КЭБЭКИЙН МОНГОЛЧУУДЫН XОЛБООНЫ ДҮРЭМ

1. Нийтлэг үндэслэл

1.1. Кэбэк мужийн Монголчуудын холбоо /цаашид холбоо гэх/ нь гишүүддээ үйлчилдэг ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм.

2. Холбооны эрхэм зорилго

2.1. Холбоо нь Кэбэк муж дахь Монголчууд тус мужид суурьшин амьдрах болон тэдний цаашдын нийгэмд байр сууриа олоход нь туслалцаа үзүүлнэ.

2.2. Гишүүддээ үйлчилж, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаална.

3. Холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл

Монголчуудын холбооны явуулж буй бүхий л үйл ажиллагаа нь Канад улсын Кэбэк мужид мөрдөгдөж байгаа хуулийн дагуу байна.

3.1. Кэбэк мужид шинээр суурьшин ирэгсдэд тус нийгэмд байр сууриа олох болон хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээллийг өгөх,

3.2. Монголын түүх соёл, урлаг, өв уламжлалыг Кэбэкчүүд, Kанадчууд болон монгол хүүхдүүдэд таниулах,

3.3. Кэбэк муж болон Монгол улсын хоорондын соёлын харилцааг хөгжүүлэхэд өөрсдийн тус нэмрээ оруулах,

3.4. Шинээр суурьшин ирэгсдэд Кэбэкийн нийгэм, түүх, соёлын тухай мэдээллийг өгөх,

3.5. Кэбэк муж дахь ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад холбоо байгууллагуудтай холбоо тогтооx, тэдэнтэй хамтран ажиллах,

3.6. Арьсны өнгө, үзэл санаа, шашин, соёл, хүйснээс болж гадуурхагдах явдалтай тэмцэх,

3.7. Сонирхсон хүмүүст монгол, франц хэлний хичээл заах, гишүүдийнхээ боловсролыг дээшлүүлэхэд анхаарах,

3.8. Хүүхэд залуусын дунд спорт, соёлын арга хэмжээг дэлгэрүүлэх, мөн зохион явуулах,

3.9. Cэтгэл санааны болон бусад туслалцааг хэрэгцээтэй хүмүүст үзүүлэх,

3.10. Холбоогоо сурталчлах болон үйл ажиллагаагаа таниулах,Кэбэк болон

3.11. Канадын засгын газраас иргэд, оршин суугчиддаа зориулж гаргасан мэдээлэл, үйлчилгээний мэдээллийг гишүүддээ хүргэх,

3.12. Өдөр тутмын үйл ажиллагаагаа дэмжих, буяны арга хэмжээний зорилгоор хандивын үйл ажиллагаа зохион явуулах,

3.13. Холбооны удирдлагаас шийдэн явуулах бусад үйл ажиллагаа

4. Гишүүнчлэл

4.1. Кэбэк мужид оршин суудаг монгол хүн, түүний гэр бүл болон уг холбооны гишүүнээр элсэх хүсэлтэй хэн ч байж болно.

4.2. Холбооны гишүүн нь 18-аас дээш насны хүн байна.

4.3. Холбоо нь хүндэт, идэвхтэн, энгийн гишүүдтэй байна.

4.4. Гишүүн нь Бүх гишүүдийн хурлаар өөрийн санаа бодлоо илэрхийлэх эрхтэй.

4.5. Гишүүн нь Холбооноос зохион байгуулж байгаа арга хэмжээнд идэвхтэй оролцож, тусална.

4.6. Гишүүн болох хүсэлтэй хүн нь гишүүнчлэлийн хуудас бөглөн, холбооны дүрэмтэй танилцан зөвшөөрч, гишүүний татвар төлж гишүүн болно.

4.7. Зөвхөн холбооны гишүүнчлэл нь хүчинтэй хүн холбооны удирдлагыг сонгох, холбооны удирдлагад сонгогдох эрхтэй.

4.8. Холбоонд чухал хувь нэмэр оруулсан хүнийг Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж хүндэт гишүүнээр сонгоно.

4.9. Холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон Холбооний удирдах зөвлөлөөс тусгай ажил үүрэгт томилогдсон гишүүд нь Холбооны идэвхтэн гишүүд байна.

4.10. Хүндэт болон идэвхтэн гишүүн бус гишүүн нь энгийн гишүүн байна.

4.11. Гишүүн нь зарим нөхцөл байдал, үйл ажиллагаанаас шалтгаалан давуу эрх эдэлнэ.

4.12. Гишүүн нь өөрийн хүсэлтээ бичгээр гарган холбооны гишүүнээс татгалзаж болно.

4.13. Гишүүн нь Холбооны зорилгод үл нийцэх үйлдэл хийсэн тохиолдолд гишүүнээр үлдээх эсэхийг Бүх Гишүүдийн Хурлаар хэлэлцэн олонхийн саналаар шийднэ.

5. Гишүүний татвар

5.1. Гишүүний татварын хэмжээг Бүх гишүүдийн Хурлаар тогтооно.

5.2. Гишүүний татварыг Холбооны санхүүч хурааж авсан өдрөөс 7 хоногийн дотор Холбооны дансанд тушаана.

5.3. Гишүүний татвар болон гишүүдийн бүртгэлийг холбооны нарийн бичгийн дарга болон Холбооны санхүүч тус тусдаа хөтөлж бүртгэнэ.

5.4. Холбооны гишүүд нь тухайн жилийн татвараа 1-р сарын 31-ний дотор нэг дор төлөх үүрэгтэй. Хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмж 5$ төлнө.

6. Бүх Гишүүдийн хурал

6.1. Холбооны бүх гишүүдийн хурал нь холбооны эрх барих дээд байгуулага бөгөөд бусад бүх салбар нэгжүүд нь түүнд ажлаа тайлагнана.

6.2. Бүх гишүүдийн хурал нь жил бүрийн 10-р сард болно.

6.3. Холбооны бүх гишүүдийн хурлыг холбооны удирдах зөвлөлөөс зохион байгуулж, хурал болох газар, цагийг тогтоно. Энэ мэдээллийг гишүүдэд хурлаас 5 хоногийн өмнө онлайн сүлжээгээр тараасан байна.

6.4. Бүх гишүүдийн хурлын тов гарсан өдрөөс хойш гишүүнээр элссэн хүмүүс нь уг хуралд санал өгөх эрхгүй.

6.5. Холбооны бүх гишүүдийн хурлын ирц гишүүдийн 25-аас дээш хувь ирснээр бүрдэнэ.

6.6. Хэрэв хурлын ирц хүрэхгүй тохиолдолд хурлыг 14 хоногоор хойшлуулна. Энэ тохиолдолд дахин хийх хурлыг гишүүдийн ирцээс үл хамааран хүчинтэйд тооцно.

6.7. Бүх гишүүдийн хурлыг холбооны Удирдах зөвлөл хугацаанаас нь өмнө зарлан хуралдуулж болно.

6.8. Хурлыг Холбооны ерөнхийлөгч даргална. Хэрэв ерөнхийлөгч эзгүй тохиолдолд холбооны дэд ерөнхийлөгч, эсвэл удирдах зөвлөийн гишүүдээс хурлыг даргална.

6.9. Хурлаар хэлэлцэх асуудлыг Холбооны ерөнхийлөгч Удирдах зөвлөлийн бусад гишүүдтэй урьдчилан хэлэлцэн тохирсон байна. Хурлаар холбооны үйл ажиллагаа, өмчтэй холбоотой асуудал, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийн тайланг хэлэлцэнэ.

6.10. Хэрэв удирдах -зөвлөлийн гишүүдийн 1/3 ээс илүү, эсвэл бүх гишүүдийн 1/3 –ээс илүү нь хүсэлт гаргасан тохиолдолд Бүх Гишүүдийн Онцгой Хурлыг дуудан хуралдуулж болно.

6.11. Бүх Гишүүдийн Онцгой Хурал нь Бүх Гишүүдийн хуралтай адил журмаар явагдаж, адил эрхтэйгээр шийдвэр гаргана.

7. Холбооны Удирдах зөвлөл

7.1. Удирдах зөвлөл холбооны үйл ажиллагаа, дотоод асуудал болон холбооны өмчтэй холбоотой асуудлыг хариуцан, шийдвэрлэн зохицуулна.

7.2. Удирдах зөвлөл улирал бүр хуралдаж, мэдээлэл солилцон, ярилцсан асуудал гаргасан шийдвэрийнхээ талаар гишүүддээ мэдээлж байна.

7.3. Удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхи буюу 60-аас дээш хувиар Удирдах зөвлөлийн шийдвэр хүчинтэйд тооцогдоно. Хэрэв санал тэнцсэн тохиолдолд холбооны ерөнхийлөгчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

7.4. Удирдах зөвлөлийн гишүүнийг бүх гишүүдийн 2/3 саналаар үүргээ гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэх юмуу, уг гишүүн өөрөө бичгээр хүсэлт ирүүлсэн тохиолдолд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж Бүх гишүүдийн хурлаас нөхөн сонгууль явуулна.

7.5. Удирдах зөвлөлийн шийдвэрээр бусад албан тушаалд гишүүдийг томилно.

7.6. Удирдах зөвлөл Бүх гишүүдийн хуралд ажлаа тайлагнана.

7.7. Удирдах зөвлөл нь холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, зохицуулагч, санхүүч, нарийн бичгийн дарга гэсэн 5 гишүүнтэй байна.

7.8. Удирдах зөвлөлийг бүх гишүүдийн хурлаас сонгоно. Ингэхдээ ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга нарыг 2 жилийн хугацаагаар сонгоно. Санхүүч, зохицуулагч нарыг 4 жилийн хугацаагаар сонгоно. Холбооны ерөнхийлөгч дахин нэгээс дээшгүй удаа 2 хүртэлх жилээр, санхүүчийг дахин нэгээс дээшгүй удаа 4 хүртэлх жилээр сонгож болно.

7.9. Удирдах зөвлөлийн гишүүд нь Удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоос гадна дараахь тусгайлсан үүргийг давхар хүлээнэ. Үүнд :

7.9.1. Холбооны ерөнхийлөгч

7.9.1.1. Холбооны Ерөнхийлөгч нь Монгол улс болон Канад улсын төрийн болон төрийн бус бүх байгууллага, хувь хүн, хуулийн этгээдийн өмнө байгуулгыг бүрэн төлөөлөх эрхтэй.

7.9.1.2. Холбооны болон гишүүдийн эрх ашгийг хамгаалж удирдах зөвлөл болон бүх гишүүдийн хурлаас гаргасан шийдвэрийг баталгаажуулж гарын үсэг зурна.

7.9.1.3. Холбооны дотоод үйл ажиллагааг удирдаж, холбооны хурал, удирдах зөвлөлийг даргалахаас гадна, удирдах зөвлөлөөс баталсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

7.9.2. Холбооны нарийн бичгийн дарга

7.9.2.1. Холбооны бүхий л хуралд оролцож тэмдэглэл хөтөлж архив бүрдүүлнэ.

7.9.2.2. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах ба гишүүдэд мэдээлэл түгээн гишүүдийн хооронд мэдээллийн сүлжээ бий болгож, өөрчлөлтүүдийг цаг тухайд нь оруулна.

7.9.2.3. Холбооны Бүх гишүүдийн хуралд зориулан тайлан, хурлын протокол хөтөлнө.

7.9.2.4. Холбооны Бүх гишүүдийн хурлын тухай мэдээллийг гишүүдэд тараана.

7.9.2.5. Холбооноос явуулж буй аливаа үйл ажиллагаа, төслүүдийг хариуцан ажиллана.

7.9.3. Хүндэт ерөнхийлөгч

Хүндэт ерөнхийлөгч нь тус нийгэмд хэдийн эзэлсэн өөрийн байр суурь нэр хүнд, боломж бололцоогоо ашиглан холбооны үйл ажиллагаанд онцгой дэмжлэг үзүүлэх чадвартай Монголчуудаа гэсэн сэтгэлтэй, ажил амьдралын туршлагаараа нөмөр нөөлөг болохуйц хүн байна.

7.9.4. Дэд-ерөнхийлөгч

7.9.4.1. Холбооны ерөнхийлөгчийн эзгүй байх тохиолдолд дэд-ерөнхийлөгч түүний үүргийг түр гүйцэтгэнэ.

7.9.4.2. Холбооны дотоод үйл ажиллагаа руу түлхүү чиглэн ажиллана.

7.9.5. Зохицуулагч

7.9.5.1. Зохицуулагч нь гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хариуцаж ажиллана.

7.9.5.2. Кэбэк муж дахь төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах асуудлыг зохицуулж, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад холбоо байгууллагуудтай холбоо тогтоон ажиллана.

7.9.6. Санхүүч

7.9.6.1. Санхүүч нь холбооны ерөнхийлөгч болон удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрээр холбооны мөнгөн хөрөнгийг зарцуулах эрхтэй.

7.9.6.2. Санхүүч холбооны мөнгөн хөрөнгийн зарцуулалтын тайланг Удирдах зөвлөлд болон Бүх гишүүдийн хуралд тайлагнана.

7.9.6.3. Сонгуульт ажлын хугацаа дууссан тохиолдолд, ажлаа дараагийн санхүүчид хүлээлгэн өгч, энэ тухай магадлагааг дараагийн санхүүчээс авна.

7.9.6.4. Холбооны мөнгөөр худалдаж авсан хөрөнгөндөө бүртгэл хөтөлж хянана.

8. Хяналтын зөвлөл

8.1. Хяналтын зөвлөлийн 2 гишүүнийг Бүх гишүүдийн хурлаас илээр санал хурааж сонгоно.

8.2. Холбооны санхүүгийн үйл ажиллагаанд болон дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавина.

8.3. Холбооны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн тайлангаа нийт гишүүдийн хуралд тайлагнана.

9. Холбооны санхүүжилт

9.1. Холбоо нь гишүүдийн татвар, хандив болон өөрийн явуулсан бусад үйл ажиллагаанаас санхүүжинэ.

10. Дүрэмд өөрчлөлт оруулах

10.1. Холбооны Дүрмийг Бүх гишүүдийн хурлаар баталж өөрчилнө.

10.2. Дүрмийн өөрчлөлтийг баталснаас хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

11. Бусад зүйл

11.1. Холбоо нь өөрийн бэлгэдэл, тэмдэг, тамга, банкны харилцах данстай байна.

11.2. Холбоог татан буулгах асуудлыг Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдэх ба энэхүү шийдвэр нь нийт гишүүдийн 2/3- оос илүү санал авсан тохиолдолд хүчин төгөлдөр болно.