Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одонт Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн үе үеийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, ажилтан, албан хаагчид нийт төгсөгчдөдөө төрөлх сургуулийнхаа 95 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн ялдамд өлзий дүүрэн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Феодалын нийгмээс орчин үеийн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах улсын минь боловсролын хөгжлийн шат бүрд хүрэхэд үлгэр болон манлайлагч нь яахын аргагүй манай сургуулийн түүхэн үүрэг хариуцлага байсаар ирсэн. Өнөөдөр бидний өмнө, "Нэгийнхэн"-ний өмнө энэ түүхэн хариуцлага нэхэгдэж байна.

2018 оны 1 дүгээр сард Ерөнхий сайдын ивээл дор БСШУСЯ-наас зохиогдсон "Тогтвортой хөгжил - Ерөнхий боловсрол" улсын зөвлөгөөн дээр үндэсний дархлаагаа баталгаажуулах талаар БСШУСЯ-ны сайд онцоллоо. Боловсролын энэхүү зорилгыг хэрэгжүүлэн түүчээлэх нь манай сургуулийн үүрэг хариуцлага байх болно.

Бид төрөлх сургуулийнхаа 95 жилийн ойгоо Монгол өв ухаан, үндэсний үнэт зүйл дээр суурилсан, Ухамсарт суурилсан боловсролтой, байгалийн ухааны хэв шинжтэй сургууль болгох 5 зорилтот 5 жилийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулан угтаж байна.

Зорилго: "Монгол өв ухаан" дээр суурилсан, "Ухамсарт Суурилсан Боловсрол"-той, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн хэв шинжтэй сургууль болгон хөгжүүлэх, боловсролын байгууллагуудтай хамтран судалгаатай ажиллах, улмаар хэрэгжүүлсэн төлвөлгөөний үр дүнгээр бусад төрийн ЕБС-иудад үлгэр болох, түгээн дэлгэрүүлэх 

Зорилт 1: "Монгол өв ухаан"

Багш нар, сурагчид, цаашлаад сурагчаар дамжуулан эцэг эхчүүдийг Монгол өв ухааны тээгчид дэлгэрүүлэгчид болгох

Зорилго 2: "Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалт"

Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалтын тусгай зөвшөөрөл авах, 6-12-р ангийн сурагчдад тоо харгалзахгүй байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалт явуулах

Зорилго 3: "Ухамсарт суурилсан боловсрол"

Олон улсад судлагдан, шинжлэх ухаанаар баталгаажсан үр дүнтэй, хүний тархийг байгалийн зөнгөөр хөгжүүлдэг аргыг бүх багш, сурагчид, сургуулийн ажилтанд сургаж, дадлагажуулсан ухамсарт суурилсан боловсролтой сургууль болох

Зорилго 4: "Гадаад харилцааны гүүртэй болох"

Азид БНХАУ, Япон, БНСУ, Европод ХБНГУ, Франц, ОХУ болон Австрали, АНУ-ын сургуулиудтай шууд хамтран ажиллах урт хугацааны тогвортой гэрээ байгуулан ажиллах

Зорилго 5: "Багшийн хөгжил"

Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд шаардлага хангасан багшийг хөгжүүлэх сургуулийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлнэ.

Монгол улс боловсролдоо үндэсний өв ухааны хөтөлбөрийг оруулан, тархин тусгаар тогтнолоо батжуулан, хөх толботон  монголчууд дахин мандан бадрахын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Захирал: Г.Бум-Эрдэнэ