Cайн байцгаана уу? Энэ удаагийн Залуус ярилцлагын буландаа Монголын циркийн урлагийг олон улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй мэргэжлийн уран нугараач Оюунбаатарын Одгэрэлтэй ярилцлага хийснээ та бүхэнд хүргэж байна. О.Одгэрэл одоо ХБНГУ-д ажиллаж амьдарч байна. Тэрээр Бразил улсад зохион байгуулагдсан циркийн анхдугаар уралдаанд багийн үзүүлбэрээр хүрэл медаль хүртэж байсан. Монгол, АНУ, Мексик, Хавай, Герман, Бразил, Хонконгийн циркд тоглож байсан туршлагатай залуу уран нугараач. Монголд маань циркийн урлаг үнэгүйдсэн энэ цаг үед ихэд олзуурхууштай ярилцлага болсон гэдэгт найдаж байна.
Сайн байна уу Одгэрэл ээ? Уран нугаралтаар хичээллээд хэдэн жил болж байна?
Сайн байна уу. Хамгийн анх тоглолтод оролцсоноос тооцвол нийт 22 жил ажиллаж байна. Түүнээс өмнө 3 жил орчим бэлтгэл хийж байсан. Хамгийн анх 11 настайдаа нугарч эхэлсэн.
Хөөх нэлээн олон жил ажилласан юм байна. 11 нас гэдэг нь харьцангуй орой эхэлсэн гэж ойлгож болох нь ээ?
Тийм ээ. Ер нь хамгийн оройтлоо гэхэд биеийн уян хатан чанараас шалтгаалаад 9 наснаас эхлэн уран нугаралтаас хичээллэх ёстой гэж үздэг. Мэдээж байгалиас заяагдсан авъяас, чадвар их хамаарна.
Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? Хэн нэгэн ойр дотны хүн өөрт тань нөлөөлсөн үү?
Би санаандгүй явж байгаад уран нугараач болсон. Тухайн үед миний нагац эгч циркийн жүжигчнээр ажилладаг байсан. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Алтанчимэг гэж хүн байдаг. Улсын цирк хамгийн анх байгуулагдахад үүсгэн байгуулагч жүжигчдийн нэгээр ажиллаж эхэлсэн гэдэг. Одоо хөгжим бүжгийн коллежид циркийн урлагийг түгээх, залуу хойч үедээ өвлүүлэх их үйлсийн төлөө багшилж байгаа. Эгч маань тэр үед оройтсон ч хамаагүй гээд намайг сургаж жил гаруй хугацаанд эрчимтэй бэлтгэл хийлгэсэн. Эхэндээ надад утсан дээр хийдэг агаарын үзүүлбэр заахаар төлөвлөж байсан ч миний бие илүү уян хатан байсан болохоор уран нугараач болгохоор шийдсэн.
Багадаа ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг байсан бэ?
Бүр багадаа цэцэрлэгийн багш болно гэж мөрөөддөг байсан шдээ. (инээв) Бараг хүүхэд бүхний мөрөөдлийн мэргэжил байсан юм болов уу. Явцын дунд бэлтгэлээ хийж эхлээд надад маш их таалагдсан болохоор энэ мэргэжлээ сонгосондоо маш их баяртай байдаг.
Монголд мэргэжлээрээ хаана ажиллаж байсан бэ? Мөн хамгийн анх хэзээ, аль улсад очиж ажиллаж байв?
Монголд мэргэжлээрээ ажиллах газар ховор л доо. Намайг улсын циркэд уран нугаралтаар хичээллэж байх үед гурван дугуйлантай байсан. Тэр үед дугуйлангаасаа хүүхдүүдээ сонгоод урлагийн үзүүлбэр үзүүлдэг байсан. Би хамгийн анх бурхны номер үзүүлдэг байлаа. Тухайн үед “МУ-ын Ардын дуу бүжгийн чуулга”-д жил гаруй ажиллаж байсан. Одоо нэр нь өөрчлөгдөөд “Монгол Улсын үндэсний эрдмийн их театр” болсон байна лээ.
Хамгийн анх нэг жижиг компанитай гэрээгээр Холбооны бүгд найрамдах Герман улсад ажиллахаар ирж байлаа. Дараа нь Монгол руугаа буцаж очоод хэсэг хугацааны дараа буюу 2007 онд Америк улс руу олон улсын циркэд 3 жилийн гэрээтэй ажилласан. Дараа нь Бразил улсын циркэд мөн 3 орчим жил ажилласан. Ташрамд дурдахад Бразил улсын циркийн хөгжил мэргэжлийн түвшинд хүртэл хараахан хөгжөөгүй байсан. Тиймээс тэнд өсөн дэвжих боломж ховор санагдсан. Энэ хугацаанд аяллын усан онгоцон дээр бас ажиллаж байлаа. Бидний ажил бол нэг газраа тогтдоггүй, байнга л ийш тийш ээ явж байдаг ажил л даа.
Ганцаарчилсан үзүүлбэр үзүүлдэг байв уу? Эсвэл баг хамт олноороо ажилласан уу?
Эхлээд дандаа соло буюу ганцаарчилсан үзүүлбэр үзүүлээд явдаг байсан. Дараа нь Америк улсруу 4 хүний бүрэлдэхүүнтэй багт орж ажилласан. Түүний дараа Герман улсын нийслэл Берлин хотод байдаг 100 жилийн түүхтэй, Европт маш нэр хүндтэй Фрийдрих Паласт (Friedrich Palast) театрт бас багаараа тоглодог байсан. Тус тоглолтыг олон монголчууд үзээд биднээр бахархаж байгаагаа илэрхийлж маш их урам хайрлаж байсан. Заримдаа гэртээ урьж монгол хоолоор дайлдаг байлаа. Одоо ч бас цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад заримдаа соло үзүүлбэрээ хийж байгаа.
Энэ ташрамд хэлэхэд одоогоос 20 жилийн өмнө 4 монгол эмэгтэй энэхүү театрт урлагийн номеруудаараа бусдыг алмайруулж байсан гэдэг юм билээ.
Монголчуудаас гадна өөр ямар улс орны хүмүүс нугардаг вэ мөн уран нугаралт хаанаас эхлэлтэй гэдэг юм болоо?
Техник талаасаа ур чадвар, урлагийн номер, үзүүлбэр дээр монголчууд илүү байдаг. Уран нугаралтын төрөлд манай монголчууд их хувь нэмэр оруулсан. Уран нугаралт хамгийн анх хаанаас үүсэлтэйг яг тодорхой хэлэхэд амаргүй л дээ. Оросууд уран гимнастикийн суурь сайтай тул уран нугаралтад их сайн. Хятад улсын циркчид бас их сайн. Учир нь улсаас нь их дэмжлэг үзүүлдэг. Атаархмаар шүү. (инээв) Үүнийгээ дагаад урлагийн үзүүлбэрүүд нь жил ирэх тусам улам сайжирч байгаа.
Дэлхийн хэмжээнд аль ч орны томоохон байгууллагууд манай монголын уран нугараачидтай ажиллах илүү сонирхолтой байдаг бөгөөд маш найрсгаар хүлээж авдаг. Монголчууд бид дэлхийд уран нугаралтаар яалт ч үгүй шилдэг нь гэдгийг дэлхий зөвшөөрсөн.
Дээр яриандаа дурдсанчлан монголчууд яг ямар хувь нэмэр оруулсан байдаг вэ? Уншигчиддаа сонирхуулна уу?
Юуны түрүүнд монгол хүмүүсийн биеийн галбир уран нугаралтад их тохирдог гэдгийг хэлэх хэрэгтэй. Яагаад хүмүүс гэж олон тоонд тодотгож байна вэ гэхээр монгол эмэгтэйчүүдээс гадна цөөнгүй хэдэн монгол нугараач эрэгтэйчүүд байдаг.
Монголын циркийн урлагийн ноён оргилуудын нэг ардын жүжигчин, төрийн шагналт асан Т.Цэнд-Аюуш, түүний шавь төрийн шагналт Б.Норовсамбуу багш нарын гавъяаг дурдахгүй өнгөрөхийн аргагүй.
Цэндээ багшийн зааж сургасан монгол суурьтай техник, хөдөлгөөний гүйцэтгэл, найруулга тавилт, уян налархай бие хийгээд эмэгтэйлэг чанарт тохирсон хөдөлгөөн, урлагийн үзүүлбэрүүдийг бидний дээд үеийн нугараачид дэлхийд таниулж олонд
түгээсэн байдаг. Энэ бол үнэхээр бахархмаар. Хүмүүст илүү ойлгомжтой, хялбараар тайлбарлавал: одоогийн үзүүлж байгаа техник буюу хоёр гар дээрээ зогсдог үзүүлбэр, нэг гар дээрээ тогтох, мөн зубник амандаа зууж тогтох гэх мэт. Биднийг дэлхийн аль ч улсад ажиллахаар очиход маш найрсгаар угтдаг нь эдгээр хүмүүсийн гавъяа гэж би хувьдаа их талархаж явдаг.
Уран нугараач, балетчин мэргэжилтэй хүмүүс хүүхэд төрүүлсний дараа бие нь эвдэрдэг учир дахин мэргэжлээрээ ажиллах боломжгүй болдог гэж дуулж байсан. Энэ хэр үнэний ортой вэ?
Хүн хүний биеийн онцлог өөр учраас болно, болохгүй гэж хэлж мэдэхгүй юм. Зарим эмэгтэйчүүд хүүхэд төрүүлээд үргэлжлүүлэн нугарсаар байдаг бол зарим эмэгтэйчүүд дахиж нугардаггүй. Тухайн үед социализмийн үед дэглэмийг чанд баримталдаг байсан болохоор магадгүй хатуу, чанга зарчимтай байсантай холбоотой болов уу. Хүүхдээ төрүүлээд хоёр сарын дараа бэлтгэлээ хийж хувиараар ажиллах ёстой гэдэг ч юм уу тийм үе байж л дээ. Сүүлд цирк хаагдсанаас хойш харамсалтай нь монголд нугараачаар ажиллах мөн бэлтгэл хийх газаргүй болсон.
Монголын циркчдэд гадагшаа гарч ажиллах боломж, бололцоо хэр нээлттэй байдаг вэ?
Гадны улс орнууд руу явж ажиллах боломж байдаг. Мэдээж сурах өчнөөн олон зүйл байна. Жишээ нь хэлийг нь сурах. Хэлтэй бол гадны аль ч орны агентлагтай хамтарч ажиллах боломжтой шүү дээ. Миний хувийн бодлоор залуу үеийн дүү нар ганц удаа ч гэсэн гадагшаа гарч үзэх хэрэгтэй. Ажиллах сонирхолтой чиглэлээ судалж сонирхож, үеийнхээ залуусын юунд төвлөрч юунд суралцаж байгааг өөртэйгөө харьцуулж мөн суралцах нь зүйтэй. Түүгээр зогсохгүй өнөөдрийн нийгмийн орчин үеийн хөгжлийн шинэлэг техник технологийг үр дүнтэй ашиглаж хаана ямар боломж байгааг мэдэхэд үргэлж идэвхтэй байх хэрэгтэй л дээ. Уран нуграачаар ажиллах тал дээр, агентлагуудтай хэрхэн холбогдох талаар бидэнтэй цахимаар холбогдож сонирхсон зүйлүүдээ асууж бас болно. Бид бол өөрсдийн мэргэжлээрээ тодорхой хэмжээний туршлагатай болчихлоо. Бас суралцсаар л явна. Өдийг хүртэл сурч мэдсэн зүйл, мэдээ мэдээллээ хуваалцаж болно. мөн хуримтлуулж яваа болохоор хэлээд л өгнө. Намайг бага байхад ийм сайхан боломж байгаагүй л дээ. Тухайн үед ажил олохын тулд бэлдсэн үзүүлбэрийн 4 минутын бичлэгийг явуулах гэж хурдан интернеттэй газар 12 цаг хүлээдэг байлаа. Одоо бол нэг хоёрхон минутад л явчихдаг маш хялбархан болчихсон. Тэгэхээр нүд, чих ээ байнга л соргог байлгах хэрэгтэй.
Уран нугараачдын карьер хэдэн насанд дуусдаг вэ, ер нь дуусна гэж уу?
Насны хязгаар гэж байхгүй. Одоог хүртэл 63 настай хүн нугарсаар л яваа. Тэгэхээр тухайн хүний биеийн онцлог, тэр хүний сонголтоос хамаарна. Миний хувьд яг одоогийн байдлаар цааш нугараад л явна гэж бодож байна. Хүүхэдтэй боллоо гэхэд биеийн байдлаа харж үзнэ.
Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ ?
Олон жил нугарсан бидний хувьд булчингийн үйл ажиллагааг маш сайн мэддэг болчихдог. Үүн дээр тулгуурлаад сонирхсон хүмүүст сунгалтын дасгал, биеийн уян
хатан байдлаа хэрхэн сайжруулах, дасгал сургуулилтын давуу болон сул талуудыг заах сонирхолтой байна. Мэргэжилтэйгээ уялдуулан, сонирхлынхоо дагуу йогоор хичээллээд багшийн сертификатаа авчихсан. Энэ чиглэлийн дагуу илүү гүнзгийрүүлж сурахыг зорьж байна. Цаашдаа йог зааж өөрийн гэсэн онлайн студитэй болохоор төлөвлөж байгаа.
Дээр яриандаа улсын цирк хаагдсаны улмаас хүмүүс ажилгүй болсон гэж дурдсан. Тэр хүмүүс одоо хаана ямар ажил хийж байгаа вэ?
Улсын цирк хувьчлагдсаныг бүх хүмүүс мэдэж байгаа байх. Мэргэжлийн хүмүүс бэлтгэл хийх газаргүй, тоглолт үзүүлэх боломжгүй болсон. Сүүлд хүнээс сонсоход бэлтгэл хийхийн тулд түрээс төлж байгаа гэсэн. Ажилгүй болсон циркчид маань ихэнх нь хэсэг хэсгээрээ гадны улс орон руу гарч ажиллаж байгаа. Герман улсад хоёр том баг ажиллаж байгаад цар тахлын улмаас ажиллахаа больсон юм билээ.
Циркийн урлаг яг ямар ач холбогдолтой вэ? Сүүлд мэдээнээс уншиж байхад цирк бол ямар ч ашиггүй учраас хувьд шилжсэн гэж тайлбар өгсөн байна лээ. Бүхэл бүтэн урлаг ашиггүй гэж хэлэхээр үнэхээр харамсмаар. Үүний балгаар циркийн урлаг дарагдаад алга болчихлоо гэж харж байгаа. Яагаад циркийн урлаг байх ёстой вэ, таны бодлоор?
Зөвхөн цирк ч гэлтгүй урлаг өөрөө нийгмийн соёлыг бий болгож байдаг. Түүн шиг циркийн урлагаар дамжуулан хүүхэд, залуусыг хөгжүүлэх, ёс зүйн хэм хэмжээг таниулах, бие бялдрын хөгжил, зан төлөвшил, гоо зүйн ёс суртахуунтай болгох гэх мэт маш олон ач холбогдол давуу талуудтай. Бага байхдаа циркэд тоглолт үзэнгүүт үлгэрийн юм шиг л хөөх ямар гоё юм бэ гээд дуу алддаг байлаа. Хамгийн чухал үнэт баялгаа олж харахгүй ашиг бодож энэ шийдвэрт хүрсэнд нь харамсаж байгаа.
Өөрийн тань ажиллаж, амьдарсан газруудаас циркийн урлагаа хамгийн их хөгжүүлж чадсан ямар улс байдаг вэ? Мөн уран бүтээлчдэдээ ямар бодлогоор хэрхэн дэмждэг юм болоо? Бусад орныхонд яаж түүнийгээ танилцуулдаг вэ?
Монгол улсад циркийн барилгыг анх барьж өгсөн Орос орныг би хэлнэ. Оросын бүх жижиг хотуудад цирк байдаг. Тэнд цирк мэдэхгүй нэг ч хүүхэд байхгүй. Оросын циркийн жүжигчид суурь чадвар их сайтай, юмыг тултал нь яс хийдэг хичээнгүй хүмүүс, маш их амжилттай явдаг. Циркийн амжилтаа ахиулах зорилгоор Оросын засгийн газраас уран бүтээлчдээ их дэмждэг. Манай монгол улс биднийг спортын тамирчдаа дэмждэг шиг бага зэрэг ч гэсэн дэмжээд өгмөөр байна. Бид циркгүй ч гэсэн томоохон тэмцээн уралдаан, фестивальд урлагийн үзүүлбэрүүдээрээ дандаа эхний гурван байранд шалгардаг.
Хөөх ямар мундаг юм бэ?! Манай монголын ямар төрлийн үзүүлбэрүүд эхний байранд шалгардаг вэ? Тэмцээнд зуучилж өгдөг газрууд агентууд байдаг уу? Бид циркээ яаж хөгжүүлэх ёстой юм бол?
Уран нугаралт, акробат, шидэлтийн төрлүүд. Мөн Солонгос улсын Чежү арал дээр морин цирк гээд гайхалтай олон жүжигчид болон багууд байдаг. Бид монголдоо биш ч гадны улс орнуудын үзэгчдэд үзүүлбэрүүдээ толилуулж тэднийг алмайруулдаг. Жуулчлалын хувьд нэг үеэ бодвол тийм газрууд их болсон байна лээ. Миний хувьд өөрөө ажиллах газруудаа олж танилын сүлжээгээрээ дамжуулан агентлагуудтай хамтарч ажиллдаг байсан. Бид циркээ хөгжүүлэхийн тулд юуны түрүүнд бэлтгэл хийх зориулалтын танхим буюу орчныг нь бүрдүүлээд өгвөл бид циркийн урлагаа хөгжүүлэхэд бэлэн байгаа. Гол нь бидэнд зориулалтын том байгууламж л хэрэгтэй байна. Агаарын үзүүлбэр үзүүллээ гэхэд энгийн нэгэн жижиг заал хангалтгүй л дээ.
Монгол улсад уран нугараачдын эрх ашгийг хамгаалсан холбоо гэж байдаг уу?
Фэйсбүүкт тийм холбоо байдаг. Би гэхдээ өөрөө очиж бүртгүүлээгүй учраас энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй юм байна.
Монгол улсад нийт хэдэн нугараач байдаг юм бол оо?
Яг нарийн тоо гаргаж хэлнэ гэдэг хэцүү л дээ. Тэрийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний мэдэхээр Европод нийт 6 монгол уран нугараач байгаа.
Гадаад улс орон та хэдийн үзүүлбэрүүдийг хэрхэн үнэлдэг вэ? Нууц биш бол цалин үнэ хөлсийн тухайд ямар байдаг вэ?
Цалин хөлсийн хувьд тухайн компаниас шалтгаалаад янз бүр байдаг. Ихэнх циркийн жүжигчид суурин гэрээтэй ажиллаж байгаа бол цаанаасаа эрүүл мэндийн даатгал болон замын зардал, байрлах түрээсийг даадаг. Жишээ болгоод хэлэхэд үзүүлж байгаа номероосоо хамаараад үнэлэмж нь долоо хоногийн 700 орчим евро байдаг.
Та нар мэргэжлийн онцлогоосоо хамаараад тусгай даатгалд хамрагддаг уу?
Америкт байхдаа тийм даатгалд хамрагдаж байсан. Герман улсад бол энгийн эрүүл мэндийн даатгалд хамрагддаг.
Таны анкетыг уншиж байхад Бразил улсад зохиогдсон фестивальд хүрэл медаль хүртсэн гэж бичсэн байсан. Баяр хүргэе энэ ямар тэмцээн болсон бэ?
Тийн. Баярлалаа. Бразил улсдаа хамгийн анх удаа зохиогдсон циркчдийн анхдугаар уралдаанд бид багаараа оролцоод хүрэл цомтой буцаж ирсэн. Хамгийн анхных нь наадамд урлагийн үзүүлбэрээрээ хүрэл цомын болзол хангасандаа их бахархдаг. Ер нь манай монголын уран бүтээлчид гадны бүх оронд зохиогддог фестивалиудад жил дараалан оролцдог. Онцлоод хэлэхэд европын оронд циркийн олимп гэгддэг Монте Карлогийн тэмцээнд монголчууд маань удаа дарааллан алт, мөнгө, хүрэл хүртэж байсан удаатай.
Европ хүүхдүүд уран нугаралтыг сонирхож байна уу? Манай нугараачид багшлах боломж гарч байна уу?
Тийм ээ. Монгол нугараачид маань зарим нь бас багшилдаг. Франц улсад ажиллаж, амьдардаг монгол уран нугараач эмэгтэй шавиа бэлдээд Австрали улсын хүүхдийн циркийн фестивалиас шагнал хүртсэн амжилт байдаг.
Уран нугараачид биеийн галбираа хадгалахын тулд ямар хоол иддэг вэ? Хоолны дэглэм барьдаг уу?
Хоол сойх шаардлага байдаггүй. Хүмүүсийн иддэг бүх зүйлийг л адилхан иднэ. Биеийн хүчний ажил хийдэг учраас биедээ хэрэгтэй калор, энергийг нь өгөх ёстой байдаг болохоор сайн идэж унтаж амардаг.
Танд уншигчиддаа хандаж хэлэх үг байна уу? Магадгүй энэ чиглэлээр сонирхсон олон хүүхэд залуус байгаа шүү дээ.
Залуус дүү нартаа хандаж хэлэхэд өөрийн сонирхолдоо үнэнч байгаарай. Аав, ээж нь хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг нь сонсож түүнийг нь дэмжиж ажиллаж өгөөрэй гэж хэлмээр байна. Ар гэрийн дэмжлэг, туслалцаа маш их чухал санагддаг.
Та өөрийгөө гурван тэмдэг нэрээр тодорхойлно уу.
Хүчтэй, тууштай, нээлттэй.
Бидний урилгыг хүлээн авч бидэнтэй илэн далангүй нээлттэй ярилцсан танд маш их баярлалаа. Бид чамаар маш их бахархаж байна. Өөрийнхөө хичээл зүтгэлээр соёлын өв болох уран нугаралтын урлагийг бусдад түгээн монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж яваад нь маш их баярлалаа. Цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсье.
Ярилцлагыг бэлтгэсэн:
Ч. Энхчимэг
А.Мандухай