэхэд хэдийгээр ЭСЯ-ны нөхөд маань угтаж авсан ч гэсэн түм түжигнэсэн бум бужигнасан Бээжингийн галт тэргэний буудалд буухад үнэхээр сонин байсан. ЭСЯ-ны угтаж авсан нөхдөөсөө хоцрохгүй, төөрчихгүй юмсан гэсэн ганцхан бодолтой л явж байлаа. Гэвч Бээжингийн галт тэргэний буудалд хэд хэдэн удаа орж гарсны дараа тийм ч хэцүү газар биш байсанг ойлгосон билээ.

1970–аад оны сүүлч үе бол Хятад Улс олон жил үргэлжилсан “ Соёлын хувьсгал” гэгчийн гамшигаас дөнгөж салж байсан, хатуу чанд дэг журамтай, угийн хөдөлмөрч хятадын ард түмэн улс орноо хөгжүүлэх шинэ замд гарч байсан үе юм. Гадаад ертөнцөд ерөнхийдөө хаалтай байсан учраас гадаадын хүмүүс ч харьцангуй цөөхөн байлаа. Иймээс нийтийн автобусаар зорчиж явахад гадаадын хүн гэж мэдвэл настай хүн хүртэл суудал тавьж өгч  санаа зовоодог байсан.

Үнэндээ гадаадынханд зориулсан “Найрамдал” дэлгүүр,  “Олон улсын клуб” гэсэн хоёр газар л байсан. Тэр үед Хятадад хулгай гэж юм огт байсангүй, дэлгүүрт худалдаж авсан юмаа лангуу дээр нь мартчихаад маргааш нь яваад очиход байж л байдаг байсан. Үнэндээ 70-аад онд Хятад орон хөх, ногоон зонхилсон хоёр өнгөтэй, усны урсгал шиг хөвөрсөн дугуйчидтай байсан. Ийм улсыг асар богинохон хугацаанд өөрчилж чадсан нь хятадын удирдагч Дэн Сяопины уран ухаан, цэгцтэй тууштай бодлого байсан юм.

Биднийг тэнд байхад Хятадад нэг онцгой үйл явдал болсон билээ. “Дөрвийн бүлэг” гэгчийг бут цохиж Хуа Гуафэн төрийн дээд албанд гарч ирсэн. Нэгэн орой тэр үед түр хамаарагч хийж байсан зөвлөх Нямсүрэн Зөвлөлтийн ЭСЯ-наас яаран сандран ирээд биднийг цуглуулж, “За одоо маш чухал үйл явдал болох гэж байна, телевизийн мэдээ үз, дараа нь хэрхэн ажиллахаа шийднэ” гэсэн. Үнэхээр телевизийн мэдээгээр Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ш бүгд хурал хуралдаж, Хуа Гуофэн тэргүүтэй шинэ удирдлага сонгосон тухай дөнгөж зарласны дараа л гудамжаар дүүрэн жагсаал болж, салют буудаж бараг л дайн болж байгаа юм шиг болсон. Нямсүрэн зөвлөх биднийг 2 хувааж, гадуур явж ажиглалт хийх үүрэг өгсөн. Би ЭСЯ-ны атташе Чулуунбаатарын хамт ЭСЯ-ны “жигули” машинаар гарч төв гудамжаар явж их сургуулийн орчмоор очоод орж ирсэн. Замдаа гудамжинд хадсан, жагсагчдын барьж яваа туг лоозонгийн зургийг авч ирсэн. Үнэхээр гайхалтай, тэр олон мянган хүн гудамжид гарч жагсаад хэний төлөө юу хийж байгаагаа бүрэн ухамсарласан гэхэд би итгэдэггүй. Гэхдээ тийм жагсаал болсныг би өөрийн биеэр үзсэн юм. 7 дугаар сарын Бээжингийн халуунд машиныхаа цонхыг хаачихаад жагсаал дундуур явахад ямар хэцүү байсан гэж бодно, цонх онгойлгож болохгүй цонхоор янз бүрийн юм шидэж магадгүй гээд хөлсөө гоожуулаад явж байж билээ. Одоо бодоход үнэхээр айж явсан,  тэр олон мянган хүний удирдлагагүй жагсаал дундуур дипломат номертой машиныхаа хүчээр л явж гарч ирсэн, харин хаа очиж жагсагчид дипломат номертой машинд халдаагүй юм.

“Дөрвийн бүлэг” гэж юу байсныг тайлбарлах хэрэгтэй байх. Мао Зэдуны гэргий Цянь Цин нарын дөрвөн хүн засгийн эрхийг авах гэж оролдсон гэж тухайн үед тайлбарласан, тэгээд тэднийг илрүүлэн баривчилж, Хуа Гофэн тэргүүтэй удирдлага Хятадад гарч ирсэн юм билээ.  “Дөрвийн бүлэг” гэдэгт маршал Линь Бяо (Онгоцтойгоо зугатаж яваад Монголын нутагт осолдож нас барсан гэж Хятадад үздэг), Цянь Цин (Мао Зэдуны гэргий), Ван Хунвэнь, Яо Вэньюань нар оролцсон ажээ. Тэд зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дан залуучуудаас бүрдсэн “Улаан хамгаалагчид”-ыг ашигласан бөгөөд түүний улмаас хэдэн арван сая хүн хэлмэгдсэнээс хэдэн сая нь нас барсан юм. Залуучуудын дунд Маог агуу удирдагч хэмээн тахин шүтэх үзэл хүчээ авч түүний бичсэн “Мао удирдагчийн бодол” хэмээх бяцхан улаан ном хятад айл бүрт байх болсон. Тэр үед маш олон эрдэмтэн мэргэдийг хөдөө тосгод руу “хүмүүжүүлэхээр” цөлсөн бөгөөд улмаар улаан хамгаалагчдын хорлон сүйтгэх ажиллагаа хяналтаас гарч эхэлсэн учраас тэднийг хязгаарлан зогсоох арга хэмжээ авсан юм. 1969 онд Мао Зэдун “Соёлын хувьсгал” дууссаныг зарласан боловч үнэн хэрэгтээ энэ нь түүнийг нас барж, “ Дөрвийн бүлгийнхэн” хоригдсоноор дууссан юм. 1978 оны 12 дугаар сард хуралдсан ХКН–ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал ”Соёлын хувьсгал”–ыг эрс буруушааж, социалист шинэчлэлийг дөрвөн гол салбарт хийж Хятадын онцлогтой социалист нийгэм байгуулах зорилт дэвшүүлсэн билээ.

Тэнд дадлага хийх 6 сарын хугацаанд эртний аугаа их соёлтой Хятад орны зах зухаас нь л мэдэрч ирсэн. ЭСЯ биднийг бололцооныхоо хирээр Хятадын түүх соёлын дурсгалуудтай танилцуулж байсан. Түүний дотор Монголын түүхтэй холбоотой олон зүйлийг үзэж танилцсан. Тэр үед тэдгээр түүх дурсгалын зүйл үндсэндээ түүхэн дүр төрхөөрөө байсан юм шиг санагддаг, харин одоо олон зүйл нь шинэ өнгө төрхтэй болсон байгаа юм.

Хятадад анх удаа очсон надад сонирхолтой зүйл олон болж байсан. Тэр болгоныг бичиж нурших хэрэггүй болов уу. Зөвхөн нэг зүйлийг дурдахад нэг удаа элчин сайд намайг Лаосын намын төлөөлөгчдийг угтаж Бээжин зочид буудалд буулгаад хоол өгөөд ир гээд явуулсан юм. Тэр үед бид чинь Лаосдаа ах нь байсан болохоор бүх зардлыг нь манайх хариуцах ёстой. Би зочдыг буудалд байрлуулаад дараа нь хоол өгөхөөр ресторанд орсон юм. Хоёр зочинтой гурвуулаа. Хамт суугаад хоолны цэсийг нь харсан, ойлгох юм нэг ч алга. Би чинь бас Москвад 4 жил хятад хэл үзсэн ухаантай. Гэхдээ би урьд нь хятадын рестораны хоолны цэс хэзээ ч харж байгаагүй. Хятад хоолны цэс манайхаас огт өөр, орцыг нь биш их гоёо нэр өгч бичдэг, тэгээд мах гэсэн ханз орсон болгоноос нилээн хэдийг захиалаад сууж байтал ганцхан шарсан банш ирдэг юм байна. Гурван хүний дунд нэг банш. Би л хоолныхоо цэсийг ойлгохгүйгээс тэгж захисан юм билээ. Ер нь Хятадад хоолоо мэдэхгүй бол юу ч захиж болно шүү гэдгийг хэлэх гэсэн юмаа.  

Хятадад өнгөрүүлсэн зургаан сар ямар ч байсан миний хятад хэлний мэдлэгт ахиц гаргасан гэж боддог. Орчинд нь байсан болохоор сонсох чадвар сайжирч, ярианы бага зэргийн дадлагатай болсон нь сургуулиа амжилттай төгсөхөд тус болсон.

Монгол Улсын дипломат албанд зүтгэсэн он жилүүд №1

Дипломат болох ховорхон аз тохиосон юм

Алтай хотын төвийн 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг 1972 онд онц дүнтэй төгсөөд МУИС-ийн орос хэлний нэгдүгээр дамжаанд суралцаж байтал нэг өдөр ГХЯ-ны Боловсон хүчний хэлтсээс дуудаж уулзаад “Өөрийг чинь ГХЯ-ны нэр дээр Болгар улсад сургуульд явуулах саналтай байна, татгалзах зүйл байна уу” гэж асуулаа. Надад ч татгалзах зүйл юу байх билээ,  шууд л бичиг баримт бүрдүүлэх, эрүүл мэндийн үзлэгт орох гээд бэлтгэл ажилдаа орсон юм. Гол нь сурлага сахилга сайтай, хөдөөгийн малчны хүүхэд гэдгээр сонгогдсон юм билээ. Хожим сонсвол Ю.Цэдэнбал дарга “Дипломат албанд бэлтгэх сургуульд хөдөөний хүүхдүүд явуул” гэж ГХЯ-нд үүрэг өгсөн байжээ. 

Надтай хамт бэлтгэлд орсон 10-аад хүүхдүүд бүгд л ажилчин, малчны хүүхдүүд байсан. Иймээс миний дипломат албанд орсон нь азтай тохиолдол байжээ гэж боддог юм. Ингээд бүх бэлтгэлийг хангасны дараа ГХЯ-наас 14 хоногийн чөлөө өгч хөдөө байгаа эцэг эхтэйгээ уулзаад ир гээд явуулсан юм. Хөдөө гэртээ хоёр долоо хоноод буцаж ирвэл миний Болгар явах хуваарийг Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн хуваариар сольсон байлаа. Миний оронд Болгарт суралцах болсон хүн маань Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд (ОУХДС ) суралцахад нас нь хэтэрсэн байжээ. Тэрээр тухайн үеийн ГХЯ-ны дэд сайдын хүргэн байсан юм. Би уг нь тохирсон ёсоор Болгарт сургуульд явах хүсэлтэй байгаагаа хэлсэн боловч дээр дурдсан шалтгааныг тайлбарлаад зөвшөөрөөгүй юм. Гэхдээ би Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд сурсандаа огтхон ч харамсдаггүй .

Москвагийн ОУХДС тухайн үедээ социалист орнуудын дипломатуудыг бэлтгэдэг цорын ганц сургууль байсан. Сургалтын шахуу програмтай, өндөр шаардлагатай, олон улсын тавцанд нэр хүндтэй сургууль байлаа. Оюутнууд гадаадын хоёр хэл заавал үзэх бөгөөд орос хэлийг ажлын хэл гэж үздэг байсан учраас гадаадын оюутнууд бид гурван гадаад хэлийг зэрэг үзэж, ЗХУ-ын болон дэлхийн түүх, олон улсын харилцаа, олон улсын эрх, гүн ухаан гэх мэт нийгмийн шинжлэх ухааны бүх л чиглэлийг судалж байсан учраас өглөөнөөс шөнө дөл хүртэл завгүй суралцахад хүрч байлаа. 

Харин дипломат албанд гарсны дараа гадаадын аль ч оронд ажилласан, эсвэл олон улсын хурал, арга хэмжээнд оролцож явахад манай сургуулийг төгсөгчид байнга тааралдаж байсан нь ямар чухал сургууль болохыг харуулсан үзүүлэлт гэж боддог юм. 

Нэг сонин зүйлийг дурсахад намайг 1981-1987 онд Бээжинд суугаа ЭСЯ-ндаа ажиллах хугацаанд яг надтай хамт нэг ангид хятад хэл үзсэн янз бүрийн орны дипломатууд, тухайлбал ОХУ-ын 3 дипломат, Герман, Унгар, Болгарын дипломатууд мөн тус тусынхаа ЭСЯ-нд хүрэлцэн ирж хамт ажилласан явдал юм. Бид яг л оюутан байсан шигээ байнга уулзаж бие биенийхээ ажилд тусалж байсны зэрэгцээ гэр бүлээрээ уулзаж, баяр ёслолоо хамтран тэмдэглэж цаг хугацаагаа хөгжилттэй өнгөрүүлж байсныг мартах аргагүй. Одоо ч гэсэн ОХУ-аас Монголд суугаа элчин сайд Азизов Искандер Кубарович мөн л надтай хамт 5 жил нэг ангид хятад хэл үзсэн хүн, миний нэг ангийн нөхөр маань манай улсад элчин сайдаар ажиллаж байгаад би бахархаж байна. 

Би 1990-1991 онд ОХУ-ын дипломатын академид суралцсан юм. Хоёр жилийн сургалтын хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд сурч улаан дипломтай төгссөн. Уг нь дэд эрдэмтний зэрэг хамгаалахаар бэлтгэж байсан боловч зах зээлийн харилцаанд шилжсэн учир хөрөнгө мөнгөний бололцоогүй байдлаас шалтгаалан хэрэгжүүлж чадаагүй юм. Тэр үед ОХУ-д эдийн засгийн хямрал нүүрлэсэн, гол гол хүнсний бараа картанд орсон үе байсан.  Монголд амьдрал бүр ч хүнд байсан.  Гэвч сургуулиа амжилттай төгсч чадсан.

Дипломатын академид хамт суралцаж байсан нөхөдтэйгээ хожим дахин уулзаж хамтран ажиллах боломж бас гарсан юм. Намайг Казакстан улсад элчин сайдаар ажиллах үед надтай Дипломатын академид хамт суралцсан К.Токаев БНКазахстан Улсын Сенат (Парламентын дээд танхим)-ын даргаар ажиллаж байсан бөгөөд миний ажилд бас их дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Мөн хамт суралцаж байсан Айтжан Айдашев Казакстанаас БНТажикстан Улсад суугаа Элчин сайдын Яаманд элчин зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд намайг Тажикстан улсад очих бүрд уулзаж бүх талаар туслаж байсан билээ. Ер нь дипломатууд нэг орноос нөгөө оронд нүүдлийн шувуу шиг явдаг хүмүүс шүү дээ.

khayur2013@gmail.com

Google Sites
Report abuse
Page details
Page updated
Google Sites
Report abuse