Эцэг, эхчүүдэд

Интернэтэд донтсон хүүхдийн тоо 40 дахин нэмэгджээ

posted Dec 16, 2015, 12:46 AM by Алтанцоож Ц

-Зах хязгааргүй ертөнцөд хил хязгаар хэрэгтэй-

 

 

-Хүү хаачсан юм бэ?

 

-Хичээлдээ явсан.

 

-Ийм орой хичээл нь тараагүй байгаа юм уу?

 

-Уг нь тарах цаг нь болчихсон байна. Гэхдээ ирээгүй байх юм...

 

Энэ бол хичээлдээ явсан хүүгээ хүлээж суугаа аав, ээж хоёрын яриа. Монголын нийтлэг л дүр төрх. Өглөө хичээлдээ явсан хүү нь үдэш болтол гэртээ ирэлгүй хаагуур яваа бол. Энэ асуултын хариултыг хайж манай сурвалжлагч 96 дугаар дунд сургуулийг зорилоо. III хороололд байрлах уг сургуулийн ойролцоохь нэгэн байрны хонгилын давхарт “Интернэт кафе” гэсэн хаяг өлгөөтэй байх юм. Дотогш орвол 30 орчим компьютертэй бөгөөд бүгд “эзэн”-тэй ажээ. Цаг хэдийнэ 20.00 цаг өнгөрсөн боловч тэнд суугаа дунд сургуулийн сурагчид харих гэж яарахгүй байгаа бололтой. Нөгөө хүү ч интернэт сүлжээгээр тоглосоор...

 

“Наадахь чинь биш ш дээ. Өө чи ёстой юу ч чаддаггүй суга юм аа” гэх өгүүлбэр энд хамгийн соёлтойд тооцогдоно. Бага насны хүүхдүүд боловч зөвхөн хараалын үгээр л хоорондоо харилцах юм. Үгсийн сан нь хараалаас өөр үггүй мэт ярих энэ хөвгүүд 10-15 насныхан. Тэд хоёр баг болон хуваагдаж цахим ертөнцөд “дайтаж” буй нь энэ. Гэнэт нэг хүү “Үү үү! Гоё. Барьсан бол барьсан. Мөнгөө өгцгөө сугануудаа” гэж хашгирлаа. Нэг баг нь ялсан бололтой. Сонирхвол, тэд хүний 5000 төгрөгөөр бооцоо тавьж тоглоод хожжээ. Хожигдсон баг маргааш нь даагаа нэхэхээр тохиров...

 

Аав, ээж нь гэртээ хүлээж суугаа хүү ингэж явдаг ажээ. Өнөөдөртөө бол эндээс гараад гэртээ харих л байх. Харин маргааш яах бол. Яагаад энэ асуултыг тавив гэхээр интернэт тоглоомонд донтсон хүүхдүүдийн цөөнгүй хувь нь эцэстээ мэдрэлийн ядаргаанд орж, сэтгэцийн өөрчлөлттэй өвчтөн болж хувирдаг юм байна. Тиймээс бидний очсон дараагийн газар “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв” буюу Шар хадны эмнэлэг.

 

 

Манай улсад 2004 онд анх компьютерт донтсон хүүхэд “Сэтгэцийн эрүүл мэндийн төв”-д хэвтэн эмчлүүлж байсан юм байна. Одоогоос 11 жилийн өмнө анхны тохиолдол бүртгэгдэж жилдээ 1-2 хүүхэд л эмчлүүлдэг байсан бол өдгөө сард 2-3 хүүхэд интернэтийн хэт донтолттой болж энэ төвд хүргэгдэх болжээ. Тус төвийн Хүүхэд, өсвөр насны сэтгэцийн эмгэг судлалын наймдугаар клиникийн эрхлэгч Д.Энхтуяа хэлэхдээ “Интернэт тоглоомын хор уршгийн талаар сайтар мэдээлэх хэрэгтэй байна. Манай төвд өнгөрсөн жил интернэтээр тоглоом тоглосоор донтсон 36 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн бол энэ жил 40 орчим хүүхэд эмчлүүлж байна. Энэ бол зөвхөн мэдэгдэж байгаа тоо. Үүний цаана хэдэн хүн интернэтийн хэт их хэрэглээнээс болж донтсоныг хэлэхэд бэрх юм. Хүүхдүүдтэй ярилцахад найзууд нь ч мөн тоглоомын хараат болсон нь илт байдаг” гэлээ.  Өөрөөр хэлбэл, 2004 онтой харьцуулахад интернэтэд донтсон хүүхдийн тоо 40 дахин нэмэгдсэн гэсэн үг.

 

Өрх бүр шахам гэртээ интернэттэй болсноор шөнөжин интернэт ухаж суудаг хүмүүсийн тоо ч нэмэгдсэн гэдгийг Д.Энхтуяа эмч хэлж байв. Харилцаа холбооны зохицуулах хорооноос явуулсан судалгаагаар интернэтээр тоглоом тоглож буй хүүхдүүдийн 51 хувь нь гэртээ тоглодог байна. Өөрөөр хэлбэл, тэд интернэт сүлжээ ашиглан хоорондоо тоглосоор эцэстээ сэтгэцийн эмгэг тусдаг гэсэн үг. Сэтгэцийн хараат байдалд орсон хүүхэд хичээлээ таслах, худлаа ярих, хулгай хийх гэх мэтчилэнгээр зан төрх нь өөрчлөгддөг юм байна. Мөн донтолтод орсон хүмүүст улигт үйлдэл илэрдэг гэдгийг Д.Энхтуяа эмч хэллээ. Үүнийг өөрөөр хөнгөн гуниг гэж тодорхойлдог аж. Юу гэхээр хүн ямар нэгэн стресст орохоороо, эсвэл хийх юмаа олж ядсан үедээ интернэтээр тоглож байж л тайвширдаг аж. “Уйдаад фейсбүүк орно, удахгүй уйдаад гарна, гэвч эргээд фейсбүүк орно” гэсэн зурган постыг та фейсбүүкээс хэдэнтээ харсан байх. Ийм хүмүүс ч олон бий. Тэгвэл энэ нь фейсбүүкт донтож буйг илтгэх улигт үйлдэл юм байна. Үүнийг мэргэжлийнхэн хэт их хэрэглээ гэж үзээд бие хүмүүс өөрсдөө хэрэглээгээ хянаж, зохицуулахыг зөвлөдөг байна.

 

Бага насны хүүхдэд нөлөөлж буй интернэтийг сөрөг үр дагавар цөөнгүй гэдгийг Д.Энхтуяа эмч хэлж байв. Жишээ нь, интернэтэд донтсон хүүхэд 150 цаг хичээлээ тасалж, 3-4 хоног гэрээсээ дайжих явдал цөөнгүй гарсан байна. Энэ талаар Д.Энхтуяа эмч “Интернэтийн давуу талуудыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ сул талыг нь ч мартаж болохгүй юм. Зохистой биш, хэт их хэрэглээ өөрөө донтолтыг бий болгодог. Тэр тусмаа өөрийн үйлдлийн зөв бурууг шүүн тунгааж, үнэлэлт өгч хараахан дадаагүй бага ангийн хүүхдүүд сэтгэцийн эмгэг тусч буй шалтгаан нь хэт их хэрэглээ. Дээр нь эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас болж байгаа. Гэр бүл, багшийн хараа хяналт сайн байвал хүүхдүүд ямарваа нэг зүйлд донтохгүй. Ялангуяа бага насны хүүхдэд гэр бүлийнхэн нь маш их анхаарал тавих ёстой. Тэд одоохондоо юу болно, юу болохгүй гэдгийг ойлгохгүй. Сайн төлөвшөөгүй учраас тэр. Сүүлийн үеийн тоглоомын зураглал, өнгө дүрс сайжирсан учраас тэрэнд нь татагдаад байгаа юм. Тэгэхээр хараа хяналтыг эцэг эх нь тавих  ёстой. Бага насанд нь л хүүхдийн суурь төлөвшил, хэм хэмжээг сайтар ойлгуулах юм бол цаашдаа биеэ даачихдаг. Дунд ангид бол багш, эцэг эх гэсэн хамтын ажиллагаа шаардлагатай байдаг. Хараад байхад эцэг, эх нь багшид даатгаад, багш нь эцэг, эхэд даатгаад байна. Үүний дунд хүүхдүүд хараа хяналтгүй болчихоод байна шүү дээ” гэсэн юм.

 

Тэгээд интернэтийг хаах ёстой юу? Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын албаны дарга Л.Гантулга “Интернэт гэдэг бол хүн төрөлхтний бүтээсэн агуу гайхамшиг шүү дээ. Маш их боломжийг олгосон. Тиймээс хааж боох талаар ярих нь зохисгүй. Сөрөг нөлөө мэдээж байгаа, гэхдээ ач тус нь хавьгүй илүү учраас хэтэрхий эмзэг хүлээж авах хэрэггүй болов уу. Энэ санаагаа би галтай зүйрлэж тайлбарлая. Гал бол алдах юм бол бүхнийг түймэрддэг аюултай гамшиг. Гэхдээ түймэр тавих вий гээд гал гаргахыг хорьдоггүй. Хүн олон мянган жилийн өмнөөс галын тусламжтайгаар унд хоолоо болгож идсэн, хөгжлийн үүд яг энд нээгдсэн гэдэг шүү дээ. Интернэт ч адилхан” хэмээн өгүүлсэн юм. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн хүн бүрийн амьдралд ус, агаарын нэгэн адил хэрэглээ болчихсон интернэтийг хаана гэвэл юу болохыг төсөөлөөд үзээрэй. Харин өөр гарц л хайх хэрэгтэй болж байна. Тэр нь магадгүй зохистой хэрэглээ байх биз ээ.

 

Одоо энэ талын зарим санааг дэвшүүлье.  Жишээ нь, интернэтийг устай зүйрлэе. Хүн усгүй амьдарч чадахгүй шиг, өнөөдөр интернэтгүйгээр ажил төрлөө явуулах бололцоогүй болчихоод байна. Тиймээс энэ хоёрыг харьцуулж үзье. Саяхныг хүртэл крантаар үнэгүй гоожиж байсан усыг тоолууртай болгосноор өнөөдөр бодит үр дүн, хэмнэлтүүд гарч ирсэн. Ядаж л шүдээ угаахдаа стакан хэрэглэдэг айлын тоо асар их нэмэгдсэн. Үүн шиг интернэтийн хэрэглээнд бас хязгаар тогтооё, тоолуур тавья. Хөгжлийнхөө замаар аливаа улс оронд интернэтийн өндөр хэрэглээний асуудал үүсэх үед интернэтийн төлбөрөө нэмэх эсвэл хэрэглээндээ тааруулан интернэтээ худалдан авах гэсэн хоёрхон гарцтай нүүр тулдаг юм байна. Иймд бид интернэтийн зөв зохистой хэрэглээнд суралцах цаг иржээ. Тэр нь интернэтийг устай адил тоолууржуулъя. Өөрөөр хэлбэл, интернэтийн зөвхөн хурдыг нь худалдаж авах бус хэмжээгээр нь авдаг болбол зохистой хэрэглээнд шилжиж болохоор байна. Гар утсаараа хүмүүс интернэтэд орохдоо дата багц худалдаж авч, түүндээ тааруулж интернэт хэрэглэдэг. Түүн шиг өрхийн интернэтэд хэрэглээний хязгаар зааж өгвөл хэт их хэрэглээг хумих бололцоо байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тэгж байж интернэтийн хэт их хэрэглээг хязгаарлах бололцоотой. Хүн хэрэглэж байгаа хурдандаа бус хэмжээндээ тааруулж мөнгөө төлдөг болгоё. Тэгэхгүй бол интернэтэд донтох хүүхдийн тоо улам ихээр нэмэгдсээр л байх болно.

 

Таван жилийн өмнө л нэг өрхөд нэг ухаалаг гар утас, нэг notebook-тэй хэрэглэгч байсан бол өнөөдөр notebook, tablet, өрхийн гишүүн бүрийн тоогоор ухаалаг утас гээд төрөл бүрийн төхөөрөмжөөр интернэтэд холбогдох болсон. Үүнээс болж хэт хэрэглээ нэмэгдэж, таны нялх хүү, бяцхан охин хүртэл гар утас булаацалдаж, интернэтэд холбогдох гэж уйлж байна. Иймээс зохистой хэрэглээнд шилжих цаг болжээ. Тоо баримтаас харахад олон улсын интернэт хэрэглэгчдийн хэрэглээний өсөлт сар бүр 20-25 хувь байдаг юм байна. Гэтэл  Монгол Улсын хувьд интернэт хэрэглэгчдийн хэрэглээний өсөлт сар бүр хоёр дахин өсч байна. Гурван сая иргэнтэй Монгол Улсын интернэт хэрэглэгчийн тоо 2121000 болжээ. Эдний хэд нь интернэтийг зохистой хэмжээнд нь хэрэглэдэг бол?

 

Б.Бадамгарав

Хүүхэд хэрхэн суралцдаг вэ? (тархины судалгаа)

posted Dec 15, 2015, 4:07 PM by Алтанцоож Ц

Яагаад хүүхдийн нялх, бага нас цаашдынх нь амьдралд шийдвэрлэх нөлөөтэй гэж?

Нялх, бага насандаа хүүхэд цаашдынхаа амьдралд шаардлагатай бүхий л тоног хэрэгслийг цуглуулдаг. Барилга барихад бөх бат чанар нь түүний суурь хэрхэн тавигдсанаас бүрэн шийдвэрлэдэгтэй адил. Хүүхэд бие даасан хувь хүн болоход түүний тодорхой чадварууд хөгжих шаардлагатай. Үүнд юуны түрүүнд итгэл мөн бусдад туслах эрмэлзэл багтана. Энэхүү энгийн суурь дэвсгэр тавигдахад эцэг эхчүүд хүүхдэдээ дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой. Хүүхэд бүр хорвоо ертөнцтэй өөрөө танилцаж “нээх”, оролдож үзэх гэсэн итгэхийн аргагүй их хүсэл эрмэлзэлтэй байдаг. Бага наснаас өөр хэзээ ч амьдралтай танилцах гэсэн ийм сониуч зан хүнд тохиодоггүй. Бага насныхны хамгийн үнэт зүйл бол тэдний хэмжээлшгүй их нээлттэй байдал бөгөөд түүнийг нь бид зориудаар мэдэрч, хамгаалах ёстой.

Энэ нь тэгээд цаашдаа яахав?

Өнөөг хүртэл хүүхдэд тодорхой мэдлэгүүдийг олгох оролдлого түгээмэл байсан. Гэвч орчин үеийн тархины судалгаа энэ талаар илүүг хэлж байна: Гаднаас хүүхдийн тархи руу элдэв зүйлс хийснээр сургалтын процесс явагдахгүй, хувь хүний үндсэн авьяас чадвар болох сэдэл, өөрийн хяналт,  бусдыг ойлгох чанар бол хичээлээр олгогдохгүй. Иймд эцэг эх мөн цэцэрлэгийн багш нар хүүхдэд өөрөө суралцах, өөрөө оролдож хийх тийм л орон зайг олгох шаардлагатай. Өөрөө өөртөө нөлөөлөх ийм үзэл баримтлалын хэрэгжилт маш чухал. Харамсалтай нь бид хүүхдэд бүгдийг бэлэн зэлнээр халбагадаж өгөх тал руу хэлбийгээд байдаг. Жишээлбэл, хүү гадаа тоглож байгаад нэгэн цох хорхой олоод аавдаа бөөн баяр хөөр болон үзүүлнэ. Аав нь хүүдээ цохны тухай өөрийнхөө мэддэг бүхнээ дэлгэж “пээдийнэ”. Ингэснээрээ үр удмынхаа сониуч зан, догдолж буй сэтгэлийг унтрааж байна гэсэн үг. Харин аав өөрийнхөө мэдлэгийг ил гаргалгүй биеэ барьж, амбицтай жижигхэн судлаачийг номын тавиур руу явуулбал энэ нь түүнд жинхэнэ “хүчит тэжээл” болно. Өөрийнхөө жижиг ертөнцийг бүтээхэд-өдөр бүр шинийг нээхэд эцэг эх хүүхдээ зоригжуулах, урам өгөх, тухайн зүйлд нь сэтгэл хөдлөлтэйгээр хандах үүрэгтэй.

Энэ явцад тархинд юу болдог вэ?

Өнөөг хүртэл бидний мэдэж байснаас хүүхдийн тархи бол хавьгүй их хэлбэршүүлж болдог зүйл. Тэдний тархинд янз бүрээр холбогдон мэдрэлийн эсүүдийн зангилаа үүсгэж болох олон тооны илүүдэл эс байдаг. Хүүхэд өөрөө оролдож, туршиж байх явцад энэхүү илүүдэл ханган нийлүүлэлт идэвхтэй ашиглагдан дурын холбоосууд үүсэн бий болж байдаг.

Сүүлийн үеийн тархины судалгаагаар зургаан нас хүртэлх хүүхдийн мэдрэлийн эсийн холбооны тоо хожим амьдралынх нь туршид хэдийд ч байхгүй тийм олон байдаг нь тогтоогдсон. Тэрхүү бүх холбоо нь төдөлгүй суларч ашиглагдахгүй болдог. Өөрийн оролдлого-үйл бол мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдоход зүйрлэшгүй их нөлөө үзүүлдэг. Тийм учраас хүүхэд нялх, багадаа болж л өгвөл маш олон янзын мэдрэмжүүдийг авч байх шаардлагатай. Үүнд аавтайгаа хөгжилтэйгээр хөөцөлдөх, өөрөө анх удаа алимны нухаш чанах, авирч байгаад модноос унах ч хамрагдана. Энэ бүх үйл явдал тархинд зөвхөн хадгалагдан үлдээд зогсохгүй, хоорондоо холбогдож байдаг. Энэ явцад дуртай, сэтгэл догдлон хийсэн, сурсан зүйлс нь дургүй, цээжээр тогтоосон зүйлсээс хавьгүй илүүтэйгээр үлдэн хоцорч, тархинд бэхлэгдэнэ. Суралцахуй, чин сэтгэл хоёр хоорондоо нягт холбоотой.

Проф.Др.Гералд Хүетер

Тархины судалгааны талаас Та үүнийг хэрхэн дүгнэмээр байна вэ?

Өнөөгийн байдлаар бага насны хүүхдийг хөгжүүлэх хөтөлбөрүүдэд аль болох багаас нь тэдэнд аль болох их мэдлэг олгох гэсэн хандлага байна. Амьдрал дээр аль нэг асуудал, шинэ сорилттой тулгарахад зөвхөн янз бүрийн зүйлсийн талаар мэдэж байх нь хангалтгүй. Хүүхдэд мэдлэгээс илүү зүйл бас хэрэгтэй: Тэгэхээр юуны өмнө мэдлэгээ хэрэглэх, түүгээрээ дамжуулан шинэ мэдлэг бүтээх чадвар. Амьдралынх нь анхны үе шатанд мэдрэлийн эсүүд олноороо холбогдож байдаг тэрхүү их нөөц боломжоороо хүүхэд бараг бүх зүйлийг сурч  чаддаг.  Тэгэхээр эцэг эх хүүхдээ багад нь уншуулж сургах, гадаад хэл сургах гэх мэтэд ач холбогдол өгч байна.  Ийм тохиолдолд хүүхдийн тархинд мэдрэлийн эсийн янз бүрийн холбоосууд үүсдэг. Гэхдээ тухайн зүйлийг сурч байхад хүүхдэд бүтээлчээр ажиллах орон зай байхгүй бол эцэг эхийн “сайн” гэж бодсон тэрхүү зүйл нь харин хор болдог. Үлдэж хоцрох зүйл бага, яагаад гэвэл тархи гацаанд (блоклогддог) ордог. Ийм хүүхэд шинэ зүйлтэй тулгарахад түүнд байнга бэрхшээл учирдаг. Тэгэхээр өөрөө суралцсан сургалтын үр ашиг ямагт өндөр байдаг.

Тэгэхээр ер нь хүүхэд энэ бага насныхаа үе шатанд юуг сурах ёстой вэ?

Урьдчилан бодох, цогц асуудлыг ойлгох, өөрийнхөө дотоод импульсийг удирдаж чадах гэх мэтийн чадваруудыг сургалтын хөтөлбөрөөр шаардаж зохицуулах төвөгтэй. Зөвхөн бие сэтгэлээрээ хуримтлуулж буй туршлагууд тархин дахь суралцах үйл явцыг өдөөж хөдөлгөөнд оруулдаг. Шинэчлэх санаа, шинээр шийдвэр гаргах эрэл хайгуулын үе дэх бүтээлч байдал зэрэг  ирээдүйд хэрэг болох зүйлс хүүхдийг задалж хөгжүүлж өгдөг. Сайн санаануудыг хэрэгжүүлэх сэдэл, эрмэлзлийг тэсвэр хатуужил, итгэлтэй хослуулж болно. Тэд өөртөө нөлөөлж болохыг өөрөө мэдэрсэн тохиолдолд хожим мэдлэг эзэмших, хэрэглэх нь тэдэнд асуудалгүй.

Хүмүүжил сургалтын асуудлыг хөндөхөөр өнөөгийн эцэг эхчүүд эргэлздэг. Залуу эцэг эхэд Та юу зөвлөмөөр байна?

Эцэг эхчүүдэд дарамт их байна. Анхных нь гараа сайнгүй бол барианы цаана юу үлддэгийг олон эцэг эх өөрсдийнхөө туршлагаас мэддэг. Тийм болохоор тэд өөрсдийнхөө ойлголтоор үр хүүхдээ аль болох багаас нь зориуд хөгжүүлэхийг оролддог. Ингэснээр хүүхэд нь чадварлаг, хүчтэй хувь хүн болно гэж үздэг. Хүмүүжил сургалт гэдэг бол хүүхдэд тодорхой үүрэг даалгавар санал болгох, түүгээр нь хүүхэд өсөж дэвших, түүндээ тэд сэтгэл догдлон эрч хүчтэй байх. Хоцрогдсон тохиолдолд үг дуугүйгээр өөрийг нь  хайрладаг, хүнд нөхцөл байдалд зоригжуулдаг эцэг эх хүүхдэд хэрэгтэй. Заримдаа хүүхэд үед тохиолдож байсан өөрийнхөө хүндэвтэр үеэ эцэг эхчүүд эргэн санах тустай. Ингэхэд хоёр настайд нь англи хэл сургах, дөрвөн настайд нь цэцэрлэгт байгалийн шинжлэх ухааны туршилт хийлгэх, таван настайд нь сургуульд оруулах гэхгүй байх.  Харин эрч хүчтэй байлгах үйл явдал-тохиолдлууд хүүхдэд түүнээс ихээхэн ач тустай. Бид тэднийг үүргэвч үүрүүлэн амьдралд тавихдаа тэдэнд ер нь юу хэрэгтэй билээ гэдгийг сайн анхаарахгүй байна.  
 

Проф.др.Гералд Хүетер (Prof.Dr.Gerald Huеther)

Гөттинг (ХБНГУ)-ийн Их сургуулийн Сэтгэцийн клиникийн Урьдчилан сэргийлэх төвийн захирал,  Маннхайм/Хайделбергийн Их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн Институтын захирал
 

Орчуулсан:  Н.Норжхорлоо

Эх сурвалж: http://kinder-lobby.at/hirnforschung-wie-lernen-kinder-2/

Хүүхдийг тайван орхи

posted Dec 15, 2015, 4:00 PM by Алтанцоож Ц

Тоглоом бол хүүхдийн хувьд ажил нь. Харин үүнийг сүүлийн үед анхаарахаа болио юу даа. Ганц манайд ч биш юм аа. Чөлөөтэй тоглохын ач холбогдлыг эцэг эхчүүдийн дунд тусгайлан таниулах хэрэгтэйг АНУ-ын хүүхдийн эмч нарын холбооноос зөвлөмж болгосон байв. Улам олон хүүхэд сургуульд ч орж амжаагүй байхдаа өөртөө итгэх итгэлгүй болж, сэтгэл санаагаар унаж эхлэх болсныг эмч нар ажиглаад ийм зөвлөмж гаргахад хүрчээ. Цэцэрлэгт ч орж амжаагүй хүүхдэд үсэг, цифр нүдлүүлэн, англи үг цээжлүүлээд үүгээрээ их бахархах аав ээж нар олширлоо. Үүний тулд хүүхдээ хэчнээн зовоож буйгаа тэд ер тоохгүй, тоохгүй ч юу байхав ойлгохгүй л байгаа хэрэг. Судалгаа хийж тогтоогоогүй л болохоос биш дээрх америк эмч нарын ажигласан зүйл манайд ч байгаа, өөрөөр хэлбэл энэ зөвлөмж бидэнд ч хамаатай гэсэн үг. Гэтэл хүүхэдтэйгээ зүгээр л хамтдаа байж,  ярилцаж, зугаатай цагийг өнгөрүүлэх нь л хүүхдийн хувьд хамгийн тохиромжтой зүйл гэж эмч нар зөвлөх болов. Маш энгийн зүйл биш гэж үү? Ямар ч төвөггүй, ердөө хялбархан, хүүхдээ ч зовоохгүй, өөрсдөө ч үйлээ үзэхгүй.

Эцэг эхчүүд хүүхдээ дээд зэргийн сайн хүн болгохыг хүсдэг. Ядаж л хажуу айлын эсвэл өөр нэгэн мэдэх хүүхдээс нь л лав илүү сайн байх ёстой. Ийм хандлага, арга барилаас аль болох татгалзахыг сурган хүмүүжүүлэгчид зөвлөдөг. Ямар аргатайдаа “Хүүхдээ тайван орхи!“ гэсэн ном хүртэл бичигдэж байхав дээ. Эцэг эхчүүдийн хүүхдээ хайрлах сэтгэлд хязгаар байхгүй нь үнэн, гэхдээ хэт их хайр нь буруу алхам руу түлхээд байвал яахав? Тэмээ гэдгэрээ мэдэхгүй гэгчээр эцэг эхчүүд өөрсдийн сул талаа олж хардаггүй. Тийм болохоор мундаг эцэг эхийн хүүхэд бас л бусдын хүүхдээс илүү мундаг байх ёстой болж таарна. Ямар ч муу ааш, алдаа гаргадаггүй, маш сайн сурлага, сахилга баттай, хэлсэн ярьсныг ягштал баримталдаг, үг хэлмэгц л за гээд гүйдэг үлгэр жишээ хүүхэд. Робот л биш бол ийм, ёстой нөгөө идеал хий гэдэг шиг бүх сайн чанарыг цогцлоосон хүүхэд байна гэдэг чинь биелэх боломж багатай мөрөөдөл биз дээ. Тэгээд ч өөрийн гэсэн сэтгэлгээтэй бие даасан хүн хэрэгтэй болохоос бус ийм робот шиг хүүхэд орчин үед хол явахгүй. 

Цюкерберг Facebook бүтээхдээ 19 настай, Билл Гэйтес программ хангамжийн компаниа байгуулахдаа 14 настай байсан бол Беатлесчүүд ч энэ л насандаа бүтээлээ туурвицгааж эхэлсэн. Тэд энэхүү санаануудаа ямар ч байсан эцэг эх, эмээ өвөө нараасаа өвлөж аваагүй нь ойлгомжтой. Хүүхдийнхээ алхам тутмыг хянаж, зааварддаг эцэг эхтэй байсансан бол тэд ийм амжилтанд яагаад ч хүрэхгүй байсан биз. Хичээлээ бус өөр аахар шаахар зүйлээр оролдох болсон хүүхдээ эцэг,  эх нь сургаж өгөөд ширээнийх нь ард номын ёсоор суулган, дундаж нэгэн албан хаагчийн замналаар явуулах байсан болов уу.
 
Хөгжимдүүлж сургах гэж албадаад, хүчээр тооны гүнзгийрүүлсэн сургалттай ангид оруулах нь оновчтой шийдэл огт биш. Олон эцэг эхийн хувьд хүүхэд нь математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтанд суугаад, гадаадад явж сурч ирээд, төрийн өндөр алба хаших нь амьдралын зорилго нь.

Эцэг эхийн чаддаг, сонирхдог болгоныг хүүхэд чадаж, сонирхох албагүй. Хүүхдийнхээ сонирхлыг юун түрүүн анхаарч үзэх нь чухал гэхдээ энэ нь дураар нь тавь гэсэн үг биш л дээ.

Томчууд зааж зааварлах нь бус харин дэргэд нь хамтдаа байх нь л хүүхдийн хувьд хамгийн чухал зүйл. Энэ нь аав ээж нь, эмээ өвөө нь аль эсвэл хөрш нь байна уу хамаагүй, гол нь тэдний хувьд харилцах хүн л хэрэгтэй. Цаг зав гаргахгүй бол харилцаа байхгүй, харилцаагүйгээр хүмүүжил байхгүй гэдэг бол хүүхдийн хүмүүжлийн алтан дүрэм.

Одооны хүүхэд өөр болжээ гэж үглэцгээдэг маань ч үүнтэй холбоотой. Ажил төрөл гэж гүйсээр бид чинь яг үнэндээ хүүхдэдээ цаг зав гаргаж чадахаа байсан. Томчуудын ааш аягийг харан даган дууриах замаар л хүүхэд хүмүүждэг. Гэтэл тэр үлгэр дууриал болох аав ээж, хамаатан садан нь хүүхдэд олддоггүй, арай гэж дэргэд нь ирэхээрээ элдэв курс дугуйлан руу л албадан чирж гүйцгээдэг.  

Хүүхдийнхээ төлөө хэт их анхаарч ийш тийш нь чирч гүйсээр хүүхдээ ч өөрсдийгөө ч балладаг нь асар их хор хөнөөлтэй бөгөөд үүнээс сэргийлэх ямар арга зам байгааг хүүхдийн сэтгэл судлаач Михайл Винтерхофф „Яагаад бидний хүүхдүүд тиран болцгоогоод байна аа? буюу алдагдсан хүүхэд нас?”, “Тиран байх албагүй шүү дээ” номууддаа дурайтал бичсэн байна.

Хүүхдийг бага насанд нь хэт их ачаалалд оруулахгүй байх талаар хөгжингүй орнуудын боловсролын байгууллагууд ч  анхаараад эхэлсэн аж. Германы Баваар муж улсын 20 сургуульд  2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн хүүхдийн хэрэгцээнд тулгуурлан бага анги нь янз бүрийн хугацаатайгаар, өөрөөр хэлбэл 3-5 жил байхаар зохицуулж эхэллээ.  Энэ бол цаашдын ирээдүйн чиг хандлага гэж тус муж улсын Соёлын сайд (Германд сургуулийг муж улсынх нь соёлын яам хариуцдаг) нь мэдэгджээ. Германы 16 муж улсын 13 нь үүнийг аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн бөгөөд Баваар муж харин ч оройтож эхэлж буй аж. Энэ хорин сургуульд сайн, муу, хотын, хөдөөгийн гээд янз бүрийн төлөөлөл орсон байгаа гэнэ. Хүүхдүүд хэр чадлынхаа хэрээр л уншиж, бичиж, тоо бодож сурна, анги дэвших албадлага байхгүй, тийм болохоор 3-5 жилийн ялгаа гарч буй хэрэг. Онцлог нь хичээл нь нээлттэй өөрөөр хэлбэл нэг ангид сайн, муу сурлагатай, насны ялгаатай хүүхдүүд хамтдаа суралцана. Мэдээж энэ хорин сургууль дээр дагалдан судалгаа хийгдэж, үнэлэлт дүгнэлт гарган цааш улам төгөлдөржүүлэхээр төлөвлөжээ.

Ц.Даланцагаан

Хүүхэд амьдралаас бүхнийг сурдаг

posted Dec 15, 2015, 4:00 PM by Алтанцоож Ц

  • Шүүмжлүүлж өссөн хүүхэд бусдыг буруутгаж сурдаг                                                         
  • Дайсагналд өссөн хүүхэд бусдад дайсагнаж сурдаг
  • Айдас, хүйдэст өссөн хүүхэд аймхай, хулчгар болдог
  • Цөхөрлөөр дүүрэн амьдралд хүүхэд хүлцэнгүй болдог
  • Доог тохуурхалд өссөн хүүхэд бүрэг ноомой болдог
  • Атаа хорсолд өссөн хүүхэд атаач жөтөөч болдог
  • Ичгүүртэй амьдралд өссөн хүүхэд өөрийгөө буруутгаж явдаг
  • Урмаар дүүрэн амьдралд хүүхэд итгэж сурдаг
  • Хүлцэж, хатуужиж өссөн хүүхэд өөрийгөө буруутгаж явдаг
  • Магтаал дүүрэн амьдралд хүүхэд бусдыг үнэлж сурдаг
  • Хайр энхрийлэл дүүрэн орчинд хүүхэд хайрлаж сурдаг
  • Сайшаалаар дүүрэн амьдралд хүүхэд өөрийгөө хайрлаж сурдаг
  • Ухаарлаар дүүрэн амьдралд хүүхэд зорилго, эрмэлзэлтэй болдог
  • Хамтач нөхөрсөг орчинд хүүхэд өгөөмөр, нинжин сэтгэлтэй болдог
  • Үнэнч шударгаар дүүрэн амьдралд хүүхэд ёс журмыг дээдэлж сурдаг 
  • Эрх тэгш орчинд хүүхэд шударга үнэнийг эрхэмлэдэг                                                            
  • Анхаарал халамжаар дүүрэн амьдралд хүүхэд хүндэлж сурдаг
  • Амгалан тайван амьдралд хүүхэд өөртөө болон бусдад итгэж сурдаг
  • Хүндэтгэл нөхөрлөлөөр дүүрэн амьдралд хүүхэд амьдралын сайхныг мэдэрдэг

Хүүхэд амьдралаас бүхнийг сурдаг.

Та хүүхдээ хэрхэн зөв магтах вэ?

posted Dec 15, 2015, 3:58 PM by Алтанцоож Ц

Би хүүхдийн тоглоомын талбай дээр эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн магтаж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгааг ажиглан хардаг. Элсээр уул босговол: “Сайн байна!”. Гулсуур луу авирвал: “Мундаг!” Гулсуураас буувал бас л “Мундаг!”. Зарим эцэг эх “Үргэлж магтаж бай. Тэгвэл хүүхэд амжилт дагуулна” гэсэн үзлийг баримталдаг нь ажиглагддаг. Эцэг эхчүүдийн заримынх нь хувьд өөрсдөө бага насандаа ямар ч магтаал, сайшаал сонсож байгаагүйгээс хүүхдэдээ үүнийгээ нөхөн дэндүү их магтдаг тал бий.

Байнгын мөн оноогүй магтаал хүүхдэд хортой

Эхлээд эцэг эх бүр магтаал, урамшуулал, дэмжлэг, хүлээн зөвшөөрөлт, эелдэг харьцаа  гэсэн ойлголтуудыг ялгаж салгах хэрэгтэй. Энэ бүгд хоорондоо холбоотой боловч яг ижил утгыг агуулдаггүй. “Мундаг” (молодец) гэдэг үг нь  “Хайртай шүү”, “Ойлгож байна”, “Баярлаж байна”, “Харж байна” гэсэн үгийг орлож чадахгүй гэдгийг тайлбарлах нь илүүц биз ээ. Харамсалтай нь хааяа орлодог.

Америкийн сэтгэл зүйч Альфа Кон “Мундаг” гэж хэлэхгүй байх 5 шалтгаан  гэсэн нийтлэлдээ үүний сөрөг талыг дараах байдлаар тайлбарлажээ.

  1. Хүүхэд магтаалд дасал болно. Бид хүүхдийнхээ үйлдэлд хэтэрхий олон удаа дүгнэлт  (“Сайн байна”, “Мундаг шүү”, “Зөв байна”) өгөөд байвал хүүхэд үүнд дасал болдог. Хүүхэд өөрийн хийсэн ажил, амжилтанд биш харин бидний хариу магтаалыг хүлээдэг болно. Түүнээс гадна том болох тусмаа хүүхэд өөрийн хийсэн үйлдэлдээ үргэлж л сайн үнэлгээ хүсдэг болно.

 

  1. Хүүхдийг хийж буй үйлдэлдээ сонирхолгүй болгоно. Тэдэнд зөвхөн эцэг эхийн дүгнэлт л чухал болж эхэлдэг. Хүүхэд аливааг магтаал, шагнал авахын тулд хийх нь зуршил болсон үед үйлийг өөрийн зорилгоор, сэтгэлээсээ хийхээ болино. Тэд зөвхөн магтаал сонсохын тулд л зурсан зургаа ойр дотныхондоо үзүүлнэ. “Ямар сайн, ямар сайхан сэтгэлтэй хүүхэд вэ?” гэж хэлүүлэхийн тулд өгөөмөр зан, халамж, өрөвдөх үйлдлийг үзүүлдэг болно.

 

  1. Хүүхдийг аргацаах байдалд сургана. “Сайн байна”, “Мундаг”, “Онц” гэдэг үгсийг эцэг эх хүүхдийнхээ сайн үйлдлийг бататгахын тулд хэрэглэдэг. Бид зориуд болон санамсаргүйгээр америкийн бихеворист Б.Скиннерийн онолд үндэслэсэн эерэг хандлагыг бататгах  аргыг хэрэглэдэг. Энэ арга нь Карен Прайорын “Нохой руу битгий дайр” гэдэг нэрт зохиолд тод дүрслэгдсэн байдаг.  Эерэг үйлийг бататгахдаа тухайн обьект (тэр нь хүүхэд, найз, нохой ч байсан)-ын сайн зүйл хийх тохиолдол бүрийг магтах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэрвээ муур хумсаа зохих газарт мэрэх үед түүнийг урамшуулаад амттан өгөөд байвал түүний сэтгэхүйд үйлдлийнхээ хариуд сайхан юм авдаг гэсэн ойлголт сууж өгдөг. Яг түүнтэй адил хүнд ч бас эерэг хандлагыг бататгах арга нөлөөлдөг.

 

Асуудлын гол нь тухайн үйлийг балчир-бага насныхнаас шаардах нь ухаалаг зүйл үү, үгүй юү гэдгийг бодолцох хэрэгтэй. Жишээ нь: Хүүхдийг өрөөгөөр гүйх үед нь нудраад, дуугүй суухад нь магтана. Гэтэл нэг газраа тогтон суух нь хүүхдэд хэцүү, хиймэл, магадгүй бүр тарчлаантай  байдаг талаар бид боддог болов уу? Ихэнх хүүхэд эцэг эхдээ таалагдаж таашаагдахын тулд өөртөө ямар ч золиос хийхэд бэлэн байдаг. Тэгвэл хүүхдийн толгойд “Ээж аавын энэ хүсээд байгаа зүйл бол зөвшөөрөгдөөгүй-тиймээс муу” гэсэн бодол төрдөг ба үнэн хэрэгтээ бодит байдлаас харвал тэрхүү зөвшөөрөхгүй байгаа үйлд муу зүйл юу ч байхгүй байж мэднэ.

 

  1. Хүүхэд өөрийн амжилтаар бахархахаа болино. Хүүхдийн гаргаж буй амжилтын тухайн мөчид бид “Мундаг байна” гэж түрүүлж хэлээд байвал магадгүй хүүхдийн өөрийнхөө амжилтанд баярлах тэр баяр хөөрийг алга болгох талтай. Үүгээрээ бид түүний сэтгэгдэл, бодол санааг үгүйсгэнэ. Энэ үйлдэл олон давтагдах тутам хүүхдэд өөрийнхөө баяр хөөрийг  бусадтай хуваалцах хүсэл сонирхол багасдаг. Тэртэй тэргүй түүний өмнөөс үүнийг хийх хэн нэгэн байнга дэргэд нь байдаг учраас ямар хэрэгтэй гэж? Түүний ямар нэг хийсэн  зүйл нь сайн болсон тохиолдолд тэр “Би үүнийг хийчихлээ!” гэж бахархалтайгаар хэлэхийн оронд харин бусад руу хандан “Энэ танд таалагдсан уу?” гэж асуух болно.

 

  1. Хүүхдийн сэдэл буурна. Хүүхдийг ямар нэгэн даалгавар гүйцэтгэсний дараа түүний хувийн зан чанарыг “Чи ухаантай шүү”, “Чи мундаг” гэж магтахад дараагийн  даалгавар гүйцэтгэхдээ тэрээр хүндрэлтэй тулгардаг. Америкийн эрдэмтэн Кэрол Двек Нью-Йоркийн 12 сургуулийн 400 сурагчдын дунд явуулсан судалгааныхаа дүнгээр үүнийг баталсан байдаг. Тэрбээр судалгааныхаа явцад сурагчдад “толгойгоо сайтар ажиллуулж байж” гүйцэтгэх тест өгсөн байна. Хүүхэд даалгаврыг гүйцэтгэх бүрт  түүнийг магтаж байсан. Нэг хэсэг хүүхдийг “Чи үүний учрыг сайн олж байна” гэж оюуны чадвар талаас нь, нөгөө хэсэг хүүхдийг  “Чи маш их хичээсэн байх аа” гэж гаргасан хүч чармайлтаар нь магтсан. Дараа нь хүүхдүүдэд хоёр хэсэг тестээс нэгийг нь сонгох санал тавьсан. Эхний тестийг нэлээд хүнд, нөгөө тест нь эхнийхтэй төстэй, гэхдээ арай хялбар гэдгийг хэлсэн. Хүүхдийн сонголтоос харахад хүч чармайлтыг нь магтсан хүүхдүүд хүнд тестийг, харин оюуны чадварыг нь магтсан хүүхдүүд ихэнхдээ энгийн даалгаврыг сонгосон байна.

 

Эцэг эхчүүд магтаалын үгээр дамжуулж хүүхдийнхээ үйлдэлд анхааралтай хандаж байгаагаа илэрхийлэхийг хичээх нь түгээмэл. Заримдаа харахгүйгээр хайнгадуухан хэлсэн “Сайн байна” гэсэн үг нь “За, би чамайг нэг юм зурсныг чинь мэдэж л байна, гэхдээ надад битгий саад бол” гэсэнтэй ижил санагдаж, хүүхэд сэтгэл дотроо насанд хүрэгчдийн энэ “Сайн байна” гэсэн үгэнд итгэхээ больж эхэлнэ.

 

Үүнээс бид магтаал нь сайнаас гадна бас сөрөг үр дагавартайг харж болно. Тэгвэл ээж аав нар хүүхдээ магтахаас бүрэн татгалзах ёстой юу? Мэдээж үгүй! Чин сэтгэлийн таашаалын үг зайлшгүй хэрэгтэй, шаардлагатай. Хүүхдийнхээ амжилтанд баярлаж байгаагаа нууж, биеэ барих нь буруу, харин магтаал, таашаал  нь бодитой, янз бүрийн арга хэлбэртэй байх шаардлагатай.

Сайн үйл хийхэд нь Та хүүхдээ хэрхэн магтах вэ?

  1. Юу ч хэлэхгүй байх. Энэ нь Монтессорийн арга барилтай тун төстэй. Мариа Монтессори хүүхэд өөрийн байдлаараа магтаалыг заавал хүсээд байдаггүй гэж бичсэн байдаг. Хүүхдэд танин мэдэх, бүтээх хүсэл тэмүүлэл аяндаа байдаг ба эцэг эхийн зүгээс үргэлж магтуулах буруу зуршил суулгаагүй л бол тэд өөрийнхөө гаргасанд амжилтад бахархалтай ханддаг.

 

  1. Өөрийгөө байгааг харц, дохиогоор илэрхийлэх. Заримдаа зүгээр л хүүхдийнхээ дэргэд байх нь чухал, үүнд үг ч хэрэггүй. Хэрвээ хүүхэд тань рүү харцаа чиглүүлэх үед та түүн рүү хайрын харцаар харах эсвэл гараа хүргэх буюу тэврэн авч болно. Ийм үйлдлүүд нь тийм их ажиглагдахаар зүйл биш мэт боловч хүүхдэд маш олон ойлголтыг төрүүлж байдаг. Та хүүхдийнхээ дэргэд байгааг мөн таны хүүхэд юу хийж байгаа нь танд хамаагүй биш гэдгийг хүүхэд мэдэрнэ.

 

  1. Юу харж байгаагаа хүүхдэдээ хэлэх. “Чи ямар гоё олон цэцэг зураа вэ? ”, “Чи өөрөө гутлаа өмссөн үү?”, “Чамайг илэхэд муур их дуртай байна, бүр хүзүүгээ ойртуулаад байна шүү”. Хүүхдэд таны  үнэлгээнээс илүү түүний яаж хичээж байгааг харснаа илэрхийлэх нь чухал. Ийм хандлагыг баримтлагчдын төлөөлөгч болох  нэрт судлаач А.Фабер, Э.Мазлиш нар хүүхдийн сайн үйлийг дараах байдлаар магтахыг санал болгодог. Жишээ нь: Хүүхэд хоолоо бүгдийг идэж дуусгавал “Үүнийг л би сайн хооллолоо гэж бодож байна”, хэрвээ тоглоомоо байранд нь хураавал “Өрөө маш цэгцтэй харагдаж байна!” гэх. Үүгээр та хүүхдийнхээ үйлдлийг таашаагаад зогсохгүй, түүний хичээл зүтгэлийг нь хүндэлж байгаагаа илэрхийлэх болно.

 

  1. Хүүхдийнхээ юу хийж байгааг асуух. “Чамд зурсан зураг чинь таалагдаж байна уу?”, “Хамгийн хүнд нь юу байв?”, “Чи яаж ийм хэцүү дугуй дүрсийг зурж чадав аа?”. Та иймэрхүү асуулт тавьснаараа хүүхэд өөрийнхөө хөдөлмөрийг үнэлэх, бие даан өөрийнхөө хийсэн зүйлийн үр дүнд дүгнэлт өгөхөд тусална.

 

  1.  Өөрийн сэтгэгдлээрээ магтаалаа илэрхийлэх. “Сайн зурсан байна!”, “Чиний зурсан энэ хөлөг онгоц надад маш их таалагдаж байна!” гэсэн хоёр магтаалыг харьцуулаарай. Нэгдүгээрх нь ямар ч хувь хүн байхгүй. Хэн зурсан, юу зурсан нь тодорхойгүй. Хоёрдугаарх нь та өөртөө маш их таалагдсан зүйлээ тодотгож өгснөөрөө хүүхдийнхээ бүтээлд хандах өөрийнхөө хандлагыг илэрхийлж байна.

 

  1. Хүүхдийн  үнэлгээ, хүүхдийн үйлдлийн үнэлгээ хоёрыг ялгах. Хүүхдийн чадварт биш, хийж байгаа үйлд анхаарлаа  хандуулж, үүнийгээ магтаалдаа тусгаарай: “Чи ямар цэвэрч хүүхэд вэ?” гэхийн оронд “Чи тоглоомоо хураагаа юу, одоо өрөө нь их цэвэрхэн болжээ, сайн байна”.

 

  1. Үр дүнг биш, чармайлтыг магтах. Хүүхдийн хичээл зүтгэлийг илэрхийлж хэлээрэй. “Чихрийнхээ талыг найздаа өгөх нь чамд харам байсан ч чи өглөө. Чи маш өглөгч байлаа шүү!”. Үүгээр та хийсэн үйл нь хэцүү байсан ч хүүхдийнхээ гаргасан хүч чармайлтыг үнэлж байгаагаа илэрхийлж байна.
     

Хүүхдийг магтах, таашаах хэлбэр  маш өргөн, олон янз байж болох ба үүнд ямар ч стандарт байхгүй. “Сайн байна”, “Мундаг шүү”, “Онц” гэсэн үгнүүдийг битгий хэрэглэ гэсэн үг огт биш ээ. Таны сэтгэлийг хөдөлгөсөн хүүхдийнхээ хийсэн үйлдлийг хараад сэтгэлээ барьж чимээгүй байх нь буруу. Гэхдээ хүүхдээ магтах оновчтой, өгөөжтэй арга замыг байнга эрэлхийлж, үүнд өөрийнхөө мэдрэмж, сэтгэгдлийг хүүхэдтэйгээ хуваалцаж байх нь чухал.   

 

УБ, Чингэлтэй дүүргийн “Басархан” цэцэрлэгийн эрхлэгч  Ж.Наран

Эх сурвалж: Виктория Виноградова, Как правильно хвалить ребёнка?

WIFI-ИЙН 10 СӨРӨГ НӨЛӨӨ!!!

posted Dec 7, 2015, 6:24 PM by Алтанцоож Ц

1,9 сая иргэн ухаалаг утас, 156,000 айл IPTV хэрэглэж байна. Зохистой хэрэглээнд анхаарах цаг хэдийн болжээ.

Зөөврийн компьютер, гар утас гээд цацрагийн нөлөө бидэнд, бидний хүүхдэд хэрхэн хор хөнөөлтэйг уншаад та шаардлагагүй үед “Wi-Fi”-аа унтрааж, шөнө унтахдаа “Wi-Fi” рутерээ салгаж өөрийнхөө болоод хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай. 

1.Нойргүйдлийг улам идэвхжүүлдэг

Унтахынхаа өмнө удаан хугацаагаар “Wi-Fi” ашиглах, гар утсаар ярих юм уу тоглох, эсвэл мессеж солилцох нь нойр хулжааж, сайхан зүүд зүүдлэх магадлалыг эрс бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. 2007 онд гаргасан судалгаагаар гар утасны модуляторын давтамж нойронд сөрөг нөлөөлөлтэйг баталжээ. Жинхэнэ гар утасны цахилгаан соронзон долгион, долгионгүй хуурамч гар утасны дохиог харьцуулан судалж, цахилгаан соронзон цацрагт өртсөн хүмүүс унтах гэж хөрвөөж, нойр нь хүрэхгүй байсан бөгөөд тархины урсгалын хэв маягт өөрчлөлт ажиглагдсан байна. Судалгаагаар утастайгаа ойр унтах, гэртээ “Wi-Fi”-тай эсвэл байрны ихэнх айл “Wi-Fi” ашигладаг бол тэр хүн тайван унтах нь бага, тархи нь байнга ачаалж, нойргүйдэх шалтгаан болдог  байна. Нойргүйдэл нь олон өвчний эхлэл болдог. Сэтгэл гутрал, тархины хөгжил муу байх нь нойртой шууд холбоотой.

2.Хүүхдийн өсөлт хөгжилд саад учруулдаг

“Wi-Fi” болон гар утаснаас ялгарах дулаан, радио цацрагийн давтамж нь эсийн хөгжил, ялангуяа ургийн хөгжилд саад учруулдаг байна. 2004 онд “Wi-Fi” бөөрний хөгжилд саад учруулдаг хэмээн нотолсон бол 2009 онд Австрийн судалгаагаар үүнийг дэмжсэн байдаг. Цацраг туяа нь бага насны хүүхдийн уургийн синтекэд саад учруулдаг бөгөөд үүний хор нөлөө хүүхдийг өсч том болсны дараа залуу насанд нь голчлон илэрдэг байна. Товчоор хэлбэл, “Wi-Fi” нь хүүхдийн өсөлт хөгжилд саад учруулдаг бөгөөд хор нөлөө нь тухайн үедээ биш хожим, хэдэн жилийн дараа илэрдэг байна

3.Эсийн өсөлтөд нөлөө үзүүлдэг

Данийн есдүгээр ангийн таван сурагч энгийн, сонирхолтой нэгэн туршилт хийсэн байна. Тэд тасалгааны ургамлын үрийг саванд суулгаж нэгийг нь “Wi-Fi” рутер ажиллаж байгаа өрөөнд, нөгөөг WiFi-гүй өрөөнд байрлуулан 12 хоног ажиглалт хийсэн байна. Туршилтын үр дүнд “WiFi” рутер ажиллаж байгаа өрөөний ургамалын үр бараан өнгөтэй болж, хувиралд орсон байсан бол “WiFi”-гүй өрөөнийх нь ногоорч сагсайтлаа ургасан байна. Үүнтэй холбогдуулан судалгааны байгууллагаад хэд хэдэн туршилт, судалгаа хийсэн бөгөөд wifi цацраг навчсаа хаях хугацаанд нөлөөлж байгаа гэнэ. “Wi-Fi” сүлжээнээс ялгарч буй туяа нь хөгшрөх үйл явцыг хурдасгаж,  моддын өвчлөх үйл явцыг нэмэгдүүлдэг болохыг судалсан байдаг. Түүнчлэн хүний биеийн эд эсүүд туяанд хамгийн мэдрэмтгий байдаг аж

4.Тархины үйл ажиллагааг бууруулдаг

Данийн сурагчид “Wi-Fi” сүлжээнээс ялгарах өндөр агууламж бүхий хорт туяа ургамлын ургалтад нөлөөлдөг шиг эрдэмтэд тархины үйл ажиллагаанд “4G” цацрагийн нөлөөг судалж эхлээд байна. “MRI” технологийг ашиглан өнгөрсөн жил хийсэн судалгаагаар “Wi-Fi”-д хордсон хүмүүсийн тархины үйл ажиллагаа буурч, хүлээн авах чадваргүй болж байсныг тогтоожээ. Эрдэмтэд гар утасны хэрэглээ болон тархины хорт хавдар даамжрах үйл явцын хооронд ямар холбоо байгааг судалжээ. Судалгааны дүнд, арван жилийн турш утасгүй интернэтийг маш идэвхтэй хэрэглэсэн хүмүүс тархины хорт хавдрын хамгийн түгээмэл хэлбэр болох глиом өвчинд өртөх тохиолдол хоёр дахин олон байсан байна

5.Эмэгтэйчүүдийн тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг

15 эрэгтэй, 15 эмэгтэй 30 сайн дурынхнаас ой тогтоох шалгалт авсан байна. Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль нь “Wi-Fi” цацрагт өртөж байгааг туршиж үзжээ. Дараа нь 45 орчим минутын турш “Wi-Fi” бүхий цэгээс туршилт хийж, тэдний тархины үйл ажиллагааг хэмжсэн байна. Ингэхэд эмэгтэйчүүдийн тархины үйл ажиллагаа болон энергийн төвшинд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан байна.  Эрэгтэйчүүдэд ч гэсэн таагүй байдал илэрч байжээ

6.Эр бэлгийн эсийг саармагжуулдаг

Бид зөөврийн компьютерээс ялгарах дулаан эр бэлгийн эсийг саармагжуулдаг гэдгийг удаан хугацааны турш мэддэг байсан. Тэгвэл зөөврийн компьютерээс ялгарах дулаан, цацраг ч биш Wi-Fi” цацраг эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг бууруулж, ДНХ-ийн задралыг үүсгэдэг болохыг тогтоожээ. Хүн, малд хийсэн туршилтын аль алинаар нь “Wi-Fi” сүлжээний цацраг эр бэлгийн эсэд сөргөөр нөлөөлж, үргүйдэлд хүрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг нотолсон байна.

7.Төрөлтөд сөрөг нөлөөтэй

“Wi-Fi” цацраг нь зөвхөн эр бэлгийн эсэд ч биш эмэгтэй хүнд, тэр тусмаа давхар биетэй эмэгтэйн урагт сөргөөр нөлөөлдөг байна. Мал аж ахуйн судалгааны дүнгээр утасгүй интернэт буюу “Wi-Fi” нь урагт сөргөөр нөлөөлж байжээ. Судалгааны явцад 45 хоногийн турш зохиомлоор үр суулгасан хулганыг удаан хугацаагаар “Wi-Fi”-тай орчинд байлгахад стрессийн төвшин нь хоёр дахин нэмэгджээ. Мөн ДНХ-ийн бүтцэд өөрчлөлт орж, хэвийн бус жирэмслэлт, зулбах зэрэг шинж тэмдэг бий болж байв.

Шведийн “Каролинска” хүрээлэн 2011 онд анхааруулга гаргасан байдаг. “Жирэмсэн эмэгтэйчүүд утасгүй төхөөрөмжүүдийг ашиглахаас зайлсхийх шаардлагатай. Утасгүй технологийн радио давтамж, богино долгионы цацраг хөгжиж буй урагт сөргөөр нөлөөлдөг ” байна

8.Зүрхэнд стресс үүсгэдэг

Утасгүй сүлжээ болон “3G”, ухаалаг гар утастай орчинд зүрхний хэм алдагддаг байна. 69 хүнийг хамруулан хийсэн судалгаагаар тэдний ихэнх нь цахилгаан соронзон давтамжинд өртөж байсан байна. “Wi-Fi” нь зүрхний цохилт нэмэгдүүлж, зүрхэнд стресс, ачаалал үүсгэдэг байна .Цахилгаан соронзон долгион тархинд нөлөөлж, бидний аз жаргалтай байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог мелатонин гэдэг гормоныг устгадаг байна. Бичил долгионууд сэтгэлийн дарамтад орох магадлалыг 40 дахин нэмэгдүүлдэг болохыг 2004 онд Малаги их сургуулийн эрдэмтэд тогтоосон бөгөөд үүнийг Шведийн Каролины хүрээлэнгийнхэн нотолжээ

9.Хорт хавдартай холбоотой юу

Энэ асуудал эрдэмтдийн дунд ихээхэн маргаантай байдаг. Цахилгаан соронзон долгион, цацрагт өртөх нь хавдрын хөгжлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг  гэдгийг амьтан дээр хийсэн олон туршилтаар баталсан байдаг аж. Харин хүн дээр хийсэн судалгаа ховор байдаг хэдий ч, энэ талаарх тайлан элбэг байдаг. Үүний нэг жишнээ нь 21 настай эмэгтэй хөхний хор хавдар туссан явдал юм. Өмнө нь, эмэгтэйн гэр бүлд хөхний хорт хавдраар өвдөж байсан тохиолдол байхгүй байсан аж. Харин тэрээр гар утсаа өөрийн халаасандаа хийж явдаг байсан нь хөхний эд эсүүд туяанд хамгийн мэдрэмтгий байдагийг нотолсон байдаг. Түүнчлэн сүүлийн үеийн судалгаагаар тархины хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэгийг баталсан байгаа юм

10.Тэжээлийн дутагдалд ордог

“Wi-Fi” нь аз жаргалтай байх металонин гормоныг багасгахаас  гадна шим тэжээлийн антиоксидантыг ихээр нэмэгдүүлдэг байна. Антиоксидант гэдэг нь хүний бие организмын нэгдэх исэлдлийг саатуулж бууруулдаг байгалийн болон хиймэл бодисууд юм. Антиоксидантууд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эсийг ч, организмыг ч бүхэлд нь аюулгүй болгож хамгаалдаг. Ингэснээр хүний бие организмыг өөх тос болон нүүрс усны илүүдлээс ангижруулдаг. Гэвч “Wi-Fi” үүнийг нэмэгдүүлснээр тэжээлийн дутагдалд орох, таргалах зэрэг эрсдэл нэмэгддэг байна. 

1-6 of 6