НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн Пүрэв гарагт уламжлал болгон тэмдэглэдэг Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философийн салбарыг төгсөгчдийн холбоо хамтран “Ирээдүй, энх тайвны төлөөх философийн дуу хоолой” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.
Өнөөгийн дэлхий дахинд өрнөж буй геополитикийн хурцадмал байдал, хиймэл оюун ухаан, технологийн үсрэнгүй хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, олон нийтийн талцал, туйлшрал зэрэг олон талт сорилт нь хүн төрөлхтний ирээдүй, хамтын оршихуйн үндэс суурийг ахин эргэцүүлэхэд хүргэж байна. Ийм цаг үед асуудлыг гүн гүнзгий шинжлэн судлах, мөргөлдөөн, үл ойлголцлыг рационал яриа хэлэлцээгээр шийдвэрлэх, ирээдүй үеийнхний өмнө хүлээх ёс зүйн хариуцлагаа тодорхойлоход философи сэтгэлгээ чухал үүрэгтэй.
Тус хурал нь зөрчил, тэмцэл, энх тайван, эв эеийн тухай ойлголт, туршлага, олон ургалч үзэл, технологийн эрин дэх хиймэл оюун, биотехнологи, хүний эрхэм чанар, экологийн хямрал, тогтвортой хөгжил, ирээдүйн ёс зүй, дижитал шилжилтийн үе дэх нийгмийн итгэлцэл, глобал шударга ёсны талаарх асуудлыг философийн онол-арга зүйн үүднээс хэлэлцэх академик орон зайг бүрдүүлэх зорилготой.
Энэхүү хуралд эрдэмтэн, судлаач хэн бүхнийг шинэлэг судалгаа, бүтээлч санаагаа хуваалцан оролцохыг урьж байна.
Хуралд оролцогчдын мэдүүлэг, хураангуйг 2026 оны 11 сарын 06 хүртэл oyungereld@num.edu.mn хаягаар хүлээж авна.
Зохион байгуулах ажлын хэсэг хураангуйг үнэлсний үндсэн дээр хурлын хөтөлбөрт тусгана. Илтгэгч нарт хариуг 2026 оны 11 сарын 10-ны дотор мэдэгдэнэ.
Илтгэлийг бүрэн эхээр нь 2026 оны 11 сарын 16-аас өмнө oyungereld@num.edu.mn хаягаар хүлээж авна.
Харилцах утас: 99003188
Хүснэгт татаж авах холбоос: https://docs.google.com/document/d/1gNf0BKMXlZqt3miPV-QMHCJVyGlnllhcpM80H7bCJPY/edit?usp=sharing
Илтгэлийг өмнө хэвлээгүй, өөр хуралд хэлэлцүүлээгүй байна.
Илтгэл нь хурлын сэдвийн хүрээнд шинэлэг санаа, оновчтой шийдэл дэвшүүлсэн, судалгаа, танин мэдэхүйн ач холбогдолтой байна.
Илтгэлийн эхэнд илтгэлийн сэдэв, зохиогч(д)-ийн овог нэр, эрдмийн зэрэг, цол, эрхэлж буй ажил, цахим хаягийг бичнэ.
Илтгэлийн бүтэц: Сэдэв, түлхүүр үг (4-6), хураангуй (150-400 үгтэй), оршил, үндсэн агуулга, дүгнэлт, номзүй, хавсралт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Илтгэлийг UNICODE ашиглаж, “Times New Roman” фонтоор 12 pt үсгийн өндрийг сонгон, мөр хоорондын зай 1 байх, А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод, баруун талаас 2,5 см, зүүн талаас 3 см зайг үлдээж бичнэ. Илтгэл нь нийт 8-10 хуудас байна.
Илтгэлийн эшлэл, ном зүйг АРА загварыг баримтлан бичнэ.