ГАЗРЫН ХАРИЛЦАА 2024 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болох тул өргөнөөр оролцоно уу.
Тус холбооны зүгээс 2-р салбар хуралдааныг зохион байгуулж байна.
ГАЗРЫН ХАРИЛЦАА 2024 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болох тул өргөнөөр оролцоно уу.
Тус холбооны зүгээс 2-р салбар хуралдааныг зохион байгуулж байна.
Өнгөрөгч 7 хоногт Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон төр хувийн хэвшил, их дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид, газрын кадастрын асуудал хариуцан ажиллаж байсан үе үеийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцсон “ОРЧИН ҮЕИЙН КАДАСТР-20” зөвлөгөөн зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус зөвлөгөөний талаар болон Монголын кадастрын холбооны үйл ажиллагаа, цаашдын зорилгын талаар тус холбооны тэргүүн Б.Галмандахтай ярилцлаа.
- “Орчин цагийн кадастр 20 жил” зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөний зорилгын талаар та бидэнд танилцуулахгүй юу?
Тус зөвлөгөөний үндсэн зорилго нь сүүлийн 20 жилийн хугацаанд кадастрын чиглэлээр Монгол улсад хийж, хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүнгээ дүгнэх, мөн олон улсын чиг хандлагыг тодорхойлох байсан ба кадастр, бүртгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон талын оролцоог хангах, нэгдсэн ойлголттой болоход чиглэсэн. Түүнчлэн Кадастрыг өнөөдөр ч зураглал гэж ойлгодог ойлголт манайд массын дунд түгээмэл байгаа нь энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулах бас нэгэн шаардлага байсан гэж бодож байна.
-Зөвлөгөөний үр дүнгээс цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай зөвлөмж, санал, тодорхой шийдлүүд гарсан уу?
Зөвлөгөөнийг бид маш үр дүнтэй болсон гэж дүгнэж байна. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд урьд өмнө байгаагүй их итгэлийг холбоонд хүлээлгэж, мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулах, мэргэжлийн байгууллагын эрх олгох, шинжилгээний ажлуудыг хийх, маргааны дүгнэлт гаргах зэрэг үйл ажиллагааг төрийн бус байгууллагад зоригтойгоор шилжүүлснийг онцлох нь зүйтэй юм. Мөн цаашид шинжлэх ухааныг хөгжүүлэх судалгаа, шинжилгээ хийх, хүний нөөцийн бүртгэлийн сан бий болгох, салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Түүнчлэн, зөвлөгөөнөөр яригдсан нэг чухал асуудал нь Кадастрын талаарх олон улсын чиг хандлага байлаа. Дэлхийн ихэнх оронд кадастрыг зураглал, эрхийн бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн нэг дагнасан байгууллага эрхэлж байгаа нь судалгаанаас харагдсан.
Мөн Гурван хэмжээст кадастр буюу гурван хэмжээс эрхийн бүртгэл, гурван хэмжээст үнэлгээ, гурван хэмжээст орон зайн төлөвлөлт бүхий өндөр технологийн системийг байгуулахаар улс орнууд идэвхтэйгээр ажиллаж байна. Бидний хувьд ч мөн дэлхий нийтийн чиг хандлагад сонор байж, төрийн бодлого, чиглэлээ нийцүүлэх нь улс орны хөгжилд чухал ач холбогдолтой гэж харж байна.
-Кадастр гэдэг үгийг нэг үеэ бодвол иргэд мэддэг болжээ. Гэхдээ яг энэ чиглэлээр холбоо байгуулагдсан гэхээр иргэд, олон нийтэд сонирхолтой санагдаж байж болох юм. Холбооныхоо талаар танилцуулна уу?
Манайд кадастрын үйл ажиллагааг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн төрийн хоёр том байгууллага хэрэгжүүлж байна. Энэ нь нэг талаараа кадастрын талаарх ойлголтын зөрүүтэй байгааг илэрхийлж байгаа юм. Энэ хэрээрээ нийгэм, эдийн засагт сөрөг үр дагаврыг бий болгосоор байгаа юм. Ганцхан жишээ дурдахад, Иргэн газартай холбоотой эрхийн өөрчлөлтөө бүртгүүлэх бол заавал хоёр том байгууллагын шат дамжлагыг дамжих шаардлагатай болдог ба энэ хэрээр цаг хугацаа, зардал нэмэгддэг. Мөн энэ хоёр байгууллагад үйл ажиллагаагаа явуулах төсөв, давхардал бий болдог.
Уг нь олон улсын түвшинд кадастрыг үл хөдлөх эд хөрөнгийн байрлалд суурилсан бүртгэл, энэ нь эрх, эрхийн хязгаарлалт, хариуцлага, тухайн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой мэдээллийг бүртгэсэн байхаар тодорхойлсон байдаг ба эдийн засгийн олон нэмүү өртгийг бий болгох ач холбогдолтой байдаг.
Тиймээс Кадастрыг хөгжингүй орнуудын жишигт хүргэж хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн шаардлага байгаа учраас манай холбоо байгуулагдсан.Тус холбоо анх 2015 онд байгуулагдсан ба 2022 онд удирдлагын багт өөрчлөлт орж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэхээр зорьж байна. Нөгөө талаас энэ жил орчин үеийн кадастр үссэний 20 жил тохиож байгаа ба Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газар, Барилга, Хот байгуулалтын яамнаас Кадастрын хуулийн төслийг шинэчлэн боловсруулж Улсын Их Хуралд хүргүүлээд байгаа нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх нийгмийн шаардлага гэж бид ойлгож байна. Холбооны Удирдах зөвлөл одоогоор таван гишүүнтэй, гишүүдээсээ удирдах зөвлөлөө сонгох ба идэвх, санаачилгатай энгийн гишүүд ч мөн удирдах зөвлөлд орох боломжтой. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг хянах хяналтын зөвлөлтэй. Манай холбоо нь холбооныхоо дотоод ардчиллыг хөгжүүлж, ил тод, нээлттэй холбоо байхаар зорьж байна. Мөн, зөвлөгөөнөөс гарсан саналуудыг үндэслэж холбооны дүрмийг шинэчлэхээр төлөвлөж байна.
-Төлөвлөж байгаа ажлуудаасаа хуваалцвал?
Нэгдүгээрт, дээр дурдсанчлан нь Төрийн бус байгууллагын дотоод ардчилал, ил тод байдлын шинэ жишгийг олон улсын чиг хандлагад нийцүүлэн тогтоохоор зорьж байна. Хоёрдугаарт, Төрийн байгууллагуудтай бэлгэдлийн биш бодит түншлэлийг бий болгох, нийгэмд чиглэсэн тодорхой үйлчилгээнүүд илүү нээлттэйгээр хүргэх, хүртээмжтэй болгох юм. Мөн, төрийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хараат бус, нөлөөлөлд автаагүй шударга санал, зөвлөмж дутагдалтай байгаа нь харагдаж байна. Гуравдугаарт, Төрийн байгууллагууд улс төрийн нөлөөнд автах, мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн салбарт түрэн орж ирэх байдал түгээмэл байгаа нь нууц биш. Иймээс манай холбоо салбарын хүний нөөцийн бүртгэлийг бий болгохоор зорьж байгаа ба туршлага, боловсрол, хийж бүтээсэн үйл хэрэг, ёс зүйг олон улсын жишгийн дагуу үнэлж, шударга, ил тод хүний нөөцийн чадамжийн үнэлгээ бий болгох ба тодорхой албан тушаалуудад шаардлага хангасан хүмүүсийг санал болгох тогтолцоог бий болгоно. Мөн, салбарын хүний нөөцийг чадавхжуулах сургалтуудыг тогтмол зохион байгуулахаар зорьж байна. Түүнчлэн, мэргэжлийн байгууллагын эрх олгох үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Бидний төлөвлөж буй бас нэгэн чухал ажил нь Шинжлэх ухааны судалгааны санг бүрдүүлэх, жил бүр судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох ба олон улсын өндөр зэрэглэлийн шинжлэх ухааны сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлсэн судлаач, магистр, докторуудыг урамшуулдаг тогтолцоог бий болгох замаар шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхээр зорьж байна.
-Энэ холбооны гишүүн болох шаардлага, болзол гэж бий юу? Ер нь гишүүнчлэлийн хувьд ямар бодлого барих вэ?
Гишүүдийн хувьд салбарын судлаач, эрдэмтэй, мэргэжилтнүүдэд манай холбоо нээлттэй. Мөн салбарын мэргэжлийн байгууллагуудад гишүүнчлэл нээлттэй байгаа. Мөн гишүүнчлэлийнхээ хүрээнд холбогдох төрийн байгууллагууд, төрийн бус байгууллага, их, дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллана.
-Монголын кадастрын өнөөгийн байдлыг товчхон дүгнээч гэвэл?
Хэдийгээр сүүлийн жилүүдэд кадастрын нэгдсэн системийг бий болгож, иргэд, олон нийтэд цахим үйлчилгээнүүд нэвтэрч байгаа ч бидэнд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байсаар байна. Нэгдүгээрт, үл хөдлөх эд хөрөнгийг газар, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө гэж ялгаж, тусдаа бүртгэж буй байдлыг болиулах шаардлагатай байна. Ингэснээр төсвийн зардлыг хэмнэх, иргэд, олон нийт илүү хялбар, шат дамжлаг бага үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Мөн, үл хөдлөх эд хөрөнгийн нэгдсэн кадастрын систем байгуулах шаардлагатай ба бүртгэлийг олон улсын жишгийн дагуу байрлалд суурилсан мэдээлэлд үндэслэж хийдэг болох хэрэгтэй байна. Ингэснээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоох, зах зээлийн мэдээлэл илүү нээлттэй болох, татварын бааз суурь өргөжих, гурван хэмжээст төлөвлөлт хөгжих, ихэр хот байгуулах боломж бүрдэх зэрэг олон ач холбогдолтой юм. Түүнчлэн технологийн дэвшилтэй холбоотойгоор хүний нөөцөө бэхжүүлэх нь зүйтэй юм. Олон улс болоод, бүс нутгийн хувьд гадаад харилцаагаа хөгжүүлэх нь бус нэгэн чухал асуудлын нэг. Эцэст нь хэлэхэд институтээ улс төрөөс хамааралгүй болгон хөгжүүлэх бодлогын өөрчлөлт шаардлагатай байгаа ба үүний тулд төрийн бус байгууллагуудаа бодлогоор дэмжих, бэхжүүлэх, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, эрх зүйн орчны шинэчлэл хийх нийгмийн хэрэгцээ, шаардлага байсаар байна.
Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. Ярилцлага өгсөнд баярлалаа.
Ярилцсан: Г.Гантулга
“КАДАСТР НӨХӨРСӨГ ЗУНЫ ЛИГ” зохион байгууллахаар болсоныг дуулгахад таатай байна.
Уг лиг нь газрын харилцаа, геодези, зураг зүй, кадастр, орон зайн мэдээллийн мэргэжилтэнүүдийн хоорондын харилцаа холбоог бий болгох, мэргэжлийн салбарын хүрээнд туршлага солилцох, цаашдын холбооны үйл ажиллагааны санал зөвлөмж авах, гишүүнчлэлээ өргөжүүлэх, гишүүдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор 3-н долоо хоногийн хугацаанд 6-р сарын 30-ыг хүртлэх хугацаанд, зохион байгуулахаар боллоо.
Энэхүү лиг нь нөхөрсөг учираас тэмцээний дүрэм, явагдах хэлбэр, зохион байгуулалт энгийн байхыг анхаарна уу. Лигийн уур амьсгалыг эерэг, нөхөрсөг, байх талаар баг, тамирчид анхаарахыг хүсье.
Удирдамжийг хавсаргав.
ТОГЛОЛТЫН ХУВААРЬ
"Кадастр Зуны Нөхөрсөг Лиг" маргааш эхлэх ба төр, төрийн бус байгууллага, газар зүйн мэдээллийн системийн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа явуулж буй болон газрын харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 4 баг оролцохоор боллоо.
Тоглолтын хуваарь дараах байдлаар явагдана.
Баг, тамирчдад амжилт хүсье