Зарлал

Эмгэнэл илэрхийлье

posted Mar 13, 2016, 10:06 PM by Даваачулуун Улаанхүү   [ updated Mar 13, 2016, 10:12 PM ]

Цэрэнгийн Цэвээн

(1940-2016)

Шинэ монгол улсын анхны дунд сургуульд багшилж байсан ардын багш Цэрэнгийн Цэвээн 2016 оны 3  дугаар сарын 11-ны өдөр таалал төгсөж бидэнд хүнд гарз учирлаа.

Ц.Цэвээн нь 1940 онд Увс аймгийн Хяргас сумын нутагт ард Цэрэнгийн тав дахь охин болон мэндэлсэн. 1950 онд Улаангом хотын 10 жилийн дунд сургуульд элсэн орж бага боловсролын эрдмийн гараагаа эхэлжээ.

1957 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн сургуулийн 7-р анги төгсөөд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн бага ангийн багшийн ангид шалгалт өгч элсэн оржээ. Багшийн сургуульд суралцаж байх хугацаандаа жил болгон хавар намрын хадлан тариалангийн ажилд оролцож, талын аргаар тоосго цохиж Ерөөгийн анхны төмөр замыг оюутан залуучуудтай хамт тавилцаж байсан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Барилгын яамны “Хүндэт үнэмлэх”-ээр шагнаж байжээ.

1961-1964 онд 6-р арван жилийн сургуульд, 1964-1972 онуудад 11-р сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад АБЯ-ны тушаалаар Нийслэлийн лаборатори нэгдүгээр дунд сургуульд шилжин ирээд тус сургуульд 35 жил  бага ангийн багшаар ажиллаж 2007 онд гавьяаны амралтаа авсан.

Ц.Цэвээн багш ЕБС-ийн сургуульд 46 жил багшлахдаа 11 удаа нэгдүгээр ангийн 500 гаруй сурагчдыг хүлээн авч, удирдсан ангиа жил дараалан 100 хувийн амжилттай, 75-аас доошгүй хувийн чанартай сургаж,  бага сургуулийн боловсролыг төгс эзэмшүүлж ирсэн өвөрмөц арга барил, ур чадвартай багш байлаа. Шавь нараас  нь Монгол Улсын алдар цолтон, эрдэмтэн мэргэд, улс төрч олноор төржээ.

Ц.Цэвээн багшийн дааж төгсгөсөн ангиудаас 6 анги монгол хэлний улсын олимпиадын тэргүүн байр, хот дүүргийн олимпиадад 15 удаа тэргүүн байр, улсын математикийн олимпиадад 11 удаа тэргүүн байр эзэлж байжээ.

Тэрээр улсын хэмжээний тэргүүн туршлага болгосон өөрийн сургалтын өвөрмөц арга барилаа сургууль багш нарт түгээн дэлгэрүүлж, зааж сургахаар АБЯ, СХУХ-ийн томилолтоор олон аймаг сумын сургуулиудад сургагч багшаар ажиллаж байжээ.

Ц.Цэвээн багшийн боловсролын хөгжлийн түүхэн оруулсан хувь нэмэр, уйгагүй  хичээл зүтгэл, хийж бүтээсэн ажил хөдөлмөрийн үр дүн, гаргасан ололт амжилтуудыг нь төр засаг өндрөөр үнэлж 1991 онд Монгол Улсын Гавьяат багш цол, 2001 онд Монгол Улсын анхны бага ангийн “Ардын багш”-ийн эрхэм алдар цолыг хүртээж байжээ.

Талийгаачийн хөдөлмөрч , хичээнгүй, тууштай зарчимч эрхэм нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр нь, түүний олон шавь бид бүхний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр сургуулийн хамт олон

С.Шаравын нэрэмжит СБД-ийн математикийн олимпиадыг зохион байгуулах удирдамж

posted Jan 11, 2016, 8:17 PM by Алтанцоож Ц

2016-01-07

Зорилго:                                                                                                     

Математикт дур сонирхолтой, авьяаслаг хүүхдүүдийг нээн илрүүлж хот, улс, олон улсын  олимпиадад амжилттай  оролцох эхлэлийг нь тавих, математик сэтгэхүйг хөгжүүлэх, математик сонирхогч хүүхдүүдийн  хүрээг  тэлэхэд оршино.

Хамрах хүрээ:

Олимпиад 1-12 р ангийн сурагчид болон бага,дунд ангийн багш гэсэн ангилалаар явагдана. Сурагчдын ангилал тус бүрд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль 5-аас ихгүй сурагч, бусад сургууль 3-аас ихгүй сурагч оролцуулна. Багшийн ангилалд тоо харгалзахгүй.

Зохион байгуулалт:

Олимпиад  2016 оны  1-р сарын 15-ны 9.00 цагаас 1-р сургууль дээр болно. Зохион байгуулж буй сургууль нь сургууль бүрээс  дунд ангийн математикийн багш оролцсон дүүргийн комисс байгуулан сурагчдын материалыг засуулна. Бага, дунд ангийн математикийн багш нарын материалыг төв комиссын төлөөлөгч засна. Төв  комиссын төлөөлөгч нь сурагчдын материалын засалтанд хяналт тавих,маргаантай асуудал гарвал газар дээр нь шийдэх эрхтэй.

Бүртгэл:

2015 оны 1-р сарын 13,14-ний өдрийн 10.00-15.00 цагт 1-р сургуулийн багш нарын өрөөнд бүртгэнэ. Сургуулиудын сургалтын менежерийн баталгаажуулсан  мэдүүлгийн дагуу сурагчдыг бүртгэнэ. Мэдүүлэг ирүүлээгүй бол бүртгэхгүй. Бүртгэл хураамжгүй.  Холбогдох утас: 88110234

Дүгнэх журам:

НБГ-аас гаргасан зааврын дагуу медалийн чансаагаар оноо өгч сургуулиудыг байр эзлүүлэн дүгнэж, хотын олимпиадад орох хяналтын тоонд багтсан багш, сурагчдын материал, нэрсийг онооны хамт бичиж, НБГ-т өгнө. Үүнд: Сурагчдын ангилал тус бүрд 1-р байр 1, 2-р байр 2, 3-р байр 3-ыг, багшийн ангилалд 1,2,3-р байр тус бүр 1-ийг эзлүүлж медаль, диплом. мөнгөн шагналаар шагнана. Бага ангид багийн дүн гарахгүй. Сургуулийн багийн дүнд 5-р ангийн сурагчдын оноо тооцогдоно.

Дүнгийн хурал:

            Дүнгийн хурлыг жич зарлана.

Утас: 99271630, 8811705988110234

Зарлал

posted Jan 3, 2016, 6:17 PM by Алтанцоож Ц

2015 оны 12 сарын 31-ний Пүрэв гарагийн хичээлийг 2016 оны 1 дүгээр сарын 25-ны Даваа гарагт ПҮРЭВ гарагийн хуваарийн дагуу нөхөж орох болсныг мэдэгдэж байна.

Физикийн шилдэг бүтээлийн уралдаан

posted Dec 1, 2015, 4:07 PM by Алтанцоож Ц

Физикийн шилдэг бүтээлийн уралдаан 2015-12-02 ны Лхагва гарагийн 14 цагт Хурлын зааланд болох тул эрхэм сурагчид та бүгдийг өргөнөөр оролцохыг урьж байна

1-4 of 4