Манай клуб нь дараах чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна:
Химийн ангийн оюутнуудын дунд судалгааны ажлын талаар мэдээлэл өгөх
Химийн мэргэжлээр сурч буй оюутнууд болон багш нарын дунд тэмцээн уралдаан зохион байгуулах.
Химийн тэнхимийн мэргэжил сурталчилах өдөрлөгөөр Хими болон Багш хөтөлбөрийн танилцуулга, сонирхолтой туршилт, судалгааны багууд болон гүнзгийрэн суралцах мэргэжлийн танилцуулга, хөгжөөнт тэмцээн зэрэг үйл ажиллагаа явагдсан.
Монгол Улсын Их Сургуулийн Байгалийн ухааны салбарын Химийн тэнхимээс оюутан залуус, сурагчдыг химийн шинжлэх ухаанд дурлуулах, химийн шинжлэх ухааны үнэ цэнэ, химич мэргэжил эзэмшихийн давуу тал, химийн шинжлэх ухааны амьдрал дахь хэрэглээг олон нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий “Химийн шинжлэх ухааныг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнийг анх удаагаа амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний үеэр багууд мэндчилгээ, гэрийн даалгаврын бүтээл (индикаторын цаас бүтээх)-ээ танилцуулах, сонирхолтой асуулт хариулт, асуудал шийдвэрлэх зэрэг даалгавраар оюун ухаанаа сорьсон юм. Гэрийн даалгавар болох универсаль индикаторын цаасыг бүтээхдээ баг болгон өөр өөрийн онцлогтойгоор өөр өөр түүхий эдээс универсаль индикаторыг бүтээж, индикаторын цаасыг хэрэглэхэд тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх, мөн тухайн индикаторын цаасыг хямд өртөгтэй хэдий ч хэмжих муж сайтай байхаар бүтээхийг оролдсон нь сайшаалтай.
Тэмцээнд МУИС-аас 2, Шинэ Монгол технологийн дээд сургууль (ШМТДС), Монгол-Германы Хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль (МГТИС)-аас тус бүр 1, нийт 4 баг оролцсоноос МУИС-ийн “ProNum” баг-I, МГТИС-ийн “Glück auf” баг-II, МУИС-ийн “Илрүүлэгчид” баг-III, ШМТДС-ийн “Blue-Violet” баг-IV байр тус тус эзэллээ.
Монгол Улсын Их Сургуулийн Химийн салбарын ууган багш асан доцент Д.Даваасүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан "Д.Даваасүрэнгийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал" болж өндөрлөлөө.
Тус оюутны эрдэм шинжилгээний хуралд дараах оюутнууд амжилттай оролцож 2-р шатанд шалгарлаа.
1 - р байр: ХШУИС-ийн оюутан С.Сэлэнгэсүрэн
2 - р байр: БУС-ийн химийн ангийн оюутан Ё.Лхагвасүрэн
3 - р байр: БУС-ийн химийн ангийн оюутан Б.Отгонбанди
Эрдмийн хэт цахиваас
Хөгжлийн гал бадармой
Химийн тэнхимийн оюутны “Хувьсал”клуб 2018.04.14-ний өдөр “Хариуцлагатай аялал” арга хэмжээг зохион байгуулж, Төв аймгийн Манзуширын хийдээс Богд уулын ноён оргил “Цэцээ гүн” (д.т.д 2268 м) өөд авирах явган аялал хийлээ. Уг аялалд 36 хүний бүрэлдэхүүнтэй тэнхимийн багш, оюутнууд хамрагдав.
Багш, оюутнууд оргилоос бууж ирсний дараагаар Манзушир хийд дээр түр саатан хөгжөөнт тоглоом тоглон нэг өдрийг зугаатай өнгөрүүлсэн билээ.