2021 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойгоо тэмдэглэв. Энэ өдөр нь Монгол улсын анхны 5 яам байгууллагдсан өдөртэй давхцаж байгаа бөгөөд миний бие насаараа ажилласан Гадаад харилцааны яамны 110 жилийн ой бас боллоо. Энэ ойн үеэр Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан нь миний амьдралын бас нэг тэмдэглэлт үйл явдал боллоо.
Миний бие энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол телевизийн "Өглөө" хөтөлбөрт оролцож, тусгаар тогтнолын тухай өөрийн бодол саналаа ярьсан юм.
Монгол, Орос, Хятадын гурван талын яриа хэлэлцээний механизм бий болгох асуудал олон жилийн өмнөөс яригдаж ирсэн. Ийм механизм байгуулах саналыг манай улс 1994 онд хоёр хөрш улсад тавьж, урагшлуулах чиглэлээр идэвхтэй ажилласан боловч тодорхой дэмжлэг аваагүйн улмаас үр дүнд хүрээгүй байна. 1998 оноос оросын тал, үүний дараа хятадын тал асуудлыг өөрсдөө санаачилан ярих болсон. 2004 онд ОХУ-ын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад, манай Гадаад хэргийн сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр асуудлыг тодорхой ярилцаж, Гадаад хэргийн яамдын газрын захирлын төвшинд албан бус уулзалт хийж байхаар тохирсон юм.
Миний бие ГХЯ-ны Хөрш орнуудын захирлын хувиар гурван талын энэхүү зөвлөлдөх уулзалтын эхний 4 уулзалтыг зохион байгуулж оролцсон бөгөөд энэ тухай товчхон өгүүлье.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн яамдын газрын захирал нарын анхны зөвлөлдөх уулзалт 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо болсон. Харилцан тохиролцсоны дагуу тус уулзалтыг гурван орны аль нэгэнд ээлжлэн хийж байхаар тохирсон бөгөөд Зөвлөлдөх уулзалтын дүнгээр баримт бичиг гаргахгүй, аман тохиролцоо хийж, түүнийгээ тус бүрийн ГХЯ-дын удирдлага болон Засгийн газартаа танилцуулж хэрэгжүүлж байхаар болсон юм.
Зөвлөлдөх уулзалтын үйл ажиллагааны зарчим нь нээлттэй, эрх тэгш байх, харилцан итгэсэн, бие биеэ хүндэтгэсэн, бие биенийхээ ашиг сонирхлыг харгалзан үзсэн, гуравдагч орнуудын эсрэг чиглэхгүй байхаар тохиролцсон билээ.
Хоёр дахь удаагийн уулзалтыг 2006 оны 9 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод зохион явуулсан. Уулзалтыг заавал нийслэл хотуудад биш гурван улсын бүс нутгуудад зохион байгуулах санаачилыг Монгол Улсад сууж байсан элчин сайд Говорин гаргасан бөгөөд монгол, хятадын талууд дэмжсэн учраас Эрхүү хот, тухайлан байгаль нуурт усан онгоц дээр хийсэн юм.
Энэхүү уулзалтын үеэр манай орнуудын хооронд хоёр талын харилцаа өргөжин, түншлэлийн төвшинд хүрсэн, олон улсын харилцаанд, түүний дотор бүс нутгийн хэмжээнд олон талт харилцан ажиллагаа идэвхжиж байгаа нийтлэг хандлагын хүрээнд ийм зөвлөлдөх уулзалт хийж байх нь зүйтэй бөгөөд ашигтай гэж талууд онцлон тэмдэглэж байлаа. Гурван талын уулзалт нь манай орнуудын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шаардлагагүй өрсөлдөөнөөс зайлсхийх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж талууд санал нэгтэй үзсэн.
Зөвлөлдөх уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, авто болон төмөр зам, мэдээллийн технологи, эрчим хүчний салбарт хамтран ажиллах, байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшиг, хүн, малын халдварт өвчинтэй хамтын хүчээр тэмцэх, урдчилан сэргийлэх, аялал жуулчлалын нэгдсэн маршрут байгуулах, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хил дамнасан гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх зэрэг асуудлыг хэлэлцэж байхаар тохирсон.
Гуравдахь удаагийн зөвлөлдөх уулзалт нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод 2007 оны 7 дугаар сарын18-ны өдөр болсон. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтын үеэр өнөөгийн даяаршил, бүс нутгийн интеграцчлалын нөхцөлд гурван талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх салбаруудын талаар ярилцсан. Мөн хамтын ажиллагааны нөөц боломжуудыг илрүүлэн ашиглах, түүний цаашдын хөгжилд түлхэц үзүүлэх боломжийн талаар хэлэлцсэн. Тухайлбал, аялал жуулчлалын нэгдсэн маршрут гаргах, хувийн компаниуд хоорондын харилцааг хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд хувийн секторыг хамруулах, түлш, эрчим хүчний ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлын талаар санал солилцож, зохицуулахаар тохиролцсон.
Монгол, Орос, Хятадын гурван талын яриа хэлэлцээний нэг механизм болсон ГХЯ-дын улс төрийн газрын дарга нарын ээлжит дөрөвдөх зөвлөлдөх уулзалт 2008 оны 9 дүгээр сарын 15-17-нд Улаанбаатар, Хар хорин хотуудад болсон.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар талууд урьд нь зохиогдсон зөвлөлдөх уулзалтаар ярьсан асуудлууд, тэдгээрийн хэрэгжилтийн байдлын талаар ярилцаж, цаашид анхаарч, хамтран ажиллах асуудлын талаар мэдээлэл хийж, санал солилцсон. Мөн уулзалтаар өнөөгийн даяаршил, бүс нутгийн интеграцчлалын нөхцөлд хөрш зэргэлдээ оршдог гурван улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх тодорхой салбаруудын талаар хэлэлцсэн.
Гурван орны улс төрийн харилцаа хамгийн өндөр төвшинд сайн байгаа өнөөгийн нөхцөлд хамтын ажиллагааны нөөц боломжуудыг нээн илрүүлэх, түүний цаашдын хөгжилд түлхэц үзүүлэх боломжийг энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар хэлэлцсэн. Тухайлбал, эрчим хүч, төмөр зам, автозам, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Соёл, боловсролын салбарт гурван талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхээр талууд тохиролцсон. Гурван улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь юуны өмнө гурван улсын язгуур ашиг сонирхолд нийцэхийн зэрэгцээ бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа талууд илэрхийлсэн.
Манай талаас дэвшүүлсэн гурван талын хүүхдүүдийн уулзалт зохион байгуулах, “Алтайн хөгжил” санаачилга, Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаар ЗХА-ийн өндөр хэмжээний уулзалт хийх, Транзит тээврийн гурван талын хэлэлцээр байгуулах асуудлыг түргэтгэх, ЗХА-ийн эдийн засгийн интеграцийн форум зохион байгуулах санаачилга, ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлд орж ажиллах зэрэг санал санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Мөн орос, хятадын талууд олон шинэ санал, санаачилгууд дэвшүүлсэн. Тухайлбал, АНД-н бүс нутагт терроризм, хар тамхи, салан тусгаарлах, зэвсгийн хууль бус наймаа зэрэгтэй хамтран тэмцэх, бүс нутаг, хил орчмын гал түймэр, гэмт хэрэг, байгалийн гамшигтай хамтран тэмцэх, байгаль орчин, малын өвчин, хорио цээрийн байгууллагуудын гурван талт хамтын ажиллагааг бий болгох, байгалийн баялагийг ашиглах салбарт 3 талаар хамтран ажиллах, Монгол, Оросын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, хувийн бизнесийнхнийг дэмжих, бүсийн хөгжлийн хөтөлбөрүүдийг уялдуулах, эдийн засгийн чөлөөт бүсүүд байгуулах, “Алтаргана”, “Байгалийн эдийн засгийн форум”, аялал жуулчлалын Манчжуурийн үзэсгэлэн худалдаа, гурван улсын автомашины аялал, худалдаа, эдийн засгийн 5 дугаар Форум зохион байгуулах зэрэг санал, санаачилгуудыг гаргасан болно.
Ийнхүү анх суурийг нь тавилцаж байсан гурван талын ГХЯ-ны газрын захирал нарын албан бус зөвлөлдөх уулзалт өнөөдөр улам өргөжиж ГХЯ-ны дэд сайд нарын түвшинд албан ёсоор хийдэг болоод байна.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан Eagle TV-аас зохион байгуулсан ярилцлагад оролцов. https://fb.watch/9dtYszPuNh/
ГХЯ-ны Хөрш орнуудын газар байгуулагдаад 20 жил болжээ. Саяхан Тус газрын өнөөгийн удирдлага урьд нь ажиллаж байсан ахмадуудыгаа хүлээн авч уулзаж, санал бодлоо хуваалцаж, дурсгалын зураг авахуулсан юм. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойтой холбогдуулан “Үндэсний шуудан” сонинд ГХЯ-ны Хөрш орнуудын газрын тухай тусгай дугаар гарах юм байна.
Гадаад бодлогын шинэ үзэл баримтлалтай нийцүүлэн хөрш орнуудтай харилцах тусгай газар байгуулах нь зүйтэй гэж үзээд 2000 онд тус газрыг байгуулсан билээ. Миний бие тус газрын анхны даргаар томилогдон 2000-2001 онд ажилласан юм. Тус газар анх байгуулагдахдаа ОХУ, БНХАУ болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн 15 оронтой (Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан БНУ-ууд) харилцах асуудлыг хариуцан ажиллаж байлаа.
Манай газрын хамгийн эхний хамгийн том ажил бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путингийн 2000 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал байлаа. Энэхүү айлчлал нь манай хоёр орны харилцааны түүхэнд онцгойлон тэмдэглэгдэн үлдэх чухал ач холбогдолтой айлчлал юм. Учир нь ЗХУ-ын төрийн тэргүүн Л.И.Брежневийн 1976 онд манай улсад хийсэн айлчлалаас хойш 25 жилийн дараа хойд хөршийн маань тэр тусмаа шинэ ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад албан ёсоор айлчлан ирсэн, тус айлчлалын үеэр Монгол Улсын Парламентад үг хэлж, Монгол, Оросын шинэ үеийн харилцааны үндсийг тавьсан “Улаанбаатарын тунхаглал"-д гарын үсэг зурсан юм.
2005 онд намайг гадаад томилолтоос буцаж ирэхэд тус газрын даргаар дахин томилсон бөгөөд 2009 оны 9 сар хүртэл ажилсэн юм. Энэ үеэр болсон бас нэг чухал зүйлийг эргэн дурсахад ОХУ-ын гурван гол удирдагч нэг жилийн дотор манай улсад айлчилсан явдал юм. ОХУ-ын Ерөнхий сайд В.В.Путин (тэр үед Ерөнхий сайд байсан) 5 дугаар сард, ОХУ-ын Холбооны хурлын дарга С.М.Миронов 7 дугаар сард, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведов 8 дугаар сард тус тус манай улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Ийм өндөр хэмжээний гурван айлчлал нэг жилийн дотор болж байсан явдал Монгол, Оросын харилцааны түүхэнд байгаагүй юм.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэж байгаатай холбогдуулан энэхүү товч дурсамжийг орууллаа.
https://www.youtube.com/watch?v=oSw60KcYOoc Энэ линкээр орж үзнэ үү