Мэдээ, Мэдээлэл


Тэмдэгт кодчилол гэж юу вэ?

posted Feb 11, 2018, 2:19 AM by Unurbold Ganbold   [ updated Feb 11, 2018, 9:15 PM by Altantsooj Tseveenjav ]

Цахим тооцоолуурт бид тоглоом тоглох, зураг зурахаас бусад бараг бүх ажлыг бичиж хийдэг. Программ бичих, баримт боловсруулах, хоорондоо э-мэйлээр, чатаар харилцах гээд бүгд орно. Тэгвэл тэмдэгт кодчилол гэдэг нь ердөө л ямар үсгийг хэд гэсэн кодоор тэмдэглэж хадгалахыг заадаг стандарт юм.

Яагаад заавал стандарт гэж?

Бат А үсгийг 12, В үсгийг 65, Цэцэг А-г 65, В-г 12 гэсэн кодоор код оноож хадгалаад байвал хоорондоо яаж ойлголцох вэ? ААВ гэж бичихэд Батын тооцоолуурт 12 12 65, Цэцэгийнхэд 65 65 12 гэж хадгалагдана. Тэгэхээр Батын ААВ гэсэн үгийг Цэцэг ВВА, Цэцгийн ААВ гэсэн үг Батад ВВА болж харагдана гэсэн үг. Тиймээс хоёулаа үсэг бүрээ ижил кодоор тэмдэглэж байж л хоорондоо зөв ойлголцоно гэсэн үг.

Бид нэг тэмдэгт буюу үсгийг 1 байт гэж үзэж тооцоолуурт тэмдэглэдэг тухай дунд сургуульдаа үздэг боловч боловч өдгөө ихэнхдээ 2 ба түүнээс дээш байтаар хадгалж байна.

Яагаад?

Анх компьютер үүссэн цагаас эхлэн ASCII хэмээх стандартаар кодолж байсан бөгөөд нийт 7 битээр тэмдэглэж байв. 1 бит нь 0 эсвэл 1 гэсэн утга авах боломжтой тул 2^7 буюу 128 тэмдэгт л тэмдэглэх боломжтой юм. Тиймээс тэрхүү 128 тэмдэгтэд зөвхөн Англи латин цагаан толгойн үсгүүд болон Араб 10 цифр болон бусад онцгой тэмдэгтүүд л багтжээ.

Гэтэл германы умлауттай (ä,ö,ü), францын диалекттай (á, â,…) гэх мэт үсгүүд багтаж чадаагүй юм. Тиймээс ANSI тэмдэгт кодчилол үүсжээ. Ингээд европын улсууд бичиг үсгээ Latin 1, Latin 2, … Latin 8 гэсэн нэрээр өргөтгөж оруулж ирснээс гадна кирил бичиг ч бас KOI бүл, RUSCII, CP866, CP1251 гэх мэтээр 128-256 дахь байрлалууд дээр үсгээ байрлуулж кодолж эхэлжээ.

Гэтэл энэ нь хоорондоо харилцахад олон асуудлыг дагуулж эхэлсэн бөгөөд латин үсгүүд ч хоорондоо хөрвөж чадахгүй байлаа. Жишээлбэл илгээгч Latin1 тэмдэгт кодчиллоор бичээд явуулахад хүлээн авч буй хүн Latin2-р уншихад хэдий ижил латин үсгүүд боловч үг нь утгагүй алдаатай болж харагдах жишээний өмнө дурдсан ASCII кодчиллын асуудлууд гарч байв. Бид ч бас тэр зовлонг дайрсан. Ариал мон фонтын асуудал гэвэл хүн бүр мэднэ дээ. Одоо ч асуудалтай хүмүүс байсаар байдаг.

Ингээд Майкрософт, Адобэ, АйБиЭм гэх мэт мэдээллийн системийн томоохон корпорациуд бүгд нэг ширээний ард сууж тохиролцохоос өөр аргагүй болсон юм. Хорвоо ертөнцийн бүх зүйл шүтэн барилдлагаар оршин тогтнодгийн нэг жишээ энэ юм.

Улс бүр өөр өөрийн тогоон дотроо кодчилоод хоорондоо бичиг үсгээр харилцах аргагүй байдалд оржээ гээд ойлгочиход болно. Ийнхүү ЮНИКОД хэмээх байгууллага үүсэж дэлхийн бүх бичгийг нэгтгэсэн тэмдэгт кодчиллын стандарт бий болгохоор ажиллаж эхэлжээ.

Нэг тэмдэгтийг хадгалах зайг 2 болгож өргөтгөсөн боловч дэлхий дээр санаанд оромгүй олон бичиг байдаг болж таарснаар цааш нэг тэмдэгтийг 3,4 байтаар тэмдэглэх болсон байна. Түүнийг дагаад өөр техникийн асуудлууд ч урган гарч эхэлжээ. Жишээлбэл нэг бичгийн өөр өөр тэмдэгт зарим нь 2 зарим нь 3 байтаар тэмдэглэгдэж байхад яаж хоорондох зохицлыг нь барих вэ? Олон давхар тэмдэгт кодчилол үүсвэл яах вэ? гэх мэт.

Одоогоор Юникод стандартын 10 хувилбар гарсан бөгөөд ISO стандарт шууд авч баталдаг. Өмнөх нийтлэлд дурдаж байсанчлан локаль нь цахим орчинд улс орны тусгаар тогтнолыг илэрхийлж байдаг бол Юникод нь бичиг үсгийн оршин тогтнолыг илэрхийлэх хэмжээнд хүрчээ. Тус байгууллага болоод стандарт ийм хүчирхэг болсон шалтгаан нь ерөөсөө л их гүрэн, жижиг улс эсвэл хүчирхэг том компани гэж тус тусын амбицыг хөөж гүрийж суулгүйгээр нэгдэж чадсан явдал юм. Тиймээс дэлхийн хүн бүр тус стандартыг хүссэн хүсээгүй хэрэглэх болжээ.

Юникод стандартын ачаар бид кирил бичгийн ө,ү үсгийн асуудлаас гарсан юм. Мөн Монгол бичгээ ч эхний хувилбараар оруулж дөнгөсөн боловч асуудлаа бүрэн дүүрэн шийдэлгүй хаяснаас болоод өдгөө олон асуудлыг дагуулж, өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч өгөхгүй байгаа нь харамсалтай. Мөн Юникод байгууллагын ч шүдний өвчин болоод байгаа юм.

Яг юу нь асуудал болоод яагаад гэдгийг тусад нь тайлбарлахгүй бол энгийнээр тайлбарлахад нэлээд түвэгтэй. Нэг тэмдэгтийн дүрс буруу эсвэл дутуу л бол тус бичгээр бичих, хэрэглэх ямар ч боломжгүй болчхож байгаа юм.

Жишээ нь та х үсэг байхгүйгээр кирилээр бичих гээд оролдоод үзвэл чадах уу? Эсвэл Z үсгийн дээд доод зураас дутуу байсан бол латин бичиг хэрэглэж чадах уу? Эсвэл Z үсгийг 1. дээд хөндлөн зураас, 2. Ташуу зураас, 3. Доод хөндлөн зураас гэж 3 удаа товчлуур дарж байж гаргаж ирж бичдэг бол ямархуу бүтээмжтэй байх сан бол?

Эдгээр нь зөвхөн хэрэглээ дагасан өнгөц асуудал бөгөөд нарийвчилбал арай өөр асуудлууд руу ороод явчихна. Жишээлбэл та Attack of the Mongolian Vowel Separator гэж сонссон уу? Үгүй бол Гүүглэдээд үзээрэй. Нэг тэмдэгтийн класс 2 удаа өөрчлөгдөх хооронд хакердуулах хэмжээнд хүрчхэж байгаа юм.

За тэгээд гараас хэрхэн хялбар оруулах, хэрхэн эрэмбэлэх, дэлгэцэд хэрхэн үзүүлэх буюу ренжер, фонттойгоо хэрхэн уялдах, хуучин legacy системүүдэд яаж дэмжигдэх зэргийг шийдэх цогц асуудал болдог.

Болорсофт ХХК-ийг үүсгэн байгуулагч С.Бадрал

Сүхбаатар дүүргийн математикийн олимпиадын бодлого хамгаалалт

posted Feb 11, 2018, 2:15 AM by Unurbold Ganbold   [ updated Feb 11, 2018, 2:16 AM ]

5,6,8,9-р ангийн сурагчид  болон Бага ангийн багш нарын бодлого хамгаалалт 19:00 цагт болно.2018-02-11
7,10,11,12-р ангийн сурагчид болон Дунд ангийн багш нарын бодлого хамгаалалт 20:00 цагт болно.2018-02-11

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ОЮУТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ

posted Feb 1, 2018, 5:52 PM by Altantsooj Tseveenjav

“Россотрудничество” нь гадаадад амьдарч буй ОХУ-ын иргэд болон Олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг Ази-Номхон далайн бүс, Африк, Ойрхи Дорнод, Европ, ТУХН-ийн орнууд, Хойд, Төв болон Өмнөд  Америкт албан ёсны 90 төлөөлөгчийн газар бүхий Холбооны Агентлаг юм. 

Тус агентлаг нь Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зөвлөмжийн дагуу тухайн жилд Монгол Улсаас ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах мэргэжил, элсэлтийн төлөвлөгөөг  хийдэг.

Монгол дахь Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар - “РЦНК” нь  2017/2018 хичээлийн жилд Монгол Улсад 450 квот(тэтгэлэг)-ыг олгосон байна. Үүнд:

  1. Бакалаврын зэрэг/ мэргэжилтэн (техникийн мэргэжил) - 88
  2. Бакалаврын зэрэг (хүмүүнлэгийн мэргэжил) – 106
  3. Бакалаврын зэрэг/ мэргэжилтэн (химийн мэргэжил) - 41
  4. Төмөр замын мэргэжлээр  – 84
  5. Тусгай мэргэжлийн дунд боловсрол – 1
  6. Урлагийн чиглэлээр - 20
  7. магистрантурт -  59
  8. аспирантурт - 23
  9. ординатурт  - 4
  10.  дадлагажигч – 24 (орос хэлний зуны сургалт) нийт 450 иргэн хамрагдсан байна.

  “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар нь 2018/2019 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын холбооны төсвийн хөрөнгөөр Оросын их дээд сургуулиудад элсэн суралцах горилогчдын дунд явуулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Уг сонгон шалгаруулалтанд  Монгол  Улсын иргэн,  Монгол Улсад байнга оршин суудаг ОХУ-ын иргэн оролцох эрхтэй.

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дээр 2018 оны 3 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд "Оросын боловсролын үзэсгэлэн EXPO-2018" зохион байгуулагдах бөгөөд үзэсгэлэнгийн үеэр хүүхэд, залуучууд ОХУ-ын  тэргүүлэх их, дээд сургуулийн тухай болон сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм. 

ОХУ-ын их, дээд сургуулиудад элсэх нөхцөл

  • - ОХУ-ын боловсролын стандартаар ажилладаг сургуулийн төгсөгчид;
  • - Орос хэлийг гүнзгийрүүлэн судалдаг сургуулийн төгсөгчид;
  • - Орос хэлийг энгийн, бага түвшинд эзэмшсэн, ЕБС-ийн төгсөгчид;
  • - РЦНК-аас зохион байгуулсан орос хэл, математикийн олимпиадын ялагчид;
  • - Их, дээд сургуулиудын эхний дамжааны оюутнууд;
  • -  РЦНК-ын орос хэлний дамжааны сонсогчид;
  • - ОХУ-ын их дээд сургуулиудын бэлтгэл дамжааны оюутнууд;

Элсэгчдэд тавигдах үндсэн шаардлага

  • - Бакалавр, магистр, мэргэжлийн хөтөлбөр горилогч; 
  • - Орос хэлний тодорхой түвшний мэдлэгтэй, ОХУ-ын боловсролын стандартаар 5 (онц ),  4 (сайн ) дүнтэй төгсөгч;
  • - Монгол Улсын боловсролын стандартаар “А”, “В” үнэлгээтэй төгсөгч;
  • - Сонгосон мэргэжилд хамааралгүй 1-2 хичээлд 3 (дунд) буюу “С” үнэлгээтэй төгсөгч хамрагдаж болно.

Элсэлтийн бүртгэл

ОХУ-д суралцах сонирхолтой горилогч нь шалгаруулалтанд орохын тулд http://russia.study/ цахим мэдээллийн системд заавал бүртгүүлж систем дахь анкетыг бөглөх шаардлагатай.

Элсэлтийн бүртгэл Оросын Шинжлэх ухаан, соёлын төв дээр болон Russia.Study  цахим хуудсаар 1-р сараас 2-р сарын хооронд явагдана. 

Элсэлтийн бүртгэл эхлэх тухай мэдээлэл 2018 оны 1-р сард дараахь цахим хуудсанд тавигдана.

  • -       Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам, http://www.mongolia.mid.ru/,
  • -       Монгол Улс дахь Россотрудничество төлөөлөгчийн газар (РЦНК), http: //mng.rs.gov.ru/,
  • -       Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,    http://www.meds.gov.mn/frontpage 

2017 онд төгсөгчид элсэлтийн бүртгэлд орохдоо дараахь баримт материалыг бүрдүүлнэ.

Russia.Study цахим мэдээллийн системд орж бүртгүүлэхдээ:

  • - Холбогдох анкетыг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх
  • - Анкетанд  цээж зураг заавал наасан байх
  • - Гадаад паспортыг сканидаж  хавсаргах
  • - Бөглөсөн анкетыг  хяналтанд илгээх

Оросын Шинжлэх ухаан, соёлын төв дээр бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлж очно. Үүнд:

  • - Гадаад паспортын хуулбар;
  • - Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн горилогчдын хувьд захирлын гарын үсэг бүхий 10/11 дүгээр ангийн сурлагын дүн (12-р ангийн эхний хагас жилийн дүн)-г хавсаргах
  • - Захирлын гарын үсэг, тамга бүхий тодорхойлолт;
  • - Олимпиад, уралдаанд амжилт үзүүлсэн гэрчилгээний хуулбар, сүүлийн 2 жилийн хугацаанд гаргасан амжилтын талаарх мэдээлэл;

Мэргэжлийн шалгалт зохион байгуулах

Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс хяналтын шаардлага хангасан анкет, шалгалт өгөх огноо, байрны тухай мэпээллийг  Russia.Study мэдээллийн системээр дамжуулж РЦНК http://mng.rs.gov.ru/ цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулан цаг тухайд нь мэдэгдэнэ.

Инженер техникийн болон химийн мэргэжлээр элсэх, горилогчид математик, химийн шалгалтанд орох бөгөөд шалгалтаа амжилттай өгсөн горилогчид орос хэлний ярилцлаганд орно. 2 шалгалтын нийлбэр дүнгээр ялагчийг тодруулна.

Хүмүүнлэгийн чиглэлийн мэргэжлээр элсэх горилогчид, орос хэлний /аман/ шалгалт, ярилцлаганд орно. Орос хэлний мэдлэг хангалтгүй элсэгчдийг ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл дамжаанд 1 жилийн хугацаатай суралцуулж тэтгэлэг олгоно.

Гадаадын иргэн суралцахаар ирэхэд зайлшгүй бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт.

Сонгон шалгаруулалтанд тэнцсэн горилогчдын нэрсийн жагсаалтыг   Россотрудничество агентлаг руу  илгээдэг. Үүнд:

  • - Өнгөт цээж зураг, өргөдөл бүхий бүрэн бөглөсөн анкет; (анкет нь иргэний   намтар, иргэншлийн талаар 30 орчим санал асуулгатай)
  • - Мэргэжлийн нэр, шифр;
  • - Орос болон бусад гадаад хэлний түвшин, мэдлэг;
  • - Бэлтгэл дамжаанд суралцах шаардлага;
  • - Ололт, амжилтын жагсаалт;
  • - 10/11 дүгээр ангийн сурлагын амжилт, хамгийн сүүлийн магадлан итгэмжилсэн тодорхойлолт; 
  • - Дархлалын олдмол хомсдол (ХДХВ), ДОХ-ын вирусгүйг нотолсон эмнэлгийн тодорхойлолтын хуулбар;
  • - ОХУ-д суралцахад  эрүүл мэндийн хувьд тэнцэх тухай эмнэлгийн дүгнэлт (маягт У-086);
  • - Гадаад паспортын хуудасны хуулбар. Паспортын хүчинтэй байх хугацаа нь Оросын Холбооны Улсад орж ирснээс хойш 18 сараас доошгүй байх;
  • - Улсын болон олон улсын уралдаан, олимпиадад шалгарсан ялагчид олгосон  гэрчилгээний хуулбар;

Горилогч нь сонгон шалгаруулалтын дүн зарлагдсаны дараа http://www.russia-edu.ru/ вэб сайтаас 6 сургуулийг урьдчилан сонгоно. (Холбооны 1 дүүрэгт болон Москва, Санкт-Петербург зэрэг хотуудад 2-оос илүүгүй сургууль сонгох)

 

Хүргүүлэх нь: БСШУСЯ, ГХЯ-ны ХөОГ, ТЗУГ-т

 

Танилцсан: ЭЛЧИН САЙД                                               Б.ДЭЛГЭРМАА

Боловсруулсан: III НБД                                                     Ж.БАТСАЙХАН

”Тогтвортой хөгжлийн гарц-Чанартай боловсрол”

posted Jan 23, 2018, 8:36 PM by Unurbold Ganbold

“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” сэдэвт багш нарын улсын II зөвлөгөөнд

Монгол улсын их хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

Ц.Цогзолмаагийн тавьсан илтгэл

 

”Тогтвортой хөгжлийн гарц-Чанартай боловсрол

 

Эрдэм оюуны эрхэм элч, хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Эрхэм хүндэт, Хатагтай ноёд оо,

Юуны өмнө Та бүхэндээ Монголын багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөний халуун мэндийг дэвшүүлье.

Өнөөдөр бид бүхэн Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, албан хаагчдын “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна.

Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч бий болсноос хойш Монголын багш нарын их хурлыг 6 удаа, улсын зөвлөгөөнийг 1 удаа хийжээ. Монголын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнийг 2007 онд зохион байгуулснаас хойш 11 жилийн дараа хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Энэхүү “Тогтвортой хөгжил-ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн нь туулсан замнал, хүрсэн ололт, амжилтаа бахархан дүгнэсэн баяр, ёслол-хүндэтгэлийн арга хэмжээ биш ээ. Харин асуудлаа бүх нийтээрээ илэн далангүй, нээлттэй хэлэлцсэн, туршлага, сургамжаа харилцан хуваалцсан, шийдэл, гарцыг хамтдаа шүүн тунгаасан, ажил хэрэгч уулзалт-зөвлөгөөн байна гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү зөвлөгөөнөөр бид:

  • “ …боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлээр бид юу шийдэх вэ?
  • багшийн үр дүнд суурилсан цалин хөлсний шинэ тогтолцоог хэрхэн нэвтрүүлэх вэ? багшийн ажлын үр дүнг яаж үнэлдэг болох вэ?
  • сургалтын агуулга, хөтөлбөр, сурах бичгийн чанар, стандарт хүртээмжиийг хэрхэн дээшлүүлэх вэ?
  • сурагчийн мэдлэг, чадварын үнэлгээг хэрхэн шинэчлэх вэ?
  • сургууль, багш, эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн төлөө юу хийх вэ?
  • хүүхдийн хөгжил, эрхийн хамгааллыг хэрхэн хангах вэ?
  • хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн болон адил тэгш боловсролын үйлчилгээ хэрэгтэй бүх хүүхдийн төлөө юу хийх ёстой вэ? гэсэн хамгийн тулгамдсан, хариулт, шийдэл, үр дүн нэхэгдсэн тодорхой асуудлуудыг хэлэлцэх болно.

Зөвлөгөөний дараа хэлэлцсэн асуудал бүрээр холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хамтдаа хэрэгжүүлнэ.

            Энэхүү зөвлөгөөнийг Улаанбаатар хотод 3 удаа, хөдөө орон нутагт бүсчилсэн байдлаар 4 удаа зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны 10 орчим хувь болох 3400 багш, ажилтныг хамруулах хэдий ч монголын багш бүрт, боловсролын салбарын ажилтан бүрт, сонирхсон хүн бүрт зөвлөгөөнтэй хамт байх боломжийг олгож, зөвлөгөөнөөр хэлэлцэж буй асуудлуудаар санал, байр сууриа илэрхийлэх өргөн боломжийг хангаж өгнө.

             Та бүхэн www.zuvluguun.edu.mn вэб хуудас болон сошиал хаягуудаар зочилж холбогдох бүх мэдээллийг авах боломжтой.

             

Хөгжлийн гарц бол чанартай боловсрол мөн.

Мөн бидэнд оюун санаа, сэтгэлгээ, мэдлэгийн ч их нөөц байна. Хөгжлийг бүтээж, хөтөлж явах чадвартай монгол хүнийг хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн үндсэн гарц, суурь бодлого байна гэдгийг өнгөрсөн хорин долоон  жилийн бидний туулж ирсэн түүх, өнөөгийн сургамж болон ирээдүйн хөгжлийн хэрэгцээ харуулж байна.

Гэхдээ байгаа энэ их нөөцөө хэрхэн үнэ цэнэтэй бодитой баялаг, орлого болгох вэ?, Иргэд ард түмний сайн сайхан амьдралын тогтвортой баталгааг хэрхэн хангах вэ? гэсэн хөгжлийн мөнхийн асуудал бидний өмнө байнга тулгарч байна. Цаашид ч тулгарсаар байх болно.

Манайх шиг хүн ам цөөтэй, далайд гарцгүй, дэлхийн хамгийн нөлөө бүхий улс төр, эдийн засагтай хоёр их гүрний дундах улс орон ямар баялгийг хэрхэн бүтээж, юугаараа орлого олж оршин тогтнож, юугаараа дэлхийн эдийн засгийн их өрсөлдөөнд өөрийн байр суурьтай болох вэ? Өндөр мэдлэг, технологид суурилсан өрсөлдөх чадамжтай үндэсний үйлдвэрлэл, эдийн засгийг хэрхэн бий болгох вэ? гэдэг асуултад бид хариулт өгөх шаардлагтай байна.

Эрдэс баялгийн хязгаарлагдмал нөөцөд тулгуурласан хөгжлийн хандлагаас хүний оюуны хязгааргүй нөөцөд суурилсан хөгжилд шилжих нь аливаа улс, үндэстний тогтвортой хөгжлийн үндэс болно гэдгийг хөгжлийн өндөр түвшинд хүрсэн улс орнуудын ололт, амжилт, хөгжиж буй буурай улс орнуудын сургамжит түүхийн аль аль нь нотлон харуулсаар байна.

Бидэнд хөгжлийн шинэ гарц хэрэгтэй байна.

 

Боловсролд өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй юу.

            Монголын боловсрол, монголын үе үеийн багш нар монгол ухаан, соёл, уламжлал, эрдэм боловсролыг хойч үедээ өвлүүлж, монгол хүний хөгжлийг хангаж, улс эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгааг хангах эрхэм чухал бөгөөд өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэйгээр биелүүлж, Монгол Улсын түүхийн хөгжил дэвшлийн үе шат бүхэнд хөгжлийн хөтөч болж ирсэн бахдам гавьяатай гэдгийг юуны өмнө тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Бүтээж, босгохын төлөө хэлэлцэж, нэгэн хүч болон зүтгэвээс монголын багш нар, монголын боловсролын олон нийт “бид чаддаг”, “бид чадна” гэдгийг харуулж ирсэн түүхэн уламжлалтай.

Боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал амаргүй, төвөгтэй байгаа бодит үнэн. Бодит байдлаас бид зугтажх боломжгүй. Нөхцөл байдлаа байгаагаар нь хэлэлцэж, асуудлаа шийдэх нь өнөөдөр бидний чухал зорилт болоод байна.

Боловсролын тухай болон боловсролыг тойрсон ямар асуудлууд нийгэмд оршиж байна вэ? Хөгжлийн хэрэгцээ, шаардлага боловсролд юуг тулгаж байна вэ? Боловсролын өмнө ямар сорилтууд бий болоод байна вэ?

Нэгэн хэвийн, тогтсон хичээлийг бүгдэд нь зааж, сурсан ч, сураагүй ч нэгэн зэрэг дараагийн хичээлд шилжих дүрэмтэй, цагаас цагт хэн нэгний зохиосон төлөвлөгөөт сэдэв, хичээлийн хуваарьтаа захирагддаг багш, сургуультай боловсролын харилцаа өнөөгийн эрэлт, хэрэгцээтэйгээ бүрэн нийцэж чадаж байна уу?

Өнгөрсөн зуунд үр дүнтэй байсан байж болох боловсрол, сургалтын өнөөгийн энэ зохион байгуулалт ирээдүйн боловсролын хөгжлийн хэрэгцээнд хангалттай хариу өгч чадах уу?

Сургуульд элссэн баяр хөөртэй анхны өдрөөс эхлээд сургуулиа төгсөх хүртэл хамгийн багадаа хүний амьдралын бүхэл бүтэн 16 жилийн хугацааг боловсролд зориулж байна.

Өнөөгийн байдлаар монголын сургууль бүр адилхан биш байна. Боловсролд хот, хөдөөгийн ялгаатай байдал оршсоор байна. Бид нөхцөл, бололцооны хувьд өөр өөр, байгаль, цаг агаар, дэд бүтэц, харилцаа холбоо, нийгмийн үйлчилгээ, багшлах боловсон хүчний мэргэжлийн чадварын хувьд ялгаатай сургуулиудтай байна.

Ийм ялгаатай нөхцөлд нийтлэг зорилтыг адил цаг хугацаанд, ижил үр дүнтэйгээр хэрхэн зохион байгуулах вэ? Ялгаатай байдлаас хамаарахгүйгээр адил үр дүн, чанартай боловсролын үйлчилгээг хэрхэн бий болгох вэ?

Боловсролын харилцаа, суралцах боломж, арга зүйг илүү хүнлэг, хүний төлөө болгож, боловсролыг хүн бүрт адил тэгшээр эзэмших боломжийг улам бүр өргөжүүлж, малчны хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн, хилийн чанад дахь монгол хүүхдийн гэх мэт ялгаатай хэрэгцээнд хариу өгөх чадамжтай, үр дүнтэй боловсролын үйлчилгээг бий болгох нийгмийн шаардлагыг хэрхэн хангах вэ?

Даяаршин буй нийгэм, соёлын олон талт нөлөөллийн нөхцөлд үндэснийхээ уламжлал, хэл бичиг, соёл, зан заншлаа хадгалж, уламжлан хөгжүүлж, ард түмнийхээ оюун санааны үргэлжлэл, түүхийг хөгжүүлэн дархлаажуулагч монгол хүүхэд, монгол иргэнийг хөгжүүлэх нийгмийн үүрэг, хариуцлагыг боловсрол, сургалтын байгууллага бүрэн хангаж байна уу? зэрэг олон асуулдлууд бидний  шийдлээ хүлээж байна.

 

Мэдээлэл, холбооны технологийн хөгжил нь эдүгээ энгийн ахуй, иргэдийн өдөр тутмын хэрэглээнд хурдацтайгаар нэвтэрч, XXI зууны хүмүүсийн суралцах, ажиллах уламжлалт арга, хэлбэр, тогтсон хэв маягт хүчтэй өөрчлөлтийг үзүүлж, амьдралын чанарт хувьсгал хийж байна.

Мэдээлэл, холбооны технологийн өөрчлөлт нь боловсролд их боломж, нөөцийг олгож байгаагийн зэрэгцээ боловсролыг өөрчлөх зайлшгүй хэрэгцээг нөхцөлдүүлж байна. Технологийн дэвшлийг боловсролд нэвтрүүлж боловсролд орон зай, цаг хугацааны саадыг гэтэлгэж, суралцагчийн хүсэл, сонирхол, хэрэгцээ, боломжид нийцсэн, илүү үр дүнтэй, үр ашигтай сургалтыг зохион байгуулах шаардлага тулгараад байна.

“Өрсөлдөх чадвар” үгүй бол хувь хүний ажилтай, орлоготой, сайн сайхан амьдрал, мөн улс орны ч тусгаар тогтнол, үндэсний дархлаа, соёл, өв уламжлал, цаашдын хөгжил дэвшилд эрсдэл бий болох магадлал улам нэмэгдэх боллоо. Иймд үндэсний боловсролын системийн “өрсөлдөх чадвар”-ын баталгааг хэрхэн тасралтгүй хангах вэ? гэдэг асуулт бидний өмнө тулгарч байна.

Эдийн засгийн агуулгаар нь боловсролын үр дүн, үр нөлөө гэж бид юуг хэлэх вэ? “Боловсролыг мөнгөөр хэмжихгүй”, “Боловсролын үр дүн хожим, магадгүй олон арван жилийн дараа гардаг” гэсэн хэвшмэл ойлголттой зарим талаараа санал нийлж болох ч Монгол Улсын төсвийн зардлын 5 төгрөг тутмын нэгийг зарж байгаа боловсрол үр дүнтэй ажиллаж байна уу гэдгийг бид онцгой анхаарах ёстой. Боловсролд оруулж буй 1 төгрөг тутмын улсын нийгэм, эдийн засаг, хүний хөгжилд оруулж буй үр нөлөө, үр ашгийн эргэн төлөлтийг тооцож төлөвлөдөг, үр дүн, гүйцэтгэлийг үнэлж, хянадаг удирдлага, төлөвлөлт, хяналтын тогтолцоог нэвтрүүлэх цаг нь болсон байна.

 

Багш, ажиллагсад, боловсролын байгууллага бүхэлдээ хийх ёстой ажлаа хийсэн шиг хийдэг, хийж чадаж байгаа нь сайн цалин, сайн санхүүжилт авдаг, хүүхдийн төлөө гүйцэтгэсэн ажлын чанар, сургалтын үр дүнг хөхиүлэн дэмжсэн эдийн засаг, санхүүжилтийн тогтолцоонд даруйхан шилжих шаардлагатай байна

Чухамдаа хүн бүрт сэтгэл ханамжтай, чанартай, өрсөлдөх чадвартай боловсролыг эзэмших нөхцлийг бүрдүүлсэн, үндэсний хүчирхэг боловсролын тогтолцоо, үйлчилгээг аль болох ойрын жилүүдэд бий болгох нь бидний зайлшгүй шийдвэрлэх тулгамдсан зорилт болж байна.

 

Бид юу хийх вэ?

Эрхэм хүндэт, Багш сурган хүмүүжүүлэгчид ээ,

Ерөнхий боловсролын өнөөгийн үндсэн асуудал нь сургалтын чанар болоод байна.

Сургалтын чанар нь сургалтын хөтөлбөрөөс гэхээсээ илүү сургалтын зохион байгуулалтаас хамаарч байгааг өнгөрсөн хугацааны туршлага, сургамж, нотолж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын зохион байгуулалтыг сургалтын төлөвлөгөөгөөр зохицуулдаг. Сургуульд судлах хичээлийн нэр, төрөл, судлах цагийн тоо, хэмжээнд өөрчлөлт оруулж, “боловсронгуй” болгоод ч чанартай, үр дүнтэй сургалтын зохион байгуулалтыг бий болгож чадахгүй нь тодорхой боллоо.

Хичээл төвтэй, судлагдахуун төвтэй сургалтын зохион байгуулалтыг сурагч төвтэй, уян хатан зохицуулалттай сургалтын зохион байгуулалт руу шилжүүлэхэд анхаарч сургалтыг хэрхэн, яаж зохион байгуулахыг дээрээс хатуу тогтоодог, нэг загвартай, хэт баригдсан байдлыг халж, стандарт, хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлнэ.

Зөвхөн сургалтын төлөвлөгөөнд байгаа судлагдахууны цагаар багшийн ажлын нормыг тогтоож, сургалтыг тооцон санхүүжүүлдэг санхүүгийн тогтолцоог эргэн харах болно. Сонгон, секц, дугуйланг сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон зай, цагийн нөөц, хичээлийн бүрэлдэхүүн хэсэг болгож, санхүүжүүлэх шаардлага гарч байна.

Сургалтад мэдээлэл, холбооны технологийг нэвтрүүлэх, цахим сургалт, боловсролын нээлттэй эх үүсвэрүүдийг хөгжүүлж бусад нөөц бололцоог өргөнөөр ашиглах замаар хөтөлбөрийн зорилтыг бүрэн хангах, сургалтыг чанартай, үр дүнтэй болгох нь өнөө цагийн хэрэгцээ болж байна.

Өнгөрсөн хугацаанд сургалтын хөтөлбөрийн талаар хангалттай их өөрчлөлт, шинэчлэл хийгджээ. Одоо дахин цоо шинэ хөтөлбөр мэндлэхгүй ээ. Нэр томьёо, үг үсгээр хөөцөлдсөн өөрчлөлт ч хэрэггүй. Бас ямар нэгэн туршилтыг боловсролын салбарт хийхгүй ээ. Боловсролын аливаа ноу хау, инноваци, технологийн туршилтыг шууд сургууль, хүүхдүүд дээр хийгээд байх тийм бодит шаардлага байхгүй гэж үзэж байна.

Одоо байгаа хөтөлбөрөө үнэлж, хэрэгжих баталгааг нь хангаж, боловсронгуй болгох ажлыг гүйцээхэд голлон анхаарна. Сургалтын хөтөлбөр нь нэг талаас шинжлэх ухааны мэдлэгт суурилсан харьцангуй тогтвортой агуулгаар тодорхойлогдох хэдий ч шинжлэх, ухаан, технологийн хөгжил дэвшил, хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэн буй нийгмийн болон суралцагчийн эрэлт, хэрэгцээтэй уялдан байнга боловсронгуй болж байх шаардлагатай үйл явц юм.

            Гэсэн хэдий ч өнөө хэр нь бид сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлага буюу “benchmark”, хөтөлбөрөө үнэлэх шалгуур буюу “criteria”, хөтөлбөрийн чанараа хэмжих үзүүлэлт буюу “indicator”-гүй байна. Сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлага, шалгуур, үзүүлэлттэй болох нь цаашид хөтөлбөрийг боловсронгуй болгох, хөгжүүлэх бодит бололцоог бий болгоно. Бид хөтөлбөрөө шинжлэх ухаанчаар, мэргэжлийн түвшинд үнэлэх, хөтөлбөрөө хөгжүүлэх арга хэрэгсэл, багажтай болно.

Сургалтын хөтөлбөр, агуулгын түвшинд дахин нухацтай эргэн харах, үнэлэх шаардлагатай судлагдахуун бол монгол хэл, бичиг, уран зохиол, монголын түүхийн хичээл юм.

Хүүхэд бүрийг монгол хэлний хэрэглээний бүрэн чадвартай болгож, хүүхэд бүрийг монгол соёл, ёс заншил, уламжлалыг өвлөх, уламжлах, хөгжүүлэх чадамжтай болгох нь сургалтын хөтөлбөрийн суурь шаардлага болно.

Монгол хэлний сургалтын хэтэрхий хэл зүйжсэн, хэт дүрэмжсэн хандлагыг өөрчилж, сурагчдыг эх хэлээрээ алдаагүй зөв бичих, ярих, илтгэх, сэтгэх хэрэглээний бүрэн ур чадвартай болгох хэрэгцээнд нийцүүлэн монгол хэлний сургалтын цогц шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Монгол хэлний хичээлийн зорилгыг бичиг үсэгт тайлагдаж, бичиг үсэг, харилцааны чадварыг хөгжүүлэх төдийгүй монгол хүний сэтгэлгээг хөгжүүлдэг байдлаар өргөжүүлнэ.

Уран зохиолын хичээлийг монгол хэлний хичээлийн дадлага хичээл, хавсарга хичээл гэж үздэг явцуу үзэл баримтлалыг өөрчилнө. Уран зохиолын хичээлийн зорилго, агуулгыг монгол өв уламжлал, ёс заншил, соёл, түүхийг таниулдаг, өвлүүлдэг, эх оронч, үндэсний бахархал, дархлааг хөгжүүлдэг байдлаар өргөжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл уран зохиолын хичээлийг бие даан судалдаг байхаар өөрчилнө.

Бидэнд бас нийгмийн болон ахуй амьдралын зайлшгүй хэрэгцээ, шаардлагын улмаас сургалтын зарим шинэ агуулга, хөтөлбөрийг хөгжүүлэх шаардлага бий болж байна. Энэ шаардлагатай уялдуулан суралцагчдыг эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдрах ухааны, ажил мэргэжлээ сонгох, бэлтгэгдэх ур чадвартай болгох агуулгыг хөгжүүлнэ. Эрүүл мэндийн хичээлийн агуулга, хөтөлбөрийг дахин хянана.

Аюулгүй байдлын сургалтын агуулга нь замын хөдөлгөөний, байгалийн гамшигт үзэгдлийн, ахуйн болзошгүй осол, гэмтлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, сэтгэцийн болон мансууруулах бодисын хор уршиг, аюул, заналыг ухамсарлах, цахим орчинд гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх гэх зэрэг өргөн агуулгаар тодорхойлогдоно.

 

 Өнгөрсөн хугацаанд бид мэдлэг олгоход түлхүү анхаарч, хүүхдийг хүн болгож хүнийг төлөвшүүлэх тал дээр бага анхаарч ирсэн. Ийм учраас хүүхдийг ёс суртахууны хувьд төлөвшүүлэх нь манай боловсролын анхаарч шийдвэрлэх ёстой нэгэн үндсэн асуудал болоод байна. Амьдрах ухааны сургалтын агуулга нь энэ л шаардлага, хэрэгцээгээр тодорхойлогдоно.

 

Багшийн дүн үнэн, бодитой байдаг ил, тод нээлттэй шалгалтын систем, тогтолцоотой болно.

Монголын боловсролын эмзэг, хамгийн сул зүйлийн нэг бол үнэлгээний асуудал болоод байна. Манай боловсролын үнэлгээний шаардлага, шалгуур, хэмжигдэхүүн, арга зүй, тогтолцоо оновчтой бус, ойлгомжгүй, зарим тохиолдолд цаасан дээр л байдаг ор нэр төдий, хэрэгждэггүй үнэлгээний журмууд ч байна.

Бид сургалтын хөтөлбөрийг ч, сурагчийг ч, багшийг ч, байгууллагыг ч, үйлчилгээнийхээ үр дүнг ч бодитой, тодорхой, бүрэн үнэлж чадахгүй байна. Сурагчийн үнэлгээг хүнлэг болгоно. Сурагчийн үнэлгээний үр дүн нь ямар ч тохиолдолд шийтгэлийн арга хэрэгсэл, эсхүл сурагчийн нэр төр, алдар хүндэд халдах хэрэгсэл болж болохгүй.

Үнэлгээний эцсийн зорилго нь сурагч өнөөдөр ямар байгааг тогтооход бус цаашдаа сурагчид ахиц дэвшил гаргахад юу хийх ёстойг тодорхойлоход оршино. Сурагчийн үнэлгээ нь сурагчийн суралцах итгэл, найдварыг нь дэмжих, амжилттай суралцах арга замыг заадаг хөгжлийн хэрэгсэл байна.

Багшийн дүн үнэн, шалгалтын бодитой байх нь сургуулийн болон багшийн заавал эрхэмлэх үнэт зүйл, соёл байна. Ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээг ашиглах, хэрэглэх зарчим, үнэт зүйлс нь ийм л байдлаар тодорхойлогдоно. Энэ бол үнэлгээний шинэчлэлийн суурь шаардлага болно.

Бид бүх хүүхдийн төлөө, хүүхэд бүрийн төлөө ажилладаг болно. Хүүхэд бүрийн ахиц өөрчлөлтөөр үр дүнгээ хэмжиж, хүүхэд бүрийн ахиц дэвшлээр багшаа үнэлдэг болно.

 

Ерөнхий боловсролын сургуулийг хүүхэд хөгжлийн төв болгоно.

Ерөнхий боловсролын сургалт, сургуулийн үүргийг дахин шинээр тодорхойлно. Ерөнхий боловсролын сургуулийн эрхэм зорилго нь хүүхдийг “монгол хүн” болгон төлөвшүүлж, дэлхийд өрсөлдөх чадвартай “монгол иргэн”-ийг хөгжүүлэхэд чиглэгдэх ёстой. Сургууль нь хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэх, хөгжүүлэх үүрэгтэй байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэх байнгын, тасралтгүй үйл явц, зохион байгуулалт, санхүүжилтийг бий болгоно.

Сургуулийг “хүүхэд хөгжлийн төв” болгоно. Ийм шинэ бодлоготой болж байж бид сургуулийн үүргийг бүтэн болгоно. Сургууль нь хүүхдийн хүмүүжил, төлөвшил, эрх хамгааллын төлөө санаа тавьдаг бас хариуцдаг үүрэгтэй болно. Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжлийн төлөө хөрөнгө, мөнгө зарцуулдаг болно.

 

Сурах бичиг тойрсон асуудалгүй болно.

Сурах бичиг тойрсон асуудал боловсролын салбараас салахгүй байна. Сурах бичгийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас тусгайлсан бодлого явуулж 2009 оноос эхлэн бага ангийн сурагчдын 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хүртэл хувийг төрөөс үнэ, төлбөргүйгээр сурах бичгээр хангаж байна. Сурах бичгийн хангалт 2017 оны байдлаар бага ангид 100 хувь, дунд, ахлах ангид 70.0 хувьтай байна.

Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын 60 хүртэл хувь нь сурах бичгээ зах зээлээс худалдан авах зохицуулалттай. Дунд ахлах ангид нэг ангийн бүх сурах бичгийн үнэ 40.0-50.0 мянган төгрөг, нэг сурах бичгийн үнэ дунджаар 2850 төгрөг байна.

Гэсэн хэдий ч иргэдийн худалдан авах чадвар сул, хөдөө, орон нутагт номын худалдаа, борлуулалтын сүлжээ хөгжөөгүй, ерөөсөө сурах бичгийг төр үнэгүй хангах ёстой гэсэн эцэг эхийн өрөөсгөл хандлага зэрэг нь сурах бичгийн хангалтад нөлөөлж байгаагийн улмаас дунд, ахлах ангийн сурах бичгийн хүртээмж хангалтгүй байна гэж их шүүмжлэгдэж байна. Эцэг эх, олон нийтийн дунд сурах бичгийг 100 хувь төрөөс үнэгүй хангадаг гэсэн зөрүүтэй ойлголт эсхүл хангах ёстой гэсэн хүлээлт их байна.

Сурах бичиг нь сургалтын цорын ганц эх үүсвэр байхаа болино. Хэвлэмэл сурах бичгийн агуулга, зохиомж, хэвлэлийн чанарт тавигдах шаардлагыг өөрчилнө.

 

Нээлттэй цахим сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний контентыг хөгжүүлэх, ашиглах шинэ зохицуулалтыг бий болгоно. Боловсрол, сургалтын цахим, виртуал, интерактив нээлттэй хэрэглэгдэхүүн, эх үүсвэрүүдийг хөгжүүлж сургалтыг идэвхтэй, сонирхолтой, үр дүнтэй болгоно.

Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн шаардлагын дагуу цахим хичээл, сорил туршилт, лабораторийн, даалгаврын, тестийн санг хөгжүүлэх цахим хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Дунд, ахлах ангид түрээсийн сурах бичгийн үйлчилгээг бий болгоно. Сурагчид бүх хичээлийнхээ сурах бичгийг сургуулийнхаа номын сангаас өрхийн санхүүд хүндрэл бэрхшээл учруулахгүйгээр, төлбөрийн дарамтгүйгээр авч ашиглах боломжийг бүрдүүлж, сурах бичгийн хүрэлцээ, хангамжийг хангалттай түвшинд хүргэнэ.

Сурах бичгийн эргэлтийн сантай болно. Сурах бичгийн санхүүжилтийн үр ашгийг сайжруулж, цаашдаа түрээсийн орлогоос бүрдсэн хөрөнгөөр сурах бичгийг хэвлэдэг тогтолцоо руу шилжинэ.

Зах зээлд худалдан борлуулах сурах бичгийн зохиогчийн эрхийг ашиглах эрхийг ном, хэвлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний бүх үйлдвэрлэгчид нээлттэй болгож, үнийг зах зээлийн өрсөлдөөний хуулиар тогтоох, чанар, хүртээмжийг нь дээшлүүлэх асуудлыг судалж шийдвэрлэнэ.

 

Хүүхэд бүрт адил тэгшээр боловсрол эзэмших боломжийг өргөжүүлнэ.

Боловсролын үйлчилгээг хүнлэг, хүний төлөө болгоно. Малчны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хилийн чанадад байгаа монгол хүүхэд гээд адил тэгш боловсролын үйлчилгээ хэрэгтэй бүх бүлгийн хүүхдэд боловсрол тэгш эзэмших нөхцөл бололцоог бүрдүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өөрчлөгдөж хөгжиж чадна. Үүнд бид итгэх ёстой. Ийм л сургалтын онол, үзэл баримтлалд суурилсан боловсрол, сургалтын зохион байгуулалт, арга зүйг хөгжүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамаарч сургуульд сурах, боловсролын үйлчилгээ авах харъяалалтай, хариуцах боловсролын бүтэц, зохион байгуулалттай болно.

Ердийн ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах эрх зүйн орчинг бүрдүүлж, тэнд ажиллах багшид нэмэгдэл хөлс олгодог болно.

 

Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн онцлог, суралцах чадамж, сонирхол, хэрэгцээнд тулгуурласан, эрүүл мэнд, хөгжлийн ахиц өөрчлөлтийг нь дэмжсэн уян хатан сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан сургалтын төлөвлөгөө, үнэлгээний арга зүйг бий болгоно.

 

Эрхэм хүндэт  Багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

 

Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, үнэ цэнийг бодитой болгож, үр дүн, бүтээмжид суурилсан цалин хөлсний шинэ тогтолцоог нэвтрүүлнэ.

Өнгөрсөн оны намраас эхлэн багшийн цалин хөлс, бодит орлогыг нэмэгдүүлэх талаар бид бүгдээрээ хамтран ажилласан. Бодитой үр дүнгүүд гарч байна. Багшийн бодит орлого 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдэж байгаа. Цаашдаа ч нэмэгдэнэ.

2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн багш нарт үндсэн цалингаас тооцож олгодог улирлын үр дүнгийн мөнгөн урамшлын хэмжээ сард 5 хүртэл хувиар нэмэгдэж, улиралд 60 хүртэл хувийн үр дүнгийн урамшил авах боломж нээгдсэн.

Улирлын амралтын үеэр болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас сургалтыг түр хугацаагаар зогсоосон үед багшид зөвхөн үндсэн цалин олгодог байсан бол 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үндсэн цалингаас нь гадна мэргэжлийн зэргийн, ур чадварын, орон нутгийн, анги даасны, кабинет, лаборатори хариуцсаны, заах аргын нэгдэл удирдсаны, илүү цагийн гэх мэт нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон улирлын үр дүнгийн мөнгөн урамшлыг тооцон олгодог боллоо.

Мөн багшийн ээлжийн амралтын олговрыг бодоход улирлын амралтын үеэр болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас сургалтыг түр хугацаанд зогсоосон үед олгосон нэмэгдэл, нэмэгдэл хөлс, үр дүнгийн урамшил нэмэгдэж тооцогддог боллоо.

Цалин хөлсний шинэчлэлийн хүрээнд нэгдүгээрт улс орны эдийн засаг, санхүүгийн бодит нөхцөл байдалтай уялдуулан цалин хөлсний харилцааг зохицуулж буй эрх зүйн зохицуулалтыг уян хатан, оновчтой болгож, багш, ажилтны бодит орлогыг нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, ил тод, шударга, нээлттэй, үр дүнд суурилсан цалин хөлсний шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэх болно.

Цалин хөлсийг тооцож олгох, шийдвэрлэх бүх эрх мэдлийг хариуцлагын хамт цэцэрлэг, сургуулийн хамт олонд нь шилжүүлнэ.

Багшийн цалин хөлсийг тооцож олгох журам, багшид мэргэжлийн зэрэг олгох, бууруулах журам, багшийн ажлын үр дүнг үнэлэх, ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын норматив, санхүүжих журмуудын хэрэгжилтийг хянан дүгнэж, өөрчлөн шинэчилнэ.

 

Бие даасан, ил тод, нээлттэй, ухаалаг менежменттэй болох нь шинэчлэлийн бодлогын гол зорилтын нэг болж байна.

            Таны хүүхэд сургуульд хэрхэн сурч байна вэ? Таны хүүхэд юу сурч, юу чаддаг болж байна вэ? Таны хүүхдийн багш, сургалтын менежер, захирал үр дүнтэй ажиллаж чадаж байна уу? Таны хүүхдийн сургуулийн сургалтын чанар, үр дүн ямар байна вэ? Танай сум, дүүрэг, аймгийн сургалтын чанар, үр дүн нь сайн байна уу аль эсвэл...? Ахиц өөрчлөлт байна уу? гэдэгт хариулт, мэдээлэл авах ил, тод байдлыг хангахын төлөө бид бүхэн ажиллах ёстой.

Багш, захирал, даргын гээд бүх л хүний ажлын үр дүн, ахиц, өөрчлөлт нь түүний үйлчилгээ, ажлын үр дүнг хэрэглэгч, эцэг эх, олон нийтийн өмнө ил тод, нээлттэй байдаг тогтолцоог бүрдүүлнэ. Энд сурагч, багш, сургууль, боловсролын хэлтэс, газрын гээд боловсролын бүхий л мэдээллийг багтаасан Боловсролын удирдлага, мэдээллийн системийг бий болгох асуудал хамаарна.

Ийм системтэй болсноор төрийн бүхий л өмч, хөрөнгө, түүний ашиглалт, төсөв, санхүүжилт, ажлын үр дүн, эдийн засгийн үр ашгийг тооцох боломж бүрдэх болно. Нөхцөл байдлын тухай бүрэн хэмжээний мэдээлэлтэй, тасралтгүй, тогтмол дүн шинжилгээ хийдэг системтэй болсноор боловсролын үйл явцыг ухаалгаар жолоодож, боловсролын үйлчилгээг үр дүнтэй, өгөөжтэй болгоход чухал алхам болно гэж үзэж байна.

Байгууллага, сургууль, хамт олны бие даасан байдлыг хангахын тулд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, боловсролын хэлтэс, газрын дарга нарт өөрсдийн түвшинд шийдвэрлэх шаардлагатай цалин хөлс, томилгоо, санхүү, төсвийн, захиргааны удирдлагын бололцоотой эрх мэдлийг шилжүүлнэ.

 

Эрхэм хүндэт,  Багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

 

Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь боловсролын өөрчлөлт, шинэчлэлийн суурь асуудал мөн.

Боловсрол, сургалтын байгууллага, оролцогчдын эрх, үүргийг тодорхойлсон төдий бус боловсролын үйлчилгээний процессыг зохицуулсан, чанартай, үр дүнтэй боловсролын үйлчилгээг зохион байгуулах нөхцлийг хангасан, боловсролын харилцааг ухаалгаар зохицуулж, хөгжилд хөтлөх эрх зүйн орчинг бий болгоно.

Чухамдаа та бүхэнд танилцуулж буй энэхүү бодлогын илтгэлд дурдсан өөрчлөлт, шинэчлэлийг хийх зайлшгүй нөхцөлүүдийг хангасан хууль эрх зүйн орчин бидэнд хэрэгтэй байна.

Боловсролд хандах бидний хандлага нийгмийн хэрэгцээ, шаардлагын дагуу өөрчлөгдөж байна. Боловсролын багц хуулийн өөрчлөлт, шинэчлэлийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын чуулганы хугацаанд өргөн барина.

Бидэнд хоцрох эрх байхгүй ээ.

Эрхэм баян эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа.

----------- oOo -----------

Нийслэлийн 1 дүгээр сургуулийн 95-н жилийн ойн нэрэмжит "Нийгмийн ухааны II олимпиад"-ын дүн үнэлгээ

posted Dec 19, 2017, 1:01 AM by Davaachuluun Ulaankhuu   [ updated Dec 19, 2017, 1:04 AM ]

OLIMPIADIIN NEGDSEN DUN.xlsx


ММО-ийн 53 дахь удаагийн олимпиадад 1-р сургууль "Шилдэг сургууль"-иар шалгарлаа

posted May 7, 2017, 6:54 PM by Altantsooj Tseveenjav   [ updated May 7, 2017, 7:58 PM ]


Анхдагчдын өлгий Булган хангай нутагт зохион байгуулагдсан МУ-ын гавьяат багш, доктор профессор Дамбын Шагдарын нэрэмжит Монголын математикийн 53 дугаар олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 42 баг, 162 сурагч, 66 багш оролцож шилдгүүдээ шалгарууллаа.

Олимпиадын 9-р ангийн төрөлд:

1-р байр, алтан медаль:           О.Мишээл - УБ Шинэ Монгол сургууль 

2-р байр, мөнгөн медаль:         Д.Чингүүн – УБ 1-р сургууль (9г ангийн сурагч. Бэлтгэсэн багш З.Бат-Эрдэнэ) 

                                                   Ш.Билэгжаргал - УБ 11-р сургууль

                                                   А.Алтансүх  - УБ 11-р сургууль

3-р байр, хүрэл медаль:           А.Нямдаваа - УБ Сант сургууль

                                                   А.Пүрэвзаяа – УБ Олонлог

10-р ангийн төрөлд: 

1-р байр, алтан медаль:           Б.Батмэнд - УБ 1-р сургууль (9г ангийн сурагч анги дэвшин оролцсон. Бэлтгэсэн багш З.Бат-Эрдэнэ) 

2-р байр, мөнгөн медаль:         Ц.Ганхөлөг – УБ Сант сургууль 

                                                   С.Арманбек - УБ Эмпати

3-р байр, хүрэл медаль:           Н.Бямбасүрэн - УБ 1-р сургууль (9г ангийн сурагч анги дэвшин оролцсон. Бэлтгэсэн багш З.Бат-Эрдэнэ)  

                                                   Г.Батбуян – УБ Олонлог

                                                   Б.Цог – УБ Сант сургууль

11-р ангийн төрөлд:

1-р байр, алтан медаль:           Х.Санжаахүү - УБ Эмпати 

2-р байр, мөнгөн медаль:         М.Лханаажав – УБ Олонлог сургууль 

3-р байр, хүрэл медаль:           Б.Нурсауле- УБ 11-р сургууль

                                                   Р.Амударь– УБ Олонлог сургууль

                                                   Б.Долгормаа – УБ Олонлог сургууль

                                                   А.Билэгжаргал - УБ 11-р сургууль

12 ангийн төрөлд:

1-р байр, алтан медаль:           Г.Өнөржаргал - УБ 11-р сургууль 

2-р байр, мөнгөн медаль:         Д.Алтангэрэл – УБ Эмпати

                                                   С.Цэнд-Аюуш - УБ Эмпати

3-р байр, хүрэл медаль:           Г.Амарсанаа - УБ 11-р сургууль

                                                   Б.Ганхуяг – УБ 11-р сургууль

                                                   Н.Эрхэс  – УБ Оюунлаг сургууль

Бага ангийн багш төрөлд:

1-р байр, алтан медаль:           М.Отгонжаргал - УБ 1-р сургууль (Улсын 8 дахь удаагийн аварга)

2-р байр, мөнгөн медаль:         П.Чимэг – УБ Олонлог

3-р байр, хүрэл медаль:           Б.Жаргалсүрэн - Орчлон сургууль

                                                   М.Чинчимэг – Олонлог сургууль

Дунд ангийн багш төрөлд:

1-р байр, алтан медаль:           М.Батбилэг - УБ Орчлон сургууль 

2-р байр, мөнгөн медаль:         Б.Ганбат – УБ Эмпати

3-р байр, хүрэл медаль:           Б.Зоригтбаатар – Хөвсгөл

 

Багийн дүнгээр:

1-р байр:                                     Улаанбаатар

2-р байр:                                     Хөвсгөл

                                                    Архангай-2

3-р байр:                                     Баянхонгор

                                                    Өвөрхангай

                                                   Архангай-1 багууд тус тус байр эзэлж улсын математикийн 54 дүгээр олимпиадад оролцох эрх авлаа.

Маргад дээд сургуулиас “Уран бодолт”-ын шагнал:

9-р анги:                                     А.Пүрэвдагва – УБ Олонлог

10-р анги:                                   Ч.Мөнхзул – Дундговь аймаг

11-р анги:                                   М.Лханаажав – УБ Олонлог

12-р анги                                    Б.Алтангэрэл – УБ Эмпати

Бага анги:                                  О.Наранчимэг – УБ Орчлон

Дунд анги:                                 М.Ганболд – Хөвсгөл

                                                  Б.Нарангэрэл – Булган 1-р сургууль

                                                  Б.Отгонсүрэн – Булган ЭӨЦС

                                                  Ц.Солонго - Булган ЭӨЦС

 

Төрийн соёрхолт Ч.Алтаннарын нэрэмжит шагналаар:

                                                  М.Өнөболд – 12-р анги УБ 1-р сургууль  (8е ангийн сурагч анги дэвшин оролцсон. Бэлтгэсэн багш Н.Баянбат) 



Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл

posted Feb 13, 2017, 5:20 PM by Altantsooj Tseveenjav

2017 оны 02 сарын 01
Өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын бүртгэлтэй холбоотойгоор Хэвлэлийн бага хурал хийлээ. 
Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар 2017 оны 02 дугаар сарын 01-ны өглөө 09:00 цагт эхэлж, 2017 оны 4 дүгээр сарын 14-ны орой 18:00 цагт дуусна. Online бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана. 
Элсэгчид Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох,сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. МХБШ-ыг нэг удаа авах бөгөөд босго оноогүй байна. 
Шалгалтад бүртгүүлэхдээ:
• Цахим үнэмлэх
• Чээж зураг
• Интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode \БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл\
• И-мэйл хаяг \ Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ\
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.
Хэрвээ хувийн мэдээлэл алдаатай буюу регистрийн дугаараа буруу оруулсан тохиолдолд өөрийн сургуулийн сургалтын менежер болон ангийн багшаараа дамжуулан БСШУСЯ-ны \ esis.edu.mn \ боловсролын салбарын мэдээллийн системд засуулах шаардлагатай. 
МХБШ бүртгэлийн хураамжгүй харин ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn вебсайтын “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.
ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд нэмж орно.

Монгол хэлний тухай хуулийн 7.4–д заасны дагуу ЭЕШ-ын Монгол хэлний шалгалтын даалгаврын 4/1- ээс доошгүй хувь нь монгол бичгийн даалгавар байна.
Хариултын хуудсыг бөглөхдөө хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бөглөх болсон. Хариултын хуудасны загварыг манай www.eec.mn хаягнаас татаж авч дадлага хийх боломжтой. 
Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудасыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.
Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна. 
Үүнд:
- Бүртгэлийн хуудас 
- Суудлын хуваарь
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
- Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.
ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарлана. 
Тухайн шалгуулагчийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрт өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна. 
Шалгалтын бүртгэл болон зохион байгуулалттай холбоотой асуудлаар манай мэргэжилтнүүд нийслэлийн бүх ЕБС-иуд, зарим аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулж байна.
Манайх үйл ажиллагаандаа БҮТ-ийн лавлах \CALL CENTER\ үйлчилгээг нэвтрүүллээ. Лавлах утас: 75779498

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

Ерөнхий сайд “Оны онцлох сурагч" Б.Төрхүү, Э.Пүрэвжав нарт батламж олгов

posted Dec 26, 2016, 10:40 PM by Altantsooj Tseveenjav   [ updated Dec 27, 2016, 4:49 PM ]

Сурлага, урлаг, спорт, хүмүүнлэгийн сайн үйлсээрээ бусдыгаа манлайлсан 20 сурагчдад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран  2016 оны  “Оны онцлох” батламж, дурсгалын зүйлийг гардууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Эрдэнэбат шилдэг сурагчдад хандан “Улс эх орныхоо ирээдүй хойч болсон дүү нартаа шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Мэдлэгтэй, боловсролтой, чадвартай  иргэн болж өсөж байгаад талархаж байна. Та бүхнийг харахад Монгол Улсын хөгжил, ирээдүй гэрэл гэгээтэй харагдаж байна. Боловсролтой, мэдлэгтэй байх нь ирээдүйн амьдралын баталгаа гэж ухамсарлаж,  эцэг эхдээ энэрэлтэй, эх орондоо хэрэгтэй сайн хүн болоорой гэж хүсэн ерөөе” гэлээ.
Шалгаруулалтыг нийт 20 аймаг, 9 дүүрэгт 9 номинац дор зохион байгуулсан бөгөөд 115 хүүхдийн материал ирснээс үе тэнгийнхнийгээ манлайлсан шилдэг 20 сурагчийг шалгаруулсан байна.

2016 оны “Оны онцлох”-д дараах сурагчид багтжээ.  
Үүнд: 
Нэг. Сурлагын амжилт
    • Б.Хулан
    • Б.Төрхүү 
Хоёр. Урлаг, уран бүтээл
    • Б.Өнөржаргал
    • Э.Төгөлдөр
Гурав. Биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжил
    • Э.Хүслэн
    • Т.Номиндалай
    • Э.Пүрэвжав
    • Н.Түвшинбаяр
Дөрөв. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага
    • Э.Бүрэнчөдөр
    • Б.Ундармаа
Тав. Бүтээлч, ажилч хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа
    • Х.Мөнхшагай
    • Д.Мөнгөнзул
Зургаа. Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс
    • С.Амарзаяа
    • Д.Бямбадорж
Долоо. Техник сэтгэлгээ, шинийг сэдэх, санал санаачилга
    • М.Мичидмаа
    • З.Чингис
Найм. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин
    • Б.Батлхагва
    • Ж.Хулан
Ес. Эх орны түүх, соёл, өв уламжлал
    • М.Цэрэндэжид
    • Б.Оюундарь нар багтсан байна.  

ЗАРЛАЛ

posted May 21, 2016, 9:11 PM by Unurbold Ganbold   [ updated May 21, 2016, 9:14 PM ]

Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 6-р ангийн элсэлтийн шалгалтанд 
27 болон түүнээс дээш оноо авч тэнцсэн сурагчид 6-р сарын 10-ны 15.00 цагаас сургуулийн урлаг зааланд цугларна уу. 
Жич: Мандат болон хувийн хэрэгтэйгээ ирнэ үү.

ЗАРЛАЛ

posted May 21, 2016, 9:09 PM by Unurbold Ganbold   [ updated May 21, 2016, 9:09 PM ]

Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 6-р ангийн   элсэлтийн 

  2-р шалгалтын бодлого хамгаалалт  5-р сарын 23-ны 

15.00-16.00  цагт 33 тоот кабинетэд болно.

1-10 of 48