ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ

ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ


Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны

Удирдах зөвлөлийн 2014 оны 1/08 –р тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 дүгээр зүйл.  Дүрмийн зорилго

Шүүгчийн албаны үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах зарчим, даган биелүүлэх хэм хэмжээг тодорхойлж, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх; Шүүгчийн ёс зүй, хариуцлагатай байдлыг бэхжүүлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх; Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалахад энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2 дугаар зүйл. Шүүгчийн ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс

1. Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох бусад хууль, Монгол Улсын Олон улсын гэрээ, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм нь энэ дүрмийн эрх зүйн үндэс байна. 

1.3 дугаар зүйл. Шүүгчийн баримтлах зарчим

1. Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэг ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ.

1.4 дүгээр зүйл. Ёс зүйн зөрчил

1. Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн  үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.

3. Шүүгч нь бусад шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг үл тэвчинэ.

4. Шүүгч бусад шүүгчийн үйлдсэн ёс зүйн зөрчлийг зохих байгууллагад мэдэгдээгүйн төлөө хариуцлага хүлээхгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. НИЙГМИЙН ХАРИЛЦААНД ШҮҮГЧИЙН БАРИМТЛАХ ЁС ЗҮЙ

  2.1 дүгээр зүйл. Ялгаварлах үзэл гаргахгүй байх

1. Шүүгч нь хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлах, түүнчлэн тийм үйл ажиллагаанд дэмжиж оролцох эсхүл дээрх үйл ажиллагаа явуулдаг байгууллагад гишүүн байхыг хориглоно.

2. Шүүгч нь өмчийн аливаа төрөл, хэлбэрийг алагчилж болохгүй.

2.2 дугаар зүйл. Байгаль орчны талаарх хандлага             

1. Шүүгч нь байгаль орчинд халтай үйлдэл хийхийг хориглоно.  

2.3 дугаар зүйл. Зохисгүй байдал гаргахгүй байх

1. Шүүгч нь зохисгүй байдал [1]  гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ.

2.4 дүгээр зүйл. Олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн  сүлжээ ашиглах

1. Шүүгч олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглахдаа шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл, зураг, дуу, дүрс бичлэг болон бусад хэлбэрийн мэдээ, мэдээлэл байршуулахыг хориглоно.

2. Шүүгч олон нийтийн мэдээллийн сүлжээнд өөрийнх нь өмнөөс бусад этгээд энэ зүйлийн 1–д заасан мэдээ, мэдээлэл байршуулах, цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээгээр дамжин хуулиар хамгаалагдсан мэдээлэл задрахаас урьдчилан сэргийлнэ.

3. Шүүгч мэдсээр байж олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээнд хэргийн оролцогчидтой харилцахыг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЁС ЗҮЙ

3.1 дүгээр зүйл. Бие даасан, хараат бус байдлыг хадгалах

1. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгчийн өөр бусад ажлаас ямагт илүү чухал гэдгийг ухамсарлаж, түүний эрхлэх бусад үйл ажиллагаа, хувийн амьдрал нь мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос зайлсхийнэ.

2. Шүүгч хэргийн оролцогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй хувийн харилцаа тогтоох, шууд болон шууд бусаар тусламж авах, хувьдаа ашиг олох, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгөөр үйлчлүүлэх зэрэг хууль бус хангамж эдлэх зэргээр албан тушаалын нэр хүндийг ашиглан ямар нэгэн давуу байдал бий болгохыг хориглоно.

3. Шүүгч нь бусад шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

4. Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх явцад хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг оролдсон аливаа этгээдийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүрэгтэй.

5. Шүүгч нь хэргийг хараат бусаар хянан шийдвэрлэх үүргээ зөрчихгүйгээр бусадтай хууль хэрэглээний талаар санал солилцож болно.

3.2 дугаар зүйл.  Хэргийн оролцогчтой харилцах

1. Шүүгч нь хэргийн оролцогчдод  эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна.

2. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад хүнлэг бус хандах, хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжтэй үйлдлийг гаргаж болохгүй.

3. Шүүгч нь хэргийн оролцогчдод хэрэг, маргаанаа эвлэрэн шийдвэрлэх талаар зөвлөн дэмжих эрхтэй боловч өөрт болон хамаарал бүхий этгээддээ ашигтай шийдвэр гаргуулах хүсэлт тавих зэргээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

4. Шүүгч хэргийн оролцогчтой ганцаарчлан уулзаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн талаар ярилцаж болохгүй бөгөөд хэрэв албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас хэргийн нэг талыг байлцуулахгүйгээр нөгөө талтай уулзах бол шүүхийн туслах ажилтан байлцуулах бөгөөд уулзалтын агуулгын талаар тэмдэглэл хөтлөн хэрэгт хавсаргана.

3.3 дугаар зүйл. Албаны чиг үүрэгтээ хандах

1. Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.

2. Хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ.

3. Шүүгч ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэхдээ согтуурах, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх, эсхүл ийм байдалтай ажилдаа ирэхийг хориглоно.

4. Шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулахыг хориглоно.

5. Шүүгч шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах   хориглоно.

6. Шүүгч өөрийн удирдлага дор ажиллаж байгаа алба хаагчдад ажил мэргэжилдээ үнэнч байх, чин сэтгэлээсээ хандаж ажиллахыг шаардаж, өөрийн эргэн тойронд ёс зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ.

3. 4 дүгээр зүйл. Хэргийн талаар мэдээлэх

1. Шүүгч хуульд заасан журмын дагуу эцэслэн шийдвэрлээгүй хэргийн талаар болон  гарах шийдвэрийн тухайд саналаа урьдчилан илэрхийлэх, эсхүл хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр бусад шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг олон нийтэд мэдээлэхийг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТИЙН АЛБА БОЛОН ХУВИЙН АМЬДРАЛД ШҮҮГЧИЙН БАРИМТЛАХ ЁС ЗҮЙ

  4.1 дүгээр зүйл. Ашиг сонирхол, хөрөнгө, орлогоо мэдүүлэх

1. Шүүгч нь өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу  үнэн зөв мэдүүлнэ.

4.2 дугаар зүйл. Шүүгчийн албан үүргээс бусад үйл ажиллагаа

1. Шүүгч хууль эсхүл энэ дүрэмд хориглосноос бусад тохиолдолд шүүгчийн албан үүргээс бусад үйл ажиллагаанд оролцож болно.

2. Шүүгч шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь бусад этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөхийг хориглоно.

3. Шүүгч нь шүүхийн байр, техник, тоног төхөөрөмж, санхүү, мэдээллийн хэрэгсэл, бичиг хэрэгсэл эсхүл бусад эх үүсвэрийг хувийн зорилгоор дур мэдэн ашиглаж болохгүй.

4. Шүүгч нь шүүгчийн албан үүргээс бусад дараах агуулга бүхий үйл ажиллагаанд оролцохыг хориглоно:

4.1. Арилжааны аливаа хэлбэрийн зар сурталчилгаанд оролцох;

4.2. Хуулиар зөвшөөрснөөс бусад ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах;

5. Шүүгч нь өөрийн хамаарал бүхий этгээддээ хууль зүйн зөвлөгөө өгөх, баримт бичиг боловсруулах, хянах ажиллагаа явуулж болох боловч тэдгээрийн хуульчаар ажиллаж болохгүй.

6. Шүүгч өөрийн болон гэр бүлийн гишүүн, албан байгууллагынх нь эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байхыг хориглоно.

4.3 дугаар зүйл. Бусдын зан байдлын талаар тодорхойлох

1. Шүүгч нь шүүхэд гэрчээр дуудагдсан, Хуульчдын холбооноос даалгасны дагуу хуульчийн талаар, эсхүл өөрийн удирдлага дахь ажилтны талаар тодорхойлохоос бусад тохиолдолд бусад хүний зан байдал, ёс зүй, нэр төр, ур чадварын талаар тодорхойлохыг хориглоно.

4.4 дүгээр зүйл. Шүүгчийн албан үүргээс бусад үйл ажиллагааны хөлс

1. Шүүгчийн албан үүргээс бусад хууль болон энэ дүрмээр хориглоогүй үйл ажиллагааны хөлс нь бусдын нэгэн адил хэмжээтэй байна.

4.5 дугаар зүйл. Бэлэг, зээл, өв хөрөнгө, үйлчилгээ эсхүл бусад үнэ бүхий зүйл хүлээн авах

1. Шүүгч албан үүргээ биелүүлсэн болон биелүүлээгүйн төлөө өөрөө эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан бусдаас төлбөр, бэлэг, зээл, өв хөрөнгө, хандив, үйлчилгээ, урамшуулал бусад үнэ бүхий зүйл авахыг хориглоно.

2. Баяр ёслолын арга хэмжээ, албан томилолтын болон албан ёсны бусад арга хэмжээнд бусдаас өгсөн шагнал, урамшуулал, бэлэг, дурсгалын зүйлийг хуулиар тогтоосон журмын дагуу өөрөө худалдан авах санал гаргах бөгөөд санал гаргаагүй тохиолдолд өөрийн ажиллаж байгаа шүүхэд холбогдох баримтаар хүлээлгэн өгнө.

3. Шүүгч өөрийн шүүгчийн нэр хүндийг ашиглан боловсрол, шашин, хандив, олон нийтийн байгууллагын ажиллагаанд зориулан зээл авах, хандив тусламж авахад биечлэн оролцохыг хориглоно.

4.6 дугаар зүйл. Нууцыг задруулахгүй байх

1. Шүүгч албаны үүргээ хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн болон өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулах, эсхүл өөр зорилгоор ашиглахыг хориглоно.

2. Шүүгч бусдын нууцыг задруулахгүй байх талаар өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг  авна.

4.7 дугаар зүйл. Бие хамгаалах тусгай хэрэгсэл ашиглах

1. Шүүгч амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалах зорилгоор олгосон бие хамгаалах тусгай хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, бусдад ашиглуулах зэргээр тогтоосон журмыг зөрчихгүй байх үүрэгтэй.

4.8 дугаар зүйл. Шүүгчийн үнэмлэх, тэмдэг хэрэглэх

1. Шүүгч албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоос бусад тохиолдолд шүүгчийн үнэмлэх, тэмдэг ашиглан өөртөө давуу байдал бий болгох, бусдад ашиглуулах, албан үүрэгтэй холбоогүй иргэний үүрэг, хувийн шинж чанартай хэрэгцээнд шүүгчийн үнэмлэх, тэмдэг ашиглах, барьцаа болгон үлдээхийг хориглоно.

4.9  дүгээр зүйл. Шүүгчийн улс төрийн үйл ажиллагаа

Шүүгч улс төрийн дараах үйл ажиллагаанд оролцохыг хориглоно:

1.Улс төрийн байгууллагад манлайлах үүрэг гүйцэтгэх, гишүүн байх, эсхүл албан тушаал хаших;

2.Улс төрийн байгууллага болон нийтийн албан тушаалд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд оролцох, хандив өгөх, энэ талаар уриалах;

3.Улс төрийн байгууллага болон нийтийн албанд нэр дэвшигчийн санхүүжүүлсэн, зохион байгуулсан, санаачилсан арга хэмжээнд дэмжиж оролцох, тэдний өмнөөс илтгэл тавих, үг хэлэх;

4. Нийтийн албан тушаалд нэр дэвшигчийг олон нийтийн өмнө дэмжих, эсхүл эсэргүүцэх

5. Улс төрийн байгууллагаас дэмжлэг, хандив хүсэх, хүлээн авах, ашиглах;

4.10 дугаар зүйл. Итгэл үнэмшилтэй байх

1.Шүүгч бусад иргэний адил үзэл бодлоо илэрхийлэх, шүтэж бишрэх эрхээ эдлэхдээ өөрийн итгэл үнэмшил, үзэл баримтлалыг бусдад тулгах, шахалт үзүүлэх, албан үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохыг хориглоно.

4.11  дүгээр зүйл. Эвлэлдэн нэгдэх

1.Шүүгч нь эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхдээ шүүгчийн хараат бус байдал, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

ТАВДУГААР БҮЛЭГ. БУСАД

 5.1 дүгээр зүйл. Хариуцлага

1. Шүүгч энэхүү дүрмийг зөрчсөн бол Шүүгчийн  эрх зүйн байдлын тухай хуульд заасан сахилгын хариуцлага хүлээнэ.

2. Зөрчилд сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзнэ.

3. Ёс зүйн зөрчлийг илрүүлсэнээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.

4. Сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.     

5. Нэг зөрчилд холбогдох хянан шийдвэрлэх ажиллагааг нэг удаа явуулах ба нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэж болохгүй.

6 Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас бусад ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдлыг Шүүхийн ёс зүйн хороо харъяалан шийдвэрлэнэ.

Хүчин төгөлдөр болох

1. Энэ дүрэм нь Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны гишүүдийн олонхийн саналаар батлагдах бөгөөд санал хураалтын дүнг Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн тогтоолоор баталгаажуулна.

2. Энэ дүрмийг 2014 оны 3 дугаар сарын 01 –ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

--о0о--

Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралт

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН

ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилго нь төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч (цаашид “төрийн албан хаагч” гэх)-ийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжид заасан тохиолдолд тухайн салбар, байгууллагын чиг үүргийн онцлогийг харгалзан албан хаагчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлж болно.

1.3. Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан хариуцсан салбар, байгууллага, нэгжид ажиллаж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн байдалд хяналт тавьж, төрийн албан хаагч Төрийн албаны тухай хууль болон энэ дүрмээр хүлээсэн хэм хэмжээг сахин мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

Хоёр. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ

2.1. Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө:

2.1.1. үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина;

2.1.2. шударга ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна;

2.1.3. төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэнэ;

2.1.4. ард түмэндээ чин сэтгэлээс үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэнэ;

2.1.5. албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байна;

2.1.6. албан үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн хувьд төвийг сахиж, улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа нөлөөллөөс ангид байна;

2.1.7. захирах, захирагдах ёсыг сахин биелүүлнэ.

Гурав. Төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлага

3.1. Төрийн албан хаагч нь төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээ үзүүлэхдээ дор дурдсан ёс зүйн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй:

3.1.1. энэ дүрмийн 2.1.1-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

3.1.1.а. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах;

3.1.1.б. хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх;

3.1.1.в. харьяалах дээд шатны албан тушаалтныг хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангах;

3.1.1.г. үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх;

3.1.1.д. төрийн болон байгууллагын, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хамгаалах;

3.1.1.е. бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардахгүй байх;

3.1.1.ё. удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх.

3.1.2. энэ дүрмийн 2.1.2-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

3.1.2.а. өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах;

3.1.2.б. өөрийн хөрөнгө, орлогын байдал, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаар эрх бүхий байгууллагад үнэн зөв мэдээлэх;

3.1.2.в. төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх, эд хөрөнгө, техник хэрэгслийг зөв, гамтай, цэвэр нямбай ашиглах;

3.1.2.г. албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд хууль бусаар давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс бэлэг, шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, бусад хангамж эдлэхгүй байх;

3.1.2.д. хамаарал бүхий этгээдийн ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэх.

3.1.3. энэ дүрмийн 2.1.3-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

3.1.3.а. төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;

3.1.3.б. албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхахгүй байх;

3.1.3.в. жендерийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт үзүүлэхээс ангид байх;

3.1.3.г. төрт ёс, түүх, соёлын өв уламжлалаас суралцах, Монголын ард түмний соёл, зан үйлийг хүндэтгэх.

3.1.4. энэ дүрмийн 2.1.4-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

3.1.4.а. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгчтэй эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх;

3.1.4.б. төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливаа үйлдлийг цээрлэх;

3.1.4.в. гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг чанд баримталж, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн)

3.1.4.г. гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом (казино) тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн)

3.1.4.д. албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих; (Энэ дэд заалтын дугаарыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор өөрчилсөн)

3.1.4.е. төрийн байгууллагаас явуулж байгаа бодлого, хууль ёсны үйл ажиллагааг үл эсэргүүцэх, үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх. (Энэ дэд заалтын дугаарыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор өөрчилсөн)

3.1.5. энэ дүрмийн 2.1.5-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

3.1.5.а. албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд бүрэн хариуцах;

3.1.5.б. ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд үйлдэлдээ дүгнэлт хийж, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзах хүртэл хариуцлага хүлээх чадвартай байх.

3.1.6. энэ дүрмийн 2.1.6-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

3.1.6.а. төрийн алба хаах хугацаанд улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөнөөс аливаа үүрэг хүлээхгүй, нөлөөлөлд автахгүй байх;

3.1.6.б. төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох, мэдээ, мэдээлэл тараахгүй байх.

3.1.6.в. хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх;

3.1.7. энэ дүрмийн 2.1.7-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

3.1.7.а. удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх;

3.1.7.б. хамт олны дотор ажил хэрэгч сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх;

3.1.7.в. хамт олны дунд ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, зөрчлийг зохицуулах;

3.1.7.г. авлигын орчин үүсэхээс урьдчилан сэргийлэх;

3.1.7.д. удирдлагадаа байгаа ажилтныг улс төрийн үйл ажиллагаанд татагдан орохоос сэргийлэх;

3.1.7.е. ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөхөөс сэргийлэх, ёс зүйн сургалт зохион байгуулах;

3.1.7.ё. удирдлагадаа байгаа албан хаагчийг айлган сүрдүүлэх, доромжлох, хясан боогдуулах зэргээр албаны хэвийн харилцааг алдагдуулах, хууль бус үүрэг даалгавар өгөхгүй байх;

3.1.7.ж. албан харилцаанд хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдал, хувийн болон гэр бүлийн нууц, нэр төр, алдар хүндийг эрхэмлэх зарчим баримтлах;

3.1.7.и. удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх;

3.1.7.к. албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахыг цээрлэх.

Дөрөв. Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага

4.1. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэнэ.

4.2. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан ёс зүйн дараахь хариуцлага хүлээлгэнэ:

4.2.1. уучлал гуйхыг үүрэг болгох;

4.2.2. сануулах;

4.3. Төрийн албан хаагч энэ дүрмийн 3.1.5.б-д заасны дагуу сайн дураараа албан тушаалаас чөлөөлөгдөх нь ёс зүйн хариуцлага хүлээсэнд тооцогдоно.

4.4. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна.

Тав. Ёс зүйн зөрчлийн тухай мэдээллийг хүлээж авах, шалгаж шийдвэрлэх

5.1. Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн гомдол, мэдээлэл, эсхүл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн болон тухайн байгууллагын дотоод хяналтаар илэрсэн мэдээ, баримт нь шалгалт явуулах үндэслэл болно.

5.2. Тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл уг байгууллагад дотоод хяналт, шалгалт хариуцсан нэгж, албан тушаалтан ажилладаг бол тэрхүү нэгж, албан тушаалтан мэдээллийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор дараахь журмын дагуу шалгалт явуулна:

5.2.1. гомдол, мэдээлэлд холбогдсон албан хаагч болон гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдгээрийн тайлбар, саналыг сонсож тэмдэглэл хөтлөх;

5.2.2. шаардлагатай гэж үзвэл бусад байгууллагаас баримт бичиг, тайлбар, бусад лавлагаа материалыг гаргуулж авах;

5.2.3. харьяалах нэгжийн удирдлага, албан хаагчидтай уулзаж, шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулах.

5.3. Гомдол, мэдээллийг шалгах хугацааг шаардлагатай бол байгууллагын удирдлага нэг удаа 14 хоногоор сунгаж болно.

5.4. Төрийн албан хаагч энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн нь сахилгын зөрчлийн шинжтэй болох нь шалгалтаар тогтоогдвол энэ дүрмийн 5.2-т заасан нэгж, албан тушаалтан шалгалтын дүнг байгууллагын удирдлагад танилцуулан Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлд хүргүүлнэ.

Зургаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл

6.1. Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл (цаашид “Ёс зүйн зөвлөл” гэх) төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллана.

6.2. Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн тоог тухайн байгууллагын төрийн албан хаагчдын тоог харгалзан 3-7 гишүүнтэй байхаар тогтоож, төрийн албан хаагчдын саналыг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан гурван жилийн хугацаагаар томилно. Зөвлөлийн ажиллах журмыг томилох эрх бүхий албан тушаалтан батална.

6.3. Ёс зүйн зөвлөл нь төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг энэ дүрмийн 5 дахь хэсэгт заасны дагуу шалгаж ирүүлсэн танилцуулга, материалыг гишүүдийн ердийн олонхийн ирцтэй хуралдан хэлэлцэж, шалгалтын дүнг үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан, зөрчил гаргагчид энэ дүрмийн 4.2-т заасан хариуцлагыг хүлээлгэх тогтоол гаргана.

6.4. Ёс зүйн зөвлөлийн тогтоолоор энэ дүрмийн 4.2.1-д заасан хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд уучлал гуйх хэлбэрийг тодорхойлсон байна.

6.5. Ёс зүйн зөвлөлийн хуралдаанд гомдол, мэдээллийг шалгасан албан тушаалтан болон ёс зүйн зөрчилд холбогдсон албан хаагчийг биечлэн оролцуулж тайлбарыг сонсож, асуулт тавьж, хариулт авч болно.

6.6. Тухайн байгууллагын төрийн албан хаагчийн тоо 25 хүрэхгүй бол ёс зүйн зөвлөл байгуулахгүй байж болно. Энэ тохиолдолд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан шалгаж, холбогдох танилцуулга, материалыг тухайн байгууллагын удирдлагад танилцуулж шийдвэрлүүлнэ.

6.7. Ёс зүйн зөвлөлийн тогтоолыг зөрчил гаргасан албан хаагчид танилцуулна.

6.8. Ёс зүйн зөвлөл тухайн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзвэл гомдол, мэдээлэл гаргасан иргэн, байгууллагад энэ тухай бичгээр хариу өгнө.

6.9. Төрийн байгууллагын удирдлага ёс зүйн зөвлөлийн ажилд тухайн байгууллагын удирдлага дэмжлэг үзүүлнэ.

Долоо. Ёс зүйн зөрчлийн талаар тайлагнах, олон нийтэд мэдээлэх

7.1. Томилох эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг тухайн төрийн албан хаагчийн хувийн хэрэгт тэмдэглэж, байгууллагын дотоод сүлжээнд байршуулан мэдээлнэ.

-----о0о-----