ГУРВАН ХЭМЖЭЭСТ КАДАСТР
ГУРВАН ХЭМЖЭЭСТ КАДАСТР
Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гол багана нь үл хөдлөх эд хөрөнгийн тогтвортой зах зээл бөгөөд түүнийг байгуулах зорилгоор мэргэжлийн салбарт хийгдэж буй сүүлийн үеийн судалгаанууд түлхүү гурван хэмжээст орон зайн мэдээлэл, мэдээлэл бүрдүүлэлт, үүлэн технологи, блокчэйн, өгөгдлийн менежмент, вебд суурилсан мэдээллийн түгээлт, гурван хэмжээст мэдээллийн стандартчилал, ахисан түвшний мэдээллийн загварчлал зэрэг рүү чиглэж байна. Түүнчлэн эдгээр судалгаанууд нь томоохон хотуудын газрын засаглалыг илүү үр дүнтэй, ил тод, байгаль орчинд ээлтэй, өсөлттэй, тэгш шударга, үр ашигтай, ухаалаг болгох зэрэг олон талын ач холбогдолтойг онцлон тэмдэглэжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас 2014 онд гаргасан судалгаагаар дэлхийн хүн амын 50% нь хот суурин газарт амьдарч байгаа ба энэхүү тоон статистик 1960 онд 36%-тай байсан байна. Өөрөөр хэлбэл хот суурин газарт газрын харилцааны сайн засаглалыг бий болгоход гурван хэмжээст бүртгэл, тэр дундаа гурав болон дөрвөн хэмжээст үл хөдлөх эд хөрөнгийн кадастрын бүртгэлийн систем байгуулахыг хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад донор байгууллагуудаас уриалсаар байгаа юм. Хотууд газар нутгаа тэлэхээс гадна хотын барилга байгууламжууд улам бүр өндөр болсоор байгаа нь гурав дахь хэмжээсийг нарийвчлалтайгаар зураглах, бүртгэх, эрхийг тодорхойлох, баталгаажуулах, үнэ цэнийг тодорхойлох, нийтэд түгээх асуудал улам бүр олон талын анхаарлын төвд орж ирсээр байна.
Гурав болон дөрвөн хэмжээст кадастрын гол зорилго нь кадастрын объект /үл хөдлөх хөрөнгө (газар, орон сууц, барилга байгууламж), инженерийн шугам сүлжээ, агаарын орон зай/-ыг гурван хэмжээст нэгж талбар бүрээр дүрслэн илэрхийлж түүнтэй холбогдох субъектуудын эрх, эрхийн хязгаарлалт, эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүрэг хариуцлагын мэдээллийг орон зай, цаг хугацааны агуулгатайгаар бүртгэх, түүнчлэн зах зээлийн үнэ, жишиг үнэ, татвар төлбөрийн мэдээллийг хамруулах явдал юм.
Олон Улсын Хэмжилт Зураг Зүйчдийн Холбооноос кадастрын талаарх ойлголтыг дэлхийн улс орнуудад нэг мөр болгох зорилгоор тодорхойлолт гаргасан бөгөөд ба Кадастр гэдгийг “Нэгж талбарт суурилсан, тогтмол шинэчлэгдэж байдаг газрын мэдээллийн систем бөгөөд газартай холбоотой эрх, эрхийн хязгаарлалт, үүрэг зэрэг мэдээллийг агуулна. Түүнчлэн кадастр нь нэгж талбарын талаарх орон зайн хэмжигдэхүүнийг агуулах ба тухайн нэгж талбарын талаарх өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эрхийн бүртгэл, тухайн газрын үнэлгээний талаарх мэдээллийг агуулдаг. Кадастрыг санхүүгийн зорилгоор (газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон тэгш шудрага татвар), эрхийн баталгаажилтын зорилгоор (эрх үүсэх, эрх шилжүүлэх болон бусад эрхийн харилцаа), газрыг үр ашигтай зохион байгуулах болон газар ашиглахтай холбоотой харилцаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор (төлөвлөлт болон бусад захиргааны зорилго) байгуулж, эрхлэх ба энэ нь тогтвортой хөгжил хангах болон байгаль орчныг хамгаалах боломжийг нэмэгдүүлдэг” гэж тодорхойлжээ.