Сэтгэлгээний хөгжил, соёл, хувь хүнд философийн гүйцэтгэдэг үнэ цэнийг онцлох үүднээс тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн философийн өдрийг тохиолдуулан философийн улсын XVI олимпиадыг Германы философич И.Кантын мэндэлсний 300 жилийн ойд зориулан зохион байгуулах гэж байна. И.Кантын үзэл санаа орчин үеийн метафизик, эпистемологи, ёс зүй, гоо зүй, улс төр зэрэг талбарт гүнзгий нөлөөтэй хэвээр байна. Үүрэг, категорийн императивын тухай түүний үзэл ёс суртахууны философийн чухал хэсэг болохын зэрэгцээ хүний эрх, шударга ёс, тэгш байдлын талаарх хэлэлцүүлэгт онолын суурь болдог. Тэрээр эрх чөлөөг ёс суртахууны хуулийн дагуу үйлдэх чадвар хэмээн үзэж, хувь хүний бие даасан байдлыг онцолсон нь орчин үеийн либерал ардчилалд тусгалаа олжээ. Иргэний эрх чөлөө, засаглал, хүний эрх, нэр төр, ертөнцийн дэг журмын тухай түүний баримтлал олон улсын харилцаа, эрх зүй, глобал зүй ёсны талаарх эргэцүүлэлд чухал байр суурь эзэлдэг. Ёс суртахуун, нийгэм, улс төрийн орчин үеийн сорилтуудыг ойлгон ухаарч, шийдвэрлэхэд түүний оюуны өв үнэ цэнтэй хэвээр байгаа учраас энэхүү олимпиадаар И.Кантын философийг онцолж байна.
-Мэдлэг ба бодит байдлын мөн чанар
-Априори синтетик мэдлэг
-Эпистемологи дахь коперникч хувьсгал
-Категорийн императив
-Бие даасан байдал ба чөлөөт хүсэл
-Үүрэг ба сайн хүсэл
-Ёс суртахууны хууль ба практик оюун ухаан
-Зүй ёсны талаарх Кантын онол
-Мөнхийн энх тайван
-Бие даасан байдал, хүний эрх
-Гоо сайхан, урлагийн мөн чанар
-Гоо зүйн туршлага
-Бурханы оршихуйн ёс суртахууны баталгаа
-Оюун ухаан ба сүсэг бишрэл
-Хүний эрх ба глобал зүй ёс
-Хүрээлэн буй орчны ёс зүй ба тогтвортой байдал
-Кант ба технологийн ёс зүй/ хиймэл оюун
Их, дээд сургуулийн философийн хичээл судалж буй болон судалсан оюутан оролцоно.
Баг нь удирдагч багш, 5 оюутнаас бүрдэнэ. Багийн бүрэлдэхүүнд өмнөх жилүүдэд философийн хичээл судалсан 2-оос илүүгүй оюутан орж болно. Өмнөх удаагийн олимпиадын оролцогч дахин оролцохгүй.
Харилцан яриа зохиох, богино бичлэг, сошиал пост бүтээх, сорилд хариулах, танилцуулга бэлдэх, толилуулах, эх бичвэр задлан шинжлэх, тайлбарлах, философийн шүүмжлэлд хариу барих, кино хэлэлцүүлэг хийх, мэтгэлцэх даалгавар гүйцэтгэнэ.
Шалгаруулалт урьдчилсан, хасагдах гэсэн үндсэн хоёр үе шаттай. Багийн оноо хуримтлагдаж үнэлэгдэнэ.
Урьдчилсан шатанд багууд гэрийн даалгавар, сорилд хариулсан оноогоор эрэмбэлэгдээд бүгд хасагдах шатны шалгаруулалтад орно.
Хасагдах шатны эхний даваанд 10 баг шалгарч үлдээд, даваа ахих бүрт хамгийн бага оноотой 2 баг нь хасагдах зарчмаар шалгарна.
Багийн шагнал
I байр-1: Өргөмжлөл, 1,000,000₮
II байр-1: Өргөмжлөл, 500,000₮
III байр-1: Өргөмжлөл, 300,000₮
Тусгай байр-1: Өргөмжлөл, 200,000₮
Оролцогчдын шагнал
Уран илтгэгч-1: Өргөмжлөл, 100,000₮
Мэргэн санаа дэвшүүлэгч-1: Өргөмжлөл, 100,000₮
Хөгжөөн дэмжигчийн шагнал-2: Өргөмжлөл, тус бүр 50,000₮
Олимпиадын оролцогч бүхэнд гарын бэлэгтэй, бэлгийг шагналын үеэр гардуулна.
ТАНИН МЭДЭХ ЗОРИГТОЙ БАЙ.