Сайн байна уу? миний нэрийг Уянга гэдэг, найзууд маань ихэвчлэн Уна гэж дууддаг. 90-ээд оныхны адилаар бага насаа эмээ өвөө дээрээ өнгөрөөсөн бөгөөд удалгүй Эрхүү хот руу сурахаар явж 5 дугаар анги хүртлээ Орост байсан. Тийм болохоороо ч анх Монголд ирээд монголоор ном байтугай сонин ч уншиж чаддаггүй байлаа. Монгол хэлийг минь сайжруулах гэж монгол сургууль руу ээж маань явуулсан бөгөөд би гэдэг хүн тэнд 1 жил л байж чадсан. Тэгээд орос сургуульд ороод 11 ангиар 2009 онд төгссөн. Герман явж сурах зорилготой байсан болохоор МУИС-г герман хэл шинжээч, орчуулагчаар 2013 онд төгссөн. Суралцах хугацаандаа оюутан солилцоо, зуны ажлаах Герман руу явж байсан миний ирээдүйд Германд сурах хүслийг улам өдөөж өгсөн. Герман руу явах бэлтгэлээ хангаад, төрөл бүрийн бичиг баримт бэлдэж хажуугаар нь мөн 2 жил ажил хийж байгаад 2015 онд Германы Бавари мужид интерьер дизайнерээр сурахаар ирсэн. Хэлний бэлтгэлд яваагүй болохоор эхэндээ хүндрэлтэй байсан ч яваандаа чих онгойж эхэлсэн.
Яагаад бүр анхнаасаа Германыг гэж шийдсэн бэ?
10 жилд байхдаа Орост сурах хангалттай боломжтой, тэтгэлэг ч мөн олимпиадаар авч байсан ч би анхнаасаа л Европт сурна гэж боддог байсан болохоор Орост сурахыг ер эрмэлзээгүй юм. Ээжийн маань найз нөхөд, эгч дүү нь Герман, Швейцарт амьдардаг байсан болохоор тэд нар Европ руу ирж сурахыг их зөвлөдөг байсан. Ээжтэйгээ хамт судалсны үндсэн дээр ер нь Германд сурах нь бага зардалтай мөн боловсрол нь дэлхийн стандартад нийцдэг байсан болохоор ийнхүү шийдсэн.
Би 16-тай 10 жил төгсчихсөн байсан учир Германд ирэх боломж байгаагүй бөгөөд анхнаасаа л академик боловсрол эзэмшихийг зорьсон болохоор МУИС-д герман хэлний ангид орсон. Эхлүүлчихсэн юм чинь дуусгасан нь дээр гээд 4 жил суралцсан. Ууг нь бол 2 дох курсээсээ ийшээ Studienkolleg-т ирэх боломж байдаг. Заримдаа хүний амьдралд төрөл бүрийн зүйлс тохиолддог болохоор шууд Герман явах боломж тэр үед гараагүй юм. Дансанд байрлуулах мөнгө, хэлний сертификат, байр, сургууль гээд л гадаад орон руу ирэхэд санхүү гэдэг зүйл их хомс байсан үе. Суралцах үедээ харин найз нөхөд, дээд курсын хүмүүсээс их мэдээлэл цуглуулж явсан. Зарим нь миний motivational letter-ийг хүртэл засаж өгөөд, МУИС-н нэг багш маань Герман руу өөр явах төрөл бүрийн арга байдаг гээд Au-Pair, FSJ мөн Ausbildung-н талаар мэдээлэл өгч маш их тусалсан. Тэр хүмүүстээ мөн их баярлаж явдаг. Гол зорилго минь гадаад явах байсан болохоор хүн гэдэг байгаа бололцоогоо бүгдийг нь ашиглаад л эхэлдэг юм байна лээ.
Мэргэжлээ яагаад сонгох болсон бэ? Хүүхэд байхаасаа шийдсэн үү? Эсвэл гэрийнхэнтэйгээ ярилцаж шийдсэн үү?
Хүүхэд байхаасаа л эмээгийнхээ ширээний хулдаасыг сайхан хайчлаад л суудаг хүүхэд байсан гэдэг, цэцэрлэгт байхдаа мөн их зурах сонирхолтой байсан. Ер нь бол ихэнхдээ гэртээ ганцаараа байдаг байсан болохоор өөрийгөө төрөл бүрийн зүйлээр завгүй байлгадаг байсан. 10 жилдээ ч гэсэн жигд бүх хичээлдээ сайн байсан ч геометр, зургийн хичээлд илүү сонирхолтой мөн идэвхтэй байнга сайн дураар баяр бүрт плакат бэлдэж, уран зохиолын өдөрлөгүүдэд зориулж засал чимэглэл хийн олон юм зохион байгуулдаг байсан. 10 жилд байхдаа л архитектор болно гэж боддог байсан бөгөөд яваа яваандаа илүү детальд сонирхолтой байсан болохоор интерьер дизайныг сонгосон. МУИС-д сурч байхдаа мөн ТИС-д хар зургийн сургалтанд явж бас ирээдүйн шалгалтандаа бэлдэж байсан.
Хүсч байсан мэргэжлээрээ сураад ажиллахад яг мөрөөдлөөсөө зөрсөн төсөөлөл ч юм уу байсан уу? Ер нь энэ мэргэжлээр сурах хүсэлтэй эсвэл төлөвлөж байгаа хүүхдүүд дүү нарт яг энэ салбарт ажилладаг хүний хувьд хэлэх үгс, гоё зөвлөгөөнүүд байна уу?
Ер нь бол гадаадад ирээд л сургуулиа төгсөөд л ажилладаг, орчихдог гэж хүмүүс их эндүүрдэг, би ч гэсэн бас тэгэж л боддог байсан. Гэхдээ ер нь бол 3-6 сарын хугацаа дор хаяж шаардагддаг санагдсан. Тэгэхээр ер нь бол дадлага сайн хийгээрэй л гэж захья, тэгэх тусам CV чинь илүү бусдаасаа ялгараад гараад ирнэ.
Мэдээж барилгын салбар тэр тусмаа дизайн болохоор их бүтээлч (creative) байх хэрэгтэй бөгөөд тархиа үргэлж хооллож, шинэ зүйлс эрэлхийлж байгаарай. Хэд хэдэн мэргэжлийн болоод суурь программууд (software) дээр ажиллаж сурах мөн шаардлагатай. Зөвхөн байр байшингийн зураг гаргахгүй байж болох бүхий л орчинг бид бүтээж бий болгодог болохоор хүн байсан цагт архитектур, интерьер дизайн байсаар л байна, хоцрогдохгүй.
Мэргэжлийн ур чадвараас гадна, харилцааны ур чадвар мөн EQ чухал. Том багт ажиллах болоод цаашлаад үйлчлүүлэгч харилцагчидтайгаа зөв боловсон харилцах ур чадварыг их үнэлнэ. Тэгэхээр 10 жилдээ мөн их сургуульдаа хувь хүний хөгжлийн ном, харилцааны ном мөн мэргэжлийн номнуудаа сайн уншаарай гэж зөвлөе.
Тэгээд мэдээж герман хэл, англи хэлээ сайн сураарай. Хэлийг нь өөрсдөөс нь ялгаагүй сайн эзэмшсэн тохиолдолд германчууд урыг чинь их үнэлнэ ээ.
Сургуулиа төгсөөд хэрхэн ажилд орж байсан бэ?
Яг Ковидын үеэр сургуулиа төгссөн болохоор Германд ажилд орох нэлээн хэцүү мөн мастер хийхээс илүү ажил хийж туршлага олж авах хүсэлтэй байсан. Сургуулиа төгсөөд 18 сарын дотор ажилд орох ёстой байдаг учраас ажил хайж мөн ажилд орох гэж нэлээд их цаг хугацаа алдсан. Бас том компанид ажилд орох нь тийм ч амар зүйл биш юм билээ. Монголд байхдаа гэр хороололд амьдардаг хүүхдүүдийг хараад би монголын гэр хорооллын нөхцөл байдлыг өөрчлөх юм сангэж их боддог байсан. Анх их сургуульд орох ярилцлагадаа Орчин үеийн монгол гэрийн design гаргамаар байна гэж хэлээд сургуульдаа элсэж байлаа, харин төгсөхдөө яг хэлж байснаараа зорьж байснаараа бакалаврын ажлаа Die Jurte zwischen Tradition und Moderne- Die Vision einer Nomadin" гэсэн сэдвээр хамгаалсан. Би Монгол гэр, монгол соёл, ёс заншил, түүх соёл гээд л Монголын талаар мэддэггүй найз нартаа дандаа ярьж тайлбарлана. Тэгж ярьж байхдаа үргэлж л монголынхоо уламжлалаараа их бахархаж, цаанаасаа л монгол хүн хүн гэдгээрээ омогшоод байдаг. Дипломын ажлаа биччихээд удалгүй BDIA буюу Интерьер Дизайны Холбооноос шилдэг бакалаврын ажлын нэгээр сонгон шалгарч BDIA anerkannt! Гэдэг шагнал авсан(1).
Уг шагнал авсан анхны Монгол оюутан болоод өөрөө маш их бахархах сэтгэл төрсөн. 5 жил туулсан бүх хэцүү бүхнийг маань мялаасан шагнал мэт санагдсан. Тэгээд нэг л сайхан тайвшраад сэтгэл маань нэг л өег болчихсон. 2021 оны 4 сард IHK буюу хотынхоо худалдаа аж үйлдвэрийн яаманд Бакалаврын ажлаа танилцуулах завшаан тохиож 50 оюутан 5000 еврогийн шагналын сантай уралдаанд орж 5 шилдэг төгсөлтийн ажлын нэгээр мөн шалгаран 1000 еврогийн чек анх удаа авч байлаа(2). Мөн түүнчлэн хэд хэнд сонин болон веб хуудас дээр гарч хотынхоо телевизэд төгсөлтийн ажлаа танилцуулан ярилцлага өгч байсан сайхан дурсамжтай онцлох үйл явдал тохиож байсан. Эдгээр шагналууд болон оролцож байсан хөтөлбөрүүд маань ажилд ороход нилээн том давуу тал болж удалгүй хүссэн компанидаа ажилд орсон.
Манай Уянгаа маань үндсэн ажлаасаа гадна та бидний мэдэх Франкфурт дах монголчуудын үйл ажиллагааг хариуцан ажиллаж mongolianevents_ffm Инстграм хаягийн админ билээ. Ер нь яагаад мэргэжлээсээ өөр ийм үйл ажиллагаа зохион байгуулах болсон бэ?
Сургуулиа төгсөөд төгссөн хотдоо нэг жил ажилссаны дараагаар том хотод амьдрах хүсэлдээ хөтлөгдөн Frankfurt хотод нүүж ирсэн. Шинэ орчин шинэ ажил, шинэ хүмүүс... Бүх зүйлийг ахиад шинээр босгож эхлэх мөн өөрийгөө сорих боломж. Оюутан байх үедээ монголчуудынхаа зохион байгуулсан янз бүрийн үйл ажиллагаанд хэд хэд очиж байсан. Тэгээд ''The wedding planner'' гээд кино үзчихээд гоё тэмдэглэлт үйл явдал эсвэл том үйл ажиллагаа концерт гэх мэт зохион байгуулагч хийвэл гоё юм байна даа гэж бодож байлаа. Тэгтэл нээх удалгүй нэг танил маань надтай холбогдоод Франкфурт хотод event зохион байгуулах санал тавихад нь зөвшөөрч mongolianevents_ffm хуудсаа нээж байлаа.
Хүмүүст арай өөр мэдрэмж өгөх хүсэлтэй монголчууд маань гадаадад буюу ажиллаж амьдарч байгаа улсдаа хотдоо гоё орчинд ямар ч ямар ч шоу, концерт ямар ч төрлийн үйл ажиллагаанаас 100 хувь сэтгэл ханамж аваасай гэж маш их судалсны эцэст хийгээд үзье гээд шийдсэн. Мөн шинэ ажилд ороод туршилтын хугацаа маань дуусаж байсан болохоор хийгээд үзье гэж бодоод зориглосон. Тэгээд Mongolianevents Франкфурт-ээ хийгээд одоо бараг жил хагас болж байна. Энэ хугацаанд олон хүмүүстэй танилцаж, их зүйл сурч, мөн өөрийгөө өөр таньж мэдэн, түүнчлэн төдий чинээгээр өөрийгөө хөгжүүлсэн байна. Бүх зүйл харагдаж байгаа шигээ амархан байдаггүйг, бүх зүйлийн ард нь маш олон хүнийг хичээл зүтгэл, олон цагийн хөдөлмөр шингэсэн байдгийг ойлгосон.
Мөн олон төрлийн асуудлыг нэг дор шийдэх мөн уян хатан байх хүмүүстэй хэрхэн яаж харилцах яаж хийж байгаа зохион байгуулж байгаа үйл ажиллагаагаа хөгжүүлэх вэ? Гэх мэт нэлээдгүй их зүйлийг сурсандаа маш их баярладаг. Энэ жил гарангын хугацаанд Comedy Lab, Davai Dasha& Odnoo, Zura уран сайхны кино bolon Uka Europe Tour амжилттай зохион байгууллаа. Дашрамд анхны маань үйл ажиллагаа зохион байгуулах газар олж өгөхөд тусалсан жүжигчин Ariana Gansukh, Hulegu events-ы Ганзо, мөн Франкфурт хотноо бүх эвэнтүүд үйл ажиллагаа дээр маань хамтран ажилдаг Nomadsink Tatto salon, Muko Vegan Restaurant хамт олонд, мөн хажууд үргэлж тусалж дэмждэг Ану, Туул, Наранжаргал болон Дуяа эгчдээ баярласан талархсанаа илэрхийлье.
Гэрийнхнээсээ хол гадаад оюутан байх хэр байсан бэ? Ер нь гадаадад амьдрахын давуу болон сул тал чинийхээр?
Гэрийнхнээсээ хол байх амар байгаагүй ээ, заримдаа уйлна, санана, хамаг юмаа хаяад буцмаар ч юм шиг тийм л мэдрэмж төрдөг байсан. Санхүү мөнгөнөөс авахуулаад л бүх зүйл толгойн дээр буухаар хүн яалт ч үгүй шантрах гээд байдаг юм билээ. Тэгээд үргэлж дотроо яаж ирлээ дээ, юуны төлөө өнөөдөр энэ бүхнийг хийлээ дээ гэж бодоод л гүрийгээд тэвчдэг байсан хэхэ. Монголд байхдаа 16-с авахуулаад зун ажилчихдаг мөн төгсөөд ажил хийж сурсан минь энд ирээд их хэрэг болсон.
Эхний 2 жилдээ ер нь давчихвал гэрээ санах нь багасаад, хичээл номоо ч сайн ойлгоод, мөнгө санхүүгээ зохицуулчихдаг болдог. Том хотод биш жижиг хотод байсан болохоор шоу цэнгээн гэх мэт сатаарах зүйл бага, мөнгө нээх их үрдэггүй байлаа. Хичээлийн хажуугаар цагийн ажлаа хийгээд л гэр сургууль ажил гэдэг routine-р амьдраад төгссөн дөө хэхэ.
Жилдээ өөртөө зориулаад 9 дүгээр сар #myseptemberannualtrip гэдэг нэртэй Евровийн аль нэг хот руу 300€-р аялчихдаг байсан. Тэр нь ер нь хамгийн гоё нь байх аа, хямд үнээр олон улс орноор аялах боломж.
Герман болон англи хэл ер нь хэл сурахдаа юун дээр анхаарвал дээр вэ? Чиний хувьд хэл сурах өөрийн арга барилаасаа хуваалцвал?
Миний хувьд сургуульд сурсан анхны хэл минь орос хэл байсан. Багаасаа орос хүүхэлдэйн кино үзэж орос рекламыг цээжилтлээ л орос нэвтрүүлгүүд үздэг байсан. Англи хэлийг кассетаар тоглодог хөгжим байх үед англи үлгэрийн ном уншаад кассет дээр бичээд тэрийгээ сонсож дуудлагаа засдаг байсан. Англи хэл үгийн сан дуудлагын хувьд Avril Lavigne, Pink Maroon5 Герман хэлний Tokyo Hotel, Rammstein, Nena хувьд нарийн дууг сонсоод орчуулаад үг сурдаг байлаа. Германд оюутан болж ирээд аль болох дандаа герман найзуудтайгаа цагийг өнгөрөөхийг их хичээдэг байсан. Хэлийг хэрэглэхгүй байхаар мартчихдаг болохоор одоо ч орос хэлээрээ ихэвчлэн кино үзэж, дуу подкаст сонсоно. Харин англи хэлийн хувд ном тогтмол уншиж тогтмол хэрэглэх гэж хичээдэг. Давхар мэдэхгүй үгнүүдээ нэвт харагддаг хуудас дээр орчуулаад бичдэг. Харин герман хэлээрээ ихэвчлэн мэргэжлийн номуудаа тогтмол уншдаг.
Шинэ жил эхлээд эсвэл он солигдсоны дараа хийдэг сонирхолтой зүйл байдаг уу 2023 ондоо ямар зорилго зорилттой байгаа вэ?
Жил солиглох өмнө 12 сард ер нь бол дандаа бүтэн нэг жилийн дотор юу болсоноо эргэцүүлж тунгаан боддог. Тэр үед аль болох бага хүнтэй уулзаж, тайван ганцаараа байхыг хичээдэг. Гэртээ бол хэрэггүй болсон хувцас, бичиг цаас, хуучирсан эд зүйлсээ шилж сонгоод ялгаж хаядаг. Тархи хөнгөрөөд уужраад явчихдаг. Мөн ирэх ондоо зорилго болон зорилт түүнчлэн хиймээр байгаагаа зүйлсээ бичдэг. Гэртээ бол бүрэн цэвэрлэгээ хийж ариусгадаг. Гэр амьтай хүн болохоор гэр тав тухтай байх нь надад их чухал байдаг. Энэ оны хамгийн том сонирхолтой зорилт маань сэлж сурах мөн ахиад өөр нэг спорт тухшиж үзнэ ээ. Мөн хувь хүний хөгжлийн хувьд өөр нэг том зорилт нь 2 хэлний ур чадварын гэрчилгээ (Proficiency Certificate) авахаар бэлдэж байгаа. Мэдээж ажилдаа энэ жил илүү анхаарч карьераа өсгөх эрмэлзэлтэй байна. Тиймээс миний хувьд энэ эрүүл мэнд, хувь хүний хөгжилдөө илүү анхаарал хандуулах жил байх болно.
Англи герман хэлээ ном уншиж үргэлж сэргээж давтаж мөн түүнчлэн мэдлэгээ тэлж байдаг гэлээ. Бусдад санал болгох энэ номыг л олж уншаасай гэж бусдад зөвлөх ном гэвэл?
Заримдаа найз нөхөд танилууд маань энийг уншаарай гоё ном шүү зөвлөсөн ч өөрөө уншаад үзэхээр нээх гоё байдаггүй шиг амьдралдаа ямар зүйлстэй нүүр тулж байгаагаас болон тухайн уншигч хэдэн настай байхаас хамаараад унших ном нь өөр өөр байна байх. Тийм болохоор одоо миний уншаад таалагдсан номоо 18 настанд унш гэвэл сонирхлыг нь тэгж их татахгүй болов уу?
Тийм болохоор Романтик (romance),уран зөгнөлт (sci-fi) намтар auto biography эсвэл танин мэдэхүйн гээд олон төрлийн номуудаас янз бүрийн мэдлэг болон мэдээлэл сонирхолтой зүйлсийг олж авч сурдаг. Түүн шиг төрөл төрлийн ном уншиж үзээд таалагдсан номоо сонгож уншиж байгаарай.
Миний хувьд гэвэл The Secret-Rhonda Byrne болон Rich dad, poor dad by Robert Kiyosaki нарийн энэ 2 номыг 18 настай байхдаа ээжээсээ бэлгэнд аваад анх уншиж байсан. Тэр үед энэ 2 ном 2уулаа сонгол хэл дээр басйн болохоор би хэд хэд уншиж байж ойлгосон. Угаасаа хүн бүрийн ширээний ном байхаар эсвэл ядаж хүмүүс нэг удаа уншаасай гэж боддог. 2000 оны эхэн үед гарсан номууд 2023 он хүртэл маш түгээмэл, одоог хүртэл алдартай байна гэхээр маш бодууштай.
Ингээд ярилцлагынхаа сүүлд ээж гэрийхэндээ болон тусалж дэмждэг бүх хүмүүстээ үргэлж талархаж явдаг гэдгээ хэлмээр байна.
Мөн хүн юуг ч хүсч болно. Гэхдээ үйлдэл хийж шаргуу хөдөлмөрлөж түүндээ хүрэх гэж хичээж байхад шагнагдана гэдэгт би итгэдэг.
Б. Дөлгөөн
Ж. Од-Эрдэм