Оршин суух эрхийн картны (Karta pobytu) талаарх зөвлөгөө, мэдээлэл
1. Karta pobytu хөөцөлдөхөд түгээмэл гардаг асуудлууд
Karta pobytu буюу оршин суух эрхийн картыг авахын тулд бичиг баримтуудаа виза тань дуусахын өмнөх өдөр эсвэл тэр өдрийнхөө 24 цаг хүртэл өгөх ёстой байдаг. Гэвч хэт ингэж цагийг нь тулгах нь олон асуудлуудыг авчрах магадлалтай (жишээ нь цаг нь тулсан тохиолдолд сул termin буюу цаг авч чадахгүй байх эрсдэлтэй бөгөөд үүнээс шалтгаалж хугацаандаа материалаа өгөх боломжгүй болж мэднэ.)
Виза дуусахаас дор хаяж 3-4 сарын өмнө цагаа захиалж материалуудаа эртхэн бүрдүүлж эхлэх хэрэгтэй.
Хэрвээ хэлний бэлтгэлээ төгсөөд их сургуульдаа хараахан орж амжаагүй байгаа бол хэзээ сургуулиасаа бичиг, тодорхойлолтоо авна тэр даруйдаа хөөцөлдөх хэрэгтэй. Гэхдээ баримжаагаар виза дуусахаасаа өмнө цаг аваад авсан цаг тань дөхөх хэрээр сургуулиасаа тодорхойлолт, суралцах шийдвэр зэргийг яаруулж бас болох юм.
2. Бүрдүүлэх бичиг баримтууддаа чухал ач холбогдол өгөх!
Шаардагдаж байгаа бичиг баримтуудаа сайн ойлгоогүйгээс болж татгалзсан хариу авах магадлалтай байдаг. Үүнд:
Элчин сайдын яамнаас хийж өгдөг тодорхойлолт нь зөвхөн таны санхүүг баталсан бичиг байдаг. Тухайн тодорхойлолт нь Польшийн талаас сургалтын төлбөрийг хариуцна гэсэн текстийг агуулдаг боловч Urząd дээр энэ нь албан ёсоор Польшийн тал сургалтын төлбөрийг нь даана гэдгийг гэрчилдэггүй. Тэгэхээр сургуулиасаа сургалтын төлбөр төлдөггүй тэтгэлгийн оюутан гэсэн тодорхойлолт авах шаардлагатай байдаг ба сургуулийн тань захирлын гарын үсэг тамга үүн дээр зурагдсан байх ёстой.
Сургуулийн тодорхойлолт авч байгаа зорилгоосоо шалтгаалан хэд хэдэн төрөл байдаг. Бид karta pobytu-доо зориулж семестрийн болон сургуулиа цаашид үргэлжлүүлэх тодорхойлолт гэх 2 төрлийг авна.
Сургуулиа цаашид үргэлжлүүлэх тодорхойлолт нь таны бүх хувийн мэдээллийг агуулсан байх ёстой бөгөөд сургуулийн захирлийн гарын үсэг зурагдсан байх ёстой.
Сургуулиасаа авах бичиг баримтуудаа баттай болгохыг хүсвэл сургалтын алба руугаа ороод Urząd-оос шаардаж буй бичиг баримтын жагсаалтыг үзүүлээд өөрийн тань авсан тодорхойлолтууд яг мөн эсэхийг асууж бас болох юм.
3. Нэгэнт татгалзсан хариу авсан тохиолдолд яах вэ?
Анх материалуудаа бүрдүүлж өгөхөд таны паспорт дээр улаан тамга дарж өгөх ёстой. Хэрвээ таны материалыг авч байгаа хүн тамга дарах шинжгүй байвал нэхэж байгаад даруулаарай. Учир нь тэр тамга таныг татгалзсан хариу авсан тохиолдолд албан ёсоор Польшт амьдарч байгааг гэрчилнэ.
Анх удаа татгалзсан хариу авах нь та энд харласан гэсэн үг биш. Татгалзсан хариугаа авснаас 14 хоногийн дотор (давж заалдах) өргөдөл (Odwołanie)бичээд өгнө. Үүнд та татгалзсан үндэслэл дээр дурдсан бичиг баримтуудаа өгөөд эвтэйхэн уучлал хүссэн нь дээр(миний бодлоор). Учир нь тэдний хийж байгаа ажлыг шүүмжлэх нь сөрөг дагавар авчирч магадгүй.
Давж заалдах өргөдлөө 2 хувь хийгээд Urząd дээр өгөхдөө 2лан дээр нь тамга даруулаад нэгийг нь өөртөө авч үлдээрэй.
Нэгэнт Odwołanie бичээд өгсөн бол хүлээгээд л байна, хүлээгээд л байна, хүлээгээд л байна. Хариу иртэл хүлээнэ.
Эсвэл:
Хэрвээ COVID байхгүй байсан бол хилээр паспорт дээрхи улаан тамгаа үзүүлж гараад буцаж ирэхдээ Бээжингээс виза авж ирээд Urząd дээр хүчинтэй визагаа харуулаад өмнөх хөөцөлдөж байсан материалаа болиулах хүсэлт(бас л 2% нэг нь өөртөө)гаргаж болно. Дараа нь виза тань дуусах дөхөхөөр бүр шинээр материалаа хөөцөлдөж болно мэдээж дээрх хүсэлтээ шинэ материалдаа хавсаргана.
4. Эцэст нь эерэг хариу авахын тулд бичиг баримтууддаа нухацтай хандаарай.
Жич: үг үсгийн алдаа, найруулга, үгийн оновчгүй сонголт зэрэг алдаа байвал уучилнамз. Та хэдийг гол санааг нь ойлгосон гэж найдаж байна. Асуух зүйл гарвал пм бичээд асуугаарай.
5. Бичиг баримтаа өгөхдөө өөртөө нотлох баримт заавал авч үлдвэл зохино.
Ингэж авч үлдсэнээр дараа нь хилээр гарахад эсвэл асуудал гарвал нологоо болно шүү дээ.
Жишээ нь: 5 материал өгсөн бол тэр таван маэриалын хуулгаа өөртөө үлдээгээд, дээрээс нь бичгийн цаасан дээр эхнээс нь пасспортны хуулга, тодорхойлолт гэх мэтчилэн жагсаагаад, Urząd-н ажилтнаар тамга даруулах
Эсвэл өгөн бичэг баримтны зургуудаа маш сайн авах нь танд дараа хэрэг болно.
6. Нэгэнт материалаа бүрдүүлэн өгсний дараа Urząd-оос ахин тань руу захиа илгээн адилхан материал хүсэх тохиолдол олон гардаг.
Тэр болгонд тэдгээр захиануудыг сайтар уншин хэссэн материалыг нь шинэчлэх боломжтой бол шинчлээд л өгөх хэрэгтэй (Жишээ нь: сургуулийн тодорхойлолт).
Шинэчлэх боломжгүй бол тэр чигээр нь өгч болно (Жишээ нь: пасспорт).
Танд эдгээр мэдээллүүд хэрэг болсон гэж найдаж байна. Танд амжилт хүсье. 😉
Нийтлэл бичсэн:
Гансэлэмийн Ганцацрал, Варшавын технологийн их сургуулийн 3-р курсын оюутан
Баатарболдын Эрдэнэбулга, Варшавын их сургуулийн 3-р курсын оюутан
Варшав хот, 10/02/2021