“Муу нэртэй луу данстай” сэтгүүлээс болгоомжлоорой
Мэдээлэл бэлтгэсэн Р. Мижиддорж, Ц. Гэрэлтуяа, МУБИС, МЗТ
2020.04.16
Түлхүүр үгс: bogus, fake, fraudulent publishing, deceptive, misleading-metrics, predatory, questionable, shady, vaporous;
Та эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж байгаа бол эсвэл өгүүллээ бичиж дуусаад ямар нэг эрдэм шинжилгээний сэтгүүлд бичсэн өгүүллээ хэвлүүлэх гэж байгаа бол энэ мэдээллийг нэг анзаараарай.
Сүүлийн 20 жилд эрдэм шинжилгээний сэтгүүлүүд цахим хувилбарт эрчимтэй шилжиж байгаатай давхцан гарч ирсэн нэг хүндрэлтэй (маргаантай) асуудал нь хуурамч, луйврын, нэр хүндгүй, одоо байхгүй, асуудалтай гэх мэт нэр хаяг, хоч зүүсэн сэтгүүл, хэвлэлийн компаниуд бүр цаашилбал эрдэм шинжилгээний хурлын тоо хэдэн мянгаар бий болсон явдал.
Тэр дотроо хэвлэлийн компани нь зохион байгуулалтайгаар олон тооны эрдэм шинжилгээний сэтгүүл, ном хэвлэл зэргийг багтаан үйл ажиллагаа явуулан илүү удаан оршин тогтнодог.
Эдгээрийн зарим нь зориудаар мөнгө олох зорилгоор хуурамчаар үүсгэсэн жинхэнэ луйварчид байдаг бол зарим нь эрдэм шинжилгээний сэтгүүлийн олон шалгуур шаардлагыг хангаагүйгээс болж муу нэртийн эгнээнд шилждэг байна.
Ингэхээр бид (Хамгийн нэр хүндгүй <---------> хамгийн нэр хүндтэЙ) завсарт байгаа ямар нэг сэтгүүлд өөрийн хүч хөдөлмөр, алтан цаг хугацаагаа зарцуулан байж бичсэн өгүүллээ илгээх адармаатай сонголттой тулгарч байна.
Та хамгийн нэр хүндтэй сэтгүүлд өгүүлэл илгээсэн гэе. Тэгвэл таны гар бичмэл (a manuscript) -ийг хянан магадлах, засаж сайжруулах гэх мэтээр явсаар эцсийн шийдвэрээ нэлээд хугацааны дараа гаргана. Нөгөө талаас судлаач бүр хамгийн нэр хүндтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх хүсэлтэй байдаг тул тухайн сэтгүүлийн ачаалал бас өндөр байх нь тодорхой. Энэ мэт шалтгаанаас хамаарч тухайн сэтгүүл таны өгүүллийг хүлээн авах магадлал (ерөнхийдөө 0.1-c 0.2 хооронд) буурна.
Энэ байдлыг далимдуулан хэн нэг этгээд эсвэл бүлэглэл луйвар хийх боломжтой болно. Луйврыг хэрхэн хийдэг вэ? гэвэл Article Processing Fee эсвэл Charge (APF) нэрээр танаас мөнгө авах болно. Таны өгүүллийг цахим системд байрлуулахад, хэвлэхэд, өгөгдлийн санд бүртгүүлэхэд, сэтгүүлийн багийн үйл ажиллагаанд зарцуулахад мөнгийг чинь зарцуулж байгаа юм гэх мэтээр тэд гоё нэр, тайлбар хийж их бага янз бүрийн төлбөр хураамж авдаг. Тэд нэгэнд хүссэн мөнгөө танаас авч байгаа тул өгүүлэл хүлээн авах магадлал өндөр, ямар нэгэн шүүмж, засвар шаардахгүй тул өгүүлэл хэвлүүлэх ажлыг хялбарчилдаг. Цаг зав бага, дараа дараагийн төлөвлөсөн ажлаа хийхийн тулд зарим судлаачид энэ замыг сонгодог.
Гэтэл дэлхийн ихэнх их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага нэр хүндгүй сэтгүүл, хэвлэлийн газарт хэвлэгдсэн ажлуудыг эрдэм шинжилгээний бүтээлд тооцдоггүй. Ингээд таны алтан цаг хугацаа, мэдлэг оюун, мөнгө санхүүгээ заран байж гаргасан бүтээл чинь үнэ цэнэ үгүй болж та хохироход хүрнэ.
Луйврын сэтгүүл, хэвлэлийн газрыг олон нийтэд зарлах ажлыг номын санч Jeffrey Beall [1] хийсэн. Тэгвэл хуурамч чанар чансаа гаргадаг байгууллагуудыг [2]-д байх жагсаалтаас харж болно. [1,3]-ийг ашиглахдаа сонирхож буй сэтгүүлийнхээ нэрийг шалгахаас гадна тухайн сэтгүүлийг эрхлэн гаргадаг хэвлэлийн газрыг (publisher) давхар нягтлах нь зүйтэй. Мөн эдгээр систем нь тодорхой хугацааны өмнө жагсаалтыг хэвлэсэн байдаг тул яг одоо ямар сэтгүүл, хэвлэлийн газар хар жагсаалтад нэмэгдсэн болон хасагдсан талаарх мэдээлэл орхигдсон байдгийг давхар бодоорой.
Харин нэр хүндтэй гэдэг ангилалд багтаж буй чанар чансаа бол Web of Science-ийн Clarivate Analytics [4], Scimago Journal & Country Rank буюу SJR [5] эрэмбэ гэх мэт байдаг.
Эцэст нь хэлэхэд та өгүүлэл илгээх (submit) сэтгүүлээ нэгэнт сонгосон бол уг сонгосон сэтгүүлийнхээ нэр хүндийг олон талаас нь маш сайн нягтлаарай (дээр жагсаасан түлхүүр үгсийг ашиглаж болно) яагаад гэвэл таны ажлын үнэлэмж, үнэлгээтэй холбоотой тул.
Мөн [6] холбоосоор орж нэмэлт мэдээлэл уншаарай.
Веб холбоос:
[1] beallslist.net
[2] scholarlyoa.com/misleading-metrics
[3] kscien.org
[5] scimagojr.com